Menu

Үйл үг бүтэхүй

   Юмс үзэгдлийн үйл хөдлөл, явц байдлыг нэрлэн заасан үгсийг үйл үг гэнэ. Жишээ нь: үз-, ир-, нүү-, яв- гэх мэт. Үйл үгс нь хэв, байдал, цаг, төлөв, биеийн айтай, өгүүлбэрт ихэвчлэн өгүүлэхүүний үүрэг гүйцэтгэдэг.

    Нэр язгуур, үндсээс үйл үг бүтэхүй

   Нэр язгуур, үндсийн араас үйл үг бүтээх дагавар орж тухайн нэрийг үйл үг болгодог. Ингэхдээ нэрийн үндсэнд залгавал үйл үг бүтээх дагавруудын утгаас хамаарч эд зүйлийг эзэмших, эдэлж хэрэглэх, түүнчлэн юм, үзэгдэл өсөж төлжих, хэвшиж дадах зэрэг утга илтгэдэг аж. Харин тэмдэг нэрийн үндсэнд залгавал үйл үг бүтээх дагавруудын утгаас хамаарч үүсгэгч үндсийн утга дагуу шинж тэмдэгтэй болох, болгох, шинж тэмдэг нь ихсэх, багасах, хэтийдэх, хэвшин тогтох зэрэг утга илтгэдэг болно.

   Үйл үг бүтээх дагавруудын нэг хэсэг нь тусах үйл үг, нөгөө хэсэг нь эс тусах үйл үг бүтээдэг. Тусах, эс тусах шинж нь үйл үгийг ангилах үндсэн шалгуур бөгөөд өмнөх үгээ заахын тийн ялгалаар захирч байвал тусах, үл захирч байвал эс тусах үйл үг болно.

    Нэр язгуур үндсээс тусах үйл үг бүтээх дагавар:

   -д дагавар: багаж хэрэгсэл заасан язгуур, үндсэнд залгаж “багаж хэрэгслээр үйлдэх” (бууд-, бүслүүрд-, жолоод-, саваад-, сүлбээрд-, сэлүүрд-, ташуурд-, хөгжимд-, хөшүүрэгд-), мөн үйлэнд өртөн баригдах юм үзэгдэл заасан нэр язгуур, үндсэнд залгаж “тухай зүйлийг барих атгах, эзлэх эрхшээх” (сугад-, хүзүүд- г.м голдуу хүн, амьтны эрхтэн) утга бүхий тусах үйл үг бүтээнэ.

   -л (-на4) дагавар: хүн амьтан, юмс үзэгдэл, шинж чанар, тоо хэмжээ, орон байр, цаг хугацаа, зүг чиг заасан нэр язгуур, үндсэнд залгаж “үйлдэх” утгатай тусах үйл үг бүтээх ба үүсгэгч үндсийн утгаас хамаарч:

   - багаж хэрэгсэл заасан нэр, язгуур үндсэнд залгавал тухайн зүйлийг хэрэглэж үйлдэх (самна-, тамгал-, хазаарла-, хайчил-, хомно-, хутгал-, эмээллэ-),

   - үйлийн үр дүн, үйлэнд өртөх юм заасан нэр язгуур, үндсэнд залгавал тухай зүйлийг эдлэх, эрхлэн үйлдэх, хийж гүйцэтгэх утга (авла-, агна-, дэллэ-, жийрэглэ-, зарцал-, малла-, мэдээл-, нөөцөл-, өмчил- гэх мэт),

  - шинж чанар, тоо хэмжээ заасан нэр язгуур, үндсэнд залгавал тухайн шинж тэмдэг бүхий болгох утга (бөөрөнхийл-, гонзгойл-, дөрвөлжил-, дулаал-, жижиглэ-, илэрхийл-, тодорхойл-, хатуул-, хуурайл-, цэвэрлэ-тус тус илтгэдэг аж.

