Menu

Үг дутахуй

   “Тухайн сэдэвт зайлшгүй байх ёстой үг, тодотголыг хэрэглээгүйгээс өгүүлж байгаа зүйл тодорхой бус, ойлгомжгүй болохыг үг дутсан алдаа гэнэ”

   Аливаа хэлэх гэсэн санааг товч тодорхой, оновчтойгоор илэрхийлэх нь найруулгын чухал шаардлагын нэг мөн боловч харин зайлшгүй байх ёстой үг, тодотголыг хэрэглээгүйгээс өгүүлж байгаа зүйл нь ойлгомжгүй болж үг дутсан алдаа үүсдэг.

  Хэл хэмээгч зүйл нь аливаа зүйлийг хялбарчлах, хэмнэх эрмэлзэлтэй байдаг байна. Ийм учраас алив харилцан ярианд бүрэн бүтэн өгүүлбэр байх нь ховор байдаг. Хэдий энэ нь хэлний зүй зохист үзэгдэл мөн боловч хэлний тодорхой хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд тухайн гээгдсэн үг нь утгын ухагдахууны хувьд зайлшгүй байх ёстой үг мөн байвал найруулгын шаардлагыг зөрчсөн алдаа болдог.

   Үг дутахуйн алдаа нь учир шалтгааны зайлшгүй шаардлагатай байх үгийг орхисноос утга ойлгомжгүй болох, илэрхийлэх гэсэн санаагаа гаргаж чадахгүй байх явдал гардгаас бий болдог. Ийм алдаа нь бичиж буй зүйлээ хэт товчлох гэж байгаад утгыг гажуудуулснаас, хэлний хэмнэлтийн зарчмыг буруу хэрэглэснээс үүсдэг байна.

   Найруулгад үг дутсан алдаа үүсэхдээ амархан байдаг боловч мөн л засахад амархан байдаг онцлогтой. Тухайлбал, хаяж гээгдсэн утга ялгах үүрэг бүхий үсгийг олж зөв байрлуулахад л тухайн алдаа засагддаг. Жишээлбэл:

   “Чадвартай бурхан шиг эмч” гэхийн оронд “Авьяас чадвартай бурхан шиг эмч” гэсэн бол илүү оновчтой найруулга байх байлаа. Учир нь

“чадвартай бурхан” биш “авьяас чадвартай эмч” гэсэн утгыг илэрхийлэхэд үг дутсан байсныг “авьяас” гэх үгийг нэмснээр илүү ойлгомжтой, төгс найруулгатай болгож байна.

   “Сансарт хоёр өрөө байр зарна” гэсэн энэхүү өгүүлбэр нь хэдий аман ярианд ойлгомжтой сонсогдох хэдий ч магадгүй уг зүйлийг уншиж байгаа хүүхэд, монгол хэл сурч байгаа гадаад хүнд тийм ч ойлгомжтой санагдахгүй нь лавтай. Харин “Сансар хороололд хоёр өрөө байр зарна” гэж үг дутсан алдааг нь засчихвал илүү ойлгомжтой, хоёрдмол санаагүй өгүүлбэр болж байна.

   “Хотын өрх бүрийн нэг хүнийг тогтмол ажилтай, орлоготой болгоно” гэсэн өгүүлбэрийг уншихад өрхийн бусад гишүүд нь ажилгүй болж зөвхөн нэг хүн л ажилтай болтлоо ажил хийдэг өрхийн гишүүдийн тоо буурах юм байна гэсэн утгаар ойлгогдож болохоор болжээ. Учир нь нэг өрх мэдээж нэгээс олон гишүүтэй байж болох бөгөөд “Хотын өрх бүрийн ядаж нэг хүнийг ажилтай, орлоготой болгоно” гэж найруулбал илүү дээр юм.

   Мөн “Ерөнхий сайдыг уяагаар зочлоход чин сэтгэлээсээ бэлгэшээсэн” хэмээх өгүүлбэрт хурдан морины уяагаар хэмээн тодотгож ойлгомжтой хэлээгүйгээс үг дутсан алдааг бий болгожээ.

   “Чингисийн замыг хурдлуулахад төр анхаарал тавина гэсэн өгүүлбэрт мөн л үг дутсан найруулгын алдаа гаргажээ. Албан ёсны харилцаанд “Чингисийн зам” бус “Чингисийн гудамжны зам” гэх нь зөв бөгөөд “Чингисийн гудамжны замын ажлыг эрчимжүүлэхэд төр анхаарна” хэмээвэл илүү төгс найруулгатай болж чадах юм.

Дээш