Menu

Үгийн сангийн найруулгын онцлог

   Юуны өмнө үгийн сангийн бүрэлдэхүүн болох ойролцоо утгат үг хэллэг, эсрэг утгат үг хэллэг, ижил үг, олон утгатай үг, хуучин үг, шинэ үг, харь үг, нутгийн аялгууны үг, цээрлэн эерүүлсэн үг хэллэг, этгээд үг хэллэг, мэргэжлийн үг, нэр томьёо зэргийн найруулгын үүрэг, ач холбогдол, тэдгээрийг солин найруулах зарим боломжийн талаар товч өгүүлье.

   Харь үгийн найруулгын онцлог

   Монгол бичгийн болон ярианы хэлэнд найруулгынх нь төрлөөс шууд хамаарч харь хэлний үгийг хэрэглэх хэм хэмжээ янз бүр байдаг. Яруу найргийн бүтээлд харь гаралтай үг харьцангуй цөөн тохиолддог бол үргэлжилсэн үгийн зохиолд харьцангуй олон тохиолддог. Шинжлэх ухаан, техник, сонин сэтгүүлийн хэл найруулгад харь хэлнээс гаралтай үг илүү олон тоотой хэрэглэгддэг онцлогтой.

   Монгол хэлний үгийн санд харь гаралтай үг аман яриагаар болон бичгийн хэлний замаар орж ирсэн байдаг. Европ зүгийн хэлнүүдийн үг, нэр томьёо гол төлөв ном зохиолын орчуулгыг дагалдан, өөрөөр хэлбэл, бичгээр дамжин монгол хэлэнд нэвтрэн оржээ. Тэгвэл төвд, хятад, манж, орос хэлнээс авсан үгийн зарим хэсэг нь аман ярианы хэлээр дамжин монгол хэлэнд орж ирсэн байна. Аман ярианы хэлээр дамжин монгол хэлэнд нэвтэрсэн үгс дуудлагын хувьд илүү ихээр хувирч, монголжуу байдалтай болдог бол бичгийн хэлээр дамжин нэвтэрсэн үгс харь хэлнийхээ төрхийг илүүтэй хадгалдаг өвөрмөц онцлогтой.

   Үгийн гарал судлалын үүднээс үзвэл, түрэг, уйгар, манж, перс, иран, араб, санскрит хэлний үг, эдгээр хэлнээс хуулбарлан орчуулсан үг монгол хэлний үгийн санд орсон харь хэлний үгсийн дийлэнх хувийг эзэлж байна. Түрэг, уйгар хэлнээс гол төлөв хүмүүсийн ахуй амьдрал, аж байдлыг заасан /отор, оточ, хударга, арвай, таяг, суварга, таг /уулын/, хутагт, бүлэг, шалтаг, хөрш/ үг нэвтрэн орж ирсэн байхад

төвөд хэлнээс шашин шүтлэг, сүм хийдийн холбогдол бүхий /гүрэм, ороолон, шоо, эрэмбэ,  бунхан, бурам, дэглэм, нандин, нинжин, намтар, хорвоо, бум, сая, хонзон, түнжин г.м/ үг хэллэг, манж хэлнээс засаг захиргаа, зэрэг дэвийн хамаатай /бэйл, бэйс, амбан, залан, мээрэн г.м/ үг хэллэг, хятад хэлнээс /байцай, гоймон, еэвэн, цай, шанз, ёочин, мантуу, бууз, банш г.м/ хоол хүнсний нэр, орос зэрэг европын зарим хэлнээс /трактор, такси, физик, доктор, аспирант, кино, радио, балет, концерт, компос, механик, станц г.м/ орчин үеийн шинжлэх ухаан, техникийн нэр томьёог ихэвчлэн авсан тал бий. Эдүгээ түрэг, уйгар, манж, перс, иран, араб, санскрит хэлнээс үг хэллэг орох нь бүрмөсөн зогсож, урьд өмнө орсон үгс хуучирсан үгийн хэсэгт хамаарагдах боловч, зарим нь түүхэн шалгуурыг амжилттай даван орчин цагийн монгол хэлэнд хэрэглэгдсээр байна.

Бодь мөрийн зэрэг

   Богд Зонховын зохиосон “Бодь мөрийн зэрэг” хэмээх алдарт зохиолыг хэдэн зүйл орчуулгаар нь манай уншигчид сайн мэдэх болжээ. Гэвч уг зохиолын нэрийг хэрхэн ухаж ухаарсан бол хэмээн санахдаа энэ товч тайлбарыг толилуулав. Монголчууд “үгэнд нэг учир буй, үхэрт нэг гиваан буй” хэмээн өгүүлдэг нь үг бүрийн утга учрыг эргэцүүлэн бодохын чухлыг сануулсан хэрэг. Судар шастирын нэр нь зохиолынхоо агуулгыг товчлон хураасан байдаг тул “Бодь мөрийн зэрэг” хэмээх товч нэрийг үг бүрээр нь тайлбарлая.

   Бодь хэмээх нь эртний Энэтхэгийн санскрит хэлний үг бөгөөд "төгс гэгээрэхүй" хэмээсэн утгатай. Судар номд тайлснаар, "тэвчигдэхүүн болсон бие, хэл, сэтгэлийн гэм бүгдээ арилгаад, оногдохуун эрдэм бүхнийг дотроо багтаасан хутагтны (бодисадвагийн) эш онолын эрдэм"-ийг өгүүлэх ажээ. Өөрийн сэтгэлийн гэмээ огоот (бүр мөсөн) арилгаж, аливаа юм үзэгдлийн мөн чанарыг чинад хязгаарт нь хүртэл танин мэдэж гэгээрснээр бусдыг аврах нигүүлсэнгүй сэтгэл төгс болохыг бодь хэмээн ухаж болно.

   Мөр хэмээх үгийн утгыг өнөөгийн хүмүүс "ул мөр, мал амьтны мөр, хүний мөр, догол мөр, улаан мөр, мөрөөр нь мөшгөх" гэх мэт холбоо үгээс тайлбарлаж хэлэх буй за. Энэ үгийн эртний болон сонгодог бичгийн хэлний үндсэн утга нь одоогийн зам болно. Тэгвэл зам хэмээх үг эртний монгол хэлэнд байсан уу? хэмээвээс байсан бөгөөд харин утга нь өртөөюм. Их Монгол улсын хоёр дахь хаан Өгэдэй бээр өртөөгөөр зорчих зам харилцааны тогтолцоог анхлан буй болгосныг манай уншигчид "Монголын Нууц Товчоон"-оос бэлээхэн мэдэх билээ. XIII, XIV зууны үед монголчууд дэлхий дахинд хүчтэй нөлөөлж байсан цагт зам (өртөө) хэмээх үг хөрш орнуудын хэл, тухайлбал, орос, хятад хэлэнд орж, одоо ч гэсэн өртөө гэдэг утгаа хадгалж буй. Хятад хэлэнд жан, орос хэлэнд ям (ямщик - улаач) болж хувирсан байдаг. Өмнө өгүүлснийг товчилбол, мөр хэмээх нь зам, арга хэмээсэн утгаар сонгодог бичгийн хэлэнд тохиолддог. Тийн үзвэл, “Бодь мөрийн зэрэг” хэмээх үгэнд орсон утга нь арга зам болно.

    Зэрэг нь үе гишүүн, дэс дараа, үе шат хэмээсэн утгатай.

  “Бодь мөрийн зэрэг” хэмээх нь төгс гэгээрэлд хүрэхүйд энгийнээс гүн нарийнд суралцах, бясалгах арга замын (мөрийн) дэс дараалал, үе шат хэмээсэн гол утгатай болно. (Ш.Чоймаа)

Сонин хачин юу байна?

Захидал бичиг, энгийн харилцаанд өргөн хэрэглэдэг энэ мэндийн үгийг мэдэхгүй хүн үгүй. Эл үг сониучирхсан санааг илтгэдэг бол “Сонин сайхан юу байна?” гэсэн мэндийн үг сайны бэлгэдлийг давхар агуулжээ. Харин хар ярианд товчлоод “Юу байна?” гэлцэх болсныг нийтийн хэлний боловсролын төлөө санаа тавигчид нэг бус удаа дуртган шүүмжилсэн билээ. Үнэхээр, товч хэлэх шаардлагатай байгаа бол үгүйдээ “Сонин сайхан?” гээд асуух аялгаар хэлчихвэл хавьгүй дээр биз ээ. Гэвч, энэ удаа шүүн хэлэлцүүлэх бус, харин уншигч нартаа “сонин хачин” хэмээх хоршоо үгийн түүхээс товч сонордуулахыг зорилоо.

Эдүгээгээс хоёр гурван зуун жилийн тэртээ монгол хэлэнд ийм хоршоо үг байсан гэх баримт үгүй. Угтаа “хачин” хэмээх нь манж хэлний үг юм. 18-19 дүгээр зууны үеийн манж, монгол захидал бичгийн уламжлалд захидлын төгсгөл хэсэгт манжаар “гува сонин хачин аку”, монголчилбол “өөр сонин зүйлгүй” хэмээх тогтсон үгийг хэрэглэж байжээ. Одоо ч манайхан захидалдаа тэрчлэн бичсэн хэвээр. Манж хэлний “сонин хачин” буюу монголоор “сонин зүйл” гэсэн холбоо үгийг Өвөрлөгчдөөс эхлэн уг хэвээр нь хэрэглэх болж, улмаар монгол ярианы хэлэнд нэгэн шинэ ойролцоо хоршоо үг бий болоход хүргэжээ. Үүнд сонин, хачин хэмээх хоёр үгийн үеийн бүтэц, үгийн төгсгөлийн ижил нийтлэг байдал түлхэц болсон байна. Ерөөс догол мөр, өгүүлбэр, хоршоо, холбоо үгийг харилцан тэгш хэмнэлтэй, эн зэрэгцүүлж хэлдэг нь монгол хэлний найруулгын нэгэн онцлог юм. Монгол хэлэнд үгийг давтах юм уу, дуурайн хоршихоос гадна нэг бол эсрэг утгат, нэг бол ойролцоо утгат үгийг хоршин хэлдэг. “Сонин хачин” гэдэг холбоо үг нь үе, авианы бүтцийн ойр төсийн улмаас аажмаар монгол хоршоо үг мэт хэвшихдээ “хачин” хэмээх манж үгийг “ер бус, этгээд, өвөрмөц” гэдэг утгаар сэтгэх монгол үг болгон хувиргажээ. Түүгээр үл барам, шинэ монгол үг маань “сонин” хэмээх хэлбэр утга ойролцоо үгийнхээ адилтгалаар үг бүтээх ба үг хувилгах үндэс болон хэрэглэгдэх болов. Тухайлбал, сонирхолтой - хачирхалтай, сонирхох - хачирхах гэх мэт. Монгол хэлний “сонин” гэдэг үг нь сонь, содон, сонор, соохолзох, сортойх зэрэг үгтэй үндэс язгуур нэгтэй, гарцаагүй монгол үг болох нь тодорхой. Гэтэл “хачин” гэдэгтэй гарал нэгсэх оор монгол үг үл олдохоос гадна, “Монголын нууц товчоо”, “Хураангуй Алтан товч”, “Эрдэнийн товч”, “Чакраварти Алтан хааны тууж” болон бусад 18 дугаар зуунаас урагших монгол хэлний дурсгалуудад энэ үг тохиолдохгүй байна.

Үзэх тусам үгийн түүх, утгад “сонин хачин” цөөнгүй ажгуу. (М.Баярсайхан)

   Харь үг тухайн улсын нийгэмд гарсан томоохон өөрчлөлт хөгжлийг дагаж их нэвтэрдэг. Ялангуяа, 1990-ээд оноос хойш Монгол улсын нийгэм эдийн засгийн байдалд өөрчлөлт гарч даяаршлын эрин үед дэлхийн олон оронтой өргөн хүрээнд шинэ холбоо харьцаанд орох болсноор монгол хэлний үгийн санд энэ үйл явц нөлөөлж харь хэлний үг олноор орж ирэх шалтгаан болсон. Тухайлбал, япон хэлнээс сумо бөхийн холбогдолтой үг хэллэг, солонгос ярианы хэлний үг, европын хэлний үг, ялангуяа англи хэлний үгс голлох хувийг эзэлж байна.

   Монгол хэлний үгийн санд орж ирж буй харь үгийн заримыг нь орчуулах эсвэл орчуулалгүй хэрэглэж болдог. Жишээ нь: “инвест, дижитал аппарат, хувьцаат компани, лизинг, макро микро эдийн засаг, хувьцаат компани, компьютер, паркетан шал, бирж, мобикарт, патент, сертификат” гэх мэт. Иймэрхүү үгс нь бичгийн болон ярианы хэлэнд ялгавартай хэрэглэгддэг бөгөөд ярианы хэлэнд этгээд үг болон утга шилжүүлэн хэрэглэсэн үгс, мөн зарим ахуйн хэрэглээнд шинээр орж ирсэн эд зүйл, хоол унд, гоо сайхны хэрэглэл гэх мэтийн гадаад нэрийг шууд авч хэрэглэсэн үгс зонхилж байхад бичгийн хэлэнд хоёр үгээс бүтсэн нийгэм, эдийн засаг, техник технологийн нэр томьёог хуулбарлан орчуулах ба шууд зээлдэх гэсэн хоёр аргаар хэрэглэж байна.

