Menu

Хамаатуулах нөхцөлийн найруулга

   Хоёрдугаар биед хамаатуулах чинь, тань нөхцөлийг чухам хэнд хандан хэлж буйгаас хамаарч, ялгамжаатай хэрэглэдэг. Ахмад хүнд хандсан яриа, бичгийн найруулгад тань, дүүмэд хүнд хандахад чинь нөхцөлийг хэрэглэнэ. Жишээ:

    Нэг үндэстэй биеийн төлөөний нэр (чи, та), хамаатуулах нөхцөлийг (чинь, тань) нэг өгүүлбэрт давтахгүй. Жишээ:

Гуравдугаар биед хамаатуулах “нь” нөхцөлийг нэг өгүүлбэрт олноор нурших нь найруулгын чанарыг бууруулдаг. Жишээ: 

Биед хамаатуулах нөхцөлийг зөв хэрэглэх нь

    Монгол хэлний нэр үгийн хувиллын эцсийн туйл болдог хамаатуулах нөхцөлийг хэл найруулгад зөв хэрэглэх явдал чухал. Нэгдүгээр биед хамаатуулах “минь”, “маань” нөхцөлийн хэрэглээнд илэрхий ташаа зүйл бараг байхгүй.

   Харин хоёрдугаар биед хамаатуулах “чинь”, “тань” нөхцөлийг чухам хэнд хандан хэлж буйгаас хамаарч, ялгамжаатай хэрэглэдэг. Ахмад хүнд хандсан яриа, бичгийн найруулгад “тань”, дүүмэд хүнд хандахад “чинь” нөхцөлийг хэрэглэвэл зохино. “Алдар нэр тань хэн бэ?”, “Нэр чинь хэн бэ?” гэсэн хоёр өгүүлбэрийн найруулгын өнгө аяс эрс ялгаатайг эрхэм уншигч та андахгүй биз ээ. Зарим хүн ахмад дүүмэд алинд ч ялгалгүй “тань” нөхцөлийг хэрэглэж байдаг нь бусдыг хүндэтгэж буйгаа хэл яриагаараа илэрхийлж буй сайхан чанар юм. Энд дурдууштай нэг зүйл бол “Таны бие лагшин тань тунгалаг уу?”, “Чиний хичээл ном чинь сайн уу?” гэх зэргээр “таны, чиний” төлөөний үгийг “тань, чинь” биед хамаатуулах нөхцөлтэй нэг өгүүлбэрт хамт хэрэглэж нуршдаг. “Таны бие лагшин тунгалаг уу?”, “Чиний хичээл ном сайн уу?”, “Бие лагшин тань тунгалаг уу?”, “Хичээл ном чинь сайн уу?” гэж хэлж ярих нь зүйтэй.

Өгүүлэхэд өртөж буй гуравдугаар биед хамаатуулах “нь” нөхцөлийг нэг өгүүлбэрт олноор нурших нь найруулгын чанарыг бууруулдаг. Тийм учраас, зохистой газарт зөв хэрэглэж сурах хэрэгтэй. “Ерөнхийлөгчийн хэлсэн үг нь УИХ-ын гишүүдийн төсөөлж байснаас нь хол зөрсөн нь тэдний хүлээн авч байгаа байдлаас нь илэрхий байв” гэсэн өгүүлбэрт “нь” нөхцөлийг дөрвөн удаа давтжээ. Ингэж хэрэггүй газарт “нь” нөхцөлийг нуршин хэрэглэх нь найруулгын өнгө аяст сөргөөр нөлөөлөөд зогсохгүй утга агуулгыг ч бүрхэгдүүлэх талтай юм. Дээрх өгүүлбэрийг “Ерөнхийлөгчийн хэлсэн үг УИХ-ын гишүүдийн төсөөлж байснаас хол зөрсөн нь тэдний хүлээн авч байгаа байдлаас илэрхий байв” гээд бичихэд гойд найруулга биш ч нуршсан зүйлгүй, уншигчийн ухаж ойлгоход илүү дөхөмтэй юм.

Бас сүүлийн үед сонин хэвлэлд “Солонгосын визийн хураамжийг банкинд төлж болох нь”, “УИХ-ын дарга удахгүй огцрох нь” гэхчлэн гуравдугаар биед хамаатуулах нөхцөлийг буруу хэрэглэж байна. Энэ нь тодотгон холбох -х нөхцөлийн араас цагаар төгсгөх -на4 нөхцөлийг залган хэлбэржүүлдэг хар ярианы гажууд үзэгдлийг бичгийн хэлэнд шууд буулгаснаас үүдэлтэй юм. Харин эрдэм шинжилгээний найруулгад үйлийн тодотгон холбох нөхцөлийн араас биед хамаатуулах нөхцөлийг залгаж, бүлэг хэсгийн гарчгийг нэршүүлэн бичдэг онцлог бий. Тэгэхээр өмнөх хоёр өгүүлбэрийг “Солонгосын визийн хураамжийг банкинд төлж болно”, “УИХ-ын дарга удахгүй огцорно” гэж, цагаар төгсгөх нөхцөлөөр хэлбэржүүлэн бичих ёстой. (Д.Заяабаатар)

 

...мөртлөө, ...

