Menu

Тэмдэг нэр бүтэхүй

   Сайн, муу, хатуу, зөөлөн, хар, цагаан, өндөр, нам, хурдан, түргэн гэх мэтээр юмс үзэгдлийн шинж чанар, бэлгэ тэмдэг, өнгө зүс, хэлбэр дүрс, үйл хөдлөлийн болц байдал зэргийг заах үгсийг тэмдэг нэр (үг) гэнэ. Тэмдэг нэр нь үндсэн хэлбэрээрээ (үүсмэл бус) байхаас гадна нэр, үйл, тэмдэг нэрийн үндсэнд үг бүтээх дагавар залгаж үүсмэл тэмдэг нэр бүтээх арга бий. Тухайн дагаврыг нэрийн үндсэнд залгаж байна уу, үйлийн үндсэнд залгаж байна уу, эсвэл дүрслэх язгуурт залгаж байна уу гэдгээр нь шалгуур хийж “нэрээс тэмдэг нэр бүтээх”, “үйлээс тэмдэг нэр бүтээх”, “дүрслэх язгуураас тэмдэг нэр бүтээх” гэж гурав ангилна.

Нэр язгуур, үндсээс тэмдэг нэр бүтээх дагавар:

1. -втар4 дагавар: аажуувтар, багавтар, богиновтор, жижгэвтэр, залуувтар, зөөлөвтөр, зузаавтар, нарийвтар, ногоовтор, сулавтар, сэрүүвтэр, харавтар, цөөвтөр, шаравтар, шингэвтэр гэх мэтээр “өнгө зүс, шинж тэмдэг заасан ихэнх тэмдэг нэрийн үндсэнд залгаж тухайн тэмдгийн шинжийг бууруулах” утга илтгэнэ. Энэ нь нэлээд бүтээлч дагавар юм.

бор (~ өнгө) боровтор (бага зэрэг бор, бор маягийн)

цөөн (олон биш) цөөвтөр (нэлээд цөөхөн)

шинэ (сая гарсан, хуучраагүй) шинэвтэр (бага зэрэг шинэ)

2. -дуу2 дагавар: алиадуу, бараандуу, богинодуу, болхидуу, бордуу, зожигдуу, зусардуу, нимгэндүү, ховордуу, хэврэгдүү, цоохордуу, шардуу, элбэгдүү, эмзэгдүү, эрдүү гэх мэтээр “өнгө зүс, шинж тэмдэг заасан тэмдэг нэрийн үндсэнд залгаж тухайн тэмдгийн шинжийг бууруулах” утга илтгэнэ. Тус дагавар нь тэмдэг нэр бүтээх дагаврын дотроос хамгийн бүтээлч нь болно.

ахимаг (нас ахисан, хижээл) ахимагдуу (ахимаг байрын)

хүрэн (~ өнгө) хүрэндүү (хүрэн байрын)

хээнцэр (ганган) хээнцэрдүү (хээнцэр байрын)

   Нэг үгийн бүтцэд тэмдгийн шинжийг бууруулах үүрэгтэй -втар4, -дуу2 дагавар давхарлан орох тохиолдолд зөвхөн “-втар4+-дуу2” (боровтордуу, шаравтардуу) дарааллаар байрладаг.

3. -хан4 дагавар: алсхан, багахан, дундхан, жижигхэн, залуухан, муухан,намхан, охорхон, сулхан, товчхон, томхон, хархан, холхон, цэвэрхэн, чангахан, эмзэгхэн гэх мэтээр “тэмдэг нэрийн үндсэнд залгаж шинж чанарыг бууруулах” утга илтгэнэ.

богино (урт ~) — богинохон (нэлээн богино)

шинэ (~ хуучин) — шинэхэн (нэлээн шинэ, шинэвтэр)

саруул (~ уудам) — саруулхан (нэлээн саруул)

   Энэхүү дагавар нь тэмдгийн утгыг бууруулахын зэрэгцээ, нэгхэн, хоёрхон, гучхан, дөчхөн гэх мэтээр өгүүлэгчийн сэтгэлийн аяс илэрхийлэх үүргээр хэрэглэгддэг байна.

