Menu

Үг давтахуй

   “Хэлний ямар нэгэн үүрэг зорилгогүй нэг төрлийн үгийг, аль эсвэл ойролцоо ижил утга бүхий үгийг давтахыг үг давтахуйн алдаа гэнэ”

   Аливаа найруулгад нэг үгийг хэт олон давтах нь найруулгыг дордуулдаг байна. Үг давтах алдаа нь үнэндээ үг илүүдсэн алдааны өөр нэгэн хэлбэр гэж хэлж болно. Товчхон хэлбэл, үгийг хэт олон давтах нь аман ба бичгийн хэлний найруулгад сайн нөлөө үзүүлдэггүй.

   Үг давтсан алдааг дараах байдлаар ангилж болно.

   Нэг төрлийн үгийг давтсан алдаа

   “Улсын их хурлыг дөрвөн жилийн хугацаатай сонгодог. Улсын их хурал далан зургаан гишүүнтэй. Улсын их хурлын гишүүд туслахтай байдаг” гэсэн өгүүлбэрт “Улсын их хурал” гэсэн нэг үгийг шаардлагагүй олон давтсан тул “Улсын их хурлыг дөрвөн жилийн хугацаатай сонгодог бөгөөд далан зургаан гишүүнтэй, тэдгээр нь туслахтай байдаг” гэвэл илүү оновчтой найруулга болно.

  Мөн “Бид иймийн улмаас энэ ЭХО аппарат хэрэглэдэг эмч нараас бүрдсэн клуб байгуулж хооронд нь туршлага солилцуулах, чадваржуулах зорилготой клуб байгуулах өргөдлөө гаргалаа” гэсэн өгүүлбэрт “клуб байгуулж” хэмээн шаардлагагүй газарт давтан бичсэн нь үг илүүдсэн алдаа болжээ. Зүй нь “Бид иймийн улмаас энэ ЭХО аппарат хэрэглэдэг эмч нараас бүрдсэн, хооронд нь туршлага

солилцуулах, чадваржуулах зорилготой клуб байгуулах өргөдлөө гаргалаа” гэвэл зохистой.

   Ижил, ойролцоо утгатай үгийг давтсан алдаа

   “Их сургуульд орох нь амьдралын маань зорилго минь байсан” гэсэн өгүүлбэрт ойролцоо утгатай “нь, маань, минь” гэсэн хамаатуулах нөхцөлийг давтсанаас үг давтсан алдаа үүсжээ. Үүнийг “Их сургуульд орох бол амьдралын зорилго минь байсан” гэвэл илүү төгс найруулгатай болно.

   Гэхдээ нэг үгийг олон давтаж хэрэглэхийг зөвшөөрдөг найруулгын төрөл бас бийг мартаж болохгүй. Тухайлбал, албан бичгийн найруулгад нэг үгийг олон давтаж, ойр ойр хэрэглэхийг зөвшөөрдөг бөгөөд албан бичгийн найруулга нь товч тодорхой, оновчтой байхыг эрхэмлэдэг билээ. Жишээлбэл “Монгол Улсын Үндсэн хууль”-д:

   Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.

   Хорин нэгдүгээр зүйл.

1. Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.

2. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

3. Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.

4. Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

   Дээрх Монгол улсын Үндсэн хуулийн энэ хэсэгт байнга давтагдах “Улсын Их Хурал” гэсэн үгсийг уг эх нь албан бичгийн найруулгын төрөл зүйлд хамаарах тул үг давтсан алдаанд оруулан тооцдоггүй.

Сүүлд засварласанБямба, 21 1-р сар 2017 05:49
Дээш