   Тус дагавар -л, -на4 гэсэн хоёр хувилбартай бөгөөд гам-на-, дом-но-, дэм-нэ-, сам-на-, хэм-нэ- гэх мэт “м”, ан-на-, ган-на-, дайсан-на-, дүн-нэ-, зөн-нө-, орон-но-, сүржин-нэ-, тайлан-на-, хонзон-но-, хошин-но-, шан-на гэх мэт “н(г)” гийгүүлэгчээр төгссөн язгуур, үндсэнд -на4

хувилбарыг залгана. Бүтээврийн нийлц дэх хамрын хоёр гийгүүлэгч харилцан нөлөөлж агна-, гагна-, дайсагна-, дүгнэ-, зөгнө-, орогно-, сүржигнэ-, тайлагна-, хонзогно-, хошигно-, шагна- гэх мэтээр “н(г)” гийгүүлэгч ондоошиж “г” болдог. Бусад гийгүүлэгч, эгшгээр төгссөн язгуур, үндсэнд хувилбарыг нь залгана. Мөн орчин цагийн монгол хэлэнд амла-, нумла-, сумла- зэрэг “м” гийгүүлэгчээр төгссөн цөөн язгуур, үндсэнд дагавар залгах бөгөөд эдгээр нь түүхэн үүднээс богино эгшгээр төгссөн (ама, нуму, суму г.м) язгуур, үндэс юм.

   -чил дагавар: хүн амьтан, юм үзэгдэл заасан нэр язгуур, үндсэнд залгаж айлчил-, алагчил-, амьдчил-, ардчил-, боолчил-, бүсчил-, даяарчил-, загасчил-, загварчил-, зүйлчил-, мэндчил-, нийгэмчил-, өөрчил-, санаачил-, үечил-, үрчил-, үйлчил-, хаанчил-, хошуучил-, хувьчил-, хялбарчил-, шинэчил-, эдүгээчил- гэх мэтээр тухайн зүйлийг “эрхлэн үйлдэх, түүнтэй адилтгах” утгатай тусах үйл үг бүтээнэ. Уг дагаврыг “н” гийгүүлэгчээр төгссөн үндсэнд залгахад төгсгөлийн гийгүүлэгч “в” (нарийвчил-, хөнгөвчил-, хурдавчил-) болно.

   -шаа4 дагавар: адилшаа-, буруушаа-, бэлгэшээ-, бэрхшээ-, дооршоо-, муушаа-, ойшоо-, өршөө-, сайшаа-, төвөгшөө-, тээршээ-, эрхшээ- зэргээр тухайн шинж байдлыг үнэлэн илтгэсэн (буруушаа- буруу хэмээн үзэх) утгатай тусах үйл үг бүтээдэг, бүтээлч бус дагавар юм.

   Нэр язгуур үндсээс тусах үйл үг бүтээх дагавар:

   -д (-с) дагавар: юмс үзэгдлийн шинж чанар заасан тэмдэг нэрийн язгуур, үндсэнд залгаж агааргүйд-, бондгорд-, доорд-, дундад-, ёрдгорд-, задгайд-, зальхайд-, ичимхийд-, махлагд-, намханд-, нялууд-, нялцгайд-, сийрэгд-, сөөнгөд-, туранхайд-, туяханд-, хазгард-, харанхуйд-, хатууд-, шунахайд-, эзгүйд- гэх мэтээр “тухайн шинж чанартай болох, шинж чанар нь зохих хэмжээнд тохирохгүй болох утгатай” (зохисгүйдэх) эс тусах үйл үг бүтээнэ. “Зохисгүйдэх” утгын бүрэлдэхүүнтэй дагаврын нэг онцлог бол зөвхөн тэмдэг нэрийн үндсийн ард орж, жинхэнэ нэрийн үндсийн ард үл тохиолдоно. Уг дагавар нь -д, -с гэсэн хоёр хувилбартай бөгөөд хувилбарууд нь байр, утга, үүргийн ялгамж байхгүй тул тодорхой нэгэн язгуур, үндсэнд хоёуланг нь залгаж (давчууд-, давчуус-) болно.

   -ж дагавар: юм үзэгдлийн нэр заасан язгуур, үндсэнд залгаж агаарж-, албаж-, арвиж-, барилгаж-,батаж-, баталгааж-, баяж-, биеж-, дадлагаж-, дүрэмж-, залууж-, зүлэгж-, зэвсэгж-, малж-, мөнгөж-, мөнхөж-, мэргэж-, намарж-, намж-, насаж-, нутагж-, оворж-, ойж-, өвөлж-, өнгөж-, тамирж-, тохиж-, төлж-, төрж-, усаж-, үрж-, хаварж-, хотож-, хөлж-, хүмүүж-, цахилгаанж-, цөлж-, цэрэгж-, чанарж-, чулууж-, элбэгж-, энхэж-, эрдэмж-, эрлийзэж- гэх мэтээр үндсийн утгаар илэрч буй “юм, үзэгдэл өсөж төлжих, сайжран бэхжих, мөн тухайн юмны шинжтэй болох” утгатай эс тусах үйл үг бүтээнэ.

