Menu

Үйл үгийн хэвийн дагаврын найруулга

   Үйл хөдлөлөөс үйлийн эзэн, үйлэнд өртөгч юм хоёрт харьцах харьцааг тогтоох үйл үгийн хэл зүйн айг “хэв” гэнэ. Үйл үгийн хэв нь монгол хэлний хэл зүйн найруулгад чухал үүрэгтэй байна. Ялангуяа өгүүлбэрийн доторх үгсийн хэл зүйн хэлбэржилтийг зохицуулдаг учраас түүний дагаврыг оновчтой хэрэглэхэд анхаарах хэрэгтэй. Монгол хэл, аялгуунуудад үйл үгийн хэвийн дагаврыг үйлийг үйлдэж, үйлэнд өртөж буй эзнээс нь шалтгаалан “өөрөө үйлдэх”, “бусдаар үйлдүүлэх”, “бусдын эрхэнд үйлдэгдэх”, “хамтран үйлдэх”, “харилцан үйлдэх”, “олноороо үйлдэх хэв” гэж ангилан судалж байна. 

   Өөрөө үйлдэх хэв

  Тухайн үйл үндсийн утга дагуу үйлийг эзэн өөрөө үйлдэхийг “өөрөө үйлдэх хэв” гэнэ. Өөрөө үйлдэх хэв тусгай дагаваргүй, үйлийн үндсээр илэрнэ.

Би ирлээ.

Бид ирлээ.

гэх мэтээр ганц болон олон эзэнтэй байж болно. 

   Бусдаар үйлдүүлэх буюу үйлдүүлэх хэв

   Үйлийг өөрөө бус, бусад этгээдээр хийлгэхэд чиглэсэн хэл зүйн хэрэглүүрийг бусдаар үйлдүүлэх хэв гэнэ. Үйл үгийн үндсэнд -уул (-үүл), -лга (-лгэ, -лго, -лгө), -га (-гэ, -го, -гө), -аа (-ээ, -оо, -өө) дагаврыг залгаж тус хэвийг илрүүлнэ. Угтаа үйлдүүлэх хэвийн дагаврууд гарал

нэгтэй боловч хэлний хувьслын үр дүнд өмнөх дөрвөн хувилбартай болсон байна.

   -уул2 хувилбарыг сана-уул, урга-уул, бод-уул, үз-үүл гэх мэтээр богино эгшиг, гийгүүлэгчээр төгссөн тусах, эс тусах үйл үндсэнд, -лга4 хувилбарыг заа-лга, суу-лга, бай-лга, гүй-лгэ гэх мэтээр урт, хос эгшгээр төгссөн тусах, эс тусах үйл үндсэнд, -га4 хувилбарыг гар-га, нис-гэ, сал-га, сулд-га (султга-) гэх мэтээр р, л, д (т), с гийгүүлэгч (эдгээр нь эртний монгол хэлэнд үе төгсгөдөг тул ардаа эгшиггүй)-ээр төгссөн үндсэнд, -аа4 хувилбарыг бүт-ээ, зохь-оо, тогт-оо, шат-аа гэх мэтээр гийгүүлэгчээр (эртний монгол хэлэнд ардаа богино эгшигтэй байсан) төгссөн эс тусах үйл үндсэнд залгаж тусах үйл үг бүтээнэ.

   Үйлдүүлэх хэвийн дагаврын хувилбарууд нэг үгийн бүтцэд давхарлан орох үзэгдэл бий. Түүнийг судлаачид “шаталсан хэв”, “үйлдүүлэх хэвийн хоёр шат” гэх зэргээр нэрлэдэг. Давхарлан орохдоо “-га4+-уул2(арилгуул-, бүртгүүл-, гаргуул-, хүргүүл- г.м), “-аа4+-лга4(бүтээлгэ-, зугтаалга-, хураалга-, шатаалга-) дарааллаар байрлана. Хэрвээ үгийн бүтцэд “-га­4+-аа4” (гэсгээ-, унагаа- зэрэг цөөн үг нь ярианы уртатгалтай хэлбэрийг бичигт шууд тэмдэглэсэн хэлбэр), “-лга4+-уул2”, “-уул2+-уул2 дарааллаар орвол алдаа гэж үзэж болох бөгөөд “-лга4+-уул2”, “-аа4+-лга4+-уул2дарааллаар байрлах тохиолдолд -уул2 дагавар үүрэггүй хэрэглэгддэг. Тиймээс дагавар нөхцөл илүүдүүлсэн алдаанд тооцно.

