Menu

Үйл үг бүтэхүй

   Юмс үзэгдлийн үйл хөдлөл, явц байдлыг нэрлэн заасан үгсийг үйл үг гэнэ. Жишээ нь: үз-, ир-, нүү-, яв- гэх мэт. Үйл үгс нь хэв, байдал, цаг, төлөв, биеийн айтай, өгүүлбэрт ихэвчлэн өгүүлэхүүний үүрэг гүйцэтгэдэг.

    Нэр язгуур, үндсээс үйл үг бүтэхүй

   Нэр язгуур, үндсийн араас үйл үг бүтээх дагавар орж тухайн нэрийг үйл үг болгодог. Ингэхдээ нэрийн үндсэнд залгавал үйл үг бүтээх дагавруудын утгаас хамаарч эд зүйлийг эзэмших, эдэлж хэрэглэх, түүнчлэн юм, үзэгдэл өсөж төлжих, хэвшиж дадах зэрэг утга илтгэдэг аж. Харин тэмдэг нэрийн үндсэнд залгавал үйл үг бүтээх дагавруудын утгаас хамаарч үүсгэгч үндсийн утга дагуу шинж тэмдэгтэй болох, болгох, шинж тэмдэг нь ихсэх, багасах, хэтийдэх, хэвшин тогтох зэрэг утга илтгэдэг болно.

   Үйл үг бүтээх дагавруудын нэг хэсэг нь тусах үйл үг, нөгөө хэсэг нь эс тусах үйл үг бүтээдэг. Тусах, эс тусах шинж нь үйл үгийг ангилах үндсэн шалгуур бөгөөд өмнөх үгээ заахын тийн ялгалаар захирч байвал тусах, үл захирч байвал эс тусах үйл үг болно.

    Нэр язгуур үндсээс тусах үйл үг бүтээх дагавар:

   -д дагавар: багаж хэрэгсэл заасан язгуур, үндсэнд залгаж “багаж хэрэгслээр үйлдэх” (бууд-, бүслүүрд-, жолоод-, саваад-, сүлбээрд-, сэлүүрд-, ташуурд-, хөгжимд-, хөшүүрэгд-), мөн үйлэнд өртөн баригдах юм үзэгдэл заасан нэр язгуур, үндсэнд залгаж “тухай зүйлийг барих атгах, эзлэх эрхшээх” (сугад-, хүзүүд- г.м голдуу хүн, амьтны эрхтэн) утга бүхий тусах үйл үг бүтээнэ.

   -л (-на4) дагавар: хүн амьтан, юмс үзэгдэл, шинж чанар, тоо хэмжээ, орон байр, цаг хугацаа, зүг чиг заасан нэр язгуур, үндсэнд залгаж “үйлдэх” утгатай тусах үйл үг бүтээх ба үүсгэгч үндсийн утгаас хамаарч:

   - багаж хэрэгсэл заасан нэр, язгуур үндсэнд залгавал тухайн зүйлийг хэрэглэж үйлдэх (самна-, тамгал-, хазаарла-, хайчил-, хомно-, хутгал-, эмээллэ-),

   - үйлийн үр дүн, үйлэнд өртөх юм заасан нэр язгуур, үндсэнд залгавал тухай зүйлийг эдлэх, эрхлэн үйлдэх, хийж гүйцэтгэх утга (авла-, агна-, дэллэ-, жийрэглэ-, зарцал-, малла-, мэдээл-, нөөцөл-, өмчил- гэх мэт),

  - шинж чанар, тоо хэмжээ заасан нэр язгуур, үндсэнд залгавал тухайн шинж тэмдэг бүхий болгох утга (бөөрөнхийл-, гонзгойл-, дөрвөлжил-, дулаал-, жижиглэ-, илэрхийл-, тодорхойл-, хатуул-, хуурайл-, цэвэрлэ-тус тус илтгэдэг аж.

   Тус дагавар -л, -на4 гэсэн хоёр хувилбартай бөгөөд гам-на-, дом-но-, дэм-нэ-, сам-на-, хэм-нэ- гэх мэт “м”, ан-на-, ган-на-, дайсан-на-, дүн-нэ-, зөн-нө-, орон-но-, сүржин-нэ-, тайлан-на-, хонзон-но-, хошин-но-, шан-на гэх мэт “н(г)” гийгүүлэгчээр төгссөн язгуур, үндсэнд -на4

Дэлгэрэнгүй...