Menu

Нэр үг бүтэхүй

    Юм, үзэгдлийг ерийн болон оноон нэрлэсэн үгийг нэр үг гэнэ. Жишээ нь: ширээ, сандал, зураг, Бат, Дорж, Орхон гэх мэт. Монгол хэлэнд дагаврын аргаар нэр үг бүтэхдээ нэрийн ба үйлийн язгуур, үндсэнд дагавар залгана. 

     Нэр язгуур, үндсээс нэр үг бүтээх дагавар. Нэр үг бүтээх дагаврын нэг хэсэг нь харьцангуй олон үг бүтээдэг байхад нөгөө хэсэг нь цөөн хэдхэн үг бүтээнэ. Тухайлбал, төрөл садны утгатай -ль дагавар үеэл, хаяал гэсэн ердөө хоёрхон үг бүтээдэг бол, ажил мэргэжлийн утгатай -чин дагавар нэлээд олон үг бүтээх чадвартай байна. Дагаврыг үг бүтээх чадвараар нь “бүтээлч”, “бүтээлч бус” гэж ангилдаг.

Нэрээс нэр үг бүтээх бүтээлч дагаврууд:

1. -чин (-ч) дагавар: анчин, бүжигчин, гөрөөчин, домч, жолооч, засварчин, зурагчин, малчин, нүүдэлчин, оёдолчин, саальчин, улаач, тээвэрчин, холбоочин, эмч гэх мэтээр түр болон байнга эрхлэх ажил, мэргэжил” заасан нэр үг бүтээнэ.

хонь (~ мал) хоньчин (хонь хариулагч)

барилга (~ байшин) барилгачин (барилга барих ажилчин)

зохиол (~ бүтээл) зохиолч (зохиолыг бичигч)

2. -тан4дагавар: ажилтан, амьтан, араатан, идэштэн, оюутан, сэлүүртэн, сэжигтэн, сэхээтэн, туурайтан, угсаатан, холбоотон, хөхтөн, хүйстэн, эрдэмтэн, ястан гэх мэтээр “үүсгэгч үндсийн утга бүхий юм үзэгдлийг агуулсан хүн, амьтны хам олныг заасан ерөнхий нэр” бүтээнэ.

жигүүр (далавч) жигүүртэн (жигүүр бүхий амьтад)

мэргэжил (мэдлэг ~) мэргэжилтэн (мэргэжлийг эзэмшсэн хүн)

тэжээл (өвс тэжээл) (өвсөн) тэжээлтэн (өвсөөр хооллогч амьтад)

    Хам олныг заах -тан4 дагавраас гадна, биеийн төлөөний үг “тан”-аас үүсэлтэй, хүндэтгэлийн утга илтгэх -тан4 хэмээх ижил дагавар (homo suffix) буй. Энэ дагавар ахайтан, багштан, гэгээнтэн, ламтан, ноёнтон, хаантан, эзэнтэн зэрэг цөөн үгийн бүтцэд тохиолдоно.

3. -вч дагавар: аравч, гэгээвч, дөрөөвч, зөөлөвч, мөрөвч, өвчүүвч, өндгөвч, сүүдрэвч, хаяавч, хошуувч, хөхөвч, хуруувч, хүзүүвч, элгэвч,

эрхийвч гэх мэтээр “бүрхэж далдлах, халхалж хамгаалах хэрэгслийн нэр” бүтээнэ.

ул (хөлийн ~) улавч (гутлын~: гутлыг зөөллөх, дулаалах зорилгоор дэвсэх зүйл)

чих (эрхтэн) чихэвч (чихийг хамгаалах хэрэгсэл)

шал (байшингийн ~) шалавч (шалан дээр дэвсэж хамгаалах дэвсгэр)

Энэ дагаврын “в” гийгүүлэгч хормогч (хормой+-вч), сүвэгч (сүв+-вч) зэрэг үгэнд “г”-ээр сэлгэдэг байна.

Хөхний даруулга бус хөхөвч

   Хэлний дотоод зүй тогтлоор шинэ үг бүтэх боломж байсаар атал харь үгийг зээлдэн хэрэглэх нь аливаа хэлний дархлаанд сөрөг хандлагатай зүйл. Ер нь орчуулах боломжтой үгсийг эх хэлээрээ буулгах оролдлого соёлт үндэстэн бүрд байдаг. Ингэж харь үгийг аль болохоор хэрэглэхгүй байх зарчмыг хэл шинжлэлд пуризм гэж нэрлэдэг. Энэ нь латин хэлний “цэвэр” гэсэн үгээс үүсэлтэй ажээ. Харин дэлхий нийтээрээ орчуулахгүй тэр хэвээр нь авч хэрэглэдэг тусгай үгс (экзотик) энд хамаарахгүй.

   Орчин цагийн монгол хэлнээ орос хэлний лифчик гэдэг үгийг шууд болон “хөхний даруулга” гэж монголчлон хэрэглэж байна. “Хөхний даруулга” хэмээн эх хэлээрээ хэлж бичиж буй нь сайшаалтай боловч аливаа нэрлэлтийн товч бөгөөд оновчтой байх зарчимд харшилна. Өөрөөр хэлбэл, олон үгээр тайлбарлахын оронд оносон цөөн үгээр нэрлэх нь хэлэхэд товч бөгөөд амар.

   Тэгэхээр энэ үгийг эх хэлээрээ хэрхэн хэлж бичих вэ? Орчин цагийн монгол хэлэнд нэрээс нэр үндэс үүсгэх -вч дагавар гэж буй. Энэ дагавар нь тухайн юм үзэгдлийг халхалж хамгаалах, хааж бүрхэх утга бүхий жинхэнэ нэр үүсгэдэг. Жишээ нь: хаяавч, шагайвч, өвдгөвч, дөрөөвч, бэлгэвч, сүүдрэвч, чихэвч, салхивч, бугуйвч, хошуувч, мөрөвч, улавч гэх мэт.