   Үйлдүүлэх хэвийн найруулгад -уул2 дагаврыг үүрэггүй давтан хэрэглэх алдаа түгээмэл бий. Жишээ нь:

Сурагчдаар сандал ширээ зөөлгүүлэв (зөөлгөв)

Би Лувсан багшаар монгол хэл заалгуулж (заалгаж) байна

Би дүүгээр цамцаа хатаалгуулсан (хатаалгасан)гэх мэт.

   Сүүлийн өгүүлбэрийн өгүүлэхүүний бүтцийг үзвэл хат+аа+лга+уул- гэж анхдагч үйл үндэс (хат-)-ээс хойш үйлдүүлэх хэвийн гурван дагавар угсран орж байна. Үйлэнд харьцах эзэн нь “би, дүү, цамц” болно. Үүнийг шууд харьцах харьцаагаар нь хэллэг болговол “цамц хатна”, “дүү хатаана”, “би хатаалгана” гэсэн хэллэг үүсээд “хатаалгуулах” үйлэнд харьцах дөрөвдөгч эзэн олдохгүй болж -уул2 дагаврыг үүрэггүй, давтан хэрэглэсэн болохыг илтгэнэ.

   Түүнчлэн монгол хэлэнд “Нохойд хазуулаад сорвитой болжээ” гэх мэтээр үйлдүүлэх хэвийн дагавар бүхий үг бусдын эрхэнд үйлдэгдэх утга илтгэх өвөрмөц тохиолдол байдаг ажээ.

   Бусдын эрхэнд үйлдэгдэх буюу үйлдэгдэх хэв

   Бусдын эрхэнд үйлдэгдэх хэвийг зарим ном, сурах бичигт үйлдэгдэх хэв, идэвхгүй хэв гэж нэрлэдэг. Үйлдэгдэх хэв нь үйлийг өөрөө бус бусдын эрхэнд орж, болж буй үйлийг илрүүлэх хэл зүйн хэрэглүүр юм. Үйлдэгдэх буюу идэвхгүй хэв (passive)-ийг англи зэрэг европын хэлэнд түгээмэл хэрэглэдэг. Харин монгол хэлний найруулгад тун ховор хэрэглэдэг уламжлалтай ч сүүлийн үед гадаад хэлний орчуулгын нөлөөгөөр хэрэглээ нь нэмэгдсээр байна.

   Үйлдэгдэх хэв -гд, -д, -т дагавартай. Орчин цагийн монгол хэлэнд гол төлөв -гд (үзэгд-, санагд-, хөөгд-) дагавар тус хэвийг илрүүлнэ. Олд-, дийлд- зэрэг “л” гийгүүлэгчээр төгссөн цөөн үгэнд -д, авт-, хүрт-, хуурт- зэрэг “в, р” гийгүүлэгчээр төгссөн цөөн үгэнд хувилбар тохиолдоно. Бусдын эрхэнд орж буй эзэн нь нэрлэхийн тийн ялгалд, үйлдэх эзэн нь өгөх оршихын тийн ялгалаар хэлбэржиж эс тусах үйл үг үүсгэдэг байна (Хулгайч цагдаад баригджээ гэх мэт).

  Идэвхгүй хэвийн нөхцөлийг

хавтгайруулалгүй хэрэглэе

  Монгол хэлэнд үйл, үйлийн эзний харилцан холбогдлыг илэрхийлэх онцлог нь англи, орос зэрэг Европын олон хэлнээс нэн ялгаатай. Жишээлбэл, орос хэлэнд “Би энэ номыг уншсан” /Я прочитал эту книгу/, “Энэ ном надад уншигдсан” /Это книга прочитана мною/ гэсэн өгүүлбэрийн аль алиныг нь хэрэглэдэг. Тэр нь мэдээлэх зорилгоос хамаарах бөгөөд аль өнцгөөс нь авч үзэхийн ялгал буй. Эхний өгүүлбэрт “би уншсан” гэдгийг чухалчилж байхад, удаах өгүүлбэрт “Уншсан ном уу, уншаагүй ном уу?” гэдгийг тодруулах нь чухал ажээ. Монгол хэлнээ чухалчилсан гол мэдээллийг ялган илтгэх олон арга бий. Тухайлбал, хоёр дахь өгүүлбэрийн санааг “Энэ миний уншсан ном” хэмээн өгүүлбэрийн гишүүдийн байраар илэрхийлж болохоос гадна, аялгаар ялгаж болох юм. Харин монгол хүн “надад уншигдсан” гэж огт хэлдэггүй.