   -жир дагавар: амьжир-, ангижир-, муужир-, сайжир- гэх мэт шинж чанар заасан цөөн нэр язгуурт залгаж тухайн шинжтэй болохыг заасан эс тусах үйл үг бүтээнэ. Энэ нь нэрээс үйл үг бүтээх дагаврын дундаас хамгийн бүтээлч бус дагавар юм.

   -р (-л) дагавар: андуур-, боловсор-, гэгээр-, даахир-, дулаар-, дундар-, залхуур-, зузаар-, зэвэр-, илэр-, номхор-, онцгойр-, өвгөр-, өнчир-, салаар-, согтуур-, солиор-, сөөнгөр-, сэлхэр-, сэхээр-, ташаар-, тодор-, туяар-, ухаар-, хагдар-, хатуур-, хоосор-, хөөсөр-, хүндэр-, эзгүйр- зэргээр юм үзэгдэл, өнгө зүс, хэлбэр хэмжээ, шинж чанар заасан нэр язгуур, үндсэнд залгаж “тухайн шинж чанар ямар нэг хүчин зүйлийн нөлөөнд бий болох” утгатай эс тусах үйл үг бүтээнэ. Тус дагавар нь -р, -л хувилбартай бөгөөд харла-, шарла-, таргал- гэх мэт бүтэцдээгийгүүлэгчтэй цөөн язгуур, үндсэнд хувилбар тохиолдоно.

   -рх (-лх) дагавар: аарх-, атаарх-, бахарх-, баярх-, гоморх-, ихэрх-, ноёрх-, номчирх-, сайрх-, санаарх-, соёрх-, тунирх-, цэцэрх-, чамирх-, эзэрх- гэх мэтээр язгуур, үндсийн утгаар илэрч буй зүйлтэй “адил байдал үзүүлэх, тухайн зүйлээр давуу болох, гайхуулах” утгатай эс тусах үйл үг бүтээнэ. Авианы нөлөөлөн хувьсах үзэгдлээс шалтгаалж үүссэн -рх, -лх хувилбартай. Бүтэцдээ “р” гийгүүлэгчтэй язгуур, үндсэнд бараалх-, бяралх-, дээрэлх-, нэрэлх-, шаралх-, эрэлх- зэргээр -лх хувилбарыг залгана.

   -с дагавар: нэрийн үндсэнд залгаж айлс-, дотнос-, дурс-, ижилс-, махас-, найрс-, нойрс-, өлс-, саданс-, саймс-, төрхөмс-, урагс-, уяс-, үгс-, хадамс-, хамс-, ханьс-, харс-, хужирс-, хүүхэмс-, цайс-, чийгс-, эвс-, эес-, элэгс- зэргээр язгуур, үндсийн утгаар илэрч буй зүйлд “хүсэх тэмүүлэх, тухайн зүйлийг эрхэмлэн үзэх” утгатай эс тусах үйл үг бүтээнэ. дагаврыг “-н” гийгүүлэгчээр төгссөн үндсэнд залгахад тухайн гийгүүлэгч –м(ганган-с-, хүүхэн-с- <гангамс-, хүүхэмс-) болж ондоошно.

   -т дагавар: азгүйт-, айлгүйт-, арвит-, атираат-, балархайт-, бохирт-, бузарт-, дүрсгүйт-, дэггүйт-, дээрт-, зайрмагт-, зөнөгт-, зүггүйт-, мөөгөнцөрт-, мөст-, өрөмт-, сөөнгөт-, сэвт-, тавгүйт-, тасархайт-, халцархайт-, хирт-, хөөст-, хусамт-, хээлт-, цант-, цахилгаант-, цуурайт-, эргүүт-, эрчлээт-, ээдэмт- зэргээр юм үзэгдэл, шинж чанар заасан нэрийн язгуур, үндсэнд залгаж “тухайн юм үзэгдэл, шинж чанар бүхий болох” утгатай эс тусах үйл үг бүтээнэ. Хэрвээ үүсгэгч үндэс ямар нэгэн “өвчин” заах үгийн сангийн утгатай бол тэрхүү “өвчнөөр өвдөх” (гударгат-, маажуурт-, хадааст-, хайчлуурт-) утга заадаг байна.

   -ц дагавар: зугаац-, зэвүүц-, зэрэгц-, талц-, танилц-, тооц-, хайнц-, хариуц-, эгдүүц-, эсэргүүц-гэх мэтээр цөөн нэр язгуур, үндсэнд залгаж “тухайн зүйлийг харилцан гүйцэтгэх” утга, мөн аягүйц-, дулаац-, дургүйц-, сэрүүц-, тавгүйц-, халууц-, эвгүйц- гэх мэтээр шинж чанар заасан тэмдэг нэрийн язгуур, үндсэнд залгаж “тухайн шинж өөрт нь нөлөөлөх” утгатай эс тусах үйл үг бүтээдэг байна.

