Menu

Үгийн өнгө аяс гажсан алдаа

   “Ойролцоо утгатай олон үгсээс тухайн бичиж буй зүйлдээ оновчгүйг нь сонгон найруулснаас үүдэн гарах алдааг үгийн өнгө аяс гажсан алдаа гэнэ”

   Аливаа найруулгад үгийн өнгө аясыг зөв тохируулах нь найруулгын нэгэн чухал шаардлага болно. Олон утгаар хэрэглэгддэг үгсээс хамгийн зөв оновчтой, тухайн найруулгад тохирох үгийг сонгох нь чухал юм.

   Жишээлбэл, “Наадмын талбайд хүмүүс хөл тавих зайгүй багширчээ” гэсэн өгүүлбэрт “багшрах” гэсэн үгийг хүн дээр хэрэглэснээс үгийн өнгө аяс гажсан найруулгын алдаа болжээ. Зүй нь “Наадмын талбайд хүмүүс хөл тавих зайгүй цугларчээ” гэсэн бол оновчтой найруулга

болох байлаа.

   Мөн тухайн хэрэглэж буй үгийнхээ утгыг мэдэхгүй байх нь үгийн өнгө аясыг гажуудуулсан алдааг үүсгэдэг байна. Жишээлбэл, олны сонсох дуртай “Гүйгүүл морь” хэмээх дууны

        “Эхийнхээ хээлэнд зарагдсан унага

       Ижлээ орхин нутгаадаа гүйж явна аа” гэсний “хээл” гэдэг үгийг зохиогч нь “хэвлий” хэмээн ташаа ойлгосноос болж үгийн өнгө аясыг гажуудуулжээ. Учир нь хээл гэдэг нь “Эм мал адгуусны хэвэл дотор тогтсон үр” -ийг хэлэх бөгөөд “хээл” гэдэг бол өөрөө “унага” болохоос унагыг агуулж буй зүйл биш юм. Харин “Эхийнхээ хэвлийд зарагдсан унага” гэвэл унагыг эхийнх нь хэвлий дотроо агуулж байна гэсэн санаа болно.

Дээш