4. -нгуй2 (-нхуй2) дагавар: боронгуй, харанхуй /харангуй/, шарангуй зэрэг өнгө заасан цөөн тэмдэг нэрийн үндсэнд залгаж “тухайн өнгийг бууруулах” утга илтгэнэ.

бор (~ өнгө) боронгуй (боровтор маягийн өнгө: ~ зүстэй)

хар (~ өнгө) харанхуй (гэрэлгүй, харавтар маягийн өнгө)

шар (~ өнгө) шарангуй (шаравтар маягийн өнгө)

5. -гч(ин) дагавар: бөртөгчин, тарлагчин, халзагчин, цагаагчин, эмэгчингэх мэтээр их төлөв өнгө зүс заасан утгатай тэмдэг нэрийн язгуур,

үндсэнд залгаж “эм хүйст адгуус амьтны зүс заасан” тэмдэг нэр бүтээнэ.

улаан (~ өнгө) улаагчин (эм малын улаан зүс)

хөх (~ өнгө) хөхөгчин (эм мал, амьтны хөх зүс)

шар (~ өнгө) шарагчин (эм мал, амьтны шар зүс)

-гчин дагавар эм хүйс, өнгө заах боловч эрэгчин хэмээх үг байгаа нь “эмэгчин” гэдэг үгээс адилтгалын хууль (аналог)-аар үүссэн үг бололтой байна.

6. -мад4 дагавар: ахмад, дүүмэд, ихмэд, эгчмэд зэрэг төрөл садны утга бүхий тэмдэг нэрийн үндсэнд залгаж “хүний нас үе, насны ялгаазаах” тэмдэг нэр бүтээнэ.

ах (~ дүү) ахмад (үе, насаар илүү)

дүү (ах ~) дүүмэд (насаар арай дүү)

эгч (ах ~) эгчмэд (насаар ахмад эмэгтэй)

7. -тай4 дагавар: азтай, аймшигтай, аргатай, буурьтай, гамтай, дүрстэй, завтай, зальтай, золбоотой, настай, тухтай, түшигтэй, ухамсартай, хүчтэй, эвтэйгэх мэтээр нэр язгуур, үндсэнд залгаж “юм, үзэгдлийн байгаа шинжийг заасан” утга илтгэнэ.

аюул (~ осол) — аюултай (аюул ихтэй)

гуниг (уйтгар ~) — гунигтай (гуниг бүхий)

нөлөө (~ тусгал) — нөлөөтэй (нөлөө бүхий)

8. -гүй дагавар: авиргүй, агааргүй, ажилгүй, азгүй, бүлгүй, дүрсгүй, сэвгүй, мэдээгүй, тавгүй, танилгүй, тоомсоргүй, тухгүй, тэжээлгүй, ухамсаргүй,үнэгүй, эзгүй гэх мэтээр нэр язгуур, үндсэнд залгаж “юм, үзэгдлийн байхгүй шинжийг заасан” утга илтгэнэ.

аюул (~ осол) аюулгүй (аюул байхгүй)

дэг (~ журам) дэггүй (журамгүй, дүрсгүй)

тав (~ тух) тавгүй (тав байхгүй, тухгүй)

9. дагавар: дурсгалт, идэшт, соруулт, сургамжит, сэдэвт, сэлүүрт, тулгуурт, тэнцвэрт, ухаант, үзэсгэлэнт, үйлст, үймээнт, хувьцаат, хэрэгцээт, эрчимт гэх мэтээр “харьяалагдах, эзэмших, агуулах (бүрэн)” утга илтгэсэн тэмдэг нэр бүтээнэ.

эрдэм (~ ном) — эрдэмт (эрдэм бүхий)

үнэ (~ цэнэ) — үнэт (үнэ бүхий, үнэ ихтэй)

элс (~ шороо) — элст (элс бүхий)

дагаварт зарим үг нэршиж албат, Зоригт, Харганат зэргээр нэр үгийн үүргээр хэрэглэгдэнэ.

