Menu

Олон тооны бүтээврийн найруулга

   Орчин цагийн монгол хэлэнд ерөнхий буюу хэсэг олон тоо заах -ууд2, -нар, -д, -с, -чууд2, -уул2 дагавар буй. Эдгээр дагавар найруулгын өнгө аяс илтгэх шинжээрээ төдийгүй үүрэг, давтамжийн хувьд ч бие биеэсээ ялгаатай болсон байна. Түүнчлэн зарим нь олон тоо заах үүргээ алдаж үг бүтээх үүрэгтэй болсон бол нэг хэсэг нь үгийн язгуурт шингэж ард, баяд, дөрвөд, сайд гэх мэтээр олон тоо заадаггүй болжээ.

1. -ууд2 (-нууд2) дагавар: нэрийн үндсэнд залгаж байшингууд, моднууд, номууд, хүүхдүүд, ширээнүүд гэх мэтээр олны утга илтгэнэ.

2. -нар дагавар: жинхэнэ нэрийн үндсэнд дагуулж ах нар, багш нар, дүү нар, лам нар, эмч нар гэх зэргээр хам олны утга илтгэнэ. Энэ дагаврыг зөвхөн хүн заасан нэрийн үндсэнд залгана.

3. дагавар: нэрийн цөөн үндсэнд залгаж амьтад, баяд, бурхад, зочид, малчид, модод, морьд, мэргэд, ноёд, охид, тойд, хаад, хатад, шувууд, эзэд зэргээр хам олны утга илэрхийлнэ. дагаврыг -л, -н, -р гийгүүлэгч болон хос эгшгээр төгссөн үндсэнд залгахад төгсгөлийн гийгүүлэгч (түшмэл - түшмэд, охин - охид, нөхөр - нөхөд), хос эгшиг (нохой - ноход) хураагдана.

4. дагавар: нэрийн үндсэнд залгаж ахас, ихэс, доодос, дээдэс, залуус, нэрс, нялхас, уулс, үрс, үүлс, хойчис, эмс, эрс гэх мэтээр хам олны утгатай жинхэнэ нэр бүтээнэ. -с, -д дагавар нь авианы сэлгэцээр үүссэн хувилбарууд байснаа тус тусдаа бие даасан дагавар болон хөгжжээ.

5. -чууд2 дагавар: нэрийн үндсэнд залгаж багачууд, баячууд, борчууд, залуучууд, идэрчүүд, сайчууд, томчууд, урчууд, харчууд, эрчүүд гэх мэтээр хүний холбогдолтой жинхэнэ нэр, оноосон нэрийн үндсэнд залгаж монголчууд, япончууд гэх мэтээр ерийн нэр бүтээнэ. -чууд2

дагавар ярианы хэлэнд -чуул2 хувилбараар илрэх тохиолдол буй.

6. -уул2 дагавар: орон байр заасан цөөн үндсэнд залгаж хойдуул, урдуул, дээдүүл, доодуул зэрэг хам олны утгатай нэр үг бүтээнэ.

Тооны бүтээврийн найруулгад анхаарах зүйл

Тооны бүтээврийг дараах тохиолдолд хэрэглэхгүй.

- Тоолж болохгүй зүйл: элс, шороо, ус, цас, бороо

- Хос эрхтний нэр: нүд, гар, хөл

- Ертөнцөд ганц байдаг юм: нар, дэлхий

- Хийсвэр ухагдахуун: сэтгэл, хайр, гуниг

- Оноосон нэр

- Олны утгатай тодотгол бүхий үг: олон хүн, цөөн гэр

- Олны утгатай үйл үгийн холбогдох нэр үг: мал бэлч-, од түг-

- Харилцан үйлдэх хэвийн -лд бүтээвэр бүхий үйл үгийн холбогдох нэр үг: бөх барилд-

(“Олон тооны бүтээврийг залгах нийтлэг дүрэм” /Үг холбох хувилгах дүрэм /-ээс дэлгэрүүлэн үзнэ үү)

   Олон тооны утга илтгэх эдгээр дагавар нь олон тоо заах нийтлэг үүрэгтэй боловч хэрэглээнд олон өнгө аястай болон хөгжиж, нэг хэм хэмжээнд баригдахгүй болсноос үүдэж хэлний хэрэглээнд дараах зөрчил буюу гаж хэрэглээ бий болжээ.

