Menu

Хувилбар 5

   С.Батмөнх ажлаа өгөхийн­хөө өмнө ИНЕГ, түү­ний харъяа байгууллагад ажиллагсдад орон сууцны урамшуулал олгох тушаал гаргасан байдаг. Ийнхүү нэг тэрэгний хоёр дугуй гэж хэлж бо­лохуйц хоёр байгууллагын удирдлагууд цагдаагийн газрын үүд сахьдаг ажилтай боллоо.

1. Бүх үгийг алдаагүй бичсэн хэсгийг сонгоно уу.

А. харъяа, өгөхийнхөө, ажилтай

Б.тэрэгний, ажиллагсдад, ИНЕГ

В. байгууллагад, харьяа, болохуйц

Г. сахьдаг, урамшуулал, цагдаагийн

2. Дараах үгсэд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эгшгийг нь гээхгүй үгийг сонгоно уу.

А. урамшуулал

Б. гаргасан

В. болох

Г. удирдлага

3. Дээрх 2 өгүүлбэрийн онцолсон /доогуур зурсан/ хэсгээс алдаатай үгийг олж, холбогдох дүрмийг сонгоно уу.

А. Заримдаг гийгүүлэгчийн дүрэм

Б. Хатуу, зөөлний тэмдгийн дүрэм

В.Гээгдэх эгшгийн дүрэм

Г. Гээгдэхгүй эгшгийн дүрэм

4. “-ийг” нөхцөл залгах хэсгийг олно уу.

А. анги, булаг, тогооч, математик, хүндэтгэл

Б. таваг, дэвтэр, бичвэр, байдал, менежер

В. горхи, тодотгол, зохиол, нутаг, америк                    

Г. тангараг, нэмэгдэл, холбоос, унага, профессор

5. “Уг нь аливаа улсын Элчин сайдын яаманд дөнгөж сургуулиа төгссөн англи хэл хальт мөлти гадарладаг хөвгүүд биш овоо дөнгүүр мэдлэгтэй юмны наана цааныг гадарлахтайгаа болсон хүмүүсийг илгээдэг хэмээн хэн хүнгүй боддог” гэсэн жишээнд ”Элчин сайдын яаманд, хальт, мөлти” үгсийг зөв бичсэн байна уу?

А. Бүгд буруу байна. “Элчин Сайдын Яаманд, халти, мөлт” гэж бичнэ.

Б. “Элчин сайдын яаманд” гэж бичсэн нь буруу. Улс гүрэн ба улсын төвийн хороо, зөвлөл, яам, холбоо зэрэг байгууллагын нэр хэдэн үгээр бүтсэн бол цөмийг том үсгээр эхэлж бичих тул “Элчин Сайдын Яаманд” гэх нь зөв.

В. “хальт” гэж бичихгүй. Эр үгэнд гийгүүлэгч давхар зөөлөрвөл түүний ард “и” бичих тул “халти” гэж бичнэ.

Г. “мөлти” гэх нь буруу. Учир нь, зөвхөн эр үгэнд орсон гийгүүлэгч давхар зөөлөрвөл ард нь “и” бичдэг.

6. “Энэ баялгийн ашгаас Монгол орны байгаль орчныг хөгжүүлэх, нөхөн сэргээхэд зарцуулагдах учиртай” гэсэн жишээний найруулгын оновчтой хувилбарыг олно уу.

А. Энэ баялгийн ашгаас Монгол орны байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулагдах учиртай.

Б. Энэ баялгийн ашгаас Монгол орны байгаль орчныг хөгжүүлэх, нөхөн сэргээхэд зарцуулах учиртай.

В. Энэ баялгийн ашгаас Монгол орны байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулах учиртай.

Г. Энэ баялгийн ашгаас Монгол орны байгаль орчныг хөгжүүлж, нөхөн сэргээхэд зарцуулах учиртай.

7. “мэдлэгтэй”-онцолсон балархай эгшгийн үүргийг зөв тодорхойлсон хэсгийг сонгоно уу.

А. балархай эгшиг “э” нь эгшигт гийгүүлэгч “л”-г эгшигжүүлэх үүрэгтэй.

Б. балархай эгшиг “э” нь зөөлрүүлэх үүрэгтэй.

В. балархай эгшиг “э” нь эгшигт гийгүүлэгч “г, л”-г эгшигжүүлэх үүрэгтэй.

Г. балархай эгшиг “э” нь хэлний Г-г хоолойн Г-ээс ялгах үүрэгтэй.

8. Давхар цэгийг хэрэглэх тухай дүрэмд хамааралгүй хэсгийг сонгоно уу.

А. Аливаа хүний хэлсэн үг, бодол санаа зэргийг бичихдээ өгүүлэгч, бодогч эзний дараа хэрэглэнэ.

Б. Аливаа тоочин хэлэх зүйлийн өмнө хамтатгасан буюу угтсан утгатай (жишээ нь, жишээлбэл, тухайлбал, үлгэрлэвэл, нэрлэвэл зэрэг) үг байвал хэрэглэнэ.

В. Давхар цэгийг тавиад хашилтын оронд урт зураас хэрэглэвэл гол төлөв догол мөрөөс эхэлж бичнэ.

Г. Давхар цэгийг тавиад уг хөндлөнгийн үгийг хаалтад бичнэ.

9. Дараах бэлгэ дэмбэрлийн үгийг ямар үед хэрэглэх вэ?

Хүч тэнцүү, мэх их болтугай.

А. Юм худалдаж авахад

Б. Бөх барилдаж байгаа хүнтэй таарвал

В. Шатар даам тоглож байгаа хүнтэй таарвал

Г.  Ном үзэж байгаа хүнтэй таарвал

10. “Манай гоо сайхны төв шинэ жилийг тохиолдуулан үс засалт, үс залгалт, хөмсөг шивэлт, гоёлын хумс засалт зэрэг үйлчилгээгээ 50 хувь хямдруулж...” гэсэн өгүүлбэрийн оновчтой найруулгыг сонгоно уу.

А. Манай гоо сайхны төв үс засалт, залгалт, хөмсөг шивэлт, гоёлын хумс засалт зэрэг үйлчилгээгээ 50 хувь хямдруулж...

Б. Манай төв хумс, үс засалт, үс залгалт, хөмсөг шивэлт зэрэг үйлчилгээгээ 50 хувь хямдруулж...

В. Манай төв үс, хумс засалт, үс залгалт, хөмсөг шивэлт зэрэг үйлчилгээгээ 50 хувь хямдруулж...

Г. Манай гоо сайхны төв үс, хумс засах, үс залгах, хөмсөг шивэх зэрэг үйлчилгээгээнийхээ хөлсийг 50 хувь хямдруулж...

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:26
Дээш