10. -лаг4 дагавар: бүдүүлэг, махлаг, модлог, нууцлаг, оюунлаг, өнгөлөг, сэхээлэг, тохилог, тэжээллэг, тэнхээлэг, ухаалаг, хатуулаг, хүнлэг, цардууллаг, чадварлаггэх мэтээр “язгуур, үндсийн утгаар илэрч буй юм үзэгдэл, шинж байдлыг агуулсан (заримдаг)” болохыг илтгэсэн тэмдэг нэр бүтээнэ.

амт (~ шимт) амтлаг (амт сайтай)

царай (~ зүс) царайлаг (царай зүс сайтай)

шүүс (шим ~) шүүслэг (шүүс ихтэй)

11. -рхуу2 дагавар: авгалдайрхуу, багцархуу, гүвээрхүү, даргархуу, дүрсэрхүү, дэвүүрэрхүү, ороомогорхуу, өвсөрхүү, усархуу, уулархуу, хадаасархуу, хайргархуу, хайрсархуу, хөөсөрхүү, шүүсэрхүү гэх мэтээр нэрийн язгуур, үндсэнд залгаж “тухайн зүйлтэй адил төстэй”-н утга бүхий тэмдэг нэр бүтээнэ.

мод (~ ургамал)модорхуу (мод мэт)

ороомог (ороож хийсэн юм) ороомогорхуу (ороомогтой төстэй)           

шүүс (шим ~) шүүсэрхүү (шүүс мэт)

   Үйл үг бүтээх -рх (баярх-, ноёрх-), тэмдэг нэр бүтээх -уу2 (баярхуу, ноёрхуу) дагавар орчин цагийн монгол хэлэнд дангаар хэрэглэгдэх боловч дээрх мэт цөөн үгэнд нэгдэж нийлмэл дагаврын шинжтэй болжээ.

12. -рхаг2 дагавар: бартаархаг, бутархаг, гүвээрхэг, даваархаг, салсархаг, усархаг, уулархаг, хадархаг, хайргархаг, хайрсархаг, цардуулархаг, цасархаг, цусархаг, шүүсэрхэг зэргээр нэр язгуур, үндсэнд залгаж “элбэг дэлбэгийн шинж” заасан тэмдэг нэр үг бүтээнэ.

өвс (~ ургамал) — өвсөрхөг (өвс ихтэй)

уул (~ нуруу) — уулархаг (уул ихтэй)

чулуу (хад ~) — чулуурхаг (чулуу ихтэй)

   Орчин цагийн монгол хэлэнд үйл үг бүтээх -рх, тэмдэг нэр бүтээх дагавар биеэ дааж хэрэглэгдэх боловч цөөн тохиолдолд тус тусын утгаа алдаж, нэгэн нийлмэл дагавар болсон зүйл ажиглагдана.

13. -гтай3 дагавар: ноёгтой, хатагтай, эзэгтэй зэрэг “голдуу эмэгтэй хүний хэргэм зэрэг заах, хүндэтгэх”утга, түүнчлэн эмэгтэй, эрэгтэй гэж “хүйс заах” утга илтгэдэг байна.

ноён (захирагч) ноёгтой (ноён хүний эхнэр)

эзэн (гэрийн ~) эзэгтэй (эзэн эмэгтэй)

эм (эр ~) эмэгтэй (эм хүний ерөнхий нэр)

14. -нцар4 дагавар: аманцар, үгэнцэр, хээнцэр, хоолонцор, маханцар зэрэг цөөн нэр язгуурт залгаж “дур идэвх, шунаг шинжийн утга” заана.

ам (үг хэл, яриа) аманцар (ярих дуртай, нүүрэмгий)

хээ (гоё ганган байдал) хээнцэр (гоёж гангалах дуртай)

хоол (~ унд) хоолонцор (хоолонд ховдог, шунаг)

15. -саг4(-мсаг4) дагавар: ажилсаг, гоёмсог, гэрсэг, даргамсаг, зочинсог, ихэмсэг, махсаг, найрсаг, өөриймсөг, садамсаг, төрхөмсөг, хадамсаг, хуучинсаг, хүүхэмсэг, эвсэг, элэгсэг, эрхэмсэг гэх мэтээр “язгуур, үндсийн утгаар илэрч буй юм, үзэгдэлд дуртай буюу эрхэмлэж байгааг илтгэсэн” тэмдэг нэр бүтээнэ.