   -ш дагавар: аагш-, алдарш-, атарш-, байрш-, балархайш-, газарш-, гарш-, говьш-, гэмш-, гэрш-, дуугүйш-, занш-, зунш-, зэрлэгш-, идээш-, ижилш-, иргэнш-, нутагш-, нэрш-, ондоош-, суурьш-, тагнайш-, тогтворш-, төлөвш-, удамш-, унааш-, уурш-, үүлш-, хоногш-, хөндүүрш-, хуурайш-, хэврэгш-, хэвш-, хэлбэрш-, хялбарш-, цогш-, цэвэрш-, чадварш-, эвэрш-, элбэгш-, эмнэгш- зэргээр юм үзэгдэл, шинж чанар заасан нэр язгуур, үндсэнд залгаж “тухайн юм үзэгдэл, шинж чанар бүхий болж хэвших” утгатай эс тусах үйл үг бүтээнэ. Уг дагаврыг “н” гийгүүлэгчээр төгссөн зарим язгуур, үндсэнд залгахад тухайн гийгүүлэгч “м” (үнэн+-ш: үнэмш-, эзэн+-ш: эзэмш г.м) болж ондоошно.

  -шир дагавар: бодлогошир-, зүгшир-, олшир-, саймшир-, санаашир-, тайвшир-, туйлшир-, удаашир-, унаашир-, халшир-, шимшир- зэргээр юм үзэгдэл, шинж чанар заасан цөөн язгуур, үндсэнд залгаж “тухайн зүйл, шинж байдал аажмаар бий болж хэвших, үргэлжлэх утгатай” эс тусах үйл үг бүтээнэ.

   Нэр язгуур, үндсээс үйл үг бүтээх дагаврын найруулга

   Сүүлийн үед ажил хэмээх нэр үндсэнд -л/-на4 дагавар залгаж бүтсэн ажилла- гэдэг үйл үгийг хэл зүйн хувиллаар хэлбэржүүлэхдээ *ажилдаг, *ажилж, *ажиллаа (ажилладаг, ажиллаж, ажиллалаа) гэх мэтээр буруу бичсэн зүйл сонин сэтгүүлд харагдах болсон байна. Ярианы хэлэнд, хэлэхүйн явцад дараалан орсон ижил авианы нэг нь сугарах үзэгдэл байдаг боловч ярианы хэл, бичгийн хэлний зааг ялгааг анхаарч байвал зохино. Гэтэл -рх дагавар урагшаа нэрээс үйл үг бүтээх -л/-на4 дагавартай харьцаж бүтсэн мэт ажилларх-(ажилтайгаараа гайхуулах) хэмээх үгийг толь бичгүүдэд тэмдэглэсэн байна. Энэ нь хэлэхүйн “-ла” үе жийрэглэсэн хувилбарыг бичигт шууд тэмдэглэснээс үүсжээ. -рх дагавар зөвхөн нэрээс үйл үг бүтээдэг бөгөөд зүй нь ажларх- юм.

Энэчлэн, тэрчлэн

 Бичгийн хэл бол журамламал, өөрийн гэсэн тогтсон хэм хэмжээтэй бөгөөд олон зуун жилийн турш хөгжин баяжсаар ирсэн үндэсний утга соёл. Бичгийн хэлний үг өгүүлбэр, найруулга нь тухайн хэлнийхээ зүй тогтолд бүрэн нийцсэн байдаг. Иймд, зарим улс үндэстэн бичиг зохиолынхоо хэлийг стандарт хэл, соёлын хэл гэх зэргээр нэрлэдэг байна.

Харин ярианы хэлэнд буруу хэлбэржсэн, утгыг нь гажуудуулсан гэх мэт элдэв зуршмал үгийг хэлчих тохиолдол бий. Тийм үгсийг хар ярианы үг гэнэ. Хар ярианы үгээс зайлсхийж, үндэсний бичгийн хэлийг эвдэхгүй байх нь аливаа бичигчийн хариуцлага юм шүү. Эдүгээ он цаг улирах тусам, үгийн хар ярианд тохиолдох хэлбэрийг бичгийн хэлний буюу чухам хэлний зүйд нийцэх хэлбэрээс нь ялган салгалгүй, хутган хэрэглэх нь олширсоор байна. Цөөн жишээ дурдъя.