  Монголчууд аливаа юм үзэгдэл, хэрэг явдлыг өгүүлэхдээ үйлийн эзнийг, харин Европ зүгийн хэлтнүүд үйлэнд өртөх эд юмыг тус тус тэргүүнд тавьж, тэр өнцгөөсөө сэтгэн хэлэлцдэг байна. Энэ онцлогоос шалтгаалаад монголчууд харь хэлний адил “хоол идэгдэв, цай уугдав, хувцас өмсөгдөв” гэж хэлэх байтугай, ер идэвхгүй хэвийн “-гд” нөхцөлийг тун тоотой хэрэглэдэг билээ. Үүнд, “үзэгдэх, харагдах, сонстох, үнэртэх, харагдах, сонстох,  гэх мэтийн тухайн хүний хэрэг зоригоос үл шалтгаалах мэдрэхүй үйл, “тэнгэр бурханд ивээгдэх, хувь заяандаа хөтлөгдөх, цол өргөмжлөгдөх, алдар хүртэх” мэтийн дээдийн таалал, бус хүн юм, өргөн олны эрхээр болох үйлийг заахад идэвхгүй хэвийн нөхцөлийг хэрэглэнэ.

  Эдүгээ засаж залруулахуйяа бэрх болсон эх хэл эвдрэлийн нэг нь идэвхгүй хэвийн хэрэгцээгүй хэрэглээ юм. Үүнийг билгүүн номч Б.Ринчин абугай элэглэж хэдэнтээ өгүүлэл бичиж, монгол хэлний мэргэжилтнүүд цөөнгүй сануулан дурдаж байсан билээ. Гэвч одоогийн энэ янзаараа байвал, мөдхөн их эрдэмтний элэглэж байсанчлан “Надад хоол идэгдэв, Хувцас өмсөгдөв” гэж ярьж бичдэг болох нь ээ. Зарим түгээмэл тохиолдлыг залруулах үлгэртэй нь жишээлбээс, сонины захиалга явагдаж байна – сонины захиалга авч байна, үдэшлэг зохиогдов - үдэшлэг хийв /зохиов/, төсөвт тусгагдаагүй – төсөвт тусгаагүй, шалгалт явагдаж байна – шалгалт авч байна, тавигдсан шаардлага дагуу – тавьсан шаардлагын дагуу, албан газраас зөвшөөрөгдсөнөөр – албан газрын зөвшөөрснөөр, олонхын саналаар дэмжигдэв – олонхын саналаар дэмжив, залруулга сонинд нийтлэгджээ – залруулгыг сонинд нийтэлжээ гэх мэт.

 Авах гээхийн ухаанаар эх хэлний боловсролоо дээшлүүлэх нь өөрийгөө монгол гэж тооцдог хүн бүхний үүрэг юм шүү. (М.Баярсайхан)

   Үйлдэгдэх хэвийн дагаврыг зөвхөн тусах үйл үндсэнд залгадаг бөгөөд зүй тогтлоороо бол “яв, гар, ир, оч” гэх мэт эс тусах үйл үндсэнд -гд дагавар залгах ёсгүй. Гэтэл энэ зүй тогтлыг зөрчиж үүссэн “явагдах” гэдэг хэлбэр 1960-аад оноос албан бичиг, сонин нийтлэлийн найруулгад тохиолдох болсон байна. Улмаар “...хурал (тэмцээн, уралдаан, барилдаан, хичээл, давтлага, сурталчилгаа, үзлэг, оношилгоо, сонгууль, ажил, бүртгэл гэх мэт) явагдаж байна” гэж буруу үүссэн хэлбэрийг бичгийн төдийгүй ярианы найруулгад ч идэвхтэй хэрэглэх болжээ. Үүнийг “хурал болж байна гэх буюу хуралдаж байна”, “тэмцээн (уралдаан, сонгууль) болж байна”, “бөх барилдаж байна”, “давтлага (сурталчилгаа, үзлэг, оношилгоо) хийж байна” гэх мэтээр идэвхтэй хэвээр найруулж бичих нь монгол найруулгын хэм хэмжээнд нийцнэ.

“Явагдаад” л байх уу?

