Menu

Холбох нөхцөл

   Өгүүлбэрийн дунд нэр үгийг тодотгон орно. Энэ бүлгээс -даг4, -сан4 бүтээвэр өгүүлбэр төгсгөн орох нь түгээмэл боловч эхэд ойр ойр давтан хэрэглэх нь найруулгыг сулруулдаг. Жишээ:

   Өгүүлбэрт нэг бүтээврийг дахин давтахаас зайлсхийж, утгын зохицолд нийцүүлж, орлуулах боломжтой бусад бүтээврийг хэрэглэнэ.

Ж нь: -ж/-ч, -н, -аад4 бүтээврийг зохист байранд солин найруулах боломжтой. Жишээ:

 “Давтан зээл” гэж юуг хэлээд байна вэ?

   Монгол хэлний үг зүйн тогтолцоонд үйл үгийг бусад үгтэй холбодог бүлэг нөхцөл байх бөгөөд тэдгээр нь үйлийг үйлтэй, үйлийг нэртэй холбох үндсэн үүрэгтэй. Үйлийг нэр үгтэй холбодог -х, -гч, -даг4, -аа(гүй)4, -сан4, -маар4 зэрэг нөхцөл буй. “Уух цай, уншигч хүн, хэлдэг үг, хийгээгүй ажил, сурсан ном, дуулмаар дуу” гэхчлэн эдгээр нөхцөлөөр хэлбэржсэн үйл үг нь нэрийг тодотгодог ажээ.

  Гэтэл үйлийг үйлтэй холбох үүрэг бүхий хамын -н нөхцөлөөр хэлбэржсэн үйл үндсийг нэр үгтэй холбож, тодорхой нэрлэлт үүсгэх зүй бус үзэгдэл нэлээд гарч байна. Тухайлбал, дахин шалгалт, нөхөн сонгууль, бүтээн босголт, зохион байгуулалт, хянан шалгалт, хүлээн авалт гэх мэт. Хэл зүйн зүй тогтлоор эдгээр үг нь дахин шалгах, нөхөн сонгох, бүтээн босгох, зохион байгуулах, хянан шалгах зэрэг үйлийн холбоо үг байх ёстой.

  Сүүлийн үед радио телевиз, сонин сэтгүүлээр “давтан зээл” гэж сурталчлах болсон нь уг ташаарал улам газар авсны тод илрэл юм.

 Төрийн шагналт, профессор Ц.Шагдарсүрэнгийн дурдсанчлан, “Монгол хэлэнд “...сүүмийн сүүмийн харагдах нь...”,“...тахин шүтэх...”,“...албан үүргээ урвуулан ашигласан байна...” гэх мэтээр “-н”-ээр төгсөж, хам утга илэрхийлдэг нөхцөл үйлийн дараа үйл үг, үйлт нэр л орохоос биш, нэр үг ордоггүй. Монгол хүн идэн хоол, суун жаргал гэдэггүй атлаа яагаад нөхөн сонгууль, дахин хуралдаан... гэх болов?” (Ц.Шагдарсүрэн, Эх хэлээ эвдэхгүй юмсан, Улаанбаатар, 2007, 165-р тал). Үүний чухам учир нь, нэг талаас үйлийг үйлтэй холбодог “-н” нөхцөлийн үүргийг сайтар ухаагүй, нөгөө талаас үг ба холбоо үг бүтэх ёсонд бий болсон буруу хэлбэржилтийг мухраар даган дуурайсанд оршино. Нөгөөтээгүүр, “-н” нөхцөлийн үйлийг зэрэгцүүлэн холбохоос гадна нэг үйлийг нөгөө үйл үгэнд угсруулан холбох үүрэг гүйцэтгэдэг өвөрмөц онцлогтой холбон тайлбарласан байдгийг дурдах нь зүйтэй.

   Ер нь хэл зүйн зүй тогтлоос гажууд хэлбэржилтийг цаг тухайд нь засан залруулахгүй бол түүнтэй адилссан буруу хэлбэр үүсэж, газар авсаар хэвших хандлагатай болдог байна. (Д.Заяабаатар)

Хол газар яваар одогсод?

   Үйл үгийг үйл үгтэй холбох “-аар, -ээр, -оор, -өөр” нөхцөл нь үйлийн зорилгыг заана. Жишээлбэл, “алс газар сураар одох” гэвэл алс нутагт сурахын тулд одох гэсэн санаа. Гэтэл “яваар одох” буюу “явахын тулд одох” гэдэг холбоо үгийг юу гэж ойлгох вэ? “явах” гэдэг үгэнд “зайлах, дутаах” ч юм уу, ямар нэг өөр далд утга шингээгээгүй л бол учир шалтгааны алдаатай үг болох нь илт. Телевизээр нэг хэсэг гарч байсан зар сурталчилгаанд “чанар гэж чансаа” хэмээн ойролцоо утгат хоёр үгийн нэгийг нь нөгөөгөөр нь тодорхойлдог байсан. Энэ мэтийн алдааг давталтын алдаа гэдэг.

