Menu

Үг илүүдэхүй

   “Тухайн найруулгад онц шаардлагагүй үгсийг хэрэглэснээс найруулга сунжруу, нуршуу, ойлгомжгүй болохыг үг илүүдсэн алдаа гэнэ”

   Аливаа зүйл илүү ч үгүй, дутуу ч үгүй яг тохирсон нь хамгийн оновчтой байдаг. Найруулгад ч бас шаардлагагүй илүү үг нуршсанаас хэлэх гэсэн санаагаа ойлгуулахад бэрхшээлтэй болох нь бий. Ийм алдаа нь ихэвчлэн хэлний хэмнэлтийн зарчмыг зөрчсөнөөс үүсдэг билээ. Хэлний хэмнэлтийн зарчим гэдэг нь бичиг, ярианы явцад тухайн найруулгад хэрэггүй үгсийг хасахыг хэлнэ. Тиймээс монгол хэлний үг товчлох ёс, үг хэмнэлтийн зарчмыг мэдэж байх нь чухал байдаг. Үг илүүдсэн алдааг илүү нарийвчлан тайлбарлаж үзье.

   Ойлгомжтой зүйлийг шаардлагагүй үед нуршин тайлбарласнаас үг илүүддэг. Жишээлбэл, “Нэг жилийн хугацаанд Япон улсад хэлний мэдлэгээ дээшлүүлэн сайжруулах хүмүүсийг бүртгэж байна” гэсэн өгүүлбэрт “хугацаанд, улсад, дээшлүүлэх” гэсэн гурван үгийг онц шаардлагагүй үед нуршин үг илүүдүүлжээ. Зүй нь “Нэг жилд Японд хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүмүүсийг бүртгэж байна” гэхэд хангалттай ойлгомжтой болж чадах юм.

   Нэр үгийн өмнө шаардлагагүй илүүц тодотгол хэрэглэснээс үг илүүдэх алдаа гардаг. Жишээлбэл, “Өвлийг санагдуулам хүйтэн зайрмагаа аваарай” гэсэн өгүүлбэрт “зайрмаг” гэсэн үгийн өмнөх “хүйтэн” гэсэн тодотгол нь илүүц, шаардлагагүй юм. “Өвлийг санагдуулам”

гэдэг нь өөрөө хүйтэн гэсэн утгыг хангалттай илэрхийлж байгаа билээ. Ердөө “Өвлийг санагдуулам зайрмагаа аваарай” гэвэл хангалттай төгс найруулга болж чадна.

   Үйл үгийн өмнө шаардлагагүй илүүц тодотгол хэрэглэснээс үг илүүддэг. Жишээлбэл, Английн улс төрч Уинстон Черчиллийн хэлсэн “Never, never, never give up” гэсэн үгийг монголоор “Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч бүү бууж өг” хэмээн үгчлэн орчуулсан нь “бүү бууж өг” хэмээх үйл үгийн өмнө “хэзээ ч” гэдэг үгийг олон давтан шаардлагагүй илүүц тодотгол хэрэглэсэн алдааны жишээ болно. Зүй нь “Хэзээ ч бүү бууж өг” гэвэл илүүтэй монгол сэтгэлгээнд таарах юм.

   Мөн “Хууль бусаар хулгайлсан юмаа аваачих” гэсэн өгүүлбэрт “хууль бусаар” гэх шаардлагагүй бөгөөд хулгайлах нь өөрөө хууль бус үйлдэл учир “хулгайлсан юмаа аваачих” гэхэд л болох юм.

   Шаардлагагүй үед ойролцоо утгатай үгсийг давтсан тохиолдолд үг илүүдсэн алдаа үүсдэг. Жишээлбэл, “Маш их завгүй байлаа” гэсэн өгүүлбэрт ойролцоо утгатай “маш”, “их” гэсэн үгсийг давтан хэрэглэх нь илүүц бөгөөд ердөө л хүч нэмэгдүүлж “Маш завгүй байлаа” гэхэд л хангалттай юм.

   Хэт чамирхах, дэлгэрэнгүй тайлбарлах гээд өгүүлэх гэсэн зүйлээ дэндүү нуршуу болгох зэргээс болж эдгээр алдаа үүсэх шалтгаан бий болдог байна. Сүүлийн үед маш түгээмэл ажиглагдах болсон, ялангуяа ярианд илүүтэй хэт чамирхах маягтай яриа болох “Санал хэлье гэж бодож байна”, “Баяр хүргэе гэж бодож байна” гэх мэт нь бас л үг илүүдсэн алдааг үүсгэж байна. Үүнийг шууд л “Санал хэлье”, “Баяр хүргэе” гэх нь зөв юм

Дээш