   “Далай дусал нэмэр”-ийн үлгэрээр, хөхийг халхалж хамгаалах нэгэн зүйл хувцсыг хөхөвч гэж нэрлэж хэвшүүлбэл зохино. 1982 онд хэвлэгдсэн “Орос-Монгол толь”-ийн 248-р талд орос хэлний лифчик гэдэг үгийг хөхөвч гэж орчуулсан байна. Үүнтэй адил шалны дэвсгэрийг шалавч, амны хаалтыг амавч гэж нэрлэх нь эх хэлний зүй тогтол, нэрлэлтийн оновчтой байх зарчимд яв цав таарна.

   Нөгөө талаар, монгол хэлний үг бүтэх ёсны зарчмаас гажиж, нэрээс нэр үүсгэдэг -вч дагаврыг үйл үгийн үндсэнд залгаж үүсгэсэн сийлэвч, мөлхөвч зэрэг цөөн үгийн буруу хэлбэржилтийг залруулах хэрэгтэй. (Д.Заяабаатар) 

4. -гана4 дагавар: алтгана, балчиргана, бөөргөнө, газаргана, гилжиргэнэ, зээргэнэ, хадаасгана, хазааргана, харгана, хэдгэнэ, хялгана, шүүдэргэнэ гэх мэтээр “шинж чанараар нь төлөөлүүлж багасган нэрлэсэн ургамал, амьтны” нэр бүтээнэ.

хар (~ өнгө) харгана (ургамал)

хул (адууны зүс) хулгана (амьтан)

чоно (амьтан) чоногоно (ургамал)

5. -лзгана4 дагавар: агилзгана, боролзгоно, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, гүрэлзгэнэ, гэрэлзгэнэ, есөлзгөнө, наймалзгана, тэмээлзгэнэ, улаалзгана, хүрэлзгэнэ, хэрэлзгэнэ гэх мэтээр“тухайн зүйлтэй төстэй жижиг амьтан, ургамлын” нэр үүсгэнэ.

бөөр (эрхтэн) бөөрөлзгөнө (ургамал)

гүзээ (эрхтэн) гүзээлзгэнэ (ургамал)

тэмээ (мал) тэмээлзгэнэ (шавж)

6. -лдай(-ндай3, -нтай3, -дай3) дагавар: авгалдай, Боролдой, бөмбөлдэй, бухандай, Долоодой, дүүдэй, Зургаадай, овоодой, өвөлдэй, ухнадай, үрвэлдэй, Харалдай, Хөхдэй, хувдай, цоохондой гэх мэтээр “өхөөрдөн багасгасан, хүндэтгэсэн” утга бүхий нэр үг бүтээнэ.

бух (агтлаагүй эр үхэр) бухандай (бухан бяруу)

хүүхэн (бүсгүй хүн) хүүхэлдэй (хүн дүрст тоглоом)

жар (тоо) Жарантай (тоогоор хүндэтгэн бэлгэдсэн нэр)

Эртний болон дундад үеийн монгол хэлнээс уламжилж ирсэн цөөн үгэнд хадгалагдан үлджээ. Орчин цагийн монгол хэлэнд төдийлөн шинэ үг бүтээдэггүй дагавар юм.

7. -нцар4 дагавар: ачинцар, бөхөнцөр, буханцар, гучинцар, дарганцар, жичинцэр,зээнцэр, мананцар, мөөгөнцөр, савханцар, тоосонцор, тэргэнцэр, уутанцар, хөөсөнцөр, чононцор гэх мэтээр “үүсгэгч үндсийн утгаар илэрч буй юм, шинжийг дутуу дулим агуулсан хүн амьтан, юм үзэгдлийг заасан нэр” бүтээнэ.

мөөг (ургамал) мөөгөнцөр (бичил мөөг)

тэрэг (суух, ачихад зориулсан дугуйт хэрэгсэл) тэргэнцэр (багахан тэрэг)

хув (гоёл чимэглэлд хэрэглэх эд) хуванцар (дуураймал хув)

8. -цаг4 (-нцаг4) дагавар: бөөрөнцөг, довцог, дуганцаг, дэвэнцэг, зээрэнцэг, мөрөгцөг, оронцог, паланцаг, эрэгцэг гэх зэргээр “тухайн зүйлийн хэлбэр байдлыг багасгасан адилтгасан” нэр үг бүтээнэ.

дов (овгор товгор газар: дов толгод) довцог (бяцхан дов) 

дуган (сүм) дуганцаг (оромж)

бөөр (бие эрхтний нэр) бөөрөнцөг (бяцхан бөмбөрцөг хэлбэртэй юм)

9. -лж(ин) дагавар: атгаалжин, баралжин, боролж,бөвөөлж,сааралжин, толболжин, тутгалжин, харалжин, шарилж гэх зэргээр “тухайн өнгө зүс, хэлбэр дүрс бүхий амьтан (ихэвчлэн шувуу), ургамал, эрдэс чулуулгийг” нэр бүтээнэ.

бор (өнгө) боролж (ургамал)

толбо (юманд тогтсон бөрт: цоохор ~) толболжин (эрдэс чулуу)

шарга (зүс) шаргалж (шувуу)

10. -га4 дагавар: гадарга, давхарга, оньсого, хайрга, чөдрөг зэрэг цөөн үгийн бүтцэд тохиолдож тухайн язгуурын утга бүхий” нэр үг бүтээнэ. Мөн дамнуурга, татуурга, тэнцүүрэг, углуурга, хавчуурга, хөшүүрэг, шахуурга гэх мэтээр багаж хэрэгсэл заасан -уур2 дагавартай ихэнх үндсэнд залгадаг байна.

хайр (~ чулуу: голын ~) хайрга (~ чулуу: голын ~)

гадар (өнгөн тал: дээлийн ~) гадарга (өнгөн тал: газрын ~)

шахуур (шахах хэрэгсэл) шахуурга (шахах хэрэгсэл)

Зарим дагаврыг үгийн язгуур, үндсэнд нэмэн залгавч утга нь төдийлөн өөрчлөгдөхгүй байх тохиолдол бий.