   Ижил утга үүрэгтэй дагаврыг давхарлан залгасан алдаа

   Ард (аран), сайд (сайн) зэрэг үгэнд дагавар үндсэндээ шингэн олны утгаа алдаж, улмаар түүний араас мөн утга бүхий -ууд2 (ардууд, сайдууд) дагавар орох болжээ. Гэтэл зарим үгэнд, тухайлбал охин - охид, ноён - ноёд, би - бид гэх мэтээр -д дагавар үндсэн үүргээ гүйцэтгэж байхад түүний араас дахин олны утга бүхий -ууд2, -нар4 дагаврыг давхар залгаж охидууд, ноёдууд, бид нар, тэд нар гэх мэтээр хэрэглэх алдаа түгээмэл байдаг. Мөн олон тооны дагавар залгасан эмс, хүмүүс зэрэг үндсэнд дахин олны утга илэрхийлэх -ууд2 (эмсүүд, хүмүүсүүд) дагавар залгах алдаа ажиглагдаж байна. Хэлний хэм хэмжээний үүднээс нэг үгэнд ижил үүрэгтэй дагавар дараалан орох ёсгүй. Аливаа зүйлийг найруулан бичихдээ дээрх зүйлийг  анхаарвал зохино. 

   Тооны зохицолтой холбогдох зарим алдаа

   Орос, англи, герман зэрэг энэтхэг-европын хэлэнд тодотгогч, тодотгуулагч хоёр болон өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн хоёр хоорондоо тоогоор зохицдог. Эртний монгол хэлэнд тооны зохицлын ул мөр байсныг Бичиг маань долоон зууд нэгэн (701)  одод (он) барс жил хаврын эцэс сарын арван дөрвөнөө Хос-хавуха бүхийд бичив (Хасан хааны захидал, 1302 он) зэрэг дурсгалаас танин мэдэж болдог. Харин орчин цагийн монгол хэлэнд тооны зохицол байхгүй гэж үзэж болно.

  Тиймээс тодорхой болон тодорхойгүй тооны тодотголтой жинхэнэ нэр олон тооны дагавраар хэлбэржихгүй. Үүнийг зөрчсөн арав орчим оюутнууд (арав орчим оюутан), мянга гаруй ажилчид (мянга гаруй ажилчин), олон хүмүүс (олон хүн), зарим асуудлууд (зарим асуудал), хэсэг хүүхдүүд (хэсэг хүүхэд), газар газрын хүмүүс (газар газрын хүн) гэх мэт алдаа аман ба бичгийн хэлэнд түгээмэл тохиолдож байна.

  Түүнчлэн монгол хэлэнд өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүний хооронд тооны зохицол байхгүй. Тиймээс хоёр ба олон эзнээр гүйцэтгэгдэх үйл хөдлөл заасан үйл өгүүлэхүүнтэй байвал морь уралдах, бөх барилдах, оюутан цуглах гэх мэтээр өгүүлэгдэхүүн нь олон тооны дагавраар хэлбэржихгүй. Үүнийг зөрчсөн морьд уралдах, бөхчүүд барилдах, оюутнууд цуглах зэргээр алдаа цөөнгүй бий. 

