Menu

Үг буруу сонгосон алдаа

“Тухайн өгүүлж байгаа зүйлийн утга агуулгад тохирохгүй үгийг сонгон хэрэглэснээс үүссэн алдааг үг буруу сонгосон алдаа гэнэ”

   Тухайн бичиж буй сэдэвт таарах оновчтой үгийг сонгоно гэдэг найруулгын чухал чадвар юм. Аливаа найруулж бичсэн зүйл нь ерөнхийдөө сайн болсон хэдий ч харин ганц л үгийг буруу сонгоход бүх хөдөлмөр талаар болдог тул үгийг зөв сонгон найруулах нь хамгаас чухал болно.

   Үг буруу сонгох алдаа нь үгийг оновчтой сонгоогүйгээс хэлэх, өгүүлэх гэсэн зүйлээ бүрэн гүйцэд, утга төгөлдөр илэрхийлж чадахгүй, тэр байтугай өөр утга санаа илэрхийлж болох найруулгын алдаа юм. Энэ алдаа нь тухайн утга агуулгад тохирох үгийг оновчтой сонгоогүй, ойролцоо утгатай үгсийн утгын нарийн ялгааг мэдэхгүйн улмаас хамгийн оновчгүйг сонгох, мөн олон утгаар хэрэглэгддэг үгийн нийтээр хэлж хэвшсэн байдлыг гажуудуулснаас болж үүсдэг билээ. Түүнчлэн үгийн баялаг муугаас, хэт чамирхсанаас, найруулгын өнгө аяс,

найруулгын дээд, дунд, доод гурван зэргийг мэдэхгүйгээс болж үүснэ. Үг буруу сонгосон алдааг дараах гурван төрөлд хуваан тайлбарлаж болох юм.

Ойд төөрсөн бич үү, ойд төрсөн бич үү?

   Монголчууд “ургаа мэдвэл хүн, усаа мэдвэл мал”, “биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” хэмээн сургадаг. Энэхүү сургаал үгийн утга санаатай шууд холбогдох, аливаа үндэстэн өөрийн уг язгуураа умартан гээхийн уршиг хорыг сэрэмжлэн сануулсан нэгэн хэллэгийг сүүлийн үеийн ном зохиолд эш татахдаа “ер хүн өөрийн уг язгуураа умартваас ойд төөрсөн бич адил (~ойд дүүрсэн бич)” гэж ташаарсаар байна.

  17-р зууны монголын түүхийн сурвалж бичиг “Шар тууж”-д “Далай ламын номлосон Залуусын хурим хэмээх түүхэнд ер хүн өөрийн уг язгуураа эс мэдвээс ойд төрсөн сармагчинд адил. Өөрийн овгоо эс мэдвээс оюугаар гийсэн лууд адил. Эцэг өвгөсийн ийм тийм хэмээх бичгүүдийг эс үзвээс мон хүүхний завхаж гээсэнд адил хэмээсэн буюу”, “Асрагч нэртийн түүх”-д “Далай ламын зохиосон Зогдан дэвтэрт дам үлгэр татсан нь Лан сэрү ботиос “Ер төрсөн хүн өөрийн уг язгуурыг эс мэдвээс ой доторх бичинд адил. Хүн өөрийн овгоо эс мэдвээс засдаг (=хуурмаг) оюу лууд адил. Эцэг өвгөсийн ийм тийм хэмээх бичгийг үүр эс мэдвээс мон хүүхний завхаж гээсэнд адил хэмээсэн хийгээд төрсөн хүнд алдарших үг хэрэг, үйлдсэн номд бүтээсэн хязгаар хэрэг, их хүнд өндөр бэлгэ (=шинж тэмдэг) хэрэг хэмээсэн буюу” гэсэн буй.