11. -гай3 (-гуй2) дагавар: авгай, гэргий, бэргэй, худгуй гэх мэтээр цөөн нэр язгуурт залгаж “эмэгтэй хүнийг хүндэтгэх” утга, мөн амгай, андгай зэрэг язгуурт залгаж “нэрийн дагуу” утга илтгэнэ.

бэр (хүүхэд дүү нарыг гэргий) бэргэй (бэрийн хүндэтгэл нэр)

худ (ураг барилдсан эр эмийн эцгүүд) — худгуй (ураг барилдсан эр эмийн эхчүүд)

ам (эрхтэн)амгай (морь малын аманд зуулгах төмөр)

Нэрээс нэр үг бүтээх бүтээлч бус дагаврууд:

1.-вх дагавар: цөөн нэр язгуурт залгаж “нэрийн утга дагуу” үг бүтээнэ.

ид (чадал, чадвар: ~ хав) идэвх (мэрийлт, чармайлт: ~ зүтгэл)

ус (гол ~)усавхи (сувс архи)

2.(ин) дагавар: нэр язгуурт залгаж “мал, амьтны нас, эм хүйс” заасан цөөн нэр үг бүтээнэ.

гуна (зарим амьтны 3 настай эрэгчин) гунж (зарим амьтны 3 настай эмэгчин)

дөнө (дөрвөн настай эр бод мал) д өнж (дөрвөн настай эм бод мал)

3. дагавар: нэр язгуурт залгаж “ус ундаа, архи дарсны зүйлийг заасан” цөөн нэр үг бүтээнэ.

хар (өнгө)харз (~ ус)

хор (~ хөнөөл)хорз (нэг зүйл архи)

шар (өнгө)шарз (нэг зүйл архи)

4.(ь) дагавар: нэр язгуурт залгаж “төрөл садны утга бүхий” цөөн нэр үг бүтээнэ.

үе (~ удам)үеэл (төрсөн ах дүүгийн хүүхэд)

хаяа (ойр зэргэлдээ)хаяал (үеэл ах дүүгийн хүүхэд)

5. -сар4 дагавар: цөөн нэр язгуурт залгаж нэрийн утга дагууүг бүтээнэ.

ам (юмны үзүүр, ирмэг: аяганы ам)амсар (савны ~),

зав (~ зай, ~ чөлөө)завсар (зай завсар)

6. дагавар: цөөн нэр язгуурт залгаж нэрийн утга дагуу үг бүтээнэ.

баг (бөөн хэсэг, баглаа)багц (хэсэг хэсгээр боож тавьсан юм)

өвдөг (өмдний өвдөг орчмын газар)өвдөгц (өвдгөөр татам хэмжээ)

өр (хүн, амьтны аюулхайн орчим газар)өрц (амьтны чээжний хөндий,хэвлийн хөндийг заагласан булчин мах)

7. -цаа4 дагавар: цөөн нэр язгуурт залгаж нэрийн утга дагуу үг бүтээнэ.

хувь (~ хишиг)хувьцаа (хувь хөрөнгө оруулсан хэмжээ)

хэрэг (~ болох)хэрэгцээ (~ шаардлага)

8. -магдагавар: аймаг, бижирмэг, зайрмаг, ирмэг гэх зэргээр цөөн язгуурт залгаж “нэрийн дагуу утга бүхий” үг бүтээнэ.

ай (анги зүйл)аймаг (~ сум, айл ~)

зайр (~ мөс)зайрмаг (сүүн ~)

ир (~ мөр)—ирмэг (юмны амсар хөвөө)

Нэр язгуур, үндсээс үг бүтээх дагаврын найруулга. Техник технологи, харилцаа холбоо асар хурдтай хөгжиж буй өнөө үед хүмүүс урд өмнө байгаагүй олон зүйлийг зохион бүтээсээр байна. Түүнийг шинээр нэрлэх, мөн гаднын аль нэг хэлээр байгаа нэрийг орчуулах, өөрийн хэлээр оноох хэрэгцээ шаардлага урьд өмнөх үеэс нэмэгдэж байна.

 Аливаа нэг зүйлийг нэрлэх, нэр томьёо онооход нэр үг бүтээх дагаврын үүрэг нөлөө их. Мэргэжлийн нэр томьёоны зүйлд нэр үг бүтээх дагавруудыг буруу зөрүү хэрэглэсэн зүйл нэлээд тохиолдоно. Энэ ном нь хэл шинжлэлийн нарийн судалгаа биш хэн бүхний хэл найруулгад түгээмэл гардаг алдаа мадгийг засах сайжруулах, нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд зориулсан учраас нэр томьёотой холбоотой зүйлсийг үл дурдъя. Харин нэрээс нэр үг бүтээх дагаврын найруулгад дурдалгүй өнгөрч үл болох хэдэн үгийн талаар өгүүлье.

 

...Үүний үр дүнд манай орон авлигалын хөгжлөөрөө дэлхийн найман томын түвшинд дөхөж яваа аж. Ийм хурдацтай хөгжих юм бол ойрын ирээдүйд дэлхийн лидер авлигалч Монголоос төрөхийг үгүйсгэх арга байхгүй.

(Монгол авилгал, Өнөөдрийн тойм. 2011.11.15)

гэх мэтээр нэгэн үе хуулийн зүйл заалтаас эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэн бүхний хэл ярианд уяатай байсан “авлигал” гэдэг үг юм.

Авлигал уу, Авлига уу?

Шунан ховдоглох сэтгэлийн эрхээр бусдаас ёс бусаар авсан эд зүйлийг заан нэрлэсэн “авлигал” гэдэг үг нэгэн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэн бүхний хэл ярианд уяатай байв. Чухамдаа ийм нэр үг монгол хэлний үгийн санд байхгүй, бүтцийн хувьд буруу бөгөөд зөв хэлбэр нь “авлига” юм. Монгол хэлэнд нэр үгээс үйл үүсгэх -л дагавар байхаас бус нэрээс нэр үүсгэдэг -л дагавар байдаггүй.