   Дагаврын найруулгын ялгамжийг үл мэдэхээс үүдсэн алдаа

  Монголчууд эрт дээр үеэс эхлэн бүхэл бүтэн ард түмэн, үндэстэн угсаатныг нэрлэхдээ -чууд2, -ууд2 гэсэн олон тооны дагавар хэрэглэсээр ирсэн билээ. Жишээлбэл: оросууд, америкууд, энэтхэгүүд, хятадууд гэхчлэн хэлж нэрлэдэг. Харин аль нэгэн улс орны дотоод дахь аймаг, хошуу, хот балгадын оршин суугчид буюу нутаг нугынхныг олон тоонд хамаатуулан нэрлэхдээ хотынхон, манай нутгийнхан, Булганыхан, Сайн ноёныхон гэх мэтээр -хан, -хон, -хэн гэсэн арай бэсрэг тоо хэмжээг илэрхийлсэн хамаатуулах дагаврыг хэрэглэж ирсэн уламжлалтай. Гэтэл Улаанбаатарчууд, Баянголчууд, Төв аймагчууд, Дарханчууд гэх мэтээр буруу хэрэглэх тохиолдол нэлээд түгээмэл аж.

  Жинхэнэ нэрийн тооны айтай холбогдох хэл зүйн найруулгын хэм хэмжээ, түүнийг зөрчих тохиолдлуудын талаар дээр тэмдэглэсэн тайлбарыг анхаарч зөв зохистой ярьж, бичиж сурах нь эх хэлний боловсролын нэгэн чухал чадвар болно.

           Охидууд, олон охид

Орчин цагийн монгол хэлний яриа, бичгийн найруулгад бид нар, охидууд, нөхдүүд, түшмэдүүд, үрсүүд, дээдсүүд гэхчлэн олон тооны бүтээврийг давхцуулан хэрэглэх тохиолдол цөөнгүй бөгөөд ихэвчлэн -д, -с бүтээврийн араас -ууд/-үүд хэлбэрийг залгаж байна. Эдгээр үгийг утга зохиолын хэлний хэм хэмжээний үүднээс бид, охид, нөхөд, түшмэд, үрс, дээдэс зэргээр бичих нь зүйтэй. Харин тийнхүү буруу хэвшиж буйн учир шалтгааныг тодруулан тайлбарлая.

Хэлний тогтолцоонд адил утгатай хэл зүйн хэлбэр олшрох тусам харьцангуй хожуу үүссэн бүтээвэр нь үүргээрээ илүү давамгайлж, эрт үед хэрэглэгдэж байсан бүтээврийн хэрэглээг шахдаг байна. Монгол хэлний түүхэн хөгжлийн баримт дурсгалд олон тооны бүтээврийг хэрэглэж ирсэн байдлыг ажвал -д, -с бүтээвэр илүү бүтээлч, -ууд/-үүд, -нууд/-нүүд, -нар/-нэр бүтээвэр харьцангуй цөөн тохиолдоно. Харин орчин цагийн монгол хэлэнд -ууд/-үүд, -нууд/-нүүд бүтээвэр илүү бүтээлч шинжтэй болжээ. Үүний тодорхой нуталгаа нь орчин цагийн монгол хэлний нэр үгийн үг зүйн тогтолцоонд олон тооны -д, -с бүтээврийн араас -ууд/-үүд бүтээврийг залган хэлбэржүүлж буй өвөрмөц зүй тогтол юм.

Дүгнэн хэлбэл -д, -с бүтээвэр нь орчин цагийн монгол хэлэнд аран - ард - ардууд, сайн - сайд - сайдууд зэргээр олон тоог илрүүлэх шинжээ бүрмөсөн алдаж, охин - охид - охидууд, нөхөр - нөхөд - нөхдүүд, дээд - дээдэс  -дээдсүүд мэтээр алдах хандлагатай байна.

Бас нэгэн зүйл, тодотгогч нь олны утгатай атал тодотгуулагчийг мөн олон тооны бүтээврээр хэлбэржүүлсэн олон гишүүд, хэсэг оюутнууд, зарим хүмүүс зэрэг жишээ яриа, бичгийн найруулгад цөөн бус гарч буйг орчин цагийн монгол хэлний хэл зүйн тогтолцооны үүднээс зөвшөөж боломгүй юм. Зүй нь олон гишүүн, хэсэг оюутан, зарим хүн гэж найруулбал зохино. (Д.Заяабаатар)

 

 

 

Сүүлд засварласанБаасан, 20 1-р сар 2017 06:58
Дээш