   Өмнө эш татсан хэсэгт гарч буй “хүүхэн” нь “хүүхэд” хэмээсэн утгатай бүлгээ. Эртний монгол хэлэнд “хүүхэн” гэсэн хэлбэр ганц тоог, “хүүхэд” гэвэл олон тоог зааж байжээ. Түүхэн сурвалжид цөөнгүй таардаг “Мон хүүхний завхаж гээсэнд адил” хэмээх хэллэгийг судлаачид төдийлөн тодлолгүй өнгөрсөн байдаг. Мон гэдэг нь эртний Балба, Төвөдийн завсарт оршиж байсан нэгэн ястны нэр юм. Мон-гийн хүүхдүүд өвөг дээдсийнхээ газар орныг сүйтгэж, удам угсаагаа умартсанаас үүдэж, энэхүү зүйрлэсэн хэллэг гарчээ. “Үндэс угсаагаа мартан гээсэн Мон-гийн хүүхдүүд адил” хэмээсэн утга болно.

   Уг сургаалын эх сурвалж Лан Сэрү хэмээх төвөдийн түүх бичгийг үндэс болговол, “ойд төрсөн бич (сармагчин), ой доторх бич” гэж буулгах нь зөв юм. Учирзүйн үүднээс үзсэн ч “бич ойд төөрнө, дүүрнэ” гэдэг ойлгомжгүй зүйл билээ.

   “Ер хүн өөрийн уг язгуураа умартваас ойд төрсөн бич адил”. (Д.Заяабаатар)

   Үгийн баялаг муугаас шалтгаалж үг буруу сонгох

   Аливаа хүн үгийн баялаг хэдий чинээ сайн байна найруулан бичиж байгаа зүйл нь ч төдий чинээ өргөн дэлгэр, баялаг сайхан агуулгатай болж чаддаг билээ. Тийм учраас үгийн баялаг сайтай байх нь сайн найруулгын нэгэн үндэс болдог. Жишээлбэл, “Би өнөөдрийн хийж байгаа ажилдаа нэг апдэйт хийхгүй бол болохгүй нь ээ” гэсэн өгүүлбэрт “апдэйт” (update буюу өөрчлөлт) хэмээх гадаад үгийг хэрэглэсэн нь тухайн хүний монгол хэлний үгийн баялаг муу байгааг илтгэн харуулж байна. Зүй нь “Би өнөөдрийн хийж байгаа ажилдаа өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь ээ” гэсэн бол илүү оновчтой, утга төгөлдөр болох юм.

  Мөн “Замд цонхоо нээхэд ногооны үнэр сэнхийж, тал нутаг өвсөөр хучигдан ногоорсныг харахад ядаргаа тайлагдах шиг бол бие суларна” (Өдрийн сонин, 2016.07.19. №5428) гэсэн өгүүлбэрт уг сэтгүүлч “суларна” гэсэн үгийг сонгосон нь үгийн баялаг муу байгааг нь харуулж байна. Зүй нь “Замд цонхоо нээхэд ногооны үнэр сэнхийж, тал нутаг өвсөөр хучигдан ногоорсныг харахад ядаргаа тайлагдах шиг бол бие сэргэнэ” гэвэл үгийн сонголт оновчтой болно.

  “Эмчтэй тохиролцсоны улмаас үзүүлэх өдөр, цагийг өөрөө сонгох” (Өвчтөний түүх) гэсэн өгүүлбэрийн “улмаас” гэдэг үгийн утгыг ойлгоогүйгээс энэ өгүүлбэр алдаатай болжээ. “Улмаас” гэсэн үгийг “дагуу” гээд л сольчиход “Эмчтэй тохиролцсоны дагуу үзүүлэх өдөр, цагийг өөрөө сонгох” гэсэн зөв үгийн сонголттой өгүүлбэр болох юм.

    Хэт чамирхсанаас шалтгаалж үг буруу сонгох

   Найруулан бичихдээ хэт чамирхах нь эх хэлээ мохоох нэгэн шалтгаан болж байна. Ийнхүү хэт чамирхсанаас үг буруу сонгох алдаа гаргах нь түгээмэл. Жишээлбэл, “Сүүлийн үед Монгол улс гадаад харилцаанд нэлээдгүй амжилт гаргалаа” гэсэн өгүүлбэрт буй “нэлээдгүй” хэмээх үгийг сүүлийн үед хэт чамирхан хэрэглэснээр найруулгын алдаа гаргах нь элбэг болжээ. Учир нь уг үгийн үндэс болох “нэлээд” хэмээх үг нь “үйл хэргийн хэмжээ, үйл байдал бага бус, санаснаас арай илүү” гэсэн утгатай үг бөгөөд үгүйсгэх “-гүй” (хоолгүй, хувцасгүй г.м.) бүтээврийг залгаснаар тухайн үгийн утгыг үгүйсгэдэг бөгөөд “нэлээдгүй” гэвэл бага гэсэн утгатай болно. Гэвч дээрх жишээнд “бага амжилт гаргалаа” гээгүй харин “нэлээд их амжилт гаргалаа” гэсэн утгаар бичсэн нь ойлгомжтой бөгөөд зүй нь “Сүүлийн үед Монгол улс гадаад харилцаанд нэлээд амжилт гаргалаа” гэсэн бол зөв болох байлаа.