Өнөө үед, заах төлөөний үгийн хар ярианд тохиолддог зарим хэлбэрийг бичгийн хэлнээ тун идэвхтэй хэрэглэх болов. Тэгэхдээ, хар ярианы хэлний үг юм шүү гэдгийг нь анзаарч хайхрахаа больжээ. Тухайлбал, үүнчлэн, түүнчлэн гэхийн оронд их төлөв энэчлэн, тэрчлэн гэж бичиж байна. Үүнчлэн, түүнчлэн хэмээх нь үүн шиг, түүн шиг гэсэн үндсэн утгатай бөгөөд үүний хажуугаар, түүнээс гадна гэх мэт хоёрдогч утгаар хэрэглэгдэх нь ч бий. Хэрвээ энэчлэн, тэрчлэн гэдэг нь энэ мэтчилэн, тэр мэтчилэн гэдгээс хураагдсан хэлбэр гэж үзвэл дээр дурдсан хоёрдогч утгаар хэрэглэгдэх ёсгүй билээ. Гэтэл элдэв бичгийн зүйлд энэ мэтчилэн, тэр мэтчилэн гэсэн утга илтгээгүй атал энэчлэн, тэрчлэн гэж бичээд байгаа нь үүн шиг, түүн шиг гэхийн оронд энэ шиг, тэр шиг хэмээсэн мэт буруу юм.

Цаашилбал, энэний цаана /зүй нь үүний цаана гэлтэй/, тэрний оронд /түүний оронд/, энэнээс илүү /үүнээс илүү/, тэрнээс биш /түүнээс биш/ гэх мэт монгол хэлний зүйд үл нийцэх хар ярианы хэлбэрийг бичгийн хэлнээ хэрэглэх болжээ. Мөн тэртэй тэргүй /түүнтэй түүнгүй/ гэдэг үгийг “тэртээ тэргүй” хэмээн буруугаар нь бичих болов. Ийм гажуудлыг эдүгээ эс залруулбаас, мөдхөн буруу гэж ухагдахааргүй болоод, удахгүй “миний” гэхийн оронд, одоогийн хүүхэд байтугай хөдөөгийн хөгшид хүртэл хэлдэг болоод байгаа “надын” гэдэг хазгай үгийг бичдэг болох бий. Түүнчлэн хэрэв /хэрэв зээ гэдгээс бусад тохиолд хэрвээ гэж бичүүштэй/, зүй тогтоол /зүй тогтол/, нэгэнт /хэдэнтээ, олонтоо, гурвантаа гэх зэргээр бичдэгийн адил нэгэнтээ гэж бичих/ гэж бичиж буйг хаалтад тэмдэглэсэнчлэн залруулан бичиж, зөвөөр нь хэвшүүлмээр байна. (М.Баярсайхан)

Үйл язгуур, үндсээс үйл үг бүтээх дагаврууд:

   -л дагавар: арчил-, базал-, гишгэл-, гуйвла-, долгил-, дусал-, дэвсэл-, нухал-, оргил-, өөвлө-, сэжил-, татал-, хаял-, цахил-, цацал-, цоройл-, цохил-, чимхэл-, чичил-, шидэл- гэх мэтээр “давтан үйлдэх” утгатай тусах үйл үг бүтээнэ. дагавартай цөөн эс тусах үйл үг байгаагийн ихэнх нь бургил-, доргил-, дүргэл-, ниргэл-, нүргэл-, пургил-, тургил-, халгил-, харгил-, цалгил-, цоргил-, шүргэл- зэрэг дуурайх язгуураас үйл үг бүтээх -ги дагаварт үндсэнд залгаж бүтээжээ.

   -р дагавар: гутар-, залар-, засар-, мушгир-, мэдэр-, нийцэр-, цацар-, таглар-, тунар-, үймэр-, цайр-, цочир-, цөхөр-, цувар-, чинэр-, эвдэр-, ээдэр- гэх мэтээр ямар нэг хүчний нөлөөгөөр алгуур болж буй үйлийг заасан эс тусах үйл үг бүтээдэг. Өмнөх -л, -р дагаврыг сургалт, судалгааны ном бүтээлүүдэд үйлээс үйл үг бүтээдгийг санал нэгтэй тэмдэглэжээ.

  -ни (-но, -нө) дагавар: зовни-, өрнө-, тогтно-зэрэг цөөн үгийн бүтцэд зөвхөн язгуурын араас орж үйл хөдлөлийн “алгуур үргэлжлэх байдал”-ыг заасан эс тусах үйл үг бүтээнэ.

