Menu

Өгүүлбэрийн холбоц

   Бичиг, ярианы хэлний аль алинд хамгийн гол нь тухайн хэллэг тод, цэвэр оновчтой, энгийн байх явдал юм. Энэ шаардлагыг хангахын тулд өгүүлбэр найруулах ухааныг сайтар эзэмших учиртай. Монгол хэл үг холбохын хувьд баялаг хэлний нэг бөгөөд найруулах, хамжуулах, аялга, дэс дараагаар холбох, үг давтах, үг хослох буюу хорших зэрэг олон янзын арга хэрэглэх өргөн боломжтой. Гэвч эдгээрийн дотроос хамгийн түгээмэл нь найруулах ба хамжуулах арга болно.

   Үг, холбоо үгийг эх хэлнийхээ хууль зүйгээр зөв холбож нөхцөлдүүлбэл сая өгүүлбэр болох бөгөөд утга санаагаа бүрэн, зөв илэрхийлсэн өгүүлбэрүүдийн учир зүйн холбоо авцалдааг зөв олж холбож чадвал бичиж байгаа зүйл (эх) зөв болно. Иймээс өгүүлбэр бүрийг зөв найруулах нь эхийг зөв зохиохын үндэс болдог байна.

   Өгүүлбэр хураангуй, дэлгэрэнгүй (урт, богино), энгийн нийлмэл гэх мэт олон янз бүтэц бүрэлдэхүүнтэй, нэр үйл, энгийн, нийлмэл гэх мэт олон янз өгүүлэхүүнтэй байх тусмаа унших сонсоход нийцтэй байдаг. Өгүүлбэрийн ямар бүтэц найруулгатай, ямар хэлбэрт өгүүлэхүүнтэй байх нь олонхдоо зохиож байгаа эхийн төрөл зүйл (жанр) бичигч өгүүлэгчийн тухайн юмс үзэгдэлд хандах байдал зэргээс хамааран харилцан адилгүй байна.

   Монгол хэлний өгүүлбэрийн өгүүлэхүүн олон янз байдаг. Жишээлбэл, “Манай аав малчин” гэсэн өгүүлбэрт өгүүлэхүүн нь “малчин” гэсэн нэг үгээр илэрсэн байхад “Ах маань хойтон өдийд хүрээд ирчихсэн сууж байх байлгүй” гэсэн өгүүлбэр (хүрээд ирчихсэн сууж байх байлгүй) гэсэн таван үгээр байна.

  Гэвч ямар үгийн аймгийн үг голлосон, ямар хэлбэртэй өгүүлэхүүн байх нь бичиж байгаа эхийн найруулгын төрөл, өнгө аяс, өгүүлэгчийн хэн болох, тухайн юм үзэгдэлд хэрхэн хандсан зэргээс хамаарна. Товчлон хэлэхэд энгийн нэр (жинхэнэ нэр, тэмдэг нэр, тооны нэр гэх

мэт) өгүүлэхүүн голдуу ярианы найруулгад эсвэл уран зохиолд өгүүлэгч этгээд юм үзэгдлийг тоочсон үед олон ордог. Харин дан болон нийлмэл өгүүлэхүүн эрдэм шинжилгээ (шинжлэх ухааны) албан бичгийн найруулгад зонхилж байна.

   2. ЗНӨ-ийг найруулах нь

   Нийлмэл өгүүлбэрийн хамгийн энгийн хэлбэр нь ЗНӨ юм. Нэг нь нөгөөдөө захирагдалгүй харилцан эрх тэгш орсон өгүүлбэрүүдийг

А. нэгдүгээр бүлгийн нөхцөл үйлээр

Б. холбоос үгээр

В. хэлэх аялгаар холбосныг ЗНӨ гэдэг. Иймээс ЗНӨ тус тусдаа өгүүлэгдэхүүн өгүүлэхүүн бүхий биеэ даасан өгүүлбэрүүд боловч нөхцөл үйл, холбоос үгээр холбосон үед хамгийн сүүлчийн өгүүлбэрийн өгүүлэхүүн төгс хэлбэржсэн байдаг нь угтаа зэрэгцсэн гишүүдийн хэлбэржилттэй адил байна. ЗНӨ хэдэн ч энгийн өгүүлбэрээс бүтсэн байж болохоос гадна өгүүлбэрүүдийн хэмжээ урт богино буюу хураангуй дэлгэрэнгүй ямар ч байж болно.