   Зах зээлийн эдийн засагт шилжиж  гаднын олон оронтой улс төр, соёл урлаг, шинжлэх ухаан техник, эрүүл мэнд, санхүү эдийн засаг, ахуй амьдралын хүрээнд хүртэл чөлөөтэй харилцах болсноор монгол хэлний үгийн санд хуулбарлан орчуулсан үг олон болсоор байгааг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэл найруулгаас төвөггүй харж болно. Харь үг хэллэгийг бүрэн ба заримдаг гэсэн хоёр хэлбэрээр хуулбарлаж байна. Бүрэн хуулбарласан үг: пентатоник - таван эгшигт, аллерги - харшил, рейтинг - чансаа, проблем - асуудал, бонд - үнэт цаас, маркетинг - зах зээл судлал, formal education - албан боловсрол, informal education - албан бус боловсрол, whole prices - бөөний үнэ, social protection - нийгмийн хамгаалал, pressure group - сонирхлын бүлэг, нормы социальные - нийгмийн хэм хэмжээ, охрана труда - хөдөлмөр хамгаалал, гуманизм - энэрэнгүй үзэл, гуманитарная помощь - хүмүүнлэгийн тусламж гэх мэт. Заримдаг хуулбарлан орчуулсан үг: сонгуулийн компани, хөгжлийн агент, гэрээт диллер, улс төрийн императив, ардчиллын индекс, сонирхлын артикуляци, сонирхлын агрегаци, боловсролын стандарт, хувийн сектор, жендерийн асуудал, бизнес орчин, элитийн онол, экологийн хөдөлгөөн, академик боловсрол, менежментийн сургалт  гэх мэт.

   Харь үгийг үгчлэн орчуулж хэрэглэх нь ч мөн байна. Тухайлбал: нэрийн хуудас, бялуу хуваах, загалмайлсан эцэг, гар утас, тэргүүн хатагтай  гэх мэт.

   Харь хэлнээс хуулбарлан орчуулж хэрэглэж буй үгсийн дотор орчин цагийн монгол хэлний зүйд нийцсэн бүрэн дүүрэн үүргээ гүйцэтгэж байгаа хуулбар үгс байхын зэрэгцээ оноогүй үг ч тохиолдож байна. Тийм учраас үгийг хуулбарлан орчуулахдаа тухайн үг уугуул хэлэндээ ямар утгатай хэрэглэгддэг болохыг олон талаас нарийвчлан шинжиж, манай монгол хэлэнд хэрхэн буулгавал зүй зохистой болохыг монгол хэлний дүрэм журмын үүднээс нягтлан үзэж байх нь чухалтай юм. Тухайлбал: англи хэлний smart хэмээх үг смарт утас, смарт банк гэх мэтээр өдөр тутмын хэрэглээ болжээ. Уг үг англи хэлэнд: 1. ганган дэгжин, сайхан хувцастай, 2. Цэвэрхэн, 3. Ухаантай, цовоо сэргэлэн, 4. Хээнцэр тансаг, 5. Хурдан шаламгай зэрэг утгыг илтгэдэг. Эдгээр утгаас зөвхөн ухаантай гэсэн гурав дахь утгыг монгол хэлэнд авч хэрэглэж ухаалаг утас, ухаалаг банк гэх мэтээр хэвшиж байгаад олзуурхууштай.

   Тодорхой цаг үед монгол хэлний үгийн санд орж ирээд хэсэг хугацаанд идэвхтэй хэрэглээний үг болон хэвшиж байснаа тохирох монгол үгээр хөрвүүлснээс болоод тухайн харь үгийг уугуул хэлнийхээ үгтэй зэрэгцүүлэн хэрэглэх, эсвэл аль тохиромжтой нь үгийн санд хэвшин үлдэх тохиолдол байдаг. Хамгийн ойрын жишээ гэхэд, социалист нийгмийн үед орос хэлний яблоко гэдэг үгийг зээлбэр үгээр шууд хэрэглэж байснаа сүүлийн үед алим гэж хэвшсэн байна. Телевизор гэдэг үгийг нэгэн үе тэр чигээр орчуулалгүй хэрэглэж байснаа, зурагт гэх болсон нь илүү хэлэхэд хялбар, оновчтой байснаас одоо нэгэнт хэвшжээ. Нэгэн үе монгол хэлний зээлбэр үгийн нэг байснаар үл барам нийтийн хэрэглээний үг болж байсан аптека гэдэг үг эмийн сан гэдэг үгэнд түрэгдэн гарч байна. Ийм үгсийн жишээнд: кафе - цайны газар, гуанз - хоолны газар, больниц - эмнэлэг, контор - ажлын газар, журнал - бүртгэлийн дэвтэр, точило - гуранз, ресторан - зоогийн газар гэх мэтийг дурдаж болно.

   Монгол хэлэн дэх харь үгсийн дотор олон улсын чанартай үг цөөнгүй бий. Дэлхийн олон хэлнээ нэгдмэл нэгэн утгаар хэрэглэж буй үгийг олон улсын чанартай үг гэнэ. Нэгэнт олон улсад нэгэн утгаар ойлгож хэвшсэн үгсийг орчуулалгүй шууд хэрэглэдэг онцлогтой. Жишээлбэл: “спорт” гэдэг үгийг орос, англи, франц, герман, испани, итали хэлээр үл барам Ази, Африкийн олон хэлнээ “спорт” гэдэг хэлбэрээр нь нэгдмэл нэгэн утгаар хэрэглэж байна. Тийм үгсийн тоонд атом, банк, доктор, колони, радио, техник, философи гэх мэт олон үг орно. Мөн ампер, гимнастик, грамм, кило, метр, минут, секунд, хакер, тенор, сопрано, спикер, сенат, профессор, доктор, магистр, микро, макро, мафи, марафон, кредит зэрэг олон улсын чанартай үг өргөн хэрэглэгдэх болжээ.

  Монгол хэлэнд орсон харь үгийг хэл найруулгад ямар хэмжээгээр хэрхэн найруулахыг тодорхойлохдоо монгол хэлний найруулгын онцлог, уламжлалыг харгалзах учиртай. Харь үгийг их хэрэглэх нь эх хэлний найруулгын өвөрмөц онцлог, яруу сонсголон, ойлгомжтой энгийн шинжид харшилдаг болохыг ямагт санаж уугуул монгол үгээрээ оноох, нэрлэх, орчуулан хэрэглэх боломжтой үед эх сайхан монгол хэлнийхээ үг хэллэгээр ярьж бичиж байхыг эрхэмлэвэл зохино. Жишээлбэл: аудит - санхүүгийн хяналт, хөндлөнгийн хяналт шалгалт, аудитор - хянан шалгагч, дистрибьютер - гэрээт борлуулагч, инфляц - ханш уналт, лидер - манлайлагч, ломбард - барьцаат зээл, маркет - зах зээл, маркетинг - зах зээл судлал, риск - эрсдэл, сервис - үйлчилгээ, сенсаци - шуугиан, дуулиан, спонсор - ивээн тэтгэгч, тендер - сонгон шалгаруулалт, фен - хөгжөөн дэмжигч, фанат - бишрэн шүтэгч, хэт бишрэгч, фракц - бүлэглэл, софт теннис - газрын теннис, бадмингтон - агаарын теннис, өдөн бөмбөг, и-мэйл - цахим шуудан, комикс - цуврал зураг, лого - таних тэмдэг, массаж - иллэг, массажист - илээч, меню - цэс, модерн - орчин үеийн, оффис - албан тасалгаа, ресейпшин - хүлээн авагч, угтагч, фасад - нүүрэн тал, футзал - заалны хөл бөмбөг, эмоци - сэтгэл хөдлөл, сэтгэлийн хөдөлгөөн, эксперт - хянан магадлагч, экспертиз - хянан магадлагаа, комэнт (comment) - сэтгэгдэл, комплекс - иж бүрдэл, цогц, багц, миксер - холигч, пакет - уут, баглаа боодол, савлагаа, синдром - улирлын өвчин, твитер - жиргээ, твитерчин - жиргээч, экспрес - шуурхай гэх мэтээр хэрэглэж болно.

   Ярианы найруулгад лоббидох, рекэтлэх, бойкотлох, дискодох, индексчлэл, казинодох, ламинатордох, принтерлэх, спонсорлох, траншейныхан, факсдах, шоудах зэргээр харь үгэнд монгол хэлний үг бүтээх дагавар залгаж хэрэглэх нь түгээмэл ажиглагдаж байна. Зарим талаар үгийн санд шинэ үг үүсэж байгаа боловч тэр бүр харь үгийг үйлшүүлэн хэрэглэх нь хэлний дархлаа, дотоод зүй тогтолд сөргөөр нөлөөлдөг тул ингэж үүссэн үгийг өдөр тутамдаа аль болохоор хэрэглэхгүй байхыг хичээх нь зүйтэй. Угтаа лоббидох - дэмжүүлэх, дэмжлэг авах, рекэтлэх - дарамтлах, бойкотлох - шахаж дарамтлах, принтерлэх - хэвлэх, спонсорлох - ивээн тэтгэх, ламинатордох – бүрэх гэх мэтээр монгол үгээр солин найруулах боломжтой юм. 

Монголоороо хэлж бичье

Шинжлэх ухаан, техникийн хөгжил, байгаль нийгмийн аливаа хувьсал өөрчлөгдлийг дагалдан шинэ шинэ ухагдахуун, тэдгээрийг тэмдэглэх үг хэллэг, нэр томьёо бий болж байдаг нь соёл иргэншлийн жам билээ. Бид эх хэлнийхээ нөөц чадамжийг бололцооны хэрээр уудлан тэдгээр үг хэллэг, нэр томьёонд дүйх монгол үг олж хэвшүүлэхийг хичээлтэй. Энэ нь тун хариуцлагатай, амаргүй хэрэг боловч, сэтгэл гарган хичээгээд байвал харь үг цөөрөх нь дамжиггүй.

Гэтэл өнөө цагт тийнхүү эх хэлнийхээ үгийг хэвшүүлэхийг хичээх байтугай, нэгэнтээ тогтсон хэн бүхэн сайн мэдэх монгол үгээ байсаар атал харь үгийг хэрэглэсээр буй нь харамсалтай. Хамгийн олон тохиолддог ийм үгсээс тоочвол: гадил /банана/, жигнэмэг /печенье/, чанамал /варенье/, нөөш /консерв/, жимүүс /сок/, гахиур /цемент/, улаан лооль /томат, помидор/, амтат жүрж /мандарин/, бэрсүүт жүрж /апельсин/, хэм /градус/, бадай /комбинезон/, туншил /ампул/, цац /пирамид/, хэвлүүр /принтер/, явц /процесс/, чадамж /потенциал/, халаагуур /пар/, шүүгээ /шкаф/, нимбэг /лимон/, уралдаант шалгалт, элсэлтийн шалгалт /конкурс/, товхимол /брошюр/, цомог /альбом/, төхөөн /чердак/, зуслан /зуны лагерь/, анкет /байцаалга/, төмөрлөг /металл/, тавирь /гараж/, бүртгэл /регистр/, бие хамгаалагч, амь сахигч /бодигаад/, агаарын компани /авиа компани/, тогтолцоо /система/, загвар /мода/, дугаар /номер/, нэгдсэн эмнэлэг /клиник/, үнэмлэх /пропуск/, сонсголуур /сонсголын аппарат/, хөхөвч /лифчик/, иллэг /массаж/, сорилго /тест/, цочрол /шок/, төмөр шүүгээ /сейф/, мөрдөс /погоон/, өргүүр шат /лифт/, чансаа /рейтинг/, осол /аваар/, цахилгаан зуух /плитка/, дуулга /каска/, нарны халх /зонтик/, тэтгэвэр /пенсия/, гоо засал /косметика/, хөгжим /мюзик/, догол мөр /абзац/, зулбуулах /аборт/, аварга загас /акула/, эмийн сан /аптека/, ачаа, тээш /багаж/, ян /бактери/, нян, хоруус /вирус/, гулдан /балка/, тагт /балкон/, дайллага /банкет/, өрмөнцөр /вафли/…

Эдгээр үгсийг нэг хоёрхон өдрийн хэвлэл нийтлэл, зар сурталчилгааны зүйлээс түүж бичлээ. Энэ мэтээр харь үгэнд шахагдсаар буй монгол үгийн жагсаалтыг үргэлжлүүлбэл, цөөнгүй хуудастай толь бичгийн дайтай болох биз ээ. Өнөө цагт сэтгүүлчид, их дээд сургуулийн багш нар, хөдөөгийн малчин өвгөн, лам хуврагаас аваад хаа сайгүй л “өшөө” /орос хэлний еще гэдэг үг/ гэж хэлж байна. Өөр, ондоо, өмнөө, бас, дахиад гэх мэтээр бэлхэн монгол үгсээс аль тохирохыг нь хэрэглэчихэд юу нь болохгүй байх билээ.

Хүн хэлэхээс нааш санахгүй

Цаас чичихээс нааш цоорохгүй гэдэг.