 Наранд дэрвэсэн туузтай зулзаган жаахан охин

    Сүүлийн үед монгол шүлгийн урлагт “дууны яруу найраг” хэмээх төрөл зүйл эрчимтэй хөгжиж, энэ чиглэлээр бүтээл туурвидаг уран бүтээлчдийн тоо эрс өсжээ. Мэдээжийн хэрэг, хэн бүхний бичих туурвих эрх нээлттэй боловч бичгийн хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, учирзүйн уялдаа холбоог нягтлах, дүрслэх яруу хэрэглүүрийг оновчтой хэрэглэх зэрэг хэдэн зүйлийг сайтар анхаарвал зохино. Залуусын сонсох дуртай хамтлагийн нэг дуунд

Зуны өглөөний наранд улаан тууз нь дэрвэсэн

Зулзаган жаахан охин сургуулийн босго алхсан...

      гэж өгүүлдэг. Энэ дууг сонсоход хэмнэл аялгуу сайхан, хүний сонирхлыг татахуйц байж таарна. Харин дууны шүлгийг уншаад үзэхэд эргэлзэж гайхмаар, зохиогчоос нь тэрхүү сонин учралын талаар тодруулж асуумаар санагдана. Чухам учрыг товч тайлбарлая.

      Эхний мөрд “улаан тууз зуны өглөөний наранд дэрвэсэн” тухай өгүүлжээ. Хэн бүхний мэдээжээр тууз наранд бус салхинд дэрвэдэг баймаар юм. Аль эсвэл тэр өглөө маш онцгой нар мандсан бололтой. Хоёр дахь мөрд “охин” гэсэн үгийг “зулзаган жаахан” хэмээн тодотгосон байна. Монгол хэлний тайлбар толь бичигт зулзага гэдэг үгийг “1. зарим амьтны сая төрсөн төл; 2. сая ургасан жижигхэн бут мод” хэмээн тайлбарлажээ. Эцэг эх хүүхдээ “миний зулзага” хэмээн өхөөрддөг шүү дээ гэж уншигч та бодож магадгүй. Гэхдээ энэ дуунд эцэг эхийн үр хүүхдээ хайрлах хайрын тухай бус балчир ахуйдаа бие биетэйгээ учирсан залуусын хайрын тухай өгүүлж байгаа юм. Бас нэг сонирхолтой тохиолдол бол зуны өглөө балчир охин сургуулийн босгыг алхаж байх үед дурлагч этгээд олж хараад, чухам тэндээс нэгэн хайрын нандин түүх эхэлсэн бололтой. Зун цаг гэхээр сургууль соёлын газрын тухайд амралт л санаанд бууна. Тэгэхээр тэр охин зуны өглөө сургуулийн босгыг юуны учир алхав, залуу хүү түүнийг хэрхэн олж харав гээд ээдрээ эргэлзээтэй асуулт гарч ирнэ.

   Ийм ойлгомжгүй, учирзүйн уялдаа холбоогүй өгүүлэмж уг дууны шүлэгт гарсны учир юу вэ? Энэ бол зохиогчийн утга агуулгаа анхааралгүй, толгой сүүлээр холбох гэсэн хэлбэрийг хэт хөөснөөс гаргасан эндэл юм.

   Сүүлийн үед хүмүүсийн сэтгэлд хүрч байгаа нэгэн дуунд “гэргий зандан тэнгэрийн бүсгүй” хэмээн өгүүлж байх юм. “Тэнгэрийн бүсгүй” хэмээн бахдан шагширч болох ч “зандан бүсгүй”, “гэргий бүсгүй” гэдэг холбоо үг уншигч танд хэрхэн бууж байна вэ?