   ЗНӨ-ийг нөхцөл үйлээр холбох арга аль ч найруулгад түгээмэл байдаг. Ингэж ЗНӨ-ийг нөхцөл үйлээр холбохдоо нэг нөхцөл (хам, урьдчилах, зэрэгцэх)-ийг ойрхон олон давталгүй, аль болохоор салаавчилбал найруулга яруу сонсголонтой болдог. Харин шүлэглэсэн зохиолд мөрийн сүүлийг ижил болгох юм уу, эсвэл зориуд тоочсон зэрэг зорилго шалтгаанаас болоод нэг хэлбэрийг давтсан байж болдог.

   -Хам нөхцөл үйлээр хэлбэржсэн өгүүлэхүүний нөхцөл нь нөгөө үйлтэй нэгэн агшинд (цагт) болсныг заана. Жишээ нь: “Ноёлох байр суурийг олж авахын тул зэвсгийн хойноос улайран хөөцөлдөж байна” гэхэд “улайрах”, “хөөцөлдөх” хоёр үйл нэгэн цагт болсон утгатай байна. Ийм утгаар орсон үед зэрэгцэх, урьдчилах нөхцөлөөр солих боломж муу байна. Тухайлбал, дээрх өгүүлбэрийн “зэвсгийн хойноос улайран хөөцөлдөж байна” гэснийг “улайрч хөөцөлдөж байна”, “улайраад хөөцөлдөж байна” гэж хувиргахад оновчгүй байна.

   -Хам нөхцөл үйлээр хэлбэржсэн өгүүлэхүүний нөхцөл нь дараах үйлийнхээ шалтгааныг заасан утга илэрхийлнэ. Жишээ нь: “Гулсиний сэтгэл хөдөлж, зүрх нь догдлон дуу ч дуулмаар юм шиг санагдан суув” (Монголын шилдэг өгүүллэг, Уб., 1981) гэсэн өгүүлбэрт “сэтгэл хөдөлж, зүрх догдлон” байгаа нь дуу дуулмаар болсны шалтгаан болох бөгөөд ийм тохиолдолд хам нөхцөлийг зэрэгцэх, урьдчилах нөхцөл болон шалтгааныг заах өөр хэлбэр, холбоо үгээр найруулж болно. Тодруулбал, “...зүрх нь догдлон дуу ч дуулмаар. “зүрх нь догдлон” гэдгийг “зүрх нь догдолж”, “зүрх нь догдлоод”, “зүрх нь догдолсноос”, “зүрх нь догдолсны улмаас”, “зүрх нь догдолсны учир” гэх мэтээр сольж болно.

   ЗНӨ хэдийгээр эрх тэгш харилцан зэрэгцсэн харьцаатай байх боловч нэг өгүүлбэр нь нөгөөгийнхөө шалтгаан болсон учир зүйн дараалалтай байвал байрыг нь сольж болохгүй. Тухайлбал, “Би номоо уншиж, дүү тоогоо бодов” гэхэд би ч ном уншсан, дүү ч тоо бодсон тул нэг нь нөгөөгийнхөө шалтгаан болохгүй учраас “Дүү тоогоо бодож, би номоо уншив” гэж болж байна. Ийм үед ЗНӨ-ийн аль нь өмнө хойноо орох нь “нэмэгдэхүүний байр солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэдэгтэй утга чанар адил байна. Гэтэл “алтан нар гийж, мөнгөн цасыг хайлууллаа” гэхэд нар гийснээс цас хайлсан учир зүйн холбоо байх тул “мөнгөн цас хайлаад, алтан нар гийлээ” гэж болохгүй. Иймээс ЗНӨ-ийг нэгдүгээр бүлгийн нөхцөл үйлээр холбоход өгүүлбэрийн учир зүйн дарааллыг зөв баримталсан цагт найруулга зөв болно.