Хүн бүхнээ мэдээжийн ийм үгсийг нуршин бичсэний учир нь эх хэлээ хиргүй цэвэр байлгах талаар бидэнд сэтгэл дутаад байна, энэ хэнэггүй байдлын хор уршиг нь их юм шүү гэдгийг сануулах гэсэн хэрэг билээ. Нийтээр үзэж сонсмогц даруй таньж мэдэх болсон монгол үгийнхээ орон зайг харь үгээр дүүргээд байвал хойч үе маань тэр гэж хэлэхийн тэмдэггүй хутгалдсан хэлтэн болж, улмаар эх хэлээ мөхөөхөд хүрүүзэй. Ядахдаа мэддэг үгсээ монголоор нь хэлж бичье! Хүүхэд дүү нараа ч сургая! (М.Баярсайхан)

    Хуучирсан үгийн найруулгын онцлог

    Орчин цагийн ярианы хэлэнд хэрэглэхээ болиод тухайн ард түмэн нь бараг ойлгохгүй болсон үг хэллэгийг хуучирсан үг гэдэг. Нэгэн цагт хуучирсан үг эргээд идэвхтэй үгийн санд орж хэрэглээ нь өргөжих тохиолдол элбэг байдаг. Өөрөөр хэлбэл хуучирсан үг хэллэгийг огт хэрэглэхгүй гэсэн үг биш билээ. Харин ч хуучирсан үг хэллэгийг дахин сэргээн хэрэглэснээр зарим хуучин үг хэллэгүүд өнөө үед утга шинэчлэгдэн үгийн санг улам баяжуулж байдаг билээ. Жишээ нь: түнш, зиндаа, хатагтай, дамжаа, барьцаа, цагаачлах, хандив, баалах, дэнчин, бооцоо, хүлцэл өчих, хахууль, гувчуур, цааргалах, тооцоо, түрээс, төрийн соёрхол, хуралдай, айлдвар гэх мэт олон үгийг өдөр тутмын ном хэвлэл, сонин сэтгүүлээс харж болно. Түгжрэл гэсэн үгийг өмнө нь анагаах ухааны нэр томьёонд л хэрэглэж байлаа. Харин сүүлийн үед автомашин олширсноос замын хөдөлгөөн саатахыг түгжрэл гэх болжээ.

   Хуучин үгийн бүрэлдэхүүнд байгаа үгийг хэрэглээ, утгаар нь бүрмөсөн мартагдсан (жалар - муур, хар түнэ - хар шугуй, бодох мөхлөг - сампин, тойн, хар гэр - шорон г.м.), мартагдаж байгаа (бүх цэргийн жанжин, хэрэг нийлэх, данс хараа, зайсан, бойдоо, хиа, амбан г.м.), мартаагүй боловч хэрэглэгдэхгүй байгаа үгс (занги, мод газар, аягач, шивэгчин, хөхөө сар, баринтаг, барьц г.м.) гэж тухайн үгийн идэвхтэй үгийн хүрээнээс гарсан цаг хугацаатай холбоотой хэмээн үздэг байна.

   Хуучирсан үгийн үүрэг, хэрэглээний талаас нь профессор Д.Отгонсүрэн хуучин үг хэллэг, түүхэн үг хэллэг гэж хоёр хуваагаад “хуучин үг хэллэг, түүхэн үг хэллэгийн аль аль нь хэл найруулгад ховор орох учир хүн бүхэнд ойлгомжтой байдаггүй учраас найруулгад аль болохоор бага хэрэглэж, ойлгомжгүй үг олшрохоос зайлсхийхийг чухалчилдаг” гээд хуучин үг хэллэгийн хэрэглээний хэд хэдэн үүргийг дурдсан байдаг. Энэ нь:

   “1. Өнгөрсөн үеийн түүхт үнэн байдал, үйл явдал, хүний дүр төрхийг бодитойгоор дүрслэн үзүүлэхийн тулд уран зохиолд хэрэглэнэ. Тухайлбал их эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч Б.Ринчений түүхэн зохиолуудад хуучин үг хамгийн олон тааралддаг. “Үүрийн туяа” романд Сор залахаар одох лам нарын тэргүүнд Зонховын малгайтай хүрэн жолоотой хүрээ хамба, морь унан явж, өмнө нь “Их хурлын буяны засаг” цогчин гэсгүй утаа баагьсан багц хүж барьж зам удирдав”

   2. Аль нэг зохиолын (түүхэн зохиолын ч юм уу, орчин цагийн зохиолын) юм үзсэн, ахмад хүн/баатрын дүрийг тодруулж хэл ярианы онцлогийг гаргах зорилгоор хэрэглэж болно.Жишээ нь:“-Би ч бас бурхан шашинтай гэлэн хүн дээ. Тийм дээрээс ч манай зонхов богдын шашинд амьтны тусын тулд тогтоосон... зэтгэрийг үүрэн гарсан буяны хүчээр тэр хүн...гэлэн санваартай... бурхны хутгийг олж болох завшаан бий гэж инээмсэглэж хэлээд...”

    3. Нийгмийн тусгай бүлэг хүмүүсийн хэл ярианы онцлогийг гаргахад түүхэн үг хэллэг, хуучин үг хэллэгийг хэрэглэж болно.

   4. Түүхэн үг хэллэгийг шог хошин зохиолд (шог хошин аясаар найруулахад) хэрэглэнэ. Зохиолын баатрын хэл ярианы шогч байдлыг гаргах зорилгоор болон зохиолчоос хошигносон аясаар зохиолдоо оруулсан ч байж болдог. Шог зохиолч Ц.Доржготовын “Ийм явдал давтагдах ёсгүй” өгүүллэгт:Тамд тарчилж байх хугацаандаа бас эв найрамдал, интернационалч, ах дүүсэг ёсны жинхэнэ үнэ цэнийг ч мэдэж авсан”

   5. Зарим хуучирсан үгийн утгыг шинэчлэн, орчин цагийн монгол хэлэнд сэргээн хэрэглэсэн байж болдог. Орчин цагийн монгол хэлэнд, тухайлбал сонин сэтгүүлийн болон улс төрийн найруулгад элчин харилцаа дипломат ёсны холбогдолтой зүйлийн хэл найруулгад нийгмийн зүтгэлтэн, төрийн тэргүүн нарыг хүндэтгэх үүднээс “бараа бологсод, зарлиг, бараалхах, ноён, хатагтай” зэргээр хэрэглэж байна. Зарим хуучин үгийг нэр томьёо боловсруулахад хэрэглэдэг болжээ. Жишээ нь: хууль зүйн нэр томьёонд гувчуур, цааргалах, эдийн засагт дэнчин, тооцоо, түрээс, улс төрд төрийн соёрхол, түнш хуралдай, айлдвар гэх мэтээр хэрэглэж байгаагаас хуучин үгийн утга өргөжин сэргэсэн явдал түгээмэл байна.

Сүүлийн жилүүдэд үзэл сурталтай холбоотойгоор хуучирч гээгдсэн шашны олон зуун үг хэллэг дахин сэргэж байна. Мөн язгууртан баяд ноёдын хэргэм зэрэг, цол бусад хуучирсан үг, нэртомьёо ч өргөн хэрэглэгдэх болов. Жишээ нь: шогол, маань, уншлага, жовдон, бэрээ, орхимж, санваар гэх мэт. Сэргээн хэрэглэгдсэн зарим хуучин үг хэллэгийг төр, төрийн захиргааны нэр томьёонд албан тушаал эрх үүргээр нь ялган зааглаж хуульчлан тогтоожээ. Тухайлбал: төрийн албаны хуульд төрийн захиргааны албан хаагчийн эрх зүйн байдал, улс төрийн болон төрийн захиргаа, тусгай үйлчилгээний албан тушаалд ашиглаж байгаа төрийн албан хаагчдын зрхзүйн байдал, нийтлэг үүрэг эрхийг тогтоосон байдаг. Үүнд: захиргааны албан тушаал-тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлгэж хуучин үгийг сэргээн хэрэглэсэн сайхан жишээ байна.

 “Огоот” хэмээх үгийг хэрэглэж заншихад...

Эх хэлний үгийн сан, ялангуяа бичгийн хэлээ цэвэр байлгах, бас баяжуулах хоёр эрхэм үүрэг монгол хүн бүрд байх ёстой. Харь хэлний элдэв үгийг яаран сандран авахын оронд олон зууны бичгийн шастирт байх үгийн уурхайгаа нээж, ганц нэгээр ч болов сэргээн хэрэглэх нь тал талын нь хэрэг тустай байна.

Энэ удаа огоот хэмээх үгийн тухай өгүүлье. Уул нь монгол хэлний толь бичгүүдэд байж л байдаг. Одоогийн бүр, бүрмөсөн, нэгмөсөн, бүрэн, ерөөсөө гэх мэт үгийн оронд хэл найруулга, утгын уялдааг нь тааруулаад бичиж, хэрэглэж баймаар үг. Энэ үг аль XIII зуунаас саяхан хүртэл тогтвортой хэрэглэгдэж байсан унаган монгол үг бөгөөд эрт, эдүгээгийн бичиг шастирт баримт жишээ элбэг тохиолддог.

“Монголын Нууц Товчоон”-ы 279-р зүйлд гарах Өгэдэй хааны зарлигт: “...Бас бид элчин уулгахад (довтолгож илгээхэд) улс бидүүлэн (хэсүүлэн) уулгамуй. Уулган элчийн бээр явдал удаан буй. Эдүгээ бид огоот оршуулан (бүрмөсөн бүрэн байгуулан) мянгат мянгатаас замчин (өртөөчин) улаачин гаргаж, суурин зам (өртөө) тавьж...” гэх мэтээр бичсэн буй. Мөн “Монголын Нууц Товчоон”-д огоо хэмээсэн хэлбэрээр ч буй. Уг үгийн язгуур нь эрс, тас, бүр хэмээсэн утгатай. “ог+т”-той холбогдоно. Огоо хэмээх дээр орон цагийн нэр үүсгэх -т(-д) дагавар залгаж бүтсэн хэлбэр нь огоот болно. Адилтгаваас, “ямаг+т”, “хэзээ+д”, “маш+д”, “үүр+д”, “нас+д” гэх мэт буй. Огоот хэмээх үгийн утгыг тодлохын үүднээс цөөн жишээ татъя.

XIII, XIV зууны үеэс монгол бичгээр өнөө бидэнд уламжлан үлдсэн цөөн хэдэн дурсгалын дотор “Ил хаадын бичгүүд” хэмээн алдаршсан таван албан бичиг их алдартай. Тэдгээрийн нэг нь Ил хаан Хасанаас 1302 онд Ромын Пап лам VIII Бонифасад илгээсэн албан бичиг бөгөөд өдгөө Ватиканы архивд хадгалагдаж буй. Уг албан бичигт:

“...Гасан үг ману

Пап урьд бээр (ч) Бисхарунаар чиний илгээсэн дуртгал (санал) сайн үгс бичиг бидэнд хүрэв. Хариуг нь бээр(ч) Хөхэдэй хүргэн, Бисхарун, Түмэн гурваар зарлиг илгээлээ. Эдүгээ бээр(ч) бөгөөс мөнхүү ёсоор туурвиж амуй. (Одоо ч гэсэн урьд хэлэлцсэн ёсоор шийдэж буй) Та (та нар) бээр(ч) цэргүүдээ засаж, иргэн иргэний (улс, улсын) Султадад (хаадад) илгээж болзол үл хождож, тэнгэрийг залбирч их үйлийг огоот нэг зүг болгоё хэмээж эд (эдгээр) Сададин, Шинадин, Самсадинийг илгээвэй...” гэх мэтээр бичсэн байдаг. Энд өгүүлсэн ... их үйлийг огоот нэг зүг болгоё... хэмээсэн нь Христосын шашинтан улсуудтай хүч хавсарч Египетийг байлдан дагуулах гэсэн урьдын хэлэлцээрийг даруй бүрэн шийдэж төгсгөе хэмээсэн үг болно.

XVIII зууны алдартай түүхэн сурвалж Саган Сэцэний “Эрдэнийн товч”-д “...Тэр Мандуулун хааны...Их Хамарт жүнхэнээс (гол хатнаас) огоот үр үгүй...” хэмээсэн нь тэр хатнаас ерөөс үр хүүхэд гараагүй хэмээхийг өгүүлжээ. Мөн сурвалжид “...Чадагчийн (Бурхан багшийн) шашны тугийг огоот байгуулан, ялангуяа Зонхава Сумадигиртигийн (Лувсандагвын) шашнаар хотол зүгүүдийг өдөр болгогч (нарны ёгт нэр) мэт гийгүүлэв...” хэмээжээ. Энд ... шашны тугийг огоот байгуулан... хэмээснийг шашин номыг бүрэн төгс байгуулан хэмээн өдгөөчилж болно.

Энэ мэт жишээ олон байх бөгөөд “Хорин наймт” тайлбар толийг нээж үзье. Түүнд, “огоо – маш хэмээх үгэнд адил, огоо сайн, огоо муу хэмээх зэргээр хэрэглэмүй. Огоот, огоот хэмээх цөм нэгэн адил утга, газар газрын заншлаар хэлмүй. Огоот – огоот төгссөн хэмээх буюу огоот бүрдсэн хэмээх мэт болой” хэмээн тайлбарлажээ. Энэхүү тайлбарыг өмнөх эш жишээтэй харгуулан үзэх буй за.