1983 онд хэвлэгдсэн “Монгол үсгийн дүрмийн толь”-д үйл үндсийн хойно зурдас тавиагүй байдаг бөгөөд уг толийн 14-р талд “авлигал (хээл хахууль авах)” хэмээн бичсэнийг “авлигал” гэсэн нэр үг байгаагаар ухааран хэрэглэж, улмаар эдүгээ нийтээр монгол хэлний авлигал(ах) гэдэг үйл үгийн үндсийг нэр үг мэтээр эндүүрэх болжээ. Хэрэв тэр толь бичигт “авлигал-” хэмээн үйл үгийн үндэс болохыг заасан зурдастай бичсэн бол энэ эндүүрэл гарахгүй байсан буй заа.

“Авлига” гэдэг үгийн утгын түүхэн хувьслыг нэхэн үзэхэд бас сонирхолтой. 13-р зууны үеийн монгол хэлнээ хаан эзний өмнөөс дайн тулаанд орж, амь эрсэдсэн эрэлхэг баатрын үр хойчис, өнчин хоцрогсдод олгох түгээл хишгийг “өнчдийн авлига” гэдэг байжээ. Тухайлбал: “Монголын Нууц Товчоон”-ы 218-р зүйлд “...Бас Чингис хаан Цагаангоогийн хөвүүн Нарийнтоорилд өгүүлрүүн: Эцэг чинь Цагаангоо миний өмнө хичээж хатгалдах болон Далан балжуудад хатгалдахуйд Жамухад алагдлаа. Өдгөө Тоорил эцгийнхээ тус өнчдийн авлига автугай...” хэмээсэн буй. Энэ талаар “Монголын Нууц Товчоон”-ы 185, 217, 218-р зүйлээс лавлан үзнэ үү.

Аливаа хэлний түүхэн хөгжлийн явцад үгийн утга хувьсан өөрчлөгддөг зүй тогтлоор угтаа буяны өглөгийг авах утгатай байсан “авлига” хэмээх үг нь хээл хахууль авах гэсэн утгыг илтгэх болжээ. Энэ мэт монгол бичгийн хэлнийхээ уугуул үгийг сэргээн хэрэглэж байгаа нь сайшаалтай бөгөөд гагцхүү зөв хэлбэрээр нь хэвшүүлбэл зохино. Уг нэр үндсээс авлигад шунан дурлагч этгээдийг заасан авлигач, авлига авах үйлийг заасан авлигал- зэрэг үндэс үүссэн байна.

Мөн авлага гэсэн нэр үг буй. Авлига, авлага нь хоёулаа ав- гэсэн үйл язгуурт нэр бүтээх дагавар залгаж бүтсэн нэрлэлт. Утгын хувьд бусдаас авах ёсгүй зүйл буюу угтаа хээл хахууль авахыг заасан нэрлэлт нь авлига, авах ёстой эд зүйлийг заасан нь авлага болох мэт. (Д.Заяабаатар)

Түүнчлэн хэрэгслэл (бичгийн), эрмэлзлэл (хүсэл) зэргээр бичсэн зүйл хааяа таарах болсон нь мөн л “авилгал”-тай ижил буруу үүссэн үг.

Буруу хэлбэржсэн зарим үгийг залруулах нь

Монгол хэл нь Алтай язгуурын бүлэгт багтдаг, залгамал хэв шинжтэй хэл учраас үгийн бүтэц хэлбэржилтийн хувьд язгуур, үг бүтээх дагавар, хувилгах нөхцөл гэсэн дараалалтай байдаг. Үг бүтээх дагавар бүр нь өөр өөрийн байр, утгатай.

Монгол хэлний үг бүтэх зүй тогтлоос гажууд бүтээсэн хожуу үед хамаарах нэрлэлт цөөнгүй байгааг эх хэлнийхээ бүтэц тогтолцооны үүднээс засан залруулж, зөв хэлбэрийг хэвшүүлж байх нь зүйтэй юм.

1. Эрмэлзлэл бус эрмэлзэл. Орчин цагийн монгол хэлэнд үйлээс нэр үндэс үүсгэх -л дагавар байдаг. Тухайлбал: бод-бодол, үз-үзэл, сана-санал, хэвлэ-хэвлэл, гар-гарал, бүтээ-бүтээл гэх мэт. Гэтэл шинэ үсгийн дүрмээр эрмэлзлэл гэж бичээд буй үгийг өмнөх жишгээр задлан үзвэл эрмэлзэл- >эрмэлзлэл гэж үүсэх ёстой болно. Монгол хэлний түүхэн баримт дурсгалд эрмэлзэл- гэсэн үйл үндэс ер байхгүй. Тэгэхээр “эрмэлзлэл” нь эрмэлзэ- гэсэн үйл үндсэнд нэр үүсгэх -л дагавар залгаж бүтсэн “эрмэлзэл” гэх нэр үгийн ташаа бичлэг болно.

2. Дурдатгал бус дуртгал (дурадхал). Дурдатгал хэмээн бичиж буй нэр үндсийг бүтцээр нь задалбал дурдатга- + -л болно. Гэтэл монгол хэлэнд дурдатга- гэсэн үйл үндэс байхгүй бөгөөд “эрмэлзэл-”-ийн нэгэн адил ташаарсан хэрэг юм. Энэ нь дурад- (үйл үндэс) +ха (үйлдүүлэх хэвийн бүтээвэр) +-л (үйлээс нэр үг бүтээх дагавар) гэж үүссэн бөгөөд дуртгал хэмээн бичих ёстой.

Дурдах нэгэн зүйл, дурд-, дурс- гэсэн үйл үндсүүд -д, -с гийгүүлэгчийн сэлгэцээр үүсжээ. Монгол хэлний д, с гийгүүлэгч дадах дасах, багадах багасах, уртдах уртсах, богинодох богиносох зэргээр сэлгэх тохиолдол цөөнгүй. Тэгэхээр дурсгал, дуртгал хоёр нь бүтцийн хувьд яг адил юм.