   ЗНӨ-ийн өмнөх нь дараагийнхаа бүтэх нөхцөл шалтгаан болсон үед нэгдүгээр бүлгийн нөхцөл үйлийг нөгөөгөөр нь сольж болохоос гадна 2-р бүлгийн зарим нөхцөл үйлээр солин найруулахад утга өөр болохгүй. 

   3.УНӨ-ийг найруулах нь

   Бичиг зохиолын хэл найруулгад дан буюу энгийн, харилцан зэрэгцсэн буюу ЗНӨ байхаас гадна нэг өгүүлбэр нь нөгөөдөө гишүүн болж захирагддаг УНӨ олон ордог. УНӨ-т тийнхүү нэг өгүүлбэр нь нөгөөдөө гишүүний үүргээр холбогддог онцлогоос хамааран гишүүн өгүүлбэрийн өгүүлэгдэхүүний хэлбэр өөр болдог учир энгийн өгүүлбэр, нийлмэл өгүүлбэрийг найруулахаас нэлээд ярвигтай тал бий. Жишээ нь: “Би очно” гэсэн өгүүлбэр нь “намайг очиход, очмогц, очингуут” гэх мэт хувилбартай, “хэзээ” гэсэн асуултад хариулагдах гишүүн болон хувирч байна.

  Эндээс гишүүн өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн нь энгийн ба ЗНӨ-ийнх шиг НТЯ-аар байх нь бараг үгүй, харин ХТЯ, ЗТЯ-аар байдаг. Өгүүлэхүүн нь төгс бус (голдуу 2-р бүлгийн нөхцөл үйл, тийн ялгалаар хэлбэржсэн цагт нэрээр илэрдэг тухай тодруулан үзнэ үү) өгүүлэхүүн байдгийг харж болно. Хэд хэдэн энгийн өгүүлбэрийг холбон УНӨ болгоход гишүүн болсон өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүний хэлбэр өөр болохоос гадна, учир зүйн холбоог тодруулах үүрэгтэй зарим үгс хураагддаг. Жишээ нь: “Би хичээлээ тараад гэртээ харив, Чи ном үлдээгээд явсан байлаа, Тэр номыг чинь дүү надад авч өгөв” гэсэн 3 өгүүлбэрийг УНӨ болгоход “Намайг хичээлээ тараад гэртээ харихад чиний үлдээгээд явсан номыг дүү надад авч өгөв” гэсэн байдалтай болсноос тодорхой байна. Иймээс УНӨ-ийг зөв найруулахад үг өгүүлбэрийн хэлбэржилт чухал үүрэгтэй байдаг.

   УНӨ хэд хэдэн энгийн өгүүлбэрийг холбосон байдаг тул олон энгийн өгүүлбэрийг ижил төгсгөлтэй болгохоос зайлсхийх боломжтой байдгаараа хэл найруулгад тустай бөгөөд ялангуяа олон гишүүн өгүүлбэртэй УНӨ болон (ЗНӨ, УНӨ хэд хэдээрээ нөхцөлдсөн) холимог НӨ нь өгүүлэгч бичигч хүнээс учир зүйн холбоо авцалдааг нь олон зөв сэтгэж, улмаар зөв найруулах чадвар шаардах өгүүлбэрийн хамгийн нийлмэл хэлбэр юм. Жишээ нь: Энэ үед Болд сэмхнээр нүд дохисонд Балгармаа даруй учрыг мэдэж, морио гуядан одсонд Болдыг хөтөлж явсан нэг хүнээс бусад хоёр нь хойноос нь хөөсөн боловч Балгармаагийн морь сая барьж унасан тул цахилгаан мэт гялалзан далд оров” гэсэн өгүүлбэрт 6 энгийн өгүүлбэр нөхцөлджээ. Энэ 6 өгүүлбэрийг тус тусад нь утга төгсгөвөл “Энэ үед Болд сэмхэн дохив. Тэгэхэд Болдыг нэг хүн хөтөлж явав. Тэр нэг хүнээс бусад хоёр нь хойноос нь хөөв. Гэвч Балгармаагийн морь сая барьж унасан морь байв. Тийм учраас цахилгаан мэт гялалзан далд оров” гэсэн байдалтай болох бөгөөд бүх өгүүлбэр нь ижил төгсгөлтэй болохоос гадна өгүүлбэрүүдийн дунд “тэгэхэд, тэр, гэвч, тийм учраас” гэсэн холбоос үг давтагдах учир түрүүчийнхээс найруулга муу болж байна. Иймээс НӨ, ялангуяа олон гишүүнт УНӨ, ХоНӨ-ийг зөв найруулж сурах нь бичих найруулах чадварыг сайжруулах чухал алхам болно.