Төгсгөлд, “Нэгэн үсгийн эрдэм хэмээх сургаал”-аас эшилье. “...Хоёр хүлээхийг тэвч хэмээсэн үг нь, эд юмс элбэг болохыг хүлээж өглөг буян үйлдмүй хэмээвээс, өглөг өгөх цаг огоот үгүй болой. Энэ бие чөлөөтэй болохыг хүлээж эрдэм чадал суръя хэмээвээс, эрдэм чадал сурах цаг огоот үгүй болой...” (М.Баярсайхан)

 

Тэргүүр

   Үндэсний соёлын монгол үг хэмээх их сангаас өдөр бүр өөрт хэрэгтэй нэгийг ч атугай олж авах сан гэсэн халуун сэтгэлтэнд тус нэмэр болуужин гэж санахын хамт, цаад нэрлэсэн юм нь байсаар атал, нийтээр төдий л хэрэглэхээ байгаад мартах шахаж буй, эдүгээ зөв сэргээн хэрэглэвэл зохих үгийн нэг нь хэмээн энэ удаа “тэргүүр” гэдэг үгийн тухай дурдъя.

   Монгол хэлнээ аливаа ирэх одох үйлийг хөтлөх зурвас газрыг нэрийдсэн “зам, жим, зөрөг, царга, мөр, харгуй” гэх мэт цөөнгүй үг буй. Гэвч, бид хэргийг нь гаргаж, тэр бүрийг ялган нэрлэхгүй, ихэвчлэн “зам” гэсэн ерөнхий үгийг хэлж бичсээр хүүхэд дүү нар маань заримынх нь учрыг мэдэх мэдэхгүйн хооронд болжээ. Амьтны явдаг нарийн цуваа замыг жим, балархай нарийн замыг зөрөг, цасанд гарсан жим ба мөрийг царга, цагаан өргөн дардан замыг харгуй гэнэ. Мөн “мөр” хэмээх үгийг “зам” гэсэн утгаар шилжүүлэн хэрэглэх нь бий.

   Тэгвэл харгуйгаас иххэн өргөн замыг тэргүүр (монгол бичгээр тэргэгүр) гэдэг. Дагуур зэрэг зарим монгол хэлтэн тэргүүл гэж дуудна. Тэргүүр хэмээх үг “Монголын Нууц Товчоон”-д хоёр удаа тохиолдож буйгаас үзвэл, энэ үгийг монголчууд наад зах нь 12-13 дугаар зууны үеэс хэрэглэж иржээ. Тухайлбал, тус сурвалжийн 124 дүгээр зүйлд Чингис хааны гэр тэргийг тэгшлэн засах хэргийг хамаарсан Бэсүдийн Хүчүгүр бээр

“Цуургат тэрэгний

Цүү инү бүү цүүдүүлсү

Тэнхлэгт тэргийг

Тэргүүр дээр бүү тээглүүлсү” хэмээн өгүүлсэн байдаг.

   Тэргүүр хэмээх үг “тэрэг” гэдэг үгээс үүсэлтэй. Тэрэг хөлж хөсөглөхийг тэргэрэх гэнэ. Анх шар үхэр хөлсөн /хөллөсөн гэх нь буруу/ их гэр тэрэг зэргийн зорчих замыг “тэргүүр” гэдэг байв. Улмаар тэрэг явах зам гэсэн утга нь бүдгэрч, ер иххэн дардан замыг хэлэх болжээ. “Хорин наймтын тайлбар толь”-д “зээл гудамжийг нэвтрэх их зам”, Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “олны зорчих их зам” гэх мэтээр монгол хэлний тайлбар толь бичгүүдэд тэрхүү хожмын утгаар нь тайлсан байна. Өнөө бид оросоор “магистраль”, англиар “highway” хэмээхийг “гол зам” хэмээн монголчилж байна. Үүний оронд утга нь яв цав дүйх “тэргүүр” гэдэг үгээ хэрэглэх юм биш үү. “Авто магистраль”-ийг автын гол зам юм уу, авто төв зам гэснээс авто тэргүүр гэвэл илүү нийцэж байна.

   Түүнчлэн сонгодог монгол бичгийн хэлнээ хүндэтгэлийн өнгө аяс оруулан их үйл хэргийн зам мөрийг “тэргүүр”, номын мөрд хөтлөн чиглүүлэгчийг “тэргүүртэн” хэмээн бичиж байв. Жишээлбэл, хуучны судрын хуудаснаа хутагт хувилгаан хүн Бурханы шашныг нэгэн үзүүрт сэтгэлээр дэлгэрүүлэн олны мунхгийн харанхуйг боловсруулж, зовлонгоос гэтлэх зам мөрийг нь зааж өгөхийг “төгс буяны тэргүүрт тэгшээр хүргэх” хэмээн товч оновчтой найруулан бичжээ. Мөн “Мэргэд гарахын орон” нэрт толь бичигт нэгэн аймаг дотоод тогтсон таалалтан /үзэлтэн/-ыг “сайн тэргүүртэн” хэмээн монголчилсон байдаг. Ийнхүү хүндэтгэлийн утгаар адилтгасан нь ч гэсэн мөнхүү хэзээд үл хоцрогдох тун зохистой хэрэглээ гэдгийг хэлэх юун. (М.Баярсайхан)

 

Тутарга үзээгүй хүн олон гэж үү?

   Ярианы хэлэнд тухайн харилцагч этгээд л ойлгож байвал сонсогч ба хэлэгчийн нас хүйс, мэдлэг соёл, харилцаж буй агшин, нөхцөл байдлаас хамаараад цэгцтэй ба цэгцгүй олон янзаар санаагаа илэрхийлэх явдал бишгүй гардаг. Ийнхүү бодож боловсруулалгүй хэлэлцэхийг хар ярианы хэл гэдэг. Гэхдээ л хэл яриа аль болох зөв цэгцтэй, үгийн баялагтай бөгөөд оновчтой, нуршуу бус байх шаардлагатай.

   Манайхны олонх нь үгийн баялаг муу, зарим эд өлөг, юм үзэгдлийг заасан монгол үгийг мэдэхгүйдээ тайлбар маягаар санаагаа илэрхийлэх нь улам бүр газар авсаар байна. Ярианы хэлэн дэх тийм тайлбар холбоо үгийг улмаар үгийн сангийн нэгж болгон бичгийн хэлэнд нэвтрүүлснээс чухам монгол үг нь хэрэглээнээс гарч мартагдах боллоо. Зарим нэгэн жишээг дурдъя. Бичиг номоос хөндий, гэрийн ажилтай авгайчуулаас аваад нэг хэсэг нь цаад үгийг нь мэдэхгүйдээ хэдэн зүйл будааг гадна өнгө дүрсээр нь ялган цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа хэмээн өөрсдийнхөөрөө хэлж түүнийг нь хүүхэд, ач гуч нар нь мөн тийм л нэртэй юм байна гэж ухаарсаар хэдэн үе болж, барааны нэр шошгоос аваад юм юман дээр өнөөх тайлбарлаж хэлдгийг нь тавих болов. Оюутнуудаас асуухад тутарга гээч юмыг идэж үзээгүй, хараагүй гэж хариулах нь цөөнгүй байна. Хэрвээ сонин хэвлэлд тутарга /цагаан будаа/, хоног амуу /шар будаа/, сагаг /гурвалжин будаа/ гэсэн нэрээр нь тогтмол бичиж байсан бол олонхоороо ингэж үл мэдэгчин болохгүй байсан биз ээ. Ярианы хэлний үгсийг тэр бүр бичгийн хэлэнд нэвтрүүлээд байдаггүй. Нэг дэх өдөр, хоёр дахь өдөр, хагас сайн /өдөр/, бүтэн сайн /өдөр/ гэх мэтчилэн тайлбар маягаар хэлдгийг сонин хэвлэлд бичдэггүй шүү дээ.

   Эдүгээ чухам үгийг нь үл хэрэглэн тайлбараар голдуу санаагаа илэрхийлж буй жишээг дурдвал, сондор гэхийг хүзүүний зүүлт, барагшин - замын хар, батарга- гахайн хоол, сараана - төмсний улаан, дагалай - эрээн тахь, нар тэмээ - нэг бөхтэй тэмээ, гулд - зам дагуу чигээрээ, аадар - дуу цахилгаантай ширүүн бороо, борог мах - өөхгүй мах, буйдуур - хогийн шүүр, аньсага - нүдний зовхи, бэлэнги - аяны хуурай хүнс, зуд - цаг агаарын түр зуурын бэрхшээл гэх мэт олон үгийн жагсаалт гарах буй.

   Ялангуяа хүний эшийн нэр /хүр дүү гэхийг эхнэрийн эрэгтэй дүү г.м./, тооны нэр /түм - арван мянга г.м./, амьтны үр төл, эрэгчин эмэгчин, нас зүсээр ялгасан нэрс болон амьтны дуу чимээ гаргахыг заасан /зогой, хувилгана - могойн зулзага, шийхнах - могойн исгэрэх, атуу - эм загас, атуух - эр загас г.м./ үгсийг бараг хэрэглэхээ байж, тайлбар холбоо үгээр хэлэлцэх болжээ. Эдгээр үгсийн тухайд дараачийн дугаараар зүйл тус бүрчлэн өгүүлэх болно. (М.Баярсайхан)

 

Газар усны монгол нэрийг

      мартаж болохгүй

Монголчуудын амьдран сууж асан газар нутаг, эсвээс хөрш орнуудын зах залгаа болон алс харийн газар нутгийн монгол нэр цөөнгүй. Өвөг дээдсийнхээ нэрийдсээр ирснийг мартаж, гадаад хэлтний бичлэгийг дагасан газар усны нэрийн зүйл цөөн бус байгааг залруулахын санаа сэдэл болгон зарим жишээг дурдъя.

Хятадаар Хуанхэ, үгчлэн орчуулж Шар мөрөн гэж бичээд буй мөрнийг монголчууд эртнээс Хар мөрөн гэдэг байснаа хожим Хатан гол гэж нэрийдэх болсныг монголын түүхийн сурвалжуудад холбогдох домогтой нь тодорхой өгүүлсэн байдаг.

Хавт Хасарынхны харьяат нутаг, орчмоос нь Чингисийн чулууны бичиг олдсон, хожим 1689 онд Манж-Оросын хил хязгаарыг анх тогтоож, гэрээ байгуулсан Нерчинск хэмээх хотын нэрийг мөн гэрээний тэр цагийн монгол орчуулгад Нибчүү хэмээн бичсэн байдаг нь эдүгээ Түүхийн төв архивд хадгалагдаж байна.

Монголчууд Афганистаны Кабул хотын хойт талд залгаа бүхий тал хээрийг Араан хээр, Кабул голд цутгадаг горхинуудыг Эх горхи, Гүүн горхи, Афганистаны Херат хотыг Ирү, Аму-Дарьяа мөрнийг Амуй мөрөн, Кавказ дахь Осетийг Асуд, Черкесийг Сэркэс, Урал мөрнийг Жаяг, Башкирыг Бажигид гэж байсныг Монголын Нууц Товчоонд тэмдэглэжээ.

Енисей- Горлог, Лена мөрнийг- Зүлх, Амур- Хар мөрөн, Иртыш - Эрчис, Шилка голыг - Ингэдэй, Волга- Ижил, Тяньшань - Тэнгэр уул, Наушки - Уушиг толгой гэж монгол нэрээр нь бичье.

Хатан голд цутгадаг Удинхэ голын дээд урсгалыг Сухайн гол, Хятадын Нинся мужийн Иньцюань хотыг Яргай, Шаньси муж дахь Яньсуй хотыг Ендэгэ, мөн мужийн Юй-линь хотыг Тэмэгэтү хот, Фэншэнчжоу- Бор хот, Цзюй-Юнгуань - Цавчаал, Сюаньдэфу - Баянсүм хот гэдэг байсан зэрэг түүхэн сурвалжид гардаг монгол нэр цөөнгүй буюу.

Академич Б.Ринчен “…Эджипт, Эжипт гэж англи францын нэрлэдэг бөгөөд орос хэлнээ Египет гэж уншин дуудсан нэртэй агаад монгол хэлтнээ тэр газар орны нэрийг арабаас Мисир гэж мянгаад жил авч нэрлэсээр Ойрх Дорно дахины олон улс, Кавказын Гүрж, Азарбайжаны зэрэг улсын адил нэрлэж байсан ардынхаа хэлбичгийн болон утга соёлын уламжлалт нэрээр нэрлэвэл Мисир гэвэл зохих…” хэмээн дуртгасан байдаг. Эртнээс Дорно, Өрнө дахинтай соёлын харьцаатай монголчууд Цейлоныг Арслан тив, Кашмирыг Хачи, Бирма /Мьянмар/-ыг Мянь улс гэсэн байдаг.

Баргужин хэмээх /Монголын Нууц Товчоонд Баргужин төхөм нэрээр буй/ монгол нэрээ орос хэлтнийг даган Баргузин, Халимагийн нийслэлийг орос бичлэгээр нь Элиста /зүй нь Элстэй/ гэж бичих тохиолдол байна. Үүнчлэн Хос-Агч /Кош-Агач/, Эргүнэ /Аргунь/, Хиргис /Киргиз/, Галигадаа /Калькутта/, Бархөл /Баркуль/, Харкалпак /Каракалпак/, Харгомын цөл /Каракумын цөл/ зэрэг нэрийг монголоор нь буюу Гүрж /Грузия/, Эрхүү /Иркутск/ гэдгийн адил хэвшсэн монголжуу дуудлагаар нь бичвэл зохих юм. (М.Баярсайхан)

   Шинэ үгийн найруулгын онцлог

   Ярианы буюу бичгийн хэлэнд урьд өмнө байгаагүй шинээр бий болсон үг хэллэгийг шинэ үг гэдэг. Шинэ үг хэллэг үүсэн бий болох нь үгийн санг баяжуулж байдаг голлох хүчин зүйл билээ. Нийгмийн хөгжил өөрчлөлт ихтэй байхын хамтаар шинэ үг бий болох үйл явц нь дагаад эрчимтэй байдаг. Гэвч шинэ үг хэллэг нь үүссэн даруйдаа утга зохиолын хэлэнд хэвшин толь бичигт тэмдэглэгдэн түгээмэл хэрэгцээтэй үг болдоггүй онцлогтой. Бидний амьдралд урьд өмнө байгаагүй зарим нэг цоо шинэ юм үзэгдэл, ойлголт ухагдахууныг нэрлэхдээ тухайн хэлээр нь шууд нэрлэх (компьютер, таблет, фэйсбүүк), эсвэл орчуулан шинэ үгээр нэрлэн (hand phone - гар утас, twitter - жиргээ) шинэ үгийг хэрэглээнд нэвтрүүлдэг.

   Шинэ үг бий болох нь тухайн хэлээр хэлэлцэгч ард түмний нийгэм улс төр,эдийн засаг, соёл, шинжлэх ухааны хөгжилтэй шууд холбоотой байна.1921 онд ардын хувьсгал ялж хуучин феодлын нийгмийн байгууллыг халж, хувьсгалт шинэ нийгмийг байгуулсны дараа монгол хэлэнд “нам, эвлэл, үйлдвэрчин, зааварлагч, сургагч, тэнхим, сурагч, эв хэмт ёс, нийгэм журам, Бүгд Найрамдах Улс, улаан булан, ухуулга, суртал нэвтрүүлэг, хими, физик, машин, радио” гэх мэт нийгмийн шинэ байгуулал, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд гарсан шинэ зүйлүүдийг тусгасан маш олон шинэ үг гарч ирж байжээ. 1950-80-аад оны үед улстөр нийгмийн байгуулалтай холбоотой үг цөөрч, орчин үеийн шинжлэх ухаан, техникийн хөгжлийг тусгасан шинжлэх ухаан техникийн нэр томьёоны шинэ үг нэн олон болж байснаа, сүүлийн хориод жилд улс төр, нийгмийн хүрээнийн үг хэллэг, мэдээлэл холбооны чиглэлээр шинэ үг олноор бий болж байна.

   1950, 60-аад оны үед монгол хэлний үгийн санд орж ирсэн шинжлэх ухаан техникийн холбогдолтой олон шинэ үгээс хиймэл дагуул, сансрын нисэгч, хөрвийн арга, ээдэмцэр, хуванцар, ухагдахуун, олдвор, эдэлбэр, ферм, эрчлүүр г.м. үгс үгийн сангийн идэвхтэй үгийн нөөцөд түргэн орж хүмүүст амархан эзэмшигдсэн байхад авиалбар, авадс (онимок), авто ул, тосны тэвш гэх мэт нарийн мэргэжлийн холбогдолтой шинэ үгс үгийн сангийн идэвхтэй үгийн нөөцөд удаан шилжиж хэрэглэгчдийн хэл ярианд хэвшин заншихгүй удаж байсан жишээтэй. Энэ бүхэн шинэ үг, үгийн сангийн идэвхтэй үгийн нөөцөд орж ердийн хэрэгцээний үг болох буюу идэвхгүй үгийн нөөцөд шинэ үг хэвээрээ байх хугацаа харилцан адилгүй байдгийг харуулж байна. Шинэ үгийн шинэ байх хугацаа нь тэр үгийнхээ зааж нэрлэсэн зүйлийн хэрэгцээ, дэлгэрэлт зэргээс шалтгаалж харилцан адилгүй байна. Шинэ үг буй болсон даруйдаа тухайн хэлний идэвхгүй үгийн нөөцөд ороод яваандаа түгээмэл хэрэглээний үг болдог жамтай. Социализмын үед монгол хэлнээ буй болсон арга хэмжээ, эдийн засаг, зохион байгуулалт, албан тушаал, орон тоо гэх мэт өдий төдий шинэ үг одоо түгээмэл хэрэглээний үг болжээ. Ойрмогхон бий болсон “олон намын тогтолцоо, улс төрийн суулт, ажил хаялт, хувьчлал, түрээс, зээл тусламж, лидер, элит, терроризм, төрийн өмч, шоу, тендер, лизинг, бакалавр, магистр”  гэх мэт шинэ үгс ч түгээмэл хэрэглээний үг болжээ. Хэлэнд шинэ үг энэ мэтээр тасралтгүй бий болсоор байдаг байна. Үгийн санд шинээр орж ирсэн үг, тэр үгийг хэрэглэх хүмүүсийн хүрээнд ердийн үг шиг идэвхтэй хэвшсэн цагт шинэ үг байхаа болино. Жишээ нь: туйлшрал, ядуурал, сонгуулийн тойрог, зах зээл, тойрон хүрээлэгчид гэх мэтийг дурдаж болно. Харин шинжлэх ухаан техникийн нэр томьёоны шинэ үгийн нэлээд нь нийт олон түмэнд өргөн дэлгэр хэрэглэгддэггүй, зөвхөн мэргэжлийн хүмүүсийн хүрээнд явцуу хэрэглэгддэг учраас тийм үгсийг мэргэжлийн хүмүүсийн хэлний хэрэгцээний идэвхтэй үгийн нөөцөд орсон эсэхээр нь шинэ байгаа эсэхийг нь шийдвэрлэж болно. Жишээлбэл: хүнд бөөмс, ландшафт, боловсролын стандарт, шавь төвтэй сургалт, грант, альцгеймерийн өвчин, геополитик гэх мэт үгс анагаах ухаан, биологи, боловсрол, газарзүйн мэргэжлийн хүмүүсийн хэрэгцээнд идэвхтэй хэрэглэгдэж ерийн үг болсон байна. Эдүгээ үед шинэ байгаа галограм, биотерроризм, хүйсийн мэдрэмж, баганадах, мондиализмын үзэл, кристалл дэлгэц, бичил уурхай, фүтзал, бейсбол зэрэг үг хожим шинэ үг биш болж өөр өөр шинэ үг бий болох болно. Сүүлийн жилүүдэд монгол хэлний үгийн санд үг зүйн аргаар буюу дагавар залгаж үүсмэл шинэ үг бүтэх: “хувьчлал, хувьцаа, түгжрэл, түрээс, эрсдэл, намчирхах”,хоёр үг нийлсэн: “ажил хаялт, дуудлага худалдаа, өмч хувьчлал, фото шуудан, хоспис эмчилгээ”, мөн найрч холбогдсон шинэ нийлэмж үг: татварын бойкот, сонгуулийн давалгаа, ургийн сургалт, зэрэг аргаар шинэ үг үүсэж байгааг сонин сэтгүүлийн найруулгаас харж болно.

   Шинэ үг хэллэг тодорхой мэргэжлийн утга зохиолын хэлэнд үүсээд, тухайн мэргэжлийн хэл найруулгад хэрэглэгдэж явсаар аажмаар нийт утга зохиолын хэлэнд орж хэвшдэг онцлогтой. Сүүлийн үед үүссэн шинэ үг хэллэгийг ажиглахад ихэнх нь сонин сэтгүүлийн найруулгаар дамжин дэлгэрч байгаа тал ажиглагдаж байна.

   Нутгийн аялгууны үгийн найруулгын онцлог

   Нийтийн утга зохиолын хэлэнд түгээмэл хэрэглэдэггүй зөвхөн нэг бүс нутаг, тухайн бүс нутгийн аман аялгуу, салбар аман аялгуугаар хэлэлцэгчдийн хэл ярианд тохиолдох үгийг нутгийн аялгууны үг гэдэг. Жишээ нь: мэлхий гэхийг буриад аялгуунд баха, тэнэг гэхийг уймар, базаахгүй, муухан гэхийг тулиур, ухна гэхийг тэх, эцэг гэхийг баавай, харах гэхийг ойрд аялгуунд халиах, өглөө гэхийг өрүүн, маргааш гэхийг ойрд аялгуунд мангадар, үзэмчин аялгуунд магаатар, олон гэхийг дариганга аялгуунд бяцхан, том гэхийг агдан, хомоолыг дархад аялгуунд тэвээ, бугуйвчийг богоон, малтуурыг хошиг, тооныг дөрвөд аялгуунд хараач, хатавчийг багс, тэрлэгийг лавшиг гэх мэтээр нэрлэдэг.

   Нутгийн аялгууны үг нийтийн хэлний үгийн санг баяжуулдаг билээ. Нөгөө талаар нэг бүс нутгийн цөөн хүний эрхэлдэг аж ахуй, зан заншилтай холбоотой байдаг учир бусдад ойлгомжгүй, нийтийн хэлэнд оруулахад тохиромжгүй зүйл бас байх аж. Тиймээс нутгийн аялгууны үгийг албан бичигт хэрэглэдэггүй. Эл шинжээр нь нутгийн аялгууны үгийг хязгаарлагдмал хэрэглээний үгэнд хамааруулдаг.

   Орчин цагийн монгол хэлэнд (дөрвөд, ойрад, урианхай, захчин, өөлд, баяд, буриад, хамниган, дариганга зэрэг) нутгийн болон салбар аман аялгуу бий. Тэдгээр нь хоорондоо авиа зүй, үгийн сангийн талаар ялгаатай байдаг. Жишээлбэл: асхн (үдэш), гараац (тооно), госн (гутал), кичиг (гөлөг), өрүүн (өглөө), цод (алх), эдрэн (хэдрэг), эркн (босго) гэх мэт үгсийг захчин аялгуунд, агдан (том), анагхан (богинохон), богочоо (тасам), бутан (ваар сав), жааван (буулга) гэдэг үгсийг дариганга аялгуунд аймаагүй (маш олон), бамбуу (ур), дангинах (загнах), дуганцаг (дэгтий) гэдэг үгсийг сартуул аялгуунд тус тус хэрэглэдэг байна. Энэ мэтээр зөвхөн тухайн аялгууны хүрээнд л хэрэглэдэг үгс гэж бий. Нутгийн болон салбар аман аялгууны үгсийг үндэсний утга зохиолын хэлэнд хэрэглэдэггүй боловч уран зохиолд, баатрынхаа угсаа гарал, хэл аялгуу, зан байдлын онцлогийг тодруулахын тулд бас хэрэглэдэг тал байна. Утга зохиолын хэл, нутгийн аялгуу хоёрын хооронд холбоо огт байхгүй гэж үзэж болохгүй. Утга зохиолын хэлэнд, ялангуяа шинжлэх ухаан техникийн нэр томьёонд зайлшгүй хэрэгтэй зарим үгсийг нутгийн аялгууны үгээс авдаг.

   Монгол угсаатан нь хэдэн мянган жилийн турш Төв Азийн өргөн уудам нутагт нүүдлийн мал аж ахуйг эрхлэн аж төрсөөр ирсэн учир монгол хэлний үгийн сан мал аж ахуйн холбогдол бүхий нэр томьёогоор маш баялаг бөгөөд малын зүс, нас, хүйсийг ялгах, малын бие бүтцийг ялган нэрлэх үгсийн хувьд маш нарийн. Монгол орон асар уудам нутаг дэвсгэртэйн дээр ан, амьтан ургамал их өвөрмөц олон зүйл тул орон нутгийн амьтан ургамлын нэр томьёо их байдаг. Энэ бол олон нутгийн аялгууны үгсээр утга зохиолын хэл баяжих шавхагдашгүй хүчин зүйлийн нэг боловч сүүлийн жилүүдэд монгол хэлний үгийн сан, нутгийн аялгууны үгээр баяжихгүй байна гэж хэлж болно. Худумхэмээх ойрд нутгийн аялгууны үгийг “ ...худум монгол бичиг буюу нэн эртний язгуур монгол бичиг” гэсэн утгаар хэрэглэх болсноос гадна худам судар – удам угсаа гэсэн утгаар уран зохиолын хэлэнд хэрэглэх боломжтой. Ойрад аялгууны урианхайн аман аялгуунд нялх хүүхдийн өмсөх жижигхэн цэмбэ, нэхийгээр хийсэн гутлыг “сөөхий” гэх бөгөөд “Сөөхий” нэртэй гутлын дэлгүүр байгаа нь нутгийн аялгууны үгийг ашигласан жишээ юм.

   Нэр томьёо, мэргэжлийн үг хэллэгийн найруулгын онцлог

   Нэр томьёоны зүйл нь ажил мэргэжлийн хувьд хязгаарлагдмал хэрэглэгддэг бөгөөд үүгээрээ мэргэжлийн үг хэллэгтэй ойролцоо байдаг билээ. Нэр томьёо албан ёсны, нийтээр заавал дагах шинжтэй, ухагдахууныг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан байдаг бол мэргэжлийн үг хэллэг нэг мэргэжлийн хүмүүсийн ярианы хэлэнд тархсан, албан ёсны бус үг хэллэг байдаг билээ.