Дашрамд дурдахад, эдүгээ ихэд түгсэн “санал болгох” гэдэг хэллэгийг монгол бичгийн хэлэнд “дуртгах” гэж хэлдэг байсныг тэмдэглэе.

3. Гарваль бус гарал. Орчин цагийн монгол хэлний үг бүтэх ёсонд буруу хэвшсэн нэг хэлбэр бол гарвал(ь) юм. Монгол хэлэнд үйлээс нэр үг бүтээх -вал(ь) дагавар байхгүй бөгөөд гар- гэсэн үйл язгуураас гарал, гарам, гарц, гараа, гарлага, гарам зэрэг нэр үндэс үүсдэг. Тэгэхээр уг гарал, угсаа гарал, гарал үндэс гэж хоршин хэрэглэх нь зүйтэй байна. 

     Түүнчлэн нэр үг бүтээх дагаврын найруулгад холбогдох заалтуур, наалтуур, саалтуур, суултуур, угаалтуур, хөөлтүүр, цоолтуур, шүүлтүүр зэрэг найман үг байна. Эдгээр үгийн бүтэц дэх *-уур/-үүр дагаврыг зарим судлаач нэрээс нэр үг бүтээх дагавар гэж тодорхойлдог ч үнэндээ монгол хэлэнд нэрээс нэр үг бүтээх -уур дагавар байдаггүй. Энэ нь чухамдаа багаж хэрэгслийн утга бүхий соруул, шахуур гэх мэтээр үйлээс нэр үг бүтээдэг -уур2/-уул2 дагавар боловч дээрх үгст нэр үг бүтээх -лт дагаврын араас залгаж дагаврын байрлалын тогтолцоог зөрчжээ. Үүнийг заагуур, саагуур, суугуур, угаагуур, хөөлүүр, цоолуур, наалт, шүүр гэвэл хэлний бүтэц, зүй тогтолд нийцнэ.

     Үйлээс нэр үг бүтээх дагавар. Үйл язгуур, үндсийн ард нэр үг бүтээх дагавар залгаж үйлийн явц, үр дүн, үйлийн хэрэглэгдэхүүн, хэрэглүүр (багаж зэвсэг), үйлийг эрхлэн гүйцэтгэгч эзнийг заах утга илтгэнэ.

Үйлээс нэр үг бүтээх бүтээлч дагаврууд: 

1. -аа4 (-аан4) дагавар: атираа, бөглөө, буйлаан, жишээ, мэдээ, намаржаа, санаа, тогтолцоо, тулаан, тэнхээ, унаа, утаа, ухаан, уяа, хөдөлгөөн гэх мэтээр “үйлийн явц, үр дүн, үйлийн хэрэглэгдэхүүн заах” утгатай бүтээлч дагавар юм. 

ид- (идэх уух) — идээ (идэх юм: идээ ундаа)

тэмц- (зүтгэн чармайх) — тэмцээн (тэмцэх үйлийн нэр: уралдаан ~) 

шүт- (шүтэх бишрэх) — шүтээн (шүтэх юм: бурхан ~)

2. -вар4 (-бар4) дагавар: бичвэр, дадвар, дайвар, дуусвар, заавар, засвар, зөөвөр, зүйвэр, өсвөр, салбар, таавар, тайлбар, төлбөр, тэсвэр, уулзвар, үзвэр, үүсвэр, чадвар, шийдвэр гэх мэтээр “үйлийн үр дүн, хэрэглэгдэхүүн, мөн орны утга” бүхий нэр үг бүтээнэ.

заа- (заах сургах) — заавар (хийх, хэрэглэх аргачлал, тайлбар: ~ зөвлөгөө) 

олд- (эрж олох) — олдвор (олсон үнэт дурсгал) 

сал- (салах нийлэх) — салбар (салаалж гарсан хэсэг)

3. -га4 (-гаа4) дагавар: дарга, зангарга, захиргаа, мэндчилгээ, нөмрөг, нударга, тулга, үйлчилгээ, үүрэг, хавсарга, хавчуурга, халтиргаа, чуулга, шавхарга, шуурга гэх мэтээр “үйлийн явц, үр дүн, үйлийн хэрэглүүр заах” утгатай бүтээлч дагавар болно. 

нидэр- (хүчлэн дарж үрэх, нухах) — нидрэг (нухах, нидрэх хэрэгсэл)

ундар- (ус тасралтгүй үргэлжлэн гарах) — ундарга (усны ундран гарах нь)

хуур- (хайрах хуурах) — хуурга (хуурч болгосон хоол)

4. -лга4 дагавар: бодлого, бүтээлэг, гуйлга, давтлага, дадлага, мэдлэг, орлого, өглөг, сурлага, туршлага, унтраалга, урилга, үзлэг, хаалга, хариуцлага, хэллэг, цөллөг, шүтлэг, эмнэлэг гэх мэтээр үйлийн явц, үр дүн, үйлэнд хэрэглэгдэхүүн” зэргийг заасан утга илтгэнэ. Кирил үсгийн дүрэмд уул дагаврыг -лга, -лага, -лого, -лэг, -лөг гэсэн олон хувилбараар журамлажээ.

бич- (бичих тэмдэглэх) —бичлэг (бичиж тэмдэглэсэн нь) 

барь- (барих байгуулах) —барилга (~ байшин) 

хуч- (хучих бүтээх) —хучлага (хучих зүйл)

5. дагавар: амьдрал, аялал, боловсрол, дасгал, дурлал, заншил, зөгнөл, итгэл, мөргөл, мэдэл, нөхөрлөл, санал, төрөл, тэжээл, үзэгдэл, үзэл, үйлдвэрлэл, үүсэл, хүмүүжил, чадал, шагнал, шийдэл, эхлэл гэх мэтээр үйлийн явц, үр дүн, үйлийн үр дүнд үүсэж бий болсон юм үзэгдлийг заадаг” бүтээлч дагавар болно.