   Бичиг зохиол, хэл ярианд үг хэллэгийг ЭӨ, ЗНӨ, УНӨ, ХоНӨ болгон найруулахаас гадна бусдын хэлсэн үгийг эш татан бичих, ярих тохиолдол цөөнгүй байдаг.

  Ийнхүү бусдын хэлсэн үгийг хөндлөнгийн үг гэж нэрлэдэг. Бусдын хэлсэн үг бүхий өгүүлбэрийг хөндлөнгийн үгтэй өгүүлбэр гэнэ. Хөндлөнгийн үгтэй өгүүлбэр нь өгүүлэгч (зохиогч)-ийн үг, хөндлөнгийн үг хоёроос бүтнэ. Өгүүлбэрт хөндлөнгийн үгийг “гэ-” язгуурт үйл үгээр өгүүлэгчийн үгэнд холбон найруулсан байдаг. Жнь: “Суут яруу найрагч Д.Нацагдорж эртний монголын сургаал үгийг шинэчлэн “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүн тийнхүү эрдэнийг өвөртөлж харина” гэж яруу сайхан хэлсэн байдаг” гэсэн өгүүлбэрийн “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү тийнхүү эрдэнийг өвөртөлж харина” гэсэн нь хөндлөнгийн үг, “Суут яруу найрагч Д.Нацагдорж эртний монголын сургаал үгийг шинэчлэн яруу сайхан хэлсэн байдаг” гэсэн нь өгүүлэгч (зохиогч)-ийн үг, “гэж” гэдэг нь хөндлөнгийн үгийг холбосон холбоос болно.

  Хөндлөнгийн үгийг өгүүлж бичиж байгаа зүйлдээ аль болохоор нягт, учирзүйн нарийн авцалдаатай болгоход зохиогчийн үгийг зөв найруулах нь чухал юм.

  Холбох үгийг буруу хэрэглэх нь учир зүйн алдаа бий болоход нөлөөлж байна. Холбох үг гэдэг нь салангид өгүүлбэрүүд болон өгүүлбэрийн гишүүдийг холбох үүрэгтэй ай юм. Холбох үгсийн үүрэг, харьцааг нарийн ажиглавал, нэг хэсэг нь хэлний тухайн хоёр нэгжийг зэрэгцүүлэн холбох, нэг хэсэг нь нэгийг нь нөгөөд нь захируулан холбодгоороо ялгарч байна. Холбох үгийг шаардах газар буй. Шаардсан газар тохирох үг гэж бий. Энэ хоёр шаардлагын аль нэгийг зөрчиж, зохимжгүй газар холбох үг хэрэглэх нь найруулгын алдаанд хүргэдэг.

   “Америкийн кино од Жеймс Белуши түүний шинэ эхнэр Женнифер Слоанон хоёр хамгийн аз жаргалтай хосод тооцогдож байна. Учир нь Лос-Анжелосоос холгүй орших Брентвудэд болсон тэдний хурим зөвхөн ойр дотнынхон найз нарын хүрээнд тансаг, сайхан болж өнгөрлөө”. “Учир нь” гэдэг холбох үг орсноор, хурим нь зөвхөн ойр дотнынхон, найз нарын хүрээнд тансаг, сайхан болж өнгөрвөл тэр хос хамгийн аз жаргалтай болчихдог мэт хачин гаж утга үүсэж байна.

   Гэвч хэлэх бичихийн явцад ихэвчлэн холбоос үгийн утгыг мэдэхгүйгээс, эсвэл түүний хэрэглээний онцлог, найруулгад гүйцэтгэх үүргийг анзаараагүйгээс буруу хэрэглэж учирзүйн хувьд өөр илэрхийлэл болж алдаанд хүрэх тохиолдол мэр сэр байна.

 

 

 

 

 

Сүүлд засварласанДаваа, 23 1-р сар 2017 07:40
Дээш