   Эцэст тэмдэглэхэд, аливаа уран яруу хэрэглүүр утга агуулгыг улам төгөлдөржүүлдэг боловч оноогүй тохиолдолд эсрэгээр эргүүлэх гэмтэйг эрхбиш анхаарууштай. Тухайн урлагийн урсгал чиглэлийн онцлогоос шалтгаалж үг хэллэг өвөрмөц, агуулга санаа хурц байж болох ч хэл найруулга, учирзүйн холбоо зөв байх ёстой. (Д.Заяабаатар)

    Үгийн утгын нарийн ялгааг ойлгоогүйгээс шалтгаалж үг буруу сонгох

   Үг нь цор ганц утгатай байх нь ховор бөгөөд салбар олон утгатай байдаг билээ. Жишээлэхэд, цагаан гэдэг үгийг сонсоход л цайвар өнгө сэтгэлд бууж байгаа нь энэ үгийн гол утга тэр бөгөөд үүнээс гадна олон утгаар хэлэнд хэрэглэгддэг билээ. Найруулан бичиж байхад утгын хувьд ойролцоо санагдах хэдий ч яг оносон үгийг нь олж бичээгүйгээс үг буруу сонгосон найруулгын алдаа үүсдэг. Жишээлбэл, “Би бээр морилон саатаж ажаамой” хэмээсэн өгүүлбэрийн “морилох” гэсэн үг нь “Ихэс дээдсийн явах, ирэхийг хүндэтгэн хэлэх” хүндэтгэлийн үг бөгөөд аливаа хүн өөрийгөө “морилон очлоо” гэхгүй бөгөөд зүгээр л “очлоо” гэхэд хангалттай юм. Харин дээрх өгүүлбэрт хэт чамирхан хүндэтгэсэн үгийн энгийн үгээс ялгарах утгын нарийн ялгааг ойлгоогүйгээс эл найруулгын алдаа бий болжээ.

   “Мөнгөн эрдэнэ өргөмжлөл, титэм хүртсэн Шүрэнчимэг аавдаа гэнэтийн бэлэг барихаар болов. Тэрбээр дэд мисс болно гэж яаж санах вэ дээ хэмээн халаглан сууна” гэсэн өгүүлбэрт тухайн бичигч “халаглан суух” гэдэг үгийн утгын нарийн ялгааг мэдэхгүйн улмаас үг буруу сонгосон алдааг гаргажээ. “Халаглан суух” гэдгийн оронд “баярлан сууна” гэсэн бол зөв найруулгатай болох байжээ.

   Мөн “Дэлхий нийт мэдээллээр хахаж цацаж байхад энэ суманд гэрэл цахилгаан, утсан холбоо ч байхгүй байна” гэсэн өгүүлбэрт “хахаж цацах” гэдэг үгийн утгыг сайн ойлгоогүйгээс үг буруу сонгосон алдааг бий болгосон байна. Зүй нь “мэдээллээр хахаж цацах” бус “мэдээллээр хахаж” гэхэд л болох байлаа.

Авхай биш авгай

   Одоогийн бидний ярианы хэлэнд авхай, авгай хэмээх үгс нь хоёулаа эмэгтэй хүнийг дуудах үгс л дээ. Авхай гэж дээхэн үед язгууртан хүний охиныг, харин орчин үед залуу хүүхнийг егөөдөх маягаар хэлдэг бол авгай гэж хүний гэргий болсон хүнийг, эсвэл өөрөөсөө эгч эмэгтэй хүнийг хүндэтгэх нэр юм.

    Гэтэл авгай гэж ах настныг хүндэтгэх өөр нэгэн утга бий. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүнийг ялгаагүйгээр нэрийнх нь ард залгаснаар хүндэтгэх утгыг илтгэнэ. Өөрөөр хэлбэл гуай гэсэн үг. Жишээлбэл, Монгол улсын одоогийн ерөнхийлөгчийг Элбэгдорж гуай ч гэж хэлж болно, Элбэгдорж авгай ч гэж хэлж болно. Мөн түүний гэргийг Болормаа авгай ч гэнэ, Болормаа гуай ч гэнэ. Аль аль нь л хүндэтгэж буй хэлбэр болно. Харин Элбэгдорж авхай гэвэл түүнийг эмэгтэй хүн гэж хэлсэн хэрэг болох байлгүй дээ.