зөгнө- (зөнгөөр ёрлох) — зөгнөл (зөгнөх үйлийн нэр)

хөгж- (хөгжих цэцэглэх) — хөгжил (хөгжих үйлийн нэр)

тоногло- (тоног хэрэглэлээр хангах) — тоноглол (тоног төхөөрөмж) 

6. -лт дагавар: багадалт, байгуулалт, боолт, гүйлт, даралт, зүүлт, наалт, нуралт, өөрчлөлт, түрэлт, үрэлт, хотжилт, хүсэлт, цөлжилт, шохойжилт гэх мэтээр“үйлийн явц, үр дүн, үйлийн хэрэглэгдэхүүн заасан” утга илтгэнэ.

өс- (өсөх торних) — өсөлт (өсөх явц байдал) 

дүгнэ- (дүнг тооцох: үнэлэх дүгнэх) — дүгнэлт (дүгнэх үйлийн нэр) 

ороо- (тойруулан боох) — ороолт (ороох үйлийн нэр, орооход зориулсан зүйл: хүзүүний ~)

7. дагавар: бичиг, бүжиг, гуниг, жишиг, засаг, золиг, зориг, ноорог, өчиг, сураг, сэжиг, тойрог, түшиг, хоног, хориг гэх мэтээр үйл язгуурт залгаж “үйлийн үр дүн, үйлэнд хэрэглэгдэх зүйлийг заасан” утга илтгэнэ. 

зур- (зурах дүрслэх) — зураг (юмны төрх байдлыг гарган хийсэн дүрс: ~ зурах) 

буд- (будаг түрхэх) — будаг (юманд өнгө оруулах, зураг зурахад хэрэглэх зүйл) 

чим- (гоё ганган болгох) — чимэг (гоё ганган болгоход хэрэглэх зүйл: ~ зүүлт)

8. -дал4 дагавар: алхдал, асуудал, байдал, боодол, гишгэдэл, гүйдэл, заадал, зардал, захидал, зүйдэл, өргөдөл, суудал, үхдэл, хийдэл, явдал гэх мэтээр “үйлийн явц, үр дүн, үйлийн орон байр заасан” утга илтгэнэ.

нүү- (нэг газраас нөгөөд шилжих) — нүүдэл (байр сольж сэлгэх хөдөлгөөн) 

оё- (оёх хатгах) — оёдол (оёх үйлийн нэр, оёсон газар) 

буу- (буух суух) — буудал (буух, амрах, байрлах газар) 

9. -дас4 дагавар: айдас, гулгидас, дардас, зайлдас, зордос, зулбадас, огидас/огиудас, орхидос, тайрдас, тунадас, тургидас, хяргадас, цавчдас, цуулдас, ялгадас гэх зэргээр “үйлийн үр дүнд үүссэн эд юм (хэсэг), хийсвэр зүйлийг заасан” утгатай нэр үг бүтээнэ. 

угаа- (эд зүйлийг усанд хийж цэвэрлэх) — угаадас (юм угаасан бохир ус) 

үр- (юмыг харж хавирах) — үрдэс (үрэгдсэнээс үүссэн үйрмэг) 

тайр- (тайрах огтлох) — тайрдас (урт юмнаас тайрч авсан хэсэг)

10. -аас4 дагавар: бүрээс, зураас, ивээс, нөхөөс, нэхээс, танаас, ухаас, хаваас, хадаас, хигээс, хөшөөс, чихээс, шивээс, ширээс, эмжээс гэх зэргээр “үйлийн үр дүн, үйлийн хэрэглэгдэхүүн заах” утга илтгэнэ.

бич- (бичих тэмдэглэх) — бичээс (хад чулуу зэрэг дээр бичсэн бичиг)

үд- (холбож бэхлэх: гутал ~) — үдээс (үдэхэд хэрэглэх зүйл: гутлын ~)

мат- (мурий махир болгох) — матаас (матаж тахир болгосон хэсэг)

11. -мж дагавар: асрамж, багтаамж, бодомж, давтамж, дурсамж, захирамж, зохимж, зөвлөмж, илгээмж, мэдрэмж,сургамж, тогтоомж, тусламж, үзэмж, үнэлэмж, хураамж гэх мэтээр “үйлийн зохих хувь хэмжээ, үйлдэх нөөц боломж, чадварыг заасан” нэр үг бүтээнэ.

бүтээ- (хийж бүтээх) — бүтээмж (бүтээх үйлийн явц: ажлын ~)

сэтгэ- (бодох сэтгэх) — сэтгэмж (сэтгэн бодох чадвар)

чад- (хийж дөнгөх) — чадамж (чадах боломж, хэмжээ)

12. дагавар: дарш, зууш, идэш, нөөш, нухаш, онош, тарьш, таташ, тохош, түлш, тээш, унаш, ууш зэргээр үйлийн хэрэглэгдэхүүн буюу үйлийн үр дүнд бий болсон юмыг заасан” утгатай нэр үг бүтээнэ.

ид- (хоол болгон хэрэглэх: идэж уух) — идэш (хоол болгон идэх юм: ~ тэжээл)

тат- (жижиглэн хэрчих: мах ~) — таташ (жижиглэж хөшиглөсөн зүйл)

тээ- (зөөх тээвэрлэх) — тээш (тээсэн юм: ачаа ~)

13. -р(ь) дагавар: байр, буурь, зөөр, нүүр (нүүгээд буух газар), нэмэр, суурь, хэвтэр, хэлбэр гэх зэргээр “үйлийн үр дүн, үйлийн орон заасан” утга илтгэнэ. 

бай- (орших) — байр (орон ~)

буу- (дээрээс доошлох: буух суух) — буурь (буусан ором: гэрийн ~)

суу- (босох суух) — суурь (суусан ором: хотын ~)

Зоорь бус зөөр

   “Монгол хэлний товч тайлбар толь”-д “зоорь” гэдэг үгийг “байшин гэрийн дор буюу энгийн газар алин боловч газрыг ухаж юм хум хадгалахаар бэлтгэсэн сав буюу нүхэн сав” (280-р тал) хэмээн тайлбарлажээ. Эл үгийн гарал бүтцийг хөөн үзвэл, бай+р=байр, хэвт+р=хэвтэр , буу+рь=буурь, суу+рь=суурь гэх мэт үгстэй адилтгахад хүрнэ.

