Menu

Үйл үгийн байдлын дагаврын найруулга

   Тодорхой цаг хугацааны дотор үйл хөдлөл хэрхэн болж байгааг илэрхийлдэг хэл зүйн айг байдал гэнэ. Монгол хэлний үйл үгийн үндсэнд дагавар залгаж энгийн үйлдэх, хоромхон үйлдэх, түр үйлдэх, бүр мөсөн үйлдэх, үйлдэгдэх байдлын утга илтгэнэ.

   Энгийн үйлдэх байдал

   Үйл үгийн язгуур үндсийн утга дагуу үйл байдал болж буйг “энгийн үйлдэх байдал” гэнэ. Монгол хэлний энгийн үйлдэх байдал нь тусгай дагаваргүй, тэг хэлбэрээр илэрнэ. Жишээ нь: яв, ир, үз, бод г.м.

   Хоромхон үйлдэх байдал

  Үйл үгийн үндсэнд -схий дагавар залгаж тухайн үйлийг хоромхон зуур үйлдэх байдлын утга илрүүлнэ. Жишээ нь: явсхий-, туусхий-, зогсосхий- гэх мэт. Хоромхон хугацаанд болж буй үйл нь эрчимтэй, эрчимгүй байж болно. Тиймээс зарим сурах бичигт “эрчимтэй үйлдэх

байдал”, “эрчимгүй үйлдэх байдал” гэж нэрлэх тохиолдол байна.

   Түр үйлдэх байдал

  Үйл үгийн үндсэнд -зна (-знэ, -зно, -знө) дагавар залгаж түр үйлдэх байдлын утгыг илтгэнэ. Жишээ нь: явзна-, харзна- гэх мэт. Энэхүү дагавар монгол хэл, аялгуунуудаас зөвхөн халхын аялгуунд бий. Тиймээс байдлын бусад дагавраас харьцангуй бага хэрэглэгддэг аж. Иймд -зна дагаврыг үүрэггүй илүү хэрэглэсэн, өгүүлбэрт давтсан зэрэг найруулгын алдаа ховор байна. Судлаачид “Та жаахан хүлээзнэ” гэхэд -зна дагавраас гадна “жаахан” гэдэг үг түр үйлдэх утга илтгэдэг учир хэлний хэмнэлтийн зарчим харшилсан алдаа гэж үзээд, түүнийг “Та жаахан хүлээ”, “Та хүлээзнэ” гэж хоёр янзаар илэрхийлж болно гэжээ.

   Бүр мөсөн үйлдэх байдал

   Үйл үгийн үндсэнд -чих (-ч) дагавар залгаж тухайн үйлийг бүр мөсөн үйлдэх байдлын утгыг илтгэнэ. Жишээ нь: явчих, идчих, авчих гэх мэт.Уг дагавар нь “явж орхи-”, “өгч орхи-” зэрэг нийлмэл үйл үгийн “-ж (-ч) + орхи” гэсэн хэлбэр хураагдсанаас үүсжээ. Монгол хэлний бүр мөсөн үйлдэх байдал нь ихэвчлэн өнгөрсөн цаг (Гараа угаахаа мартчихсан), мөн ирээдүй цаг заана (Хамаг тавилгыг нь чихэр боовоор хийсэн хазчихмаар, идчихмээр байшин шүү дээ).

   Ярианы хэлэнд -чих дагаврын “х”-г хурааж, “Би Сэлэнгэ явчаад ирлээ гэх мэтээр хэрэглэдэг. Мөн -чих дагаврын дараа орсон өнгөрсөн цагийн -сан нөхцөлийг хурааж нийтэд нь “-ц” (-чих+-сан)-ээр дуудах тохиолдол байдаг. Түүнийг дуудлагаар нь бичих алдаа нэмэгдэж байна. Тухайлбал, Нэг сонгогч гэрийн хаяг дээр нь 3 хүн нэмэгдцэн, бас саналаа өгчөөд явцан байна гэлээ.

   Эдгээрийг бичиж тэмдэглэхдээ “явчхаад, нэмэгдчихсэн, өгчхөөд, явчихсан” гэж бүрэн хэлбэржүүлнэ.

   Үйлдэгдэх байдал

   Бүр мөсөн үйлдэх байдлын -чих дагавартай ижил “-аад + орхи-” гэсэн задлаг хэлбэрээс хураагдаж үүссэн -аадах дагаврыг үйл үгийн үндсэнд залгаж үйлдэгдэх байдлын утга илтгэнэ. Жишээ нь: давхиадах, яваадах, үзээдэх. -чих болон -аадах дагаврын үндсэн утга ойролцоо боловч -аадах дагавар хүссэн, гуйсан, эрмэлзсэн хандлагын утгаараа “-чих”-аас ялгардаг байна.

 

 

 

Дээш