   Харин сүүлийн үед сонины хуудаснаа, ихэвчлэн шинээр хэвлэгдэн гарч буй номууд дээр “Уншигч авхай танаа”, “Уншигч авхай” хэмээн их тааралдах боллоо. Уг нь “Уншигч авгай” буюу “Уншигч гуай” гэсэн хүндэтгэл байгаа болов уу. “Уншигч авхай” гэхээр ганцхан эмэгтэй хүнд л зориулсан буруу утга агуулаад эрэгтэй хүнд бол хамаагүй ээ л гэсэн санаа болно. (Д.Боролзой)

Цагийг нөхцөөх бус нөгчөөдөг

   Хоёр өөр утга, хэлбэр бүхий “нөгчих”, “нөхцөх” гэсэн үгийг сольж будилан бичиж буйг хэлний мэргэжилтнүүд урьд хэдэнтээ сануулан дурдаж байсан билээ. Эл үгс хэлэх сонстохын хувьд ойр төстэй боловч, бүтэц агуулга нь өмнөө тул монгол ба оросжин бичгийн зөв бичих дүрмээр ялгаж ирсэн нь зүй. Гэвч тэр зүйг мэдэх мэдэхгүй будилсаар байх тул энд дахин өгүүлсү.

   Толь бичгүүд дэх тайлбарыг нягталбал, “нөхцөх” гэдэг нь 1. аливаа хүчин зүйл бүрэлдэж харилцан шүтэлцэх (энэ утгаар нөхцөл байдал, үгийн нөхцөл зэргийн нөхцөл хэмээх нэр үг үүсжээ); 2. анд нөхөр бололцох, дагаж хавсрах (энэ утгаарх хэрэглээ хуучирсан ); 3. төв бусаар янаг амраг бололцох (явалдах гэдэгтэй ойролцоо); 4. тохиох, зууралдах (дон нөхцөх гэх мэт); 5. хүний биед ад чөтгөр орших (чөтгөр нөхцөх) гэсэн хэдэн утгатай байна. Нөхөх, нөхцөл, нөхөр, нөхөөс, нөхвөр гэх мэтийн үгс энэхүү нөхцөх гэдэгтэй үндэс язгуур нэг юм.

   “Нөгчих” гэдэг нь 1. цагийн өнгөрөх, улирах; 2. хүний нас эцэслэх гэсэн утгатай. Эртдээ “газраас нөгчих”, “шөнө дүл нөгчөөх” гэх мэтээр орон зай, цаг хугацааны аль алины өнгөрөх тухайд “нөгчих” гэдэг байсан бол орчин цагийн монгол хэлэнд хэрэглээ нь явцуурч зөвхөн цаг хугацаанд хамаатай хэрэглэх болжээ. Мөн үүнтэй үндэс нэгтэй “нөгчрөх” гэсэн үг байдаг нь хуучирч цагаас хоцрохыг хэлдэг. Тухайлбал, орчин үед хэрэглэх шаардлагагүй болсон эд хэрэглэлийг цагаас нөгчирсөн гэж хэлж болно.

   Өнөө сонин хэвлэлд бичиж буйг үзвэл, “цаг нөхцөөх” гэж бичих нь түгээмэл болжээ. Цаг хугацааг дэмий талаар өнгөрөөхийг илэрхийлдэг энэ холбоо үгийг зүй нь “цаг нөгчөөх” гэж бичвэл зохилтой.