   Орчин цагийн монгол хэлний үйлээс нэр үүсгэх -р, -рь дагавар ихэвчлэн орших орныг заасан утгатай жинхэнэ нэр бүтээдэг. Тэгвэл, “зоорь” гэдэг нь “зоо-” язгуурт үйл үгэнд -рь дагавар залгаж бүтсэн хэл зүйн хэлбэр үү, “зоо-” нь бэхлэх, хатгах, оноох гэсэн утгатай үйл язгуур мөн үү гэсэн хоёр асуулт урган гарна. Өнгөцхөн хараад тэгж ойлгож болох ч угтаа тийм биш юм.

   “Зоорь” бол “зөөр” гэдэг үгийн ташаа хэлбэр. Монгол хэлний түүхэн хөгжлийн явцад “хураах, хадгалах” гэсэн утгатай зөө- язгуурт үйл үгийн уугал утга бүдгэрч, “нэг байрнаас нөгөөд шилжүүлэх” гэсэн утгыг илтгэх байдал илүү давамгай болжээ. Үүнээс үүдэж, “хураах, хадгалах” гэсэн утгатай үйл язгуурт орших орныг заасан -ри дагавар залгаж бүтсэн “зөөр” хэмээх нэр үндсийг ухаж ойлголгүй, “зоорь” гэдэг ташаа хэлбэрээр толь бичигт оруулсан байна. “Зоорь”, “зөөр” гэсэн хоёр хэлбэрийн ойролцоо дуудлага ингэж ташаарахын бас нэгэн үндэс болсон биз ээ.

   Гэхдээ “зөөр” гэдэг зөв хэлбэр нь орчин цагийн монгол хэлний хэрэглээнд огт байхгүй хэрэг биш бөгөөд хөрөнгө зөөр гэсэн хоршоо үг буй. Уншигч та бүхний давын өмнө олоод үзэж чадах “Монгол хэлний товч тайлбар толь”-д “зөөр” гэдэг үгийг “хурааж хуримтлуулсан хөрөнгө хогшил” хэмээн тайлбарласан байна.

    “Зөө-” язгуурт үйл үгийн хэрэглээ хэлний түүхэн баримт дурсгалд хэрхэн тусч үлдсэнийг жишээлэн үзье. Тэмүжин агт морьдоо дээрэмд алдсан, Боорчитой таарч анд барилдсан тухай “Монголын Нууц Товчоон”-д өгүүлсэн хэсэгт “Эцэг минь Наху баян нэрт буюу. Наху баяны ганц хөвүүн нь би буюу. Эцгийн минь зөөсөн над түгтэл буюу. Би үл авах, тус болсон минь юун тус болох, үл авах хэмээв” гэсэн байна. Энэ өгүүлэмжийг Жамбын “Асрагч нэртийн түүх” хэмээх 17-р зууны түүхэн сурвалжид “Наху баяны гэрийн ойр хүрч ирэхүйд Чингис өгүүлрүүн: -Нөхөр би чамаас өөр эд морьдыг яахин авах бүлгээ. Адилхан хувааж [08.б] авъя гэв. Боорчи өгүүлрүүн: -Сайн нөхөр мунданиж ирэв хэмээн тусалсу (=тусалъя) хэмээлээ яахин авах. Эцгийн минь Наху баяны зөөсөн ганц хөвүүн надад мундашгүй буй. Авахул тус болсон минь юун болох хэмээж эс авав” хэмээжээ. Саган сэцэний “Эрдэнийн товч”-д “Олноо зөөсөн хайран их улс чинь тархам за, Охь болсон Боорчи Мухулай хоёр чинь гашуудам за”, “Хаадын үндсэн хураангуй алтан товч”-д “Сур дөрөө сунатал, төмөр дөрөө дөлөртөл жийж, их улсаа зовон зөөж, зонхилон хураах цагтаа, энэ мэт зовлонг эс үзлээ, би”, “Хан эзний зөөсөн хасбуу алтан тамгыг ханцуйлж гарвай” хэмээсэн буй. Өмнө эш татсан хэсгүүд дэх “зөө-” язгуурт үйл үг нь “хураах, хадгалах” гэсэн утгатай байх бөгөөд ийм баримт олныг дурдаж болох билээ. 

   Ер нь хэлний тогтолцооны хамгийн хувьсамтгай хэсэг нь үгийн сан байдаг. Өөрөөр хэлбэл, үгийн сангийн утга өөрчлөгдөх, шилжих нь аливаа хэлний нийтлэг үзэгдэл юм.

           “Зөөр” “зоорь” болсны учир ийм буюу. (Д.Заяабаатар)

14. -уур2 (-уул2) дагавар: алчуур, баллуур, гөвүүр, жигнүүр, заагуур, малтуур, өлгүүр, самнуур, соруул, тариур, тоолуур, түлхүүр, угаагуур, хадуур, чагнуур, шахуур, шүршүүр, элдүүр, юүлүүр гэх мэтээр “тухайн үйлийг үйлдэх багаж хэрэгслийн нэр” бүтээдэг, бүтээлч дагавар юм. Бүтцэдээ“р” гийгүүлэгчтэй язгуур, үндсэнд -уул2 хувилбарыг залгана.

балла- (бичсэн, зурсан зүйлийг арилгах) — баллуур (арилгаж баллах хэрэглүүр) 

хад- (хадах хяргах: өвс ~) — хадуур (өвс хадах хэрэгсэл) 

чагна- (сонсох чагнах) — чагнуур (чагнах багаж хэрэгсэл)

15. дагавар: барьц, бууц, бүтэц, гаргац, гарц, далайц, дарц, зарц,нөөц, нууц, олдоц, сорьц, сууц, сэтгэц, явц гэх мэтээр “үйлийн хэр хэмжээ, цар хүрээг илтгэсэн” утгатай нэр үг бүтээнэ.