   Нэг үгийн аймгийн дагаврууд дараалан орж үг бүтээх нь монгол хэлний хувьд бүтээлч бус загвар. Үйл язгуур, үндсээс үйл үг бүтээх , -ни, -р дагавар нэг үгийн бүтцэд дараалан ордоггүй.

   Үйл язгуур, үндсээс үйл үг бүтээх дагаврын найруулга

   Орчин цагийн монгол хэлэнд нэрээс үйл үг бүтээх загварыг хуулж үйлээс үйл үг бүтээсэн цөөн тохиолдол байдаг. Тухайлбал, баларш-, өгөрш- зэрэг үгийн язгуурыг үйл язгуур гэж эндүүрч, нэрээс үйл үг бүтээх дагаврыг дар-, үх- гэсэн үйл язгуурт залгаж дарш-, үхэш- хэмээх үгийг бүтээсэн байна. Түүнтэй нэгэн ижил зүгшир-, тайвшир-, туйлшир- зэргийн төсөөгөөр нэрээс үйл үг бүтээх -шир дагаврыг мөн үх- хэмээх үйл язгуурт залгаж үхшир- гэдэг үг үүсгэжээ.

   Өөр нэг сонирхолтой жишээ бол яаравчил- юм. Түүнийг зарим судлаач яар- хэмээх үйл үндсэнд үйлээс үйл үг бүтээх *-вчил дагавар залгаж бүтээсэн үг гэж үзсэн байдаг ч үнэндээ бүдүүвчил-, нарийвчил-, түргэвчил-, хөнгөвчил- зэргээс мөн л төсөөгөөр үүссэн үг юм. Бүдүүн, нарийн, хурдан, түргэн, цөөн зэрэг үндсэнд нэрээс үйл үг бүтээх -чил дагавар залгахад дараалан орсон хэлний урдуурх гийгүүлэгч (н, ч) ондоошдог авианы байрлалын хуулиар “н” гийгүүлэгч уруулын “м” болж, “м” нь хэлэх дуудахад хялбар болж “в”-ээр сэлгэдэг аж. 

   Дүрслэх язгуураас үйл үг бүтэх нь

   Хага, хуга, цоо, цөм, мулт, хэгз, яз, гял, гэд, год, ган, гэн, тун, тон, пар, пор, шар, шир, май (майл), жин (жин жин дуугарах) гэх мэтийг монгол хэлний уламжлалт судалгаанд сул үг, дайвар үг, үл хувилах үг, үйл үгийн угтвар зэрэг нэрийн доор авч үзэж байснаа бие даасан үг биш харин үгийн чөлөөт бус язгуур гэж үзэх болсноос хойш эдгээрт залгаж үйл үг бүтээх дагаврыг ерөнхийд нь чөлөөт бус (идэвхгүй) язгуураас үйл үг бүтээх дагавар гэж нэрлэх болжээ. Чөлөөт бус язгуурт үйл үг бүтээх дагавар залгаж үг бүтээх нь монгол хэлэнд шинэ үг бүтээх бүтээлч хэв шинжийн нэг юм.

   Чөлөөт бус язгуурыг үгийн сангийн ерөнхий утга, үйл үг бүтээх дагавартай харьцах байрлал дээр нь тулгуурлаж дүрслэх язгуур, дуурайх язгуур гэж хоёр ангилдаг. Дүрслэх язгуур нь бут-, бяц-, дэлбэ-, нэвт-, няц-, тас-, хага-, хуга-, хэмх-, цоо-, цөм- гэх мэтээр “үйл байдлыг дүрслэх”, арс-, банд-, бөнд-, бүлт-, гөлт-, гэд-, ёрд-, навт-, ов-, сорт-, хэрз-, цонд-, цүнд- гэх мэтээр “дүр байдлыг дүрслэх” ерөнхий утгатай байна.

   Үйл байдлыг дүрслэх язгуураас үйл үг бүтээх дагавар:

   -л дагавар: булгал-, бутал-, бяцал-, дэлбэл-, задал-, зулгал-, зумла-, мулзал-, мултал-, нугал-, нэвтэл-, няцал-, огтол-, өшиглө-, салбал-, сийл-, сохол-, сугал-, сэмлэ-, сэтэл-, тасал-, тэсэл-, хагал-, хагзал-, халзал-, ховхол-, хугал-, хуул-, хэгзэл-, хэмхэл-, цоол-, цуул-, шалбал-, шалзал-, шувтал-, эмтэл-, ялзал- зэрэг дүрслэх язгуурт залгаж дүр байдлын нэг удаа эрчимтэй болохыг заасан тусах үйл үг бүтээнэ.

