Menu

Тийн ялгалын нөхцөлийн найруулга

    Тийн ялгалын нэг нөхцөлийг өгүүлбэрт олон давтахаас аль болох зайлсхийнэ. Гэвч харьяалахын тийн ялгалын нөхцөл бүхий зэрэгцсэн тодотгогч давтан орох шаардлага түгээмэл бий.

   Заахын тийн ялгалын -ыг/ийг/г нөхцөл болон тэг хувилбарыг зохистой хэрэглэнэ. Тусах үйл үгийн өмнө онцолсон нэрийг-ыг/ийг/г 

нөхцөлөөр хэлбэржүүлнэ. Жишээ нь: Би ном уншсан. Би тэр номыг уншсан.

Мөнх тэнгэрийн хүчинд...

   Аливаа зарлиг, гэрэгэ, пайз тэргүүтний эхэнд мөр тэтгэн бичсэн “Мөнх тэнгэрийн хүчинд” хэмээх хэвшмэл хэллэгийг “Мөнх тэнгэрийн хүчин дор” хэмээн эндүү буулгасаар байна.

    Монгол бичгийн эртний дурсгал дахь өгөх оршихын тийн ялгалын нөхцөл нь -дур/-дүр, -тур/-түр, -да/-дэ, -та/-тэ зэрэг хэдэн хувилбартай байсан бөгөөд тэр бүгдийг орчин цагийн монгол хэлэнд -д/-т гэж хөрвүүлнэ.

   Эдүгээ “Мөнх тэнгэрийн хүчин дор...” гэж буулгасан эхийг хэлбэрийн хувьд “мөнх тэнгэрийн хүчин доор” гэсэн орон зайн утгаар, агуулгын хувьд “мөнх тэнгэрийн эрхшээлд” гэж ухахад хүрнэ. Гэтэл энэ хэллэг нь “мөнх тэнгэрийн ивээлд шүтэж, хүчинд дулдуйдаж” гэсэн гүн агуулгатай юм.

   “Мөнх тэнгэрийн хүчинд” хэмээх хэллэг 1246 оны Гүюг хааны тамгын бичиг, 1261, 1268 оны Хубилай хааны зарлиг, 1277 оны Зэвтөмөрийн зарлиг болон Тогтога, Өзбег, Абдулла, Келдибег-ийн пайзын бичээсийн эхэнд тохиолдоно. Мөн дөрвөлжин үсгээр уламжилсан зарлиг, гэрэгэ бүрийн эхэнд бичсэн буй. Тэгэхээр, энэ үгийг албан бичиг болгонд бичээд байдаггүй төрийн тамга, зарлиг, гэрэгэ-ний зүйлд оруулдаг уламжлалтай байжээ. Дашрамд дурдахад, энэхүү хэллэгийг эрдэмтэн Го.Мижиддорж “титим үг”, Д.Бадамдорж “тахил үг” гэж нэрлэсэн байна.

   Харин 1289 онд Аргун хаанаас Францын IV Гоо Филипп ванд илгээсэн захидалд “Мөнх тэнгэрийн хүчинд Хааны сууд” хэмээх “титим үг”-ийг мөр тэтгэн бичсэн байдаг бөгөөд үүний учир нь уг захидлын агуулгад оршино. Уг захидал нь “Мөнх тэнгэрийн хүчинд Хааны сууд Аргун үг маань Ирэд Баранс-а (=Францын ванд) Ноднин чи мар (=шашны цол) Бар -савм-а (=несториан шашны элч, сири хүн) сагур-а (=сири хэлний айлчлан сурвалжлагч гэсэн үг) тэргүүтэн элчнээр очиж илээрүүн (=илгээрүүн) Ил хааны цэргүүд Мисирийн (=Египет) зүг морилбоос бид бээр эндээс морилж хамсъя хэмээн өчиж илээснийг (=илгээснийг) чинь зөвшөөж (=зөвшөөрч) тэнгэрийг залбирч барс жил өвлийн эцэс сард морилж, хаврын тэргүүн сарын арван тавнаа Дамаскийг (=Сирийн Дамаск хот) бууя хэмээвэй. Эдүгээ үнэн үгтээ хүрэн цэргүүдээ болзолд илээн (=илгээн) тэнгэрт мөр өгтөж (=ивээгдэж) тэд иргэ (=иргэнийг) авбаас Иерусалимийг танаа өгье. Гэм болзол хождож цэргүүдийг нэмүүлбээс юу зохих. Хойно бээр гэнэвээс (=гэмшвээс) юун тус...” гэсэн цэрэг дайны агуулгатай, сүр хүчийг үзүүлсэн өнгө аястай билээ.

  Үүнтэй адил “багш дор мөргөмү, ном дор мөргөмү, хувраг дор мөргөмү” бус “багшид мөргөмү, номд мөргөмү, хуврагт мөргөмү” гэвэл зөв болно. (Д.Заяабаатар)

 

“Дээр”-ийн хэрэглээ дэндлээ

Манайхан соёл, шинжлэх ухааны олон салбарын утга зохиол, тал бүрийн мэдлэг, мэдээллийг орос хэлээр уншиж ашигласаар ирсэн боловч, орос хэлний “на” угтварын илэрхийлэх олон утгыг тэр бүр ялган салгахгүй, их төлөв “дээр” гэсэн үгээр махчилж орчуулсаар иржээ. Үүнд нь нийтээр дасан дассаар “дээр”-ийн хэрэглээ дэндээд байгааг олж ухаарахгүйд хүрлээ. Хэрвээ үе үеийнхний бичиг зохиол дахь “дээр” гэсэн үг бүхий холбоо үгийг бүртгэж харьцуулан үзвэл, эрхбиш их зөрүү гарах нь дамжиггүй байна.

 Байцаан үзвэл, “энэ хэлэлцээн дээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчид байх ёстой”, “шалгаруулалтын үндсэн дээр гэрчилгээ олгоно”, “уулзалтан дээр үг хэллээ”, “үе шат болгон дээрээ”, “УИХ дээр хуулийн төсөл явж байхад”, “тэмцээн дээр бэртэл авсан”, “англи хэлэн дээр орчуулах” гэх мэтээр “дээр”-ийг зүй бус хэрэглэсэн жишээ хаа сайгүй таарч байна. Эдгээр жишээн дэх онцолсон холбоо үгсийг “хэлэлцээний үед”,”үндсэнд”, “уулзалтад”, “болгонд”/бичгийн найруулгад бол “бүрдээ” гэх/, “УИХ-д”, “тэмцээний үеэр”, “хэлээр” гэж залруулбал зүйтэй болох юм.

 Судар Бичгийн Хүрээлэнгийн гишүүн асан, эрдэмтэн Ж.Цэвээн гуай зэрэг манай хуучны сайхан монгол бичгийн хэлтэн өтгөсийн бичсэн зүйлд “Галд тос нэмэх” гэж бичсэн байх аж. Одоо “Гал дээр тос нэмэх” гэдэг болжээ. Бүр хэтрээд, бараг “усан дээр чулуу хаях”, “хоолон дээр давс хийх”, “Далай дээр дусал нэмэр”, “Үнсэн дээр хаясан шалз шиг” хэмээн хэлж бичих нь ердийн үзэгдэл болоод байгаа юм биш үү.

 Монгол хэлнээ “дээр” гэдэг үгийг: 1.“доор”-ын эсрэг утгаар (цаасан дээр нэргүй, цасан дээр мөргүй; орой дээр гарах г.м.); 2. харьцангуй илүү, давууг илтгэх утгаар (хэвтэж суусан мэргэнээс хэсэж явсан тэнэг дээр; олонтоо сонссоноос олж нэг үзсэн нь дээр г.м.); 3. аливаа зүйлд нэрмээс, нэмэр болохыг илтгэхэд (хазайсан дээр нь түлхэх, хахсан дээр нь нудрах; нэг дээр нэгийг нэмэх г.м.); 4. тодорхой аль нэг газрыг заахад (хил дээр саатуулах; сургууль дээр уулзацгаах г.м.); 5. тухайн үедээ хэмээхийг онцлох (хэлэх үгийг нүүр дээр нь, сонин дээрээ соохолзох, сониноо буурахаар гоохолзох г.м.) зэрэг утга үүргээр хэрэглэдэг ажээ. Харин энэ үгийг буруу хэрэглэсэн жишээ их төлөв өгөх оршихын тийн ялгалын “-д, -т”, үйлдэхийн тийн ялгалын “-аар, -ээр, -оор, -өөр” нөхцөлийн байранд тохиолдож байна. (М.Баярсайхан)

 

Тэрээр, тэрбээр гэж бичих буруу

Сонгодог монгол бичгийн хэлнээ идэвхтэй хэрэглэж байсан сул үгийн нэг нь “бээр” юм. Орчин цагийн монгол бичгийн хэлнээ бараг төлөв гуравдугаар биеийн төлөөний үгийн ганц тоог илтгэдэг “тэр” хэмээх үгийг онцлоход хэрэглэх болжээ. Чингэхдээ, “тэр” хэмээх үг өгүүлбэрт өгүүлэгдэхүүн гишүүний үүргээр орсон тохиолдолд, тэрхүү үйлийн эзнийг нь чухалчлан онцлохын тулд “бээр”-ийг хэрэглэдэг байна. Ер нь “бээр” сул үгийг үйлийн эзэн болсон хүний нэр болон хүний тухайт үгийн хойно зохисыг нь олж хэрэглэвэл найруулгын өнгө аяс эвтэй болох тал ч байдаг.

Ажиглавал, хэвлэл нийтлэлийн зүйлд “тэрээр, тэрбээр” гэх мэтээр буруу бичиж хэвших хандлага байна. Үүнд, “тэрээр” гэсэн бичлэг нь “бээр” сул үгийн дүрсийг эвджээ. Монгол бичигт галиглавал “ber” гэж тусад нь бичдэг хоёр махбод /элемент/ бий. Нэг нь “бээр” гэсэн дуудлагатай, бидний өгүүлж буй сул үг. Нөгөө нь хоёр эгшгийн хооронд орж хэлэгдсээр “б” гийгүүлэгч нь сулран сугарч “-ээр” дуудлагатай болсон үйлдэхийн тийн ялгалын нөхцөл юм. Сул үгийг тийн ялгалын нөхцөлтэй хольж хутган ухаарснаас “тэрээр” гэсэн буруу бичлэг үүсжээ.

“Тэрбээр” гэсэн бичлэг нь зөв бичих зүйг зөрчсөн байна. Одоо даган барьж буй “Үсгийн дүрэм”-д “бэ, вэ, юу, юү, уу, үү” зэрэг асуух сул үг, “за” хэмээх зөвшөөрөх сул үг, “ч, л, шүү, даа, дээ, доо, дөө” зэрэг онцлох болон батлах сул үг, “уруу” дагавар үг, “аа, ээ, оо, өө” дуудах аялга үг зэргийг цөм саланги бичихээр заажээ. Басхүү, тэрхүү, мөнхүү, энэхүү гэх мэтээр “хүү”-г монгол бичиг, кирил бичгийн аль алинд хамт бичдэг заншил буйг эс тооцвол, сул үгийг хамт бичих дүрэмгүй. “Тэрбээр” гэж бичих нь хэдийгээр дуудлагыг нь зөв тэмдэглэсэн боловч, нөхцөл дагаврын адил хамт бичсэн нь журамгүй болжээ. Иймд “тэр бээр” хэмээн салгаж бичих нь зүйтэй юм. (М.Баярсайхан)

 

 

 

 

Сүүлд засварласанБаасан, 20 1-р сар 2017 07:04
Дээш