 Манайхны эх хэлээ эвдэн хаа сайгүй хавтгайруулан хэрэглэж буй эрлийз үгийн нэг нь “явагдах” гэдэг үг. Ийм үг В.Инжаннаши, Д.Равжаагаас аваад Монголын бүх бичгийн мэргэдийн байтугай, ерөөс 20 дугаар зууны 40-өөд оноос өмнөх ямар ч ном судар, бичиг хард байхгүй. Хар ярианд ч байгаагүй нь тодорхой. Хэл үргэлж шинэ үг хэллэг, нэр томьёогоор баяжиж байдаг. “Явагдах” гэдэг үгийн хэлбэрийг хэрэглэж эхэлснээр монгол хэлийг хөгжүүлэх биш харин тун ноцтой хогжуулж байна. Энэ нь зөвхөн байх ёсгүй үгийн хэлбэрийг бий болгосон төдий бус юм. Үүнийг дагалдан монгол хэл, сэтгэхүйн эвдрэл улам гаарч байна.

Зөв цэгцтэй монгол найруулгад тэр бүр хэрэглээд байдаггүй “-гд” хэмээх идэвхгүй хэвийн нөхцөлийг зөвхөн тусах үйл үгийн үндсэнд залгадаг. “Харагдах”, “сонсогдох”, “мэхлэгдэх”, “уригдах”, “мартагдах” гэх мэтчилэн аливаа “-гд” нөхцөлтэй үгийн үндсийг тухайн үйлэнд өртөж буй юмын нэртэй нь холбон “бараа/г/ харах, сураг/ийг/ сонсох, бусдыг мэхлэх, зочин/ыг/ урих, нэрийг нь мартах” гэх зэргээр хэлэхэд, асуух өгүүлбэр нь хэнийг? юуг? гэсэн үгээр илэрнэ. Ийм үйл үгийг тусах үйл үг гэдэг. Гэтэл “явах” гэдэг үг эс тусах үйл үг шүү дээ. Тиймээс “Хэнийг явах вэ?”, “Юуг явах вэ?”, “Түүнийг /үүнийг/ явна” гэсэн өгүүлбэр байдаггүй.

Хэвлэл мэдээллээр “Сонины захиалга явагдаж байна.”, “сургалт явагдаж байна”, “шалгаруулалт явагдаж байна” гэх зэргээр бичээд зуршчихжээ. Хэрвээ үүнийг энгийн үйлдэх хэвд болгон хувиргавал, “захиалгыг явж байна”, “сургалтыг явж байна”, “шалгаруулалтыг явж байна” гэсэн утгагүй өгүүлбэр болно. Монгол бичгийн хэлнээ үйл ажил гүйцэтгэхийг “явуулах” гэдэг болсон нь хожуу цагийн хэрэг. Тодруулбал, орос хэлний “идёт” гэдэг үгийн “махчилсан” орчуулгаар орж ирсэн хэрэглээ юм. Жишээ нь, “сонгууль хийх, ухуулга хийх” гэхийг “сонгууль явуулах, ухуулга явуулах” гэх болов. Угтаа “захиалга явуулах”, “сургалт явуулах” гэсэн өгүүлбэрээ орос, англи зэрэг европын хэлний загвараар идэвхгүй хэвд оруулан хэлэх гэтэл, тэр нь “захиалга явуулагдах”, “сургалт явуулагдах” хэмээн хэт сунжруу хэлэхэд хүрсэн тул, өөрийн эрхгүй хурааж “явагдах” гэсэн огт байж болшгүй, учир шалтгааны алдаатай үгийн хэлбэрийг бий болгожээ. “явагдаж байна” гэхийн оронд “болж байна, хийж байна, авч байна” гэж хэлж бичүүштэй. Тухайлбал, ажил явагдаж байна - ажил хийж байна, шалгалт явагдаж байна - шалгалт болж байна, шалгалт авч байна гэх мэт. (М.Баярсайхан)

   Үйлдэгдэх хэвийн дагаврыг илүү буюу оновчгүй хэрэглэснээс найруулга сулардаг боловч зайлшгүй хэлбэржүүлэх дараах тохиолдол бий.

1)   Хүний мэдрэхүйд аяндаа өртөн тусч буй юм үзэгдлийг заан өгүүлэхэд хэрэглэнэ. Жишээ нь: бодогдох (сэтгэлд), сонстох, харагдах, үзэгдэх, баригдах (гарт), мэдрэгдэх, тэмтрэгдэх гэх мэт.

2)  Тухайн үйлийг хийж гүйцэтгэхэд хүч мөхөстөх, гаднын нөлөө бусдын давамгай хүч чадал, зүй тогтлын эрхэнд болохыг заахад хэрэглэнэ. Жишээ нь: дайнд ялагдах, зовлонд нэрвэгдэх, нохойд хөөгдөх, өрөнд баригдах, салхинд туугдах, тоглоомд хожигдох, үерт автах, цасанд дарагдах гэх мэт.

3)  Албан бичгийн найруулга, шинжлэх ухааны нэр томьёо зэрэгт үйлдэгдэх хэвийг хэрэглэдэг уламжлалтай. Жишээ нь: мэдэгдэл, хуваагдагч, нэмэгдэгч, өгүүлэгдэхүүн, мэдэгдэхүүн гэх мэт.

   Эдгээрээс өөр тохиолдолд үйлдэгдэх хэвийн дагаврыг аль болох хязгаартай хэрэглэвэл зохино.

Хөрөнгө оруулалтын салбарт 2015 онд хийгдэх томоохон ажлууд...

(...2015 онд хийх томоохон ажлууд)

Эрүүл мэндийн салбарынхны цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага тавилаа.

(…цалинг хоёр дахин нэмэхийг шаардлаа)

Барилгын төсөвт өртгийн 13 хувь нь ажилчдын хөдөлмөр хамгаалалд зарцуулагдах ёстой.

(…13 хувийг ажилчдын хөдөлмөр хамгаалалд зарцуулах ёстой)

Шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн ихэнх барилга улсын төсвөөр баригджээ.

(Хангалтгүй дүн авсан ихэнх барилгыг улсын төсвөөр барьжээ) 

“-гд”-ийн илүүдлийг арилгая

Монгол хэлний найруулгыг харьжуулсан “-гд”-ийн илүүдэл хэт газар авч буйг хэвийн үзэгдэл болгон зөнд нь орхимгүй байна. Их зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх нараас аваад бичгийн хэлний боловсролтон нарын зохиол бүтээлээс зөвхөн идэвхгүй хэвийн энэ нөхцөлийг ямар тохиолдолд хэрхэн хэрэглэж байсныг хэрэг болгон үзээд, өнөөгийн элдэв нийтлэлтэй харьцуулбал, олонхоороо эх хэлдээ элэггүй хандаж байгаад даанч харуусмаар...

Санаа тавивал, “-гд”-ийг илүүдүүлэлгүй бичихэд бэрх бус хэмээн сонины мөрөөс авсан хэдэн жишээг залруулан үлгэр болгоё.

Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр зохиогдож буй ажил – ажлын байрыг нэмэх зорилгоор зохиож буй ажил; ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг – ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг; засвар хийгдсэн байр – засвар хийсэн /засварласан/ байр; хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууц – хөтөлбөрийн хүрээнд барих орон сууц; зальт этгээдэд хууртагдах – зальт этгээдэд хууртах; үзэсгэлэн нээгдлээ – үзэсгэлэн нээлээ; тавигдах шаардлага – тавих шаардлага; батлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль – батлан итгэмжилсэн их дээд сургууль, цалингаа нэмэгдүүлэх – цалингаа нэмүүлэх; гээгдүүлсэн тул хүчингүйд тооцно уу – гээсэн тул хүчингүйд тооцно уу; тусгай зөвшөөрлүүд цуцлагдах үндэслэл – тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл; ажил олгогчдодоо сонгогдсон хүмүүсийг явуулна – ажил олгогчдын сонгосон хүмүүсийг явуулна; хэрэг бүртгэгдэн шалгагдсан – хэргийг бүртгэн шалгасан; татвараас чөлөөлөгдөх өдөр – татвараас чөлөөлөх өдөр; интернетийнхээ хурдыг нэмэгдүүлж болно – интернетийнхээ хурдыг нэмж болно; захиалга явагдаж байна – захиалга авч байна, тулгар төр байгуулагдсаны ой – тулгар төр байгуулсны ой гэх мэт.

Үүнчлэн уншигч та бүхэн -гд илүүдэж буй эсэхийг нягталж, эх хэлнийхээ зүй тогтолд нийцүүлэн бичиж найруулахыг хичээгээрэй. (М.Баярсайхан) 

   Орчин цагийн монгол хэлэнд -д/-т дагавар залгасан авт-, хүрт-, гарт- зэрэг үйл үндсийн араас -гд орж автагд-, хүртэгд- гэж хэрэглэж байгаагаас хэлний хувьсал өөрчлөлтийн хандлагыг харж болно. Харин бүтээврийн найруулга, хэлний хэм хэмжээний үүднээс алдаа гэж үздэг. Учир нь үгийн бүтцэд нэг дагавар шууд давхарлан орвол байрын талаар өөрөө өөрийгөө үгүйсгэдэг юм.

   Хамтран үйлдэх буюу үйлдэлцэх хэв

  Энэ хэв нь тухайн үйлийг хоёр ба түүнээс олон эзэн хамтран үйлдэх утга илтгэдэг. Үйлдэлцэх хэвийн утгыг үйл үгийн үндсэнд -лц дагавар залгаж илрүүлнэ. Жишээ нь: хэлэлц-, харилц-, оролц-, ярилц-, солилц- гэх мэт.

   Хамтран үйлдэх хэвийн дагавартай холбоотой найруулгын алдаа харьцангуй бага гардаг. Гэхдээ нэг өгүүлбэрт -лц дагаврыг олон давтсан, нэг эзний үйлэнд -лц дагавар илүү хэрэглэсэн алдаа тохиолдоно. Ийм алдааг засахад илүү орсон үйлдэлцэх хэвийн дагаврыг хасаж найруулна. Зарим үйлдэлцэх хэвт үйлийг нэг эзний талаас найруулах боломжтой.

Болд МУИС-д суралцаж байлаа.

(Болд МУИС-д сурч байлаа)

   Харилцан үйлдэх буюу үйлдэлдэх хэв

   Хоёр ба түүнээс эзэн оролцож, үйлийг харилцан гүйцэтгэх санааг илтгэсэн үйл үгийн хэлбэрийг үйлдэлдэх хэв гэнэ. Үйлдэлдэх хэвийн утгыг үйл үгийн үндсэнд -лд дагавар залгаж илрүүлнэ. Хамтран үйлдэх хэвийн -лц дагавар хоёр талын этгээд нэг үйлийг хамтран гүйцэтгэх утга илтгэдэг бол, -лд дагавар их төлөв хоёр талын этгээд бие биеийн эсрэг чиглэж нэг үйлийг гүйцэтгэх үүрэгтэй байдаг аж. Жишээ нь: бөх барилдах, хүүхэд ноцолдох, морь уралдах гэх мэт.

   Харилцан үйлдэх хэвийн дагавартай холбоотой найруулгын алдаа харьцангуй бага боловч тус хэвийн дагаварт үгийн үйлийн эзнийг олон тооны дагавраар хэлбэржүүлсэн алдаа гардаг байна. Тухайлбал,

Үзүүр түрүүний бөхчүүд барилдаж эхэллээ.

(Үзүүр түрүүний бөх барилдаж эхэллээ)

Энэ үеэр 6 насны морьд уралдаж, хүчит 32 бөх барилдсан юм.

(… 6 насны морь уралдаж)

   Олноороо үйлдэх буюу үйлдэцгээх хэв

   Энэхүү хэв нь аливаа үйлийг олноороо үйлдэх утгыг илтгэх бөгөөд үйл үгийн үндсэнд -цгаа (-цгээ, -цгоо, -цгөө) дагавар залгаж илрүүлнэ. Жишээ нь: Дасгалаа хурдан хийцгээ гэх мэт. -цгаа дагаврыг уламжлалт хэл зүйн бичгүүдэд “байдлын нөхцөл” гэж нэрлэж байсан. Гэвч энэ дагавар нь үйлийн эрчимтэй, эрчимгүй болох, нэг удаа болох, эсвэл давтагдан болох зэргээр ямар нэг үйлийн болц байдал заадаггүй, харин тухайн үйлийг олон эзэн гүйцэтгэх утга илтгэдэг учир сүүлийн үед хэвийн дагаварт багтаах болсон байна.

   Олон эзэн гүйцэтгэж буй үйлд онцын шаардлагагүй үед олноороо үйлдэх хэвийн дагавар залгах найруулах алдаа түгээмэл гардаг байна. Ийм алдааг засахдаа өгүүлбэрт тодорхой үүрэггүй байгаа үйлдэлцэх хэвийн дагавар юм уу, эсвэл үйлийн олон эзнийг хасан найруулна. Жишээ нь:

Тэд их л шаргуу ажиллацгааж байлаа.

      (Тэд их л шаргуу ажиллаж байлаа)

Биед илч нэмэх эсгий эдлэлээ байнгын хэрэглээгээ болгоход хамтран ажиллацгааж хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

(... хамтран ажиллаж)

... гэрээнд талууд гарын үсэг зурцгаасан билээ.

(...гэрээнд гарын үсэг зурцгаасан / талууд гарын үсэг зурсан)

Сүүлд засварласанБаасан, 20 1-р сар 2017 07:25
Дээш