  -р дагавар: булгар-, бутар-, бүлтэр-, бяцар-, гудар-, дугтар-, дэлбэр-, задар-, зандар-, зулгар-, зумар-, мулзар-, мултар-, нугар-, нудар-, нэвтэр-, садар-, сандар-, сугар-, сэгсэр-, сэмэр-, сэтэр-, тасар-, тийр-, тонгор-, тэмтэр-, тэсэр-, угзар-, үсэр- хагар-, хагзар-, халзар-, халцар-, ханзар-, ховхор-, холбир-, холцор-, хугар-, хүүр-, хэгзэр-, хэлтэр-, хэмхэр-, цоор-, цөмөр-, цуур-, шалбар-, шалзар-, шантар-, шувтар-, эмтэр-, язар-, ялзар- гэх мэтээр дүрслэх язгуурт залгаж, ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөнд өртөж бий болох утгатай эс тусах үйл үг бүтээнэ.

   -ч дагавар: балбач-, гудач-, дугтач-, дэлбэч-, задач-, зандач-, нугач-, нудач-, огточ-, онгич-, сандач-, сийч-, сохоч-, сугач-, сэгсч-, сэтэч-, тасч-, тонгоч-, тууч-, тэмтэч-, угзач-, үйч-, үсч-, хагач-, ханзач-, ховхч-, холбич-, хугач-, хэмхч-, цооч-, цууч-, яйч-зэргээр дүрслэх язгуурт залгаж үйл хөдлөл олон удаа болохыг заасан тусах үйл үг бүтээнэ.

   Дүр байдлыг дүрслэх язгуураас үйл үг бүтээх дагавар:

   -ай3 дагавар: арсай-, бандай-, барсай-, бөндий-, бүлтий-, гөлтий-, гэдий-, далбай-, дарсай-, дэндий-, ёрдой-, марсай-, мэлтий-, навтай-, овой-, өндий-, пэндий- сарсай-, сартай-, сортой-, товой-, хазай-, хэлтий-, хэрзий-, цондой-, цүндий-, шовой-, ямбий- зэргээр дүрслэх язгуурт залгаж, үйлийн нэг удаа үргэлжлэн болох байдлыг заасан үйл үг бүтээнэ.

  -гана4 дагавар: арзгана-, бандгана-, бөндгөнө-, годгоно-, гозгоно-, гөлтгөнө-, гэдгэнэ-, гялтгана-, долигоно-, дэлдгэнэ-, өрвөгнө-, пэндгэнэ-, сортгоно-, сүүдгэнэ-, цүндгэнэ-, цэлцгэнэ-, шовгоно- зэргээр дүр байдлыг дүрслэх язгуурт залгаж, хоромхон давтагдан болох үйл хөдлөл заасан үйл үг бүтээнэ.

 -лз дагавар: арзалз-, булталз-, годолз-, гүрвэлз-, гэдэлз-, дэрвэлз-, өндөлз-, хялалз- гэх мэтээр дүрслэх язгуурт залгаж, язгуураар тэмдэглэгдэж байгаа дүр байдалтай хүн, юмсын удаавтар давтагдах хөдөлгөөнийг заана.

  -схий, -вхий дагавар: арвасхий-, арзасхий-, бүлтэсхий-, гэдэсхий, гялавхий-, навтасхий-, сартасхий-, сэртэсхий-, хотосхий-, шовсхий- гэх мэтээр дүрслэх язгуурын дараа орж, үйл хөдлөлийн хоромхон, огцом эрчимтэй болохыг заасан үйл үг бүтээдэг аж.

   Дуу авиа дуурайх язгуураас үйл үг бүтээх дагавар

   Орчин цагийн монгол хэлэнд дуу авиа дуурайх язгуураас үйл үг бүтээх -ги, -гина3, -хир, -жигна3 (-чигна3), -ш, -л, -р, -тна4 (-на4) дагавар буй.

   -ги дагавар: уг дагавар кирил үсгийн дүрэмтэй холбоотойгоор -ги, -гэ, -гь, -г гэсэн хувилбартай болсон байна. Барги-, бурги-, дорги-, дүүг-, жиргэ-, ниргэ-, парги-, турги-, харги-, царги-, шаагь-, шарги-, шуугь- гэх мэтээр ихэвчлэн “л”, “р” гийгүүлэгчээр төгссөн ГЭГ, хааяа урт эгшгээр төгссөн ГЭ-(Э) бүтэцтэй язгуурт залгаж харгиж шуугих, доргиж чичрэх, буцалж бургих, халгиж булгих зэрэг үйл хөдлөлөөс төрөх үргэлжилсэн дуу авиа, анир чимээ дуурайсан үйл үг бүтээнэ.