   Манайхны өдөр тутмын зурхайд “хол газар яваар одогсод тийш мөрөө гарга” гэж бичсээр байна. “Одогсод” гэдэг үгийн хэлбэр бол өнгөрсөн цагийг заана. Одсон хүн гэвэл ганц тоо, одогсод буюу одсон хүмүүс гэвэл олон тоот хэлбэр. Тэгэхээр бид зурхай уншаад зүй нь, хэрвээ хол газар одох бол зорьсон газраа хүрснийхээ дараа тэндээ мөрөө гаргана гэж ойлгох ёстой ажээ. Гэвч өргөн олон маань наад захын зурхай мэддэг тулдаа явахаасаа өмнө мөрөө гарга гэх гээд байгааг нь эрхбиш мэдэж, залруулан ойлгодог ажээ.

   Түүнээс гадна дээрх өгүүлбэрт “газар” гэдэг үг ч илүүц юм. Иймд, “Хол газар яваар одогсод тийш мөрөө гарга” гэдэг өгүүлбэрт лавтай гурван зүйлийн алдаа буйг залруулан “Хол явах хүн тийш мөрөө гарга” гэж бичиж байх нь зүйтэй биш үү. (М.Баярсайхан)

Албархаг үг хэллэгийн “аадар”

   Аливаа үндэстэн, хамт олон, нийгмийн бүлгийн нийт олонх нь бусдыгаа манлайлагч тодорхой хэсгийг үлгэрлэн дуурайдаг. Тэрхүү үлгэр дуурайл нь зуун хувь сайн сайхан байдаггүй, саар муу ч бас дагалдана. Ялангуяа үзэл бодол, үг яриа, үйл хэргээрээ нийгмийг дагуулдаг төрийн түшээд, урлаг соёл, спортын алдартнуудын ярьсан хэлсэн зүйл олон нийтэд чухал нөлөөтэй. Радио телевиз, сонин хэвлэлээр хамгийн их ярьж бичдэг учраас олон нийт тэдний хэл яриаг даган дуурайж, улмаар хэвших хандлагатай болдог ажээ. Мэдээжийн хэрэг, санаа сэдэл авч үлгэр дуурайл болгомоор зүйл мундашгүй их. Сайны хажуугаар саарын үлгэрээр олон нийтийн хэл ярианы соёлд сөргөөр нөлөөлөхүйц зүйл ч цөөнгүй байдгийн нэг нь албархаг үг хэллэгийн “аадар” юм. Албархаг үг хэллэг бол албан бичиг, тушаал тогтоол, эрхтэн дархтны ярианд улиг болтлоо хэвшсэн утга зохиолын хэлэнд нийцгүй модон үг хэллэг билээ. Уран зохиолын найруулгад албархаг зан авиртай хүний дүрийг товойлгон гаргахад тийм үг хэллэгийг ашигладаг бөгөөд ихэвчлэн шог хошин зохиолд тохиолдоно.

   Ярианы найруулгад тархсан албархаг хэллэгээс жишээ болгож цөөн хэдийг дурдвал ...гэж ойлгож байна, ...гэж үзэж байна, ...гэж бодож байна, энэ утгаараа, тэр утгаараа, ач холбогдол өгөх, ач холбогдлоо алдах, анхаарлаа чиглүүлэх, анхаарлаа хандуулах, ...хэлмээр байна, ...хэлэхийг хүсэж байна, ...албан ёсоор мэдэгдэж байна гэх мэт. Эдгээрээс ...гэж ойлгож байна, ...гэж үзэж байна, ...гэж бодож байна зэргийн илүү хэрэглээг хязгаарлаж, анхаарлаа чиглүүлэх, анхаарлаа хандуулах зэргийг анхаарах гэвэл зөв найруулга болно. Хуулбар орчуулгаас үүдэлтэй ач холбогдол өгөх, ач холбогдлоо алдах гэсэн хэллэгийн оронд тустай хэрэгтэй чухал хэрэггүй зэрэг үгийг, энэ утгаараа, тэр утгаараа гэсэн хэллэгийн оронд иймээс тиймээс ингээд тэгээд болохоор гэх зэрэг холбоосын аль тохирохыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Нийтийн хэл ярианд ихэд тархсан хэлмээр байна, хэлэхийг хүсэж байна гэсэн учирзүйн алдаатай хэлзүйн хэлбэрийг хэлье гэж найруулбал ойлгомжтой юм. Жишээ нь: “Ханьдаа хайртай шүү гэж хэлмээр байна (хэлэхийг хүсэж байна)” гэсэн өгүүлбэрийг “Ханьдаа хайртай шүү гэж хэлье” эсвэл “Ханьдаа хайртай шүү” гээд төгсгөхөд л утга тодорхой болно. (Д.Заяабаатар)

 

  

 

 

 

 

 

Сүүлд засварласанБаасан, 20 1-р сар 2017 07:42
Дээш