цай (унд ~) — цайсаг (цайнд дуртай)

мах (~ шөл) — махсаг (маханд дуртай)

төрхөм (төрсөн гэр) — төрхөмсөг (төрсөн гэртээ элэгсэг)

   Зарим ном бүтээлд -саг4 дагаврыг үйл үг бүтээх -с (-мс), тэмдэг нэр бүтээх гэсэн тус тусдаа биеэ даасан дагавар гэж үзэх нь ч бий.

15. дагавар: ажилч, аминч, арвич, байлдаанч, зарчимч, номч, тэнүүлч, тусч, усч, харамч, ховч, хөдөлмөрч, хуурамч, хэрүүлч зэргээр нэрийн үндсэнд залгаж тухайн зүйлд чадамгай, сурамгай, дуртай”-г илтгэсэн тэмдэг нэр бүтээнэ.

бүтээл (зохиол ~) бүтээлч (бүтээх чадвартай)

мал (~ сүрэг) малч (мал маллахдаа чадамгай)

худал (~ хуурмаг) худалч (худал хэлдэг зантай)

16. -лж(ин) дагавар: бортголжин, гурвалжин, дөрвөлжин, загалмайлжин, мөөрөлжин, наймалжин, өндгөлжин, тавалжин, тоонолж, тэмээлжин, уйгуржин, холбоолжин, хорголжин, хошуулжин, хургалжин гэх мэтээр хэв маяг, хэлбэр дүрс заасан” тэмдэг нэр бүтээнэ.

өндөг (шувууны ~) өндгөлжин (өндөг шиг хэлбэртэй)

хоргол (аргал ~) хорголжин (хоргол шиг хэлбэртэй)

тэмээ (~ ямаа) тэмээлжин (тэмээ мэт төрхтэй)

17. -маг4 дагавар: гүжирмэг, дулимаг, нойрмог, ойрмог, эрмэг зэргээр уул “нэрийн утга дагуу” тэмдэг нэр бүтээнэ.

нойр (зүүд ~) — нойрмог (дутуу сэрсэн: ~ зүүрмэг)

дуль (дутуу ~) — дулимаг (дульхан, дутмаг: дутуу ~)

ойр (~ дөт) — ойрмог (саяхан, ойрын үед)

18. -хай3 (-нхай, -гай3) дагавар: бөөрөнхий, бүрэнхий, ерөнхий, завхай, зальхай, зээрэнхий, муухай, онцгой, сүрхий, тачирхай, тусгай зэргээр “нэрийн дагуух шинж чанар заасан” заасан цөөн үг бүтээнэ.

ер (тодорхойгүй) ерөнхий (mойм)

нус (~ нулимс) нусанхай/нусгай (нус ихтэй)

заль (~ мэх) зальхай (заль ихтэй: ховдог ~)

Үйл язгуур, үндсээс тэмдэг нэр бүтээх дагавар:

1. -уу2 дагавар: атаархуу, бариу, дутуу, дээрэлхүү, жишүү, махруу, нэрэлхүү, сандруу, тойруу, халамцуу, хатуу, хөөрүү, чахруу, чигжүү, яаруу гэх мэтээр “үйлийн дагуух шинж, дүр байдал” заасан утга илтгэнэ. Энэ нь үйлээс тэмдэг нэр бүтээх дагаврын бүрэлдэхүүнээс хамгийн бүтээлч дагавар юм.

согт- (архинд ~) — согтуу (согтсон нь)

хөлд- (ус ~) — хөлдүү (хөлдөж хатуу болсон нь)

унж- (унжих санжих) — унжуу (доош унжсан нь)

2. -уун2 дагавар: анхилуун, аргуун, аядуун, бадруун, борогжуун, гуниглуун, зэврүүн, намдуун, намжуун, оргилуун, өрнүүн, тогтуун, томруун, торниун, чихрүүн зэргээр “үйлийн үр дүн дагуух шинж чанар” заасан утга илтгэнэ.

арга- (хатаж хуурайших) — аргуун (хуурайвтар болсон нь: аргуун хоол)

хал- (дулааны хэм өндөр болох) — халуун (халсан нь)

хөш- (уян биш болох) — хөшүүн (уян зөөлөн биш, хатуу)

3. -мхай3(-мгай3, -мтгай3) дагавар: аймхай, голомтгой, давамгай, дасамхай, мэдэмхий, сандрамтгай, сурамгай, түрэмгий, тэнэмхий, тэсрэмтгий, уусамхай, хянамгай, чадамгай, шатамхай, шийдэмгий гэх мэтээр “тухайн үйлийг гүйцэтгэхдээ дадамгай буюу хийх (болох) дадал зуршилтай болохыг” илтгэсэн тэмдэг нэр бүтээнэ.

ич- (ичих эмээх) — ичимхий (амархан ичдэг зантай)

уйд- (дургүй болох) — уйдамтгай (амархан уйддаг зантай)

хэл- (хэлэх ярих) — хэлэмгий (хэлэх ярихдаа сайн)

4. -мал4 дагавар: бичмэл, зохиомол, зурмал, зүсмэл, нэгдмэл, нэрмэл, олдмол, өргөмөл, сонгомол, суумал, суурьшмал, тогтмол, уусмал, үүсмэл, хэвлэмэл гэх мэтээр “үйлийн төгс үр дүнг” заасан тэмдэг нэр бүтээнэ.

буд- (будаг түрхэх) — будмал (будсан)

тарь- (тарих ургуулах) — таримал (тарьж ургуулсан)

хэвш- (хэвших дадах) — хэвшмэл (хэвшсэн)

   Эл дагавар бүхий тэмдэг нэр баримал, базмал, нэхмэл, сүлжмэл, ургамал, хатгамал, хөөмөл, цутгамал, чихмэл гэх мэтээр нэрших үзэгдэл түгээмэл аж.

5. -нгуй2 дагавар: бодлогошронгуй, боловсронгуй, бадрангуй, гайхангуй, голонгуй, гутрангуй,дарангуй, дэврэнгүй, дэлгэрэнгүй, зандрангуй, захирангуй, зовнингуй, зугтангуй, сандрангуй, түгшингүй, харьцангуй, хичээнгүй, хураангуй, цөхрөнгүй гэх мэтээр “үйлийн үр дүн дагуух дүр байдалтай төстэй шинж буйг илтгэсэн” тэмдэг нэр бүтээнэ. Энэ дагавар нэлээд бүтээлч дагавар юм.

хөгж- (хөгжих дэвших) — хөгжингүй (нэлээн хөгжсөн)

хүлц- (хүлцэх тэсвэрлэх) — хүлцэнгүй (хүлцсэн байдалтай)

энэр- (энэрэх хайрлах) — энэрэнгүй (өрөвч зөөлөн сэтгэлтэй)

6. -нги4(-нгэ, -нго, -нгө) дагавар: алданги, ганданги, гунданги, гутранги, зогсонги, идэнгэ, наалданги, нуранги, ороонго, саланги, суунги, унанги, хөөнгө, шарланги, шунанги, эцэнгэ гэх мэтээр “үйлийн үр дүнд бий болж буй шинж тэмдэг (сөрөг) заасан” тэмдэг нэр бүтээнэ.

сөө- (хоолой сөөх) — сөөнгө (хоолойн өнгө бүдүүрч, чаргуу болсон нь)

хат- (хатах хуурайших) — хатанги (хатаж хуурайшсан байдал)

царц- (бага зэрэг хөлдөх, өтгөрөх) — царцанги (нэлээд царцаж хөлдөх шинжтэй болсон нь)

7. -нхай3 дагавар: наланхай, нооронхой, нуранхай, саланхай, татанхай, түлэнхий, хатанхай, хөлдөнхий, царцанхай, цооронхой, эцэнхий гэх мэтээр “үйлийн үр дүн дагуух дутмаг шинж байдал” заасан утга илтгэнэ.

ноор- (ноорох навтрах) — нооронхой (урагдаж навтарсан нь)

ур- (урах тасдах) — уранхай (урагдсан байдал)

тур- (эцэх турах) — туранхай (турсан нь: эцэнхий ~)

8. -хай3 дагавар: бутархай, задархай, нэвтэрхий, салбархай, сэмэрхий, тасархай, тодорхой, уйлхай, халцархай, хөвөрхий, хугархай, шалбархай, шуурхай, шүүрхий, эвдэрхий гэх мэтээр “үйлийн үр дүнд бий болсон шинж тэмдэг заасан” утгатай тэмдэг нэр бүтээнэ.

хагар- (хатуу биет эвдрэх) — хагархай (хагарсан юм)

тар- (тарах бутрах) — тархай (тарсан байдалтай)

шуна- (шунах дурлах) — шунахай (ховдог шунахай)

9. -уур2 дагавар:ангалзуур, гонгинуур, гоншгонуур, гунхалзуур, гялалзуур, гялтгануур, дэржгэнүүр, ёндгонуур, өгсүүр, соотолзуур, сэрчигнүүр, үелзүүр, хаахалзуур, цоролзуур, чичгэнүүр гэх мэтээр “гол төлөв хүн, амьтны зан байдлын шинжийг, мөн үйлийн шинж байдлыг” заасан тэмдэг нэр бүтээнэ. Энэ нь бүтээлч дагавар бөгөөд ихэвчлэн дүр байдал заасан үйл үндсийн ард ордог байна.

долигоно- (зуйрган зан гаргах) — долгинуур (зусарч зуйрган)

нахилз- (нахигар юм байн байн хөдлөх) — нахилзуур (уян налархай шинж)

хяна- (хянах шалгах) — хянуур (нарийн нямбай, хянамгай)

10. -аа4 дагавар: анивчаа, баглаа, босоо, гувшаа,гуншаа, лавлаа, нуршаа, онгироо, углаа, үглээ, хуйлаа, хэвтээ, чалчаа, чарлаа, яншаа зэргээр “үйлийн дагуух шинж байдлыг” заасан тэмдэг нэр бүтээнэ.

багла- (баглах боох) — баглаа (баглаж боосон нь)

үглэ- (үглэх нурших) — үглээ (дахин давтан хэлж залхаадаг зан)

орил- (орилох чарлах) — орилоо (үргэлж орилох зантай)

11. дагавар: бүрхэг, бээрэг, задлаг, нийлэг, сийрэг, тэнэг, хүүрэг, шунаг зэргээр “үйлийн үр дүнд бий болсон шинж тэмдэг” заах утга илтгэнэ.

зөнө- (өтлөх зөнөх) — зөнөг (өтөлж зөнөсөн байдал)

хаж- (хажих гадуурхах) — хажиг (хаждаг зан: ~ зожиг)

цэлмэ- (тэнгэр ~) — цэлмэг (үүл манангүй: ~ тэнгэр)

12. -ган4 дагавар: овсоргон, ойворгон, хайлган, хөвсөргөн, хөнтөргөн, хөөргөн, цайлган, явган зэрэг цөөн үгэнд тохиолдох бөгөөд “үйлийн дагуух шинж байдал” заана.

хайл- (мөс ~) — хайлган (зөөлөн сэтгэл)

яв- (алхах) — явган (унаа, уналга байхгүй)

13. -маг4 дагавар: ахимаг, гүймэг, дутмаг, зоримог, саармаг, хуурмаг, цочмог, цэлмэг, чадмаг, шүүрмэг, ядмаг зэрэг үйл үндсэнд залгаж уг үйлийн дагуух хийсвэр шинж, байдал заасан утга бүхий тэмдэг нэр үг бүтээнэ.

14. -шгүй дагавар: адилтгашгүй, дундаршгүй, дуусашгүй, зайлшгүй, салшгүй, сэтгэшгүй, тэсвэрлэшгүй, үзэшгүй, хөдөлшгүй, хувиршгүй, хүршгүй, хэмжээлшгүй, хязгаарлашгүй, цаглашгүй, эдгэшгүй гэх мэтээр “үйлийг гүйцэтгэх боломжгүй болохыг илтгэсэн” утгатай тэмдэг нэр бүтээнэ.

үх- (амь тасрах) — үхэшгүй (үхэх боломжгүй)

тоол- (тоолох бүртгэх) — тоолшгүй (тоолох боломжгүй)

эвлэр- (эвлэрэх найрамдах) — эвлэршгүй (эвлэрэх боломжгүй)

Дүрслэх язгуураас тэмдэг нэр бүтээх дагавар:

   Дүрслэх язгуурт залгаж тэмдэг нэр бүтээх -вар4, -гай3, -гар4, -н, -р, -с дагавар байна.

Эдгээрээс -гай3, -гар4 хоёр харьцангуй бүтээлч, бусад нь цөөн хэдэн үгийн бүтцэд тохиолдох бүтээлч бус дагавар юм.

1. -гай3 дагавар: арзгай, арсгай, барзгай, гонзгой, гилжгий, дорсгой, жартгай, нялцгай, орсгой, сондгой, унжгай, үрчгий, хавтгай, хазгай, хэлтгий, эмсгий, эмтгий гэх мэтээр дүрслэх язгуурт залгаж хэлбэр дүрс заасан тэмдэг нэр бүтээнэ.

2. -гар4 дагавар: бандгар, богдгор, буржгар, гозгор, гөлчгөр, данхгар, дэлдгэр, навсгар, навтгар, овгор, салбагар, товгор, томбогор, түнтгэр, унжгар, шалчгар, ярвагар гэх мэтээр дүрслэх язгуурт залгаж “хүн амьтан, эд юмсын дүр байдлыг заасан” тэмдэг нэр бүтээнэ. Эл дагавар дүрслэх язгуураас тэмдэг нэр бүтээх дагаврын дотроос хамгийн бүтээлч дагавар болно. Түүний араас -дуу2 дагавар орсон үгсийг л бүртгэхэд 300 орчим болж байна.  

3. -вар4 (-бар4) дагавар урагшаа улбар, цайвар зэрэг цөөн чөлөөт бус язгууртай харьцаж, тухай язгуурын үгийн сангийн утгыг бууруулсан тэмдэг нэр бүтээнэ.

4. дагавар: годон, дэлдэн, оцон, улцан, шалдан, шодон зэргээр урагшаа зөвхөн дүрслэх язгууртай харьцаж, хүн амьтны зохисгүйдсэн дүр төрхийг заасан тэмдэг нэр бүтээнэ.

5. дагавар: бөгтөр, долир, солир, сохор, сөлөр, тахир, халтар, хялар зэрэг цөөн дүрслэх язгуурт залгаж “юм, үзэгдлийн хэвийн бус шинжийг (ихэвчлэн хүн, амьтны харааны эрхтний) заасан” тэмдэг нэр бүтээх аж.

6. дагавар: хагас, хос, хугас зэрэг цөөн дүрслэх язгуурт залгаж “тухайн зүйлийн дутуу дулимгийг илтгэсэн” утгатай тэмдэг нэр бүтээнэ.

Тэмдэг нэр бүтэхүйн найруулга

   Хэлний хөгжил хувьсалтай холбоотойгоор зөвхөн нэр язгуур, үндсэнд залгадаг -лаг4 дагаврыг сүүлийн жилүүдэд эмэгтэйлэг, эрэгтэйлэг, шинэлэг, хатуулаг гэх мэтээр тэмдэг нэрийн үндсэнд залгаж, үг бүтээх дагаврын байрлалын тогтолцоог зөрчдөг цөөн тохиолдол байна.

   Мөн тэмдэг нэр бүтээх -дуу2 дагаврыг нэрийн үндсэнд залгасан “бөөрөнцөгдүү” хэмээх ганц тохиолдол монгол хэлний тайлбар толь бичгүүдэд тохиолдоно. Гэвч -дуу2 зөвхөн тэмдэг нэрийн үндсэнд залгаж тухайн тэмдгийн бууруу шинжийг заадаг учир бөөрөнцөг (бяцхан бөмбөлөг хэлбэртэй биеийн тамир, спортын шидэж түлхэх нэгэн зүйл цул хэрэгсэл) хэмээх нэр үндсийн ард хэлний зүй тогтлын хувьд -дуу2 дагавраас -рхуу2 илүү тохирно.

 

 

 

 

Сүүлд засварласанБаасан, 20 1-р сар 2017 05:57
Дээш