   Мэргэжлийн үг хэллэгийг найруулгад хэрэглэх үүрэг нь нутгийн аялгууны үг, этгээд үг хэллэгийнхтэй төстэй байдаг байна. Харин уран зохиолын найруулгад зохиолын баатрын ажил мэргэжил, хэл ярианы онцлогийг тодруулах зорилгоор хэрэглэдэг тал бий. Жишээ нь: “Гулуузан цагаан мөнгө, янз бүрийн тойг, ембүүнүүд, хөдсөн олбог дээгүүр хөглөрөнхөн, дэргэд нь алх, хайч, үлээгүүр, хасуур, хөөлтүүр, тэгшлүүр, дэн, лав харагдана. Аахлуур гэдэг авдар хөөрөг, үлээвэр гагнууртай. Алх дөшөө алхам ч салгахгүй”гэхэд дархан хүний мэргэжлийн үг хэллэг байгааг анзаарч болно. Тэгвэл: “Ингээд гэрлээ тавиад байвал удахгүй аккумляторын цэнэг дуусна. Бас моторын ус хөлдөнө” гэж бодсоор Барс машиндаа орж, хянах самбарынхаа гэрлийг асаалаа. Бага зэрэг бензин ч байна. Мотор жигд шуугьсаар...”гэсэн жишээнд жолоочийн мэргэжлийн үг хэллэг орсон байна.

   Шинжлэх ухаан, техник технологийн болон улс төр, нийгмийн салбарт тогтвортой нэг утгаар хэрэглэгдэх, ихэнхдээ тусгай тогтоосон үгийг нэр томьёо гэнэ. Жишээ нь: Хүчил, исэл, онол, атом, уураг, их хурал, давс гэхэд эдгээр үгс тухайн шинжлэх ухааны салбартаа нэр томьёо болно.

  Хэлний ерийн үг олон утгатай байхад ямар нэг будилаангүй тухайн орчноосоо танигддаг байхад нэр томьёо болсон үг олон утгатай байж болдоггүй онцлогтой.

  Ерийн үг нэр томьёо болж болно. Жишээ нь: суурь гэдэг үг байшингийн суурь, тогооны суурь, суурьтай байх гэх мэтээр олон утгаар хэрэглэгдэх энгийн үг байснаа химийн ухааны нэр томьёоны үүрэгтэй болсон тохиолдолд тогтвортой ганц утгыг илтгэж, нэг ухагдахууныг заана.

  Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд монгол хэлний үгийн сан нийгмийн хөгжлийн нөлөөгөөр мэдэгдэхүйц олон шинэ үгтэй болсон ба эдгээр үгсийн талаар ажиглалт хийхэд зөвхөн хэлзүйн ямар нэг арга хэрэглүүрээр шинэ үг үүсэж үгийн сан баяжихаас гадна өөрөөр хэлбэл хэлзүйн задлаг нийлэг хэлбэрээр үүсмэл болон нийлмэл  шинэ нэр томьёо бүтэхээс гадна дэлхий нийтээр даяаршиж буй энэ цаг үед харь хэлний үг тэр дундаас англи хэлний нэр томьёо олноор түрэн орж ирж байна.

Бидний өдөр тутмын харилцаанд өргөн хэрэглэгдэж буй зарим харь хэлнээс олж ирсэн нэр томьёог түүвэрлэн шинжлэх ухааны салбар бүрээр ангилан жагсаавал:

        1. Улс төрийн салбарт: авторитаризм, агент, агентлаг, аллерги, аудит, блиц, кайф, карьер, интеграци, имиж, институт, коррупци, либерал, мафи, прагматик, рекэт, риск, статус гэх мэт.
        2. Санхүү, эдийн засаг, зах зээлийн салбарт: авизо, аутсайдер, аукцион, бизнес, бирж, брэнд, бонд, лого, маркетинг, менежер, концерн, трейд, супермаркет, популист гэх мэт.
        3. Соёл урлаг, шинжлэх ухаан, боловсролын хүрээнд: альтернатив, анонс, дебют, дизайн, караоке, хип-хоп, фен, магистр, бакалавр, тендер, тест гэх мэт.
        4. Техник, технологи, олон улсын хэвлэл мэдээллийн салбарт: патент, лиценз, скайннер, принтер, диск, хард, маус, дижитал аппарат, мессеж, мессенжер, хакер гэх мэт.
        5. Биеийн тамир, спорт, эрүүл мэндийн салбарт: олимп, спорт, боулинг, бейсбол, гольф, тернажёр, сумо, башё, секс, сексологи, клонаци, альцгеймер гэх мэт байгаагаас нийгэм улс төрийн салбарт хамгийн олон нэр томьёо үүсэн бий болж байгааг харж болно.

   Нэр томьёог өөрийн хэлний, харийн хэлний гэж хуваан үзэж болно. язгуурын монгол үгээр оноосон монгол нэр томьёо өмнө ч олон байсан одоо ч байсаар байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд нэр томьёо оноон тогтоох төрийн тууштай бодлого алдагдсанаас харийн нэр томьёо хүч түрэн орж ирсээр байна. Харийн нэр томьёог хэт нутагшуулах нь эх хэлний дархлаанд сөрөг нөлөөтэй юм. Тиймээс аль болох өөрийн хэлний үгийн нөөцийг шавхаж нэр томьёог оноон нэрлэж, жигдлэн толилж байхыг эрхэмлэх ёстой болно.

   Аливаа нэр томьёо нь тогтвортой хэрэглэгдэж нийтийн хэрэгцээт үг хэллэг болж хэвших нь тухайн үгээр тэмдэглэгдсэн зүйл нь нийгэм, хүмүүст хэр зэрэг хэрэгцээтэй зүйл байхаас ихэвчлэн хамаарах бөгөөд мөн тухайн үг ухагдахуунаа хэр оновчтой илэрхийлж байгаагаас бас шалтгаалдаг байна. Тухайлбал:  эмзэг  бүлэг,  хандивлагч орон,  ивээн  тэтгэгч,  бизнес  орчин,  нийгмийн  халамж, сэтгэл зүйн хямрал гэх мэт идэвхтэй хэрэглэгддэг үндсэн ухагдахуунаа оновчтой илэрхийлсэн нэртомьёо хялбар хэвшиж байхад зайны сургалт, төлөөлөн удирдах зөвлөл, хэрэгжүүлэгчагентлаг, засгийн газрын бонд, магадлан итгэмжлэх, хөрөнгийн бирж, үнэт цаас, клонацийн арга, дахин хуваарилалт, өмчийн халдашгүй байдал гэх зэргийн хэрэглээ нь бага байдаг тул мэргэжлийн хүмүүсийн хэрэгцээнд идэвхтэй хэрэглэгдэж байна.

   Сонин нийтлэл, хэвлэл мэдээллийн хэл найруулгад түгээмэл хэрэглэгдэж буй нэр томьёоны бүрэлдэхүүнийг ажиглавал, тухайн нийлмэл нэр томьёоны аль нэг бүрэлдүүлбэр нь эсвэл хоёул урьд өмнө нь хэрэглэгдэж байсан үгийг зохион найруулж нийлмэл шинэ нэр томьёо бүтээх үзэгдэл түгээмэл болж байна. Жишээлбэл:нийгмийн ухамсар, нийгмийн бодлого, нийгмийн хамгаалал, хүний хэрэгцээ, эмзэг бүлэг, сэтгэлзүйн дарамт, нийгмийн халамж, сэтгэцийн эрүүл мэнд, улс төрийн орчин, олон нийтийн оролцоо, гэр бүлийн хүчирхийлэл, хувь хүний үйл ажиллагаа, хүний хэрэгцээ, хөрөнгийн бирж, хуулийн төсөл, сонгуулийн тойрог, иоджуулсан гурил, магадлан итгэмжлэх, гэрээт ажилтан, нөхөн сонгууль, хувьцаа эзэмших гэх мэт. Эдгээр үгийн олонх нь нийгэм улс төр, эдийн засгийн холбогдолтой нэртомьёо байгаагаас үзэхэд үг нийлэх аргаар шинэ нэр томьёо бүтэх арга голлож, нөгөө талаас нийлмэл нэр томьёо нь ухагдахуунаа илүү оновчтой илэрхийлж байна гэж үзэж болно. 

   Этгээд үгийн найруулгын онцлог

   Этгээд үг хэллэгийн найруулгын хэрэглээний зорилго нь хэл ярианд тогтсон нэг хэвийн өнгө маяг, хэлбэр журмыг өөрчилж хэл яриагаа хөнгөн хөгжүүн болгох, санаагаа бусдаас нуух, бүдүүлэг болон доромж аяс гаргах зэрэгтэй холбоотой хэлэнд бий болж, тухайн үүрэг нь үгүй болоход хэрэглээнээс гарч байдаг байна.

  Этгээд үг хэллэгийг гарал үүсэл, хэрэглээний хувьд хотжилтын үзэгдэл гэж хэлж болно. Өргөн уудам нутаг дээр тархан амьдрах нүүдлийн соёл иргэншилтэй монголчуудын хувьд этгээд үг хэллэг үүсэн хөгжих нөхцөл харьцангуй саяхнаас бүрэлджээ. Өөрөөр хэлбэл хот суурин олноор бий болж, зорилго мэргэжлээрээ нэгдсэн хүмүүсийн бүлэг үүссэн нь этгээд үг хэллэгийг идэвхтэй үүсгэх, хэрэглэх нөхцөлийг бий болгосон юм.

  Тухайн хэлээр ярилцагч хүмүүсийн ажил мэргэжлийн онцлог, нас хүйс, нийгмийн байдал, мэдлэг боловсролын түвшний ялгааг илтгэж байгаа нь этгээд үгийн хэрэглээний түвшин, онцлогийг харуулна. Этгээд хэллэг нь нийтэд түгэн тархсан байдлын хувьд харилцан адилгүй байдаг байна. Нэг хэсэг этгээд хэллэг нь олон нийтийн дунд идэвхтэй хэрэглэгдэж утга зохиолын хэлний үгийн санд хүртэл ордог бол зарим нь маш явцуу хүрээний дунд хэрэглэгддэг. Тухайлбал, гол гаргах - залилах, буу халах - дэмий чалчих, бонустай хүүхэн - дагуул хүүхэдтэй эмэгтэй гэх мэт үгс хүмүүсийн дунд маш идэвхтэй хэрэглэгддэг бол Цагаан уулын бэл рүү явах - амиа хорлох, дүүгээ дуудах - өрөөнд нь шинэ хоригдол ирэхийг хүсэх, кааш - шинэ ялтан, бөөр - шоронгийн газрын харуул гэх мэт үгс нь зөвхөн шоронгийнхны дунд хэрэглэгддэг тул маш явцуу хэрэглээтэй хэвээр ажээ.

  Оюутан сурагчдын этгээд үг хэллэг: авралын од, симфони – хонхны дуу, биеийн там – биеийн тамирын хичээл, пялах – хичээл таслах, цонх, цонхлох – хичээл орохгүй байх, шилрэх – хичээл таслах, гэрэлт зам – сургуулиас гэртээ харих, дайны талбар – хувцасны өлгүүр, амьдрал хайрлах – шалгалтад тэнцүүлэх, гавал – бүх хичээлдээ сайн, замын цагдаа болох – шалгалтын хариуг нэгэндээ хуруугаараа дохих, эх орноосоо харь газар одох – асуугдахаар самбарын өмнө гарах гэх мэт.

  Улс төрийнхний этгээд үг хэллэг: бялуу хуваах – албан тушаал, улсын баялгийг хуйвалдан хувааж завших, хор найруулах – хуйвалдах, хөзөр – бусдын төлөөний хүн, битүү морь – олны танил бус хүн, гарын хүн – хэн нэгний туслагч, халаасны хүн – ямар нэг ажилд хэн нэгний тусгайлан бэлдэж буй нууц хүн, хөзрөө дэлгэх – зорилго нууцаа ил болгох, хувийн тоглолт хийх – ганцаар өрсөлдөх, хувийн арга мэхийг хэрэглэх, цагаан захтан – улс төрийн албан тушаалтан, газардах – албан тушаал буурах гэх мэт.

  Архи, архи уухтай холбоотой этгээд үг хэллэг олон нийтийн дунд түгээмэл байдаг. Жишээ нь: хар ус – архи, хатан – дарс, хатуу юм – цагаан архи, гүрвэл болох – шартах, кадр тасрах – согтож унах, бөглөө мултлах, бүрээ үлээх, ном унших – архи уух, бөбөөчин, гөрөөчин, дринк мастер-архичин гэх мэт.

  Тэгэхдээ ийм этгээд үг хэллэг тухайн хэлний үг хүрэлцээгүйгээс болж үүсдэггүй, зөвхөн эх хэлээ ямар нэг хэмжээгээр гуйвуулсан этгээд маяг, нууцлах гаж сонирхол зэргээс үүсдэг  тул бүх нийтийн өргөн хэрэглээний үг болохгүй, олон нийтэд ойлгомжгүй байдаг. Тийм ч учраас хэл найруулгын яруу сайханд нийцдэггүй болохыг нь харгалзаж эрдэм шинжилгээний болон эрдэм шинжилгээний нийтлэг зохиол, сонин сэтгүүл, албан бичиг, улс төрийн найруулгад огт оруулдаггүй. Зарим тохиолдолд уран зохиолын найруулгад дүрийг тодруулах үүднээс мэр сэр орох нь бий. Голдуу ярианы хэлэнд хэрэглэгдэх бөгөөд хэлний боловсролд сөрөг нөлөөтэй тул этгээд үг хэллэгийг хэл яриандаа хязгаартай хэрэглэвэл зохино.

  Ойролцоо үгийн найруулгын онцлог

  Гол утгаараа ойролцоо үгсийг үгсийн сангийн ойролцоо үг гэдэг. Эдгээр үгс нь хам сэдэвт бие биеэ орлох боломжтой байдаг. Жишээлбэл: Чагнах - сонсох, үүд - хаалга, гэр - өргөө, харах - үзэх, айл - өрх гэх мэт. Үгийн сангийн ойролцоо утгат үгсийг хоршин хэрэглэх нь түгээмэл байна. Жишээ нь: угаах цэвэрлэх, цэрэг цуух, туслах дэмжих гэх мэт.

  Найруулга болон хэрэглээний үүднээс нэг утгыг өөр өөрөөр нэрлэсэн үгсийг найруулга зүйн ойролцоо үг гэдэг. Ойролцоо утгатай үг хэллэгийн найруулгын үүргийг онцлон анхаарч хамгийн тохиромжтойг нь олж сонгохыг чухалчилдгаараа найруулга зүйн гол асуудал гэж ч болох юм. Тухайлбал, хүүхдийн үсийг хүндэтгэлийн найруулгаар даахь, дээл хувцсыг нь баринтаг гэх бөгөөд аливаа хүндэт зочны ирэхийг айлчлах, явахыг мордох гэх мэтээр хэлдэг.

  Үгийн сангийн ойролцоо утгат үгсийг найруулгын төрөл, өнгө аясад тохируулан, хэрэглээний үүргээр нь ялгаж сонгон найруулахтай холбоотой найруулгын ойролцоо утгат үгс үүсдэг. Ялангуяа, монгол хэлний үйл үгэнд өгүүлбэрийн доторх үгсийг захирах чадвар зонхилон төвлөрч, хэлзүйн олон утгат харьцаа илэрч байдаг тул ойролцоо утгат үйл үгсийн найруулгад гүйцэтгэх үүрэг, ач холбогдол нь тэр хэмжээгээрээ илүү байдаг.

Юуны урьд ойролцоо утгат үгийг сонгож найруулахад:

    1. Албан бичгийн, сонин сэтгүүлийн, эрдэм шинжилгээний, уран зохиолын, ярианы гэх мэт утга зохиолын хэлний найруулгын төрөл,
    2. Эрхэмсэг буюу дээд, ерийн буюу дунд, доод буюу доромж гэх мэт найруулгын зэрэг,
    3. Шоглосон, энхрийлсэн, егөөдсөн гэх мэт найруулгын өнгө аясыг анзаарч найруулах нь чухал. Тухайлбал, ойролцоо утгат үйл үгийн хэрэглээний онцлогийг найруулгын гурван зэргээр ялгаж үзвэл:

Эрхэмсэг буюу ерийн       буюу найруулга          Доромж буюу

 дээд                                   дунд                             доод

зооглох                              идэх                             гудрах, цуслах

нойрсох                             унтах                          ногоорох, ширгэх

айлдах                               хэлэх                           чалчих, донгосох

морилох                            явах                             сажлах

мутарлах                          бичих                           сараачих

   Нөгөөтээгүүр, ойролцоо утгатай үгийн нэг нь нөгөөгөө солин найруулах нөхцөл боломжийг бүрдүүлж байдгийг ч анзаарахгүй байж болохгүй. Тодруулбал, зөвхөн тухайн тохиолдолд ойролцоо үгийн нэг нь нөгөөгөөсөө оновчтой байна гэсэн үг юм. Жишээ нь: “алс, хол” гэсэн хоёр үг ойролцоо утгатай. Алс газар=хол газар, алс нутаг= хол нутаг, алсаас ирэх=холоос ирэх, тэр алс=тэр хол гэх мэтээр нэгийг нөгөөгөөр солин найруулж болох ч зарим газар боломжгүй. Жишээлбэл: холын хамаатан, холын төрөл, хол ойр, холч морь, хол илүү, ураг төрлийн хол нь дээр гэх зэрэгт зөвхөн “хол” гэсэн үг орохоос “алс” гэсэн үгээр сольж болохгүй. Гэтэл алс дорнод ,алсаа бодох, алс ньгэх зэргээр орсон алсыг холоор сольж болохгүй.

   Ер нь аливаа хэлний үгийн санд яг адилхан утга, үүрэгтэй хоёр буюу хэд хэдэн үг байдаггүй ба тийм ч шаардлагагүй, хэрвээ гарч ирвэл нэг бол аяндаа аль нэг нь шахна, эсвэл утга болон найруулгын хувьд жаахан ялгаатай болоод зэрэгцэн явдаг байна.

   Ойролцоо утгат үг зөвхөн хос хосоор байх төдийгүй хэд хэдэн үг хоорондоо утга ойролцоо байх тохиолдол элбэг бий. Жишээлбэл: бодох - санах - сэтгэх, буруу - ташаа - алдаатай - гажуу, бүгд - хамаг - хотол - бүх - хуу - булт - цугаар - нийт - даяар, хэтрэх - даврах - гаарах - дэндэх, зовох - зүдрэх - шаналах - энэлэх - тарчлах, аятай -таатай - тохиромжтой - эвтэй - зохимжтой - нийцтэй гэх мэт байна.

   Ойролцоо утгат үгс нь дан үгээр илрэхээс гадна холбоо үгээр, хоршоо үгээр, хэлц хэллэгээр хүртэл илэрнэ. Жишээ нь: баярлах - хөөрөх, баясан догдлох, магнай нь тэнийх, хөл нь газар хүрэхгүй байх гэх мэт.

   Энэ мэтээр монгол хэл бол ямар нэгэн утга санааг илэрхийлэх ойролцоо утгат үг хэллэгээр тун ч баян бөгөөд хэрэглэгчийн найруулгын ур чадварыг сориход чухал үүрэгтэй юм. Ойролцоо утгат үгсээс аль оновчтойг зөв сонгон найруулснаар үгийн утгын нарийн ялгамжааг илэрхийлж, нэг үгийг ойр ойрхон давтахаас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд найруулгыг уран яруу, утга төгөлдөр болгох чухал хэрэглүүр болдог ажээ. 

Үл, эс хэмээх үгсийн ялгаа

Монгол хэлэнд үгүйсгэсэн утга бүхий үл, эс гэсэн хоёр сул үг байдаг. Эдгээр сул үг нь цагаар төгсгөх нөхцөл, зарим холбох нөхцөлтэй үйл үгийн өмнө орно. Монгол бичгийн хэлний бүхий л үеийн дурсгал, ардын аман зохиол зэргээс үзэхэд “үл” хэмээх сул үгийг одоо ба ирээдүй цагийн утгат нөхцөлтэй үгийн өмнө, “эс” хэмээх сул үгийг өнгөрсөн цагт буй үйл үгийн өмнө тус тус заагтай хэрэглэсээр иржээ. 

Сүүлийн үед тэрхүү утга үүргийн ялгааг нь мэдэхгүйгээс хольж хутган хэрэглэх нь улам нэмэгдэх төлөвтэй боллоо. Тухайлбал, “эс тусах үйл үг, үйл үгийн эс тухайлах хэлбэр” гэх мэтийн буруу нэр томьёоноос аваад нэр томьёо бус олон жишээг дурдаж болох юм. Иймд, эдгээр сул үгсийг чухам ямар ямар нөхцөлтэй үгийн өмнө хэрэглэж болдгийг сонгодог монгол бичгийн хэлний баримтуудаас нягтлан бүртгэсний дагуу “үзэх” гэдэг үгээр жишээлэн үзүүлье. Үүнд, үл үзэх, үл үзэхүй, үл үзэхүүн, үл үзэн, үл үзмүй, үл үзнэ, үл үзмүү, үл үзюү, үл үзэм, үл үзэгчин, эс үзлээ (асуух хэлбэр нь эс үзэл үү?), эс үзэв, эс үзвэй, эс үзсэн, эс үзвээс, эс үзэж, эс үзсээр, эс үзжээ (асуух хэлбэр нь эс үзэж үү?), эс үзээд, эс үзвээс, эс үзвэл, эс үзэхүл, эс үзэвч хэмээн бичдэг байна. Мөн “эс бөгөөс” хэмээх хэл зүйн хэллэгт орох нь бий. “Үл” хэмээх сул үгийн байх газар “эс”-ийг, “эс” хэмээх сул үгийн байх газар “үл”-ийг бичиж болохгүй.

Дээр дурдсанаас бусад нөхцөлтэй үгийн өмнө “үл, эс”-ийн аль аль нь тохиолдохгүй, харин заримынх нь араас нь “-гүй” нөхцөл залган үгүйсгэх утгыг илтгэдэг. Тухайлбал, “үл үзэгддэг” юм уу, эсвэл “эс үзэгддэг” гэж бичдэггүй, харин “үзэгддэггүй” гэж хэлж бичих учиртай байнам. “Үл мэдэг” гэсэн тогтсон хэллэгийг эс тооцвол, захирах хүсэх төлөвт буй үгсийн өмнө “бүү, битгий” гэсэн хориглох сул үг орохоос бус, үгүйсгэх сул үг ордоггүй ажээ.

“Үл, эс” сул үгийг их төлөв бичгийн хэлний найруулгад хэрэглэж байхад, ярианы хэлэнд “-гүй” хэлбэрийг илүүтэй хэрэглэдэг байна. Жишээлбэл, цахар гэвш Лувсанчүлтимийн “Субашид”-ын орчуулгад

“Ер далайнууд усаар үл ханах…

Их ухаантан мэргэд эрдмээр үл ханах” гэж бичсэн байхад, энэ үг ардын цэцэн үгэнд

“Далай усаар ханадаггүй

Мэргэд номоор ханадаггүй” гэдэг хэлбэртэй болжээ.

Гэхдээ энэ нь бичгийн найруулга бүхэнд “үл, эс”-ийг хэрэглээд бай гэсэн үг хараахан бус. “Үл, эс” хийгээд “-гүй” нөхцөлийн байвал зохих байрыг нь олж, зөв найруулах хэрэгтэй юм. (М.Баярсайхан)

    Эсрэг үгийн найруулгын онцлог

   Эсрэг үгийг албан бичиг, сонин сэтгүүл, эрдэм шинжилгээний гэх мэт найруулгын төрөл бүрд хэрэглэх боловч голдуу уран зохиолын, ярианы найруулгад юм үзэгдэл, үйл хөдлөл, шинж чанарын эрс тэс ялгааг үзүүлэх зорилгоор ашигласан нь нэн элбэг тохиолддог байна. Уран зохиолын найруулгыг яруу сайхан, утгыг ялгаруулж, тод томруун дүрслэлтэй болоход эсрэг утгат үгийн үүрэг асар их юм. Энэ нь монгол аман зохиолын жишээнээс эх улбаатай. Жишээ нь:

Хүний хуучин нь

Дээлийн шинэ нь.

Ажигч байх ажилд тустай

Ашигч байх алдарт хортой.

Мөн Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” зохиолд

“Энэ завсар Дагданы эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ”

   Дээрх жишээнүүдийг харахад аливаа эсрэг утгат үгийг оновчтой зөв сонгосноороо үзэгдэл юмсын зөрчилтэй, ялгаатай талыг зэрэгцүүлэн тавьж, тодруулан найруулж, уран сайхны найруулгын ур маяг, хэрэглүүр болдог ажээ.

   Монгол хэлний үг бүхэн эсрэг утгатай үгтэй байхгүй. Үгийн аймгийн хувьд тэмдэг нэр, үйл үгэнд илүү олон байна. Жишээ нь, тэмдэг нэр: хурдан-удаан, олон-цөөн, том-жижиг, саруул-бүдэг, бүлтгэр-хүнхгэр, цэгээн-бүдэг, ариун-бузар, гүдгэр-хотгор, хурц-мохоо, ижил-буруу, үйл үг: явах-зогсох, эхлэх-төгсөх, цуглах-тарах, татах-түлхэх, хөвөх-живэх, мандах-мөхөх, өгсөх-уруудах гэх мэт.

Уран зохиолын хамгийн богино төрөл болох зүйр үг, цэцэн үг, сургаал үгсийн бүтцэд эсрэг утгатай үг онцгой үүрэгтэй байдаг. Жишээ нь:

Ураг садны хол нь

Уул усны ойр нь.

Гаднаа гяланцаг

Дотроо паланцаг

Ачийг бачаар

Тусыг усаар

Уулын мод урттай богинотой

Олон хүн сайнтай муутай

Өнгөө наанаа

Өргөсөө цаанаа

Инээсэн бүхэн нөхөр биш

Уурласан бүхэн дайсан биш гэх мэт.

   Монгол хэлний үгийн сан энэ мэт зүйр үг, цэцэн үг, сургаал үгсээр нэн баялаг бөгөөд монгол түмэн эртнээс нааш эдгээр үг хэллэгээ өдөр тутмын харилцан яриандаа өргөн хэрэглэж цөөн оновчтой үгээр санаа бодлоо солилцож, уран яруу агаад утга төгс ярьж бичихийг эрхэмлэсээр ирсэн билээ.