Толь бичгүүдээс үзвэл “мөртөө” /Moi* Dekea/ хэмээх үг нь 1. чигээрээ, мөрөөрөө, зөнгөөрөө, мөрөө хөөсөн; 2. зам гудас, далимдаа, 3. өсөд ондоо, өөр гэсэн хэд хэдэн утгатай ажээ.

Монгол хэлэнд нэг юм, үзэгдэлд хамаатай хоёр ба түүнээс дээш үйл хөдлөл, шинж чанарыг эсрэгцүүлэн онцолж дурдахад “байтал, байтлаа, атал, атлаа, хирнээ” гэх мэтийн үгийг холбоосын үүргээр хэрэглэдэг. Жишээлбэл, “Ургасан байтлаа тарьсан юм шиг”, “Төрсөн байтлаа зурсан юм шиг” гэх мэт. Тэгвэл, “мөртөө” гэдэг үгэнд мөн ийм утга үүрэг бий. Жишээнд буй “байтлаа” гэдэг үгийг “атлаа”, “мөртөө” зэрэг үгээр солин найруулахад утга нь төдийлөн гажихгүй байна.

 Гэвч, хэвлэл нийтлэлд “мөртөө” гэхийг “мөртлөө” хэмээн буруу бичих болоод уджээ. Үүнд, “мөртлөө” гэж бичээд ирсэн хүмүүсийг буруутгах хэрэггүй. Харин залруулан зөв бичлэгийг нь таниулалгүй явж ирсэн хэлний мэргэжилтнүүд буруутай юм. Тэр ч байтугай, зарим толь бичигт хүртэл “мөртлөө” гэсэн бичлэгийг оруулж “баталгаажуулсан” байх юм. Чухамдаа монгол хэлэнд “мөртлөө” гэсэн үг ерөөс байгаагүй, байж ч таарахгүй. Үүнийг зөвхөн “л” үсэг илүүдсэн төдий жижиг асуудал юм байна хэмээн хайхрамжгүй хандаж болохгүй. 

Ингэж ташаа бичих болсны учир нь энгийн ярианд “мөртөө” гэдэг үгийг ойролцоо утга үүрэг бүхий “байтлаа, атлаа” гэдэг үгсийнх нь адил “-тлөө” гэсэн ижил төгсгөлтэй байх ёстой мэт санаандгүй адилсуулан хэлчихдэгээс болжээ. Эхний үгсийг утгат хэсгээр нь задалбал, бай-тал-аа, а-тал-аа болно. Хоёр дахь үгийн “а-” гэсэн үндэс нь эхний бай- гэдэгтэйгээ адил утгатай үйл үг. Араас нь залгасан “-тал, -тэл, -тол, -төл” нөхцөлийг үзтэл, хартал, өгтөл, бодтол гэх мэтээр зөвхөн үйл үгэнд залгадаг. Гэтэл “мөр” гэдэг нэр үгэнд “-төл-өө” гэж залгасан юм шиг бичих нь илэрхий гажуудал юм. Жаахан цаашлуулбал, мөр гэдэг нэр үгэнд -жээ, -в, -мөгц, -хлөөр, -нгүүт зэрэг үйл үгийн нөхцөлийг залгаж мөржээ, мөрөв, мөрмөгц, мөрөхлөөр, мөрөнгүүт хэмээсэн мэт доог болохуйц хэрэг буюу.

Аль ч хэлний нэр ба үйл үгэнд залгах нөхцөл бүр нь байр, утга, үүргийн хувьд харилцан ялгавартай бөгөөд хэзээ ч хутгалддаггүй. Нэр үгийг үйл үгтэй хольж хутгадаг бүдүүлэг алдаа манайхаас өөр газар лав байхгүй биз ээ. Иймд, хар ярианы элдэв тохиол дахь адилтгалаар бий болсон хэлний тогтолцоот бус үзэгдэл, цэгц журамгүй зүйлийг бичиг зохиолын хэлэнд нэвтрүүлэх учиргүйг санууштай. Та “...мөртлөө,...” хэмээн бүү бичээрэй. (М.Баярсайхан)

 

    

 

 

 

Сүүлд засварласанБаасан, 20 1-р сар 2017 07:12
Дээш