   Дашрамд дурдахад, монгол хэлнээ хүний үхэхийг эерүүлсэн болон цээрлэсэн үг хэллэг хоёр зуу гарам байдгийн нэг нь “нас нөгчих” бөгөөд нас гэдэг нэгэн цаг үеийн ойлголт тул, тийнхүү нөгчих гэдэг үгтэй харьцан холбоо үг бүтээдэг. Гэтэл бие, амь зэрэг үг цаг хугацаа заасан үг бус тул, бие нөгчих, амь нөгчих гэж холбодоггүй байна. (М.Баярсайхан)

Надад таалагдаж байна

   Хэлэх зорилго, үгийн өнгө аясыг үл авцалдуулан үгийн байвал зохих орныг эс олбол, адилтгаваас хувцсаа тохируулж өмсөөгүй мэт болох буюу. Аливаа хэлэнд хүндэтгэсэн буюу дээд, ерийн буюу дунд, доршоосон буюу доод түвшний найруулга гэж байдаг. Өнөө бидний өдөр тутмын хэл ярианд буруу хэлж бичиж буйгаа үл ухаарах болсон нийтлэг зуршил бишгүй байдгийн нэг нь “өөртөө үгийн томдсон малгай өмсгөсөн” “таалагдах” гэдэг үгийн хэрэглээ юм. Эх хэлний боловсрол, мэдрэмж дутуугийн харгаагаар эл хүндэтгэсэн үгийг ерийн үгийн адил хэрэглэсээр нэгэнтээ уджээ. Нягтлаад байтал, үндэсний бичиг, бичгийн хэлний уламжлалаасаа хөндийрөх болсон цаг үеэс энэ гажуудал нийтэд тархсан байна. Бодвол, оросжуу монгол найруулгатнаас “нравиться” гэдэг үгийн олон хэрэглээг цөм монголоор “таалагдах” болгон тагласаар ирснээс болсон мэт.

   Энэ үгийн үндэс нь дур хүсэл гэсэн утгат “таа” хэмээх үг бөгөөд энэ үгээс таатай, таагүй, тааваар, таашаах, таалал, таалах, тааламж, таарах гэх мэт олон үг үүсжээ. Эдгээрийн дотроос таалах, таалал, таалагдах гэсэн үгсийг монгол бичгийн хэлнээ тэнгэр бурхан хийгээд ихэс дээдсийн тухайд зөвхөн хүндэтгэлийн үгийн үүргээр хэрэглэж ирсэн уламжлалтай. Энэчлэн “таалал гажих” (дээдсийн дургүйлэх, үл болгоох), “таалалд нийлүүлэх” (дээдийн аяыг дагах), “таалал төгсөх” (хутагт хувилгаадын үхэх), “тогтоосон таалал” (дээрээс болгоон тогтоосон зүйл ) гэх мэт хэллэг буй. Иймд, “Надад таалагдаж байна” гэсэн өгүүлбэр нь “Би айлдъя”, “Би зооглоё”, “Миний мэлмий”, “Миний нас сүүдэр төдий зэрэгцлээ”, “Миний алдар тэр”, “Эрхэм хүндэт миний лагшин” гэх мэтээр өөрөө өөртөө хүндэтгэлийн үг хэрэглэсэнтэй чанар адил юм. Энэ бүхнийг өгүүлэхийн учир нь, найруулгынх нь үүргийг нягтлалгүй үгийг зохисгүй хэрэглэх өөр олон хандлага газар авч буйг сэрж анхаараасай гэсэн хэрэг билээ. Тухайлбал, хэлний мэргэжилтэн хүртэл өөрийнхөө намтарт “Миний бие тэр онд тэнд мэндэлсэн” гээд биччихсэн байсныг үүнийг бичигч мэдэх билээ.

   Академич Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын “Орос монгол толь”-д “нравиться” гэдгийг сэтгэлд зохих; сэтгэлд таарах; сэтгэлд таатай байх; аятайхан санагдах гэсэн олон хэлбэрээр монголчилсноос бус таалагдах гэж орчуулаагүй аж. Бид, хэн хүнгүй дор бүрнээ монгол хэлний аливаа санааг зөв нийцтэй илтгэх олон арга хэлбэр буйг таньж мэдэж, тэдгээрээс тухайн орчин нөхцөлд аль илүү оновчтойг тарыг нь тааруулан хэрэглэхийн тулд ямагт хянамгайлан хичээнгүйлэхгүй бол мэдэвч, эс мэдэвч эх хэлээ улам бүр эвдэх нь байна шүү. (М.Баярсайхан)

 

 

 

 

 

 

Сүүлд засварласанБаасан, 20 1-р сар 2017 08:28
Дээш