   Эсрэг үг нь найруулгыг уран яруу, утга төгс болгохын хамт өгүүлэгчийн сэтгэлийн өнгө аяс, үнэлэмж хандлага, тухайн үндэстний соёл уламжлал, танин мэдэхүйн сэтгэлгээний онцлогийг илэрхийлэх боломж нөхцөл болдог байна.

    Ижил үгийн найруулгын онцлог

   Утга өөр боловч хэлбэрээрээ таарах үгсийг ижил үг гэдэг. Хэлний түг түмэн үгийн дотор хэлэхэд дуудлага ижил авч ухаарахад утга санаа өөр үгс түгээмэл бий.

   Тухайлбал, “ав” гэвэл “авах өгөх”-ийн “ав” уу, “ан ав”-ын “ав” уу, “дал” гэхэд “далын тоо”, “далны яс”, “дал мод”, “дал саравч”-ны аль нь вэ, аль (асуух төлөөний үг) дал?, далаа аль (өг)! гэх мэтээр бидний өдөр тутмын хэл ярианд хэдэн зуун ижил дуудлагатай үг хэрэглэгдэж байдаг. Дангаараа ямар утга санаа илэрхийлж буй нь тодорхойгүй, давхар өөр үгтэй холбогдож аман яриа, хам бичвэрт орж байж хоёрдмол утга нь үгүй болж, сая танигдана. Ийм үгсийг ерөнхийд нь ижил үг хэмээн нэрлэдэг. Ижил үгийг дуудлага, бичлэгийн хэлбэр, хэлзүйн хувилал зэргийг нь харгалзан судалгааны ихэнх зохиолд бүрэн ижил үг, заримдаг ижил үг гэж ангилдаг. Жишээ:

   Аливаа хэлэнд ижил үг үүсэх түгээмэл хэдэн арга байдаг. Нэг үгийн олон утга дотроо салбарлан салаалж, бие биеэсээ улам холдсоор тэдний хоорондын утгын холбоо тасарч бие даасан ижил үгс үүсэх тохиолдол байхад өөр өөр утгатай, өөр өөр гаралтай үгсийн хэлбэр нь хэлний хөгжлийн явцад санаандгүй давхцаж, ихэвчлэн санамсаргүй тохиолдлоор ижил үг үүсдэг байна. Жишээ: Ижил үгийн дийлэнх нь тухайн хэлэнд гарсан авианы түүхэн хувьсал хөгжилтэй холбоотой байна.

   Ижил үгийг сайн мэдсэнээр хэл ярианы баялагт нэн тустай бөгөөд зөв сайхан найруулахад анхаарах хэрэгтэй юм. Жишээ нь: “таг” гэсэн үгийн ижил нэрийг жагсаавал:

1. Хавхаг-данхны таг, авдрын таг, тогооны таг, таг таглах

2. Уул нурууны орой бие-тагийн хөвд, тагийн амьтад, цаатангууд тагаар нутагладаг,

    Тагт ургасан арц нэг ногоон

    Талд ургасан зээргэнэ нэг ногоон

    Тайгад ургасан хуш нэг ногоон

3. Хүч нэмэгдүүлэх үг-таг дүлий, таг сохор, таг зогсох, таг болох

гэх мэт. Ижил үгийг зохих холбоонд оруулж чадвал нэг өгүүлбэрт хэд хэдэн удаа оруулж болно. Жишээ нь: хар хор (1) ихтэй гэж хавь ойрдоо алдаршсан халзан луузангийн том хар (2) хүрзээ барин газрын өөг тэгшлэн хар хар (3) хийтэл харж (4) байгааг харсан (5) танихгүй хүн хар (6) бяраараа гайхуулж байна гэж санамаар гэсэн өгүүлбэрт “хар” гэсэн зургаан ижил үг оржээ.

   Ижил үгийг “каламбур” буюу “үгийн наадам”-д их хэрэглэдэг. Ялангуяа хүүхдийн зохиолд хүүхэд багачуудад ижил үгийг таниулах зорилгоор ижил үг хэрэглэж болно. Аман зохиолын бага төрлүүдэд мөн элбэг тохилдоно. Жишээ нь:

Дал хүртлээ

Дал хувааж идье. (Далны хуудас тараахад хэлдэг үгээс)

Ороо морины дэлээр

Ороон томж хийсэн

Орсон буурын зогдроор

Оёж ширж хийсэн

Оосор бүч түүнийг мялаая. (Гэрийн ерөөл)

Дээр дурдсан “хар” гэсэн үгээр шүлэг зохиовол:

Хар өнгөний хар

Харж хусахын хар

Хар хар дуугарахын хар

Харж үзэхийн хар

Хар хорын хар

Бас бус гэсэн хар

Байнга үргэлж гэдгийн хар

гэх мэт байдалтай болно. Энэ мэтээр ижил үгийн утгыг ятгаж таньдаг болох нь зөв сайхан найруулгатай ярьж бичихэд нэн тустай билээ.

   Олон утгат үгийн найруулгын онцлог

   Нэг үг хоёр болон түүнээс дээш утга илэрхийлж байвал түүнийг олон утгат үг гэдэг билээ. Утга зохиолын хэлэнд олон давтамжтай, хэрэглээ ихтэй үг салаа олон утгатай байна. “Толгой” хэмээх үгийн үндсэн утга нь “биеийн эрхтний нэр” бөгөөд “тэргүүн, шилдэг, эх эхлэл, орой” зэрэг бусад утга нь үндсэн утгаас салбарласан салаа утгууд болно.Олон утгат үг аль утгаараа хэрэглэгдэж буйг холбоо үг, хам сэдвийнх нь хүрээнд хялбархан таньж болно. Жишээ: “хар” гэдэг үгийг сонсоход бараан өнгө сэтгэлд бууж байгаа явдал бол энэ үгийн гол утга тэр бөгөөд түүнээс гадна энэ үг янз бүрийн олон утгаар хэлэнд хэрэглэгддэг. Үүнд: хар даавуу, хар өмд, хар үнэг, хар тогоруу, хар талх гэвэл өнгө заасан утга байна. Хар шуурга, хар хэл ам, хар дарах, хар ажил, хар муйхар, хар буух гэвэл өнгө биш харин тохьгүй тааламжгүй явдал, байдлыг заасан утга байна. Гэтэл хар мөрөн, хар тэнгис, хар мод, хар шөл гэвэл ямар нэгэн хольцгүй дан юм гэсэн утгатай нэр болж байна.

   “Барих” гэсэн үгийн утгыг авч үзье. Гартаа барих гэвэл гартаа атгасан утга, модоо барих гэвэл хоосрох утга, сүүл барих гэвэл хоцрох, хамгийн адагт нь байх гэсэн утга болох ба яс барих гэвэл үхэгсдийг оршуулах гэсэн санаа илтгэнэ, чоно хонь барьжээ гэвэл хонь чононд идүүлснийг хэлнэ. Гэр барих, байшин барих гэвэл орон сууц босгон байгуулахыг хэлнэ. Цай идээ барья гэвэл унд хоол уулган идүүлж, зочлох гэсэн утга, хөгжим барьж чаддаг хүн гэвэл хөгжим тоглож чаддаг хүн гэсэн санаа болох ба түүнчлэн зул барих, засгийн эрх барих, энэ замыг барих, судас барих, тогоо барих, элэг барих гэхэд орж буй барих гэсэн үг өмнөх үгтэйгээ нийлж, цөм өөр өөр утга агуулгатай өөр өөр санааг илэрхийлж байна. Харин зарим тохиолдолд олон утгат үг, ижил үгийг хооронд нь ялгахад ихээхэн түвэгтэй байдаг.

   Олон утгат үг, ижил үгийг хуулийн хэл найруулгаас бусад төрлийн найруулгад өргөн хэрэглэдэг. Учир нь хуулийн хэл найруулгад эдгээр үг нь найруулгыг бүрхэгдүүлэх буюу хоёрдмол санаа төрүүлж болзошгүй байдаг аж.

   Хэлц үгийн найруулгын онцлог

   Аль ч хэлний хэлц үг тухайн хэлнийхээ найруулгын охь шим, яруу илэрхийлэх хэрэглүүр болж байдаг байна. Хэлц үг нь хүний санаа бодлыг яруу тод уран дүрслэлтэй, товч тодорхой, хэдий хийсвэрлэн хэлж буй ч гарт баригдаж, нүдэнд харагдахаар илэрхийлж хэлдэг.Энэ тухай профессор Чой.Лувсанжав “Энгийн арав хорин үгээр гаргах санааг ганц хоёрхон үгэнд хураагаад хүний ой ухаанд тов тод оруулж өгөх ид чадал чухамхүү, хэл хэлний өвөрмөц хэллэгт байдаг юм” гэжээ.

   Хоёр буюу түүнээс дээш бодит утга бүхий хэд хэдэн үг нийлж нэг утга санаа илэрхийлэхийг хэлц үг гэнэ. Жишээ нь: “халуун чулуу долоох” гэсэн үгийг бүрдүүлж буй гурван үгийн ганц ганцаараа байхдаа илрүүлж байсан утга нь үгүй болоод сая гурвуул нийлж “хашир”, “хал үзсэн” гэсэн нэгэн утга санааг илрүүлэн гаргах ба аль нэг үгийг нь өөр үгээр сольж огт болохгүй байна. “Нүд унагах, нуд халтирах, ам алдах, хөл алдах, хөл нь газар хүрэхгүй, хэрээ галуу дуурайж хөлөө хөлдөөх, эх нь булингартай бол адаг нь булингартай, тамаа цайх, гар бариад бугуй барих, шар нар бор хоног, суусан газраасаа шороо атгах, ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” гэх мэт нь цөм хэлц үг болно.

   Орчин цагийн монгол хэлний хэлц үгийг найруулгын үүргээр нь бичгийн хэлний, найруулга дундын, ярианы хэлний хэлц үг гэж ангилан хувааж болно. Энэ нь найруулгыг дээд, дунд, доод гэж хуваадагтай зарим талаар адил байж болох юм. Өөрөөр хэлбэл, эрхэмсэг ярианы, энгийн ярианы, хар ярианы найруулга гэж болно.

   Бичгийн хэлний: бүсээ чанга бүслэх (өлсөх), насны эцэст (өтөлсөн үед), хувь заяаны төөргөөр, ~ эрхээр (амьдралын жамаар), гарсан өдрийн гариг, төрсөн өдрийн төөрөг (ямар од гариг тохиох үед төрснөөр), нас нөхчих (үхэх), номын дуу сонсох (эрдэм ном сурах), өрхийг чанга (шинэ барилга, байгууламжийг ашиглалтад оруулах), хүйтэн дайны жилүүд (капитализм, социализмын үзэл суртлын жилүүд), эцсийн замд нь үдэх (оршуулах) гэх мэт.

   Найруулга дундын: гар дүрэх (завших, хулгайлах), зүрх үхэх (шантрах), нас барах (үхэх), хөл алдах (баярлах), хоёр гар гаргах (сайн муу ялгаатай хийх), хэл ам гаргах (маргалдах), шав тавих (а. тэмдэг тавих, б. ёслол хийх), шүд зуух (хичээх, занах) гэх мэт.

  Ярианы хэлний: насны бөгсөнд (нас ахисан үед), ам уралдуулах (өрсөж ярих), амандаа орсон үгээ хэлэх (хамаагүй хэлэх, чалчих), давсанд явах (унтах), дүүрсэн хэрэг дөмбийсөн толгой (дууссан хэрэг, юугаа ч мэдэхээ байсан хүн), өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр (хийсэн үйл нь эргээд тохиох), өрөөсөн дугуй (муу үйлээрээ адил), чад хийх (үхэх), хурган дарга (бага тушаалын дарга), хүзүү дутуу (чадлаар дутуу), их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий (ямар ч үйл хийсэн адил) гэх мэт.

Хэлц үгийг нэг үе сонин хэвлэлийн найруулгад төдий л хэрэглэдэггүй байсан . Одоо үед сонин хэвлэлд нийгмийн өөрчлөл, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой өгүүлж буй зүйлээ хурц тод илэрхийлэх, сонирхолтой болгох, уншигчдын анхаарлыг татах зорилгоор хэлц үгийг ихээр хэрэглэх болсон байна. Жишээ нь: “Тэр тусмаа ...олон сар нойр хугаслан байж бэлтгэсэн “цайны ганц”-ыгаа өрсөлдөөнөөс шууд тахимыг ньөргүүлсэн явдал нь ардаа тохиролцоотой байж мэдэх аж” гэхэд тухайн өгүүлбэрт “нойр хугаслах”, “тахимыг нь өргүүлэх”, “цайны ганц” зэрэг өвөрмөц хэлцийг уншигчдын анхаарлыг татахын тулд ёгт өнгө аясаар хэрэглэжээ. “Цайны ганц” (гоёлын ганц хувцас) гэсэн утгатай хэлц үгийг энд “өөрийн ганц хүн” гэсэн утгаар хэрэглэсэн байна. Ийн хэлц үгийн утга өргөжин тэлдэг байна.

Сүүлд засварласанБаасан, 20 1-р сар 2017 08:13
Дээш