урга- (ургах төлжих) —  ургац (хураах ургамлын хэмжээ) 

хий- (хийх бүтээх) — хийц (хийсэн байдал, ур маяг) 

хар- (үзэх харах) — харц (харах байдал: нүдний ~) 

16. -гч дагавар: ачигч, бичигч, захирагч, зохиогч, мөрдөгч, зөөгч, нэвтрүүлэгч, сонсогч, сурагч, удирдагч, ухуулагч, үзэгч, үйлчлэгч, хүмүүжигч, шүүгч, элсэгч гэх мэтээр “үйлийг (түр) эрхлэн гүйцэтгэгчийг заасан” нэр үг бүтээнэ. Бүтээлч дагавар.

ахал- (удирдах, тэргүүлэх) — ахлагч (бүлэг хэсгийн тэргүүлэгч: багийн ~)

нис- (нисэх хөөрөх) — нисэгч (нисэж буй зүйлийг жолоодогч: сансрын ~) 

сур- (сурах мэдэх) — сурагч (сургуульд сурч буй хүүхэд)

17. -аач4 дагавар: биелээч, бичээч, гоцлооч, домнооч, дуулаач, зарлаач, зураглаач, илээч, манаач, мэтгээч, нугараач, нэхээч, удирдаач, хянаач, шинжээч гэх зэргээр “тухайн үйлэнд мэргэшсэн үйлдэгчийг заах”утгатай нэр үг бүтээнэ.

зур- (зураг зурах) — зураач (зурах мэргэжилтэй хүн)

судал- (шинжлэх судлах) — судлаач (судалгаа хийдэг хүн)

харва- (нумын хөвчийг татаж сум үсэргэх: сур харвах) — харваач (нум зэргийг харвахад мэргэшсэн хүн) 

18. -уул2 дагавар: босуул, засуул, зугтуул, нэхүүл, сахиул, тонуул, тосуул, туршуул, тэнүүл, угтуул, хайгуул, хэсүүл, цагдуул, чагнуул, эрүүл гэх зэргээр “үйлийг эрхлэн гүйцэтгэгчийн утга” илтгэсэн нэр үг бүтээнэ.

мана- (харж хамгаалах: адуу ~) —мануул (манаа гүйцэтгэгч) 

тагна- (тагнах чагнах) —тагнуул (цэргийн ба улсын нууцыг олж мэдэх үүрэг бүхий этгээд: ~ туршуул)

хар- (харах хамгаалах) —харуул (аливаа зүйлийг манаж, харгалздаг этгээд)

19. -хуй2 дагавар: арвитахуй, асрахуй, баясахуй, мэдрэхүй, нигүүлсэхүй, сувилахуй, сувилахуй, сэрэхүй, сэтгэхүй, тэжээхүй, үнэмлэхүй, хувилахуй, үржихүй, хэмжихүй, хүртэхүй, хүрэлцэхүй, хэлэхүй, энэрэхүй зэргээр ихэвчлэн “хүний санаа сэтгэл заасан үйлийн үндсэнд залгаж хийсвэр” утгатай нэр үг бүтээнэ.

20. -хуун2 дагавар: бүрэлдэхүүн, мэдэгдэхүүн, өгөгдөхүүн, өгүүлэгдэхүүн, тусагдахуун, ухагдахуун, үржигдэхүүн, хасагдахуун, хувьсахуун, хэмжигдэхүүн, хэрэглэгдэхүүн, эзлэхүүн гэх мэтээр “үйлийн үр дүнг, үйлэнд өртөх зүйлийг заасан” нэр үг бүтээнэ.

бүтээ- (хийж бүтээх) — бүтээгдэхүүн (бүтээсэн юм)

судлагд- (судлагдах шинжлэгдэх) — судлагдахуун (судлагдах юм)

шат- (шатах ноцох) — шатахуун (шатах юм: ~ түлш)

21. -аахай3 (-уухай) дагавар: ангаахай, дэгдээхий, мануухай, хавчаахай, эрвээхий зэргээр “онцлог шинжээр нь төлөөлүүлэн нэрлэсэн” нэр үг бүтээнэ.

дэгд- (ойр ойрхон үсэрч явах) — дэгдээхий (шувууны дэгдэж гүйдэг зулзага)

хавч- (хоёр талаас нь шахаж барих) — хавчаахай (хавч хорхой)

эрвэ- (юмны үзүүр үл мэдэг хөдлөх: эрвэх дэрвэх) — эрвээхий (хос далбагар далавчтай шавж: цэцгийн ~)

22. -аар4 дагавар: сүлбээр, тэвчээр, үдээр, хавчаар, хазаар, эмжээр гэх зэргээр “үйлийн хэрэглүүр заасан” нэр үг бүтээнэ.

үд- (холбож бэхлэх: хана ~) — үдээр (юм үдэх нарийн зүссэн шир: ханын ~)

хавч- (хоёр талаас нь шахаж барих) — хавчаар (хавчих хэрэглүүр) 

сүлбэ- (хатгах сүлбэх) — сүлбээр (сүлбэх хэрэгсэл)

 Үйлээс нэр үг бүтээх бүтээлч бус дагавар: 

1. дагавар: үйл язгуурт залгаж “үйлийн дагуух утга” илтгэнэ.

сэд- (сэдэх үүсгэх) — сэдэв (сэдэх үүсгэх шалтгаан) 

төс- (тоймлох багцаалах) — төсөв (тойм багцаа) 

2. дагавар: цөөн үйл язгуурт залгаж “үйлийн үр дүн заасан” утга илтгэнэ. 

инээ- (инээх баясах) — инээд (инээх үйлийн нэр) 

ханиа- (бүгшүүлж ханиах) — ханиад (~ томуу) 

3. дагавар: цөөн үгийн бүтцэд тохиолдож “үйлