Menu

Тэмдэг нэр бүтэхүй

   Сайн, муу, хатуу, зөөлөн, хар, цагаан, өндөр, нам, хурдан, түргэн гэх мэтээр юмс үзэгдлийн шинж чанар, бэлгэ тэмдэг, өнгө зүс, хэлбэр дүрс, үйл хөдлөлийн болц байдал зэргийг заах үгсийг тэмдэг нэр (үг) гэнэ. Тэмдэг нэр нь үндсэн хэлбэрээрээ (үүсмэл бус) байхаас гадна нэр, үйл, тэмдэг нэрийн үндсэнд үг бүтээх дагавар залгаж үүсмэл тэмдэг нэр бүтээх арга бий. Тухайн дагаврыг нэрийн үндсэнд залгаж байна уу, үйлийн үндсэнд залгаж байна уу, эсвэл дүрслэх язгуурт залгаж байна уу гэдгээр нь шалгуур хийж “нэрээс тэмдэг нэр бүтээх”, “үйлээс тэмдэг нэр бүтээх”, “дүрслэх язгуураас тэмдэг нэр бүтээх” гэж гурав ангилна.

Нэр язгуур, үндсээс тэмдэг нэр бүтээх дагавар:

1. -втар4 дагавар: аажуувтар, багавтар, богиновтор, жижгэвтэр, залуувтар, зөөлөвтөр, зузаавтар, нарийвтар, ногоовтор, сулавтар, сэрүүвтэр, харавтар, цөөвтөр, шаравтар, шингэвтэр гэх мэтээр “өнгө зүс, шинж тэмдэг заасан ихэнх тэмдэг нэрийн үндсэнд залгаж тухайн тэмдгийн шинжийг бууруулах” утга илтгэнэ. Энэ нь нэлээд бүтээлч дагавар юм.

бор (~ өнгө) боровтор (бага зэрэг бор, бор маягийн)

цөөн (олон биш) цөөвтөр (нэлээд цөөхөн)

шинэ (сая гарсан, хуучраагүй) шинэвтэр (бага зэрэг шинэ)

2. -дуу2 дагавар: алиадуу, бараандуу, богинодуу, болхидуу, бордуу, зожигдуу, зусардуу, нимгэндүү, ховордуу, хэврэгдүү, цоохордуу, шардуу, элбэгдүү, эмзэгдүү, эрдүү гэх мэтээр “өнгө зүс, шинж тэмдэг заасан тэмдэг нэрийн үндсэнд залгаж тухайн тэмдгийн шинжийг бууруулах” утга илтгэнэ. Тус дагавар нь тэмдэг нэр бүтээх дагаврын дотроос хамгийн бүтээлч нь болно.

ахимаг (нас ахисан, хижээл) ахимагдуу (ахимаг байрын)

хүрэн (~ өнгө) хүрэндүү (хүрэн байрын)

хээнцэр (ганган) хээнцэрдүү (хээнцэр байрын)

   Нэг үгийн бүтцэд тэмдгийн шинжийг бууруулах үүрэгтэй -втар4, -дуу2 дагавар давхарлан орох тохиолдолд зөвхөн “-втар4+-дуу2” (боровтордуу, шаравтардуу) дарааллаар байрладаг.

3. -хан4 дагавар: алсхан, багахан, дундхан, жижигхэн, залуухан, муухан,намхан, охорхон, сулхан, товчхон, томхон, хархан, холхон, цэвэрхэн, чангахан, эмзэгхэн гэх мэтээр “тэмдэг нэрийн үндсэнд залгаж шинж чанарыг бууруулах” утга илтгэнэ.

богино (урт ~) — богинохон (нэлээн богино)

шинэ (~ хуучин) — шинэхэн (нэлээн шинэ, шинэвтэр)

саруул (~ уудам) — саруулхан (нэлээн саруул)

   Энэхүү дагавар нь тэмдгийн утгыг бууруулахын зэрэгцээ, нэгхэн, хоёрхон, гучхан, дөчхөн гэх мэтээр өгүүлэгчийн сэтгэлийн аяс илэрхийлэх үүргээр хэрэглэгддэг байна.

4. -нгуй2 (-нхуй2) дагавар: боронгуй, харанхуй /харангуй/, шарангуй зэрэг өнгө заасан цөөн тэмдэг нэрийн үндсэнд залгаж “тухайн өнгийг бууруулах” утга илтгэнэ.

бор (~ өнгө) боронгуй (боровтор маягийн өнгө: ~ зүстэй)

хар (~ өнгө) харанхуй (гэрэлгүй, харавтар маягийн өнгө)

шар (~ өнгө) шарангуй (шаравтар маягийн өнгө)

5. -гч(ин) дагавар: бөртөгчин, тарлагчин, халзагчин, цагаагчин, эмэгчингэх мэтээр их төлөв өнгө зүс заасан утгатай тэмдэг нэрийн язгуур,

Дэлгэрэнгүй...