  -гина3 дагавар: гангина-, гингэнэ-, гонгино-, дангина-, дүнгэнэ-, енгинэ-, жингэнэ-, жонгино-, хангина-, хингэнэ-, хонгино-, хүнгэнэ-, хэнгэнэ-, цангина-, чингэнэ-, шунгина-, шүнгэнэ- гэх мэтээр хэлний хойгуурх, хамрын “нг” гийгүүлэгчээр төгссөн ГЭГ бүтэцтэй язгуурт залгаж удаан үргэлжлэн цуурайлсан дуу авиа дуурайсан үйл үг бүтээнэ.

  -хир дагавар: архир-, бархир-, исгэр-, орхир-, сүрхэр-, түрхэр-, хархир-, хашхир-, хошхир-, хурхир-, хүрхэр-, цархир-, цурхир-, ширхэр- гэх мэтээр р, ш, с гийгүүлэгчээр төгссөн язгуурт залгаж голдуу хүн, амьтны дуу авиа дуурайсан үйл үг бүтээнэ.

 -жигна3, -чигна3 дагавар: даржигна-, дэржигнэ-, жажигна-, нажигна-, нирчигнэ-, пажигна-, паржигна-, сэрчигнэ-, таржигна-, тарчигна-, торчигно-, харчигна-, хоржигно-, хүржигнэ-, хэржигнэ-, шаржигна-, ширчигнэ-, шолчигно-, шоржигно- гэх мэтээр дуурайх язгууртай харьцана. Уг дагаврыг ихэвчлэн “р”, хааяа “л” гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгаж үргэлжлэн давтагдсан дуу авиа, анир чимээ дуурайсан үйл үг бүтээнэ. Дуу авиа, анир чимээний нарийн ялгамж илрүүлэхийн тулд энэ дагаврыг “р”-ээр төгссөн язгуурт шууд, эсвэл “р”-ийг нь гээж залгана. Жишээ нь: ?? -жигна, -чигна хоёр байрын ялгаа байхгүй боловч орчин цагийн монгол хэлэнд -жигна хувилбарыг илүү хэрэглэж байна.

  -ш дагавар: гинш-, гувш-, гунш-, дунш-, лугш-, мэгш-, товш-, тогш-, шавш-, шагш-, шивш-, шинш-, шогш-, янш- гэх мэтээр урагшаа “г, нг, в” гийгүүлэгчээр төгссөн язгуурт залгаж ерийн давтагдсан дуу авиа, анир чимээ заасан үйл үг бүтээнэ.

  -л дагавар: аахил-, буйл-, гаагал-, гуугла-, гүүргийл-, ёол-, майл-, нясал-, орил-, өөвлө-, тойгло-, уйл-, уль-, уухайл-, уухил-, хайл-, чарла-, янцагла- гэх мэтээр ихэвчлэн хүн, амьтны дуу авиаг дуурайсан урт, хос эгшиг, зарим гийгүүлэгчээр төгссөн язгуурт залгаж, үргэлжлэн уянгалсан дуу авиа, анир чимээ заасан утгатай үйл үг бүтээнэ.

 -р дагавар: мөөр-, хяхар-, хэхэр-, чахар-, ээр- гэх мэтээр ихэвчлэн хүн, амьтны дуу авиа дуурайсан урт, хос эгшиг, зарим гийгүүлэгчээр төгссөн цөөн язгуурт залгаж, саатаж тасалдсан, шахагдаж хяхарсан дуу хоолойг заасан утгатай үйл үг бүтээнэ.

 -тна4 (-на4) дагавар: бавтна-, бувтна-, бүвтнэ-, гөвтнө-, гүвтнэ-, хаахатна-, хуухитна-, хүхтнэ-, хяхтна-, шаахитна-, шивнэ-, шуухитна- гэх мэтээр ихэвчлэн хүн, амьтны дуу авиа, анир чимээ дуурайсан “в, х” гийгүүлэгчээр төгссөн язгуурт залгаж, намуухан давтагдах дуу авиа дуурайсан үйл үг бүтээнэ. 

 

 

 

Сүүлд засварласанДаваа, 23 1-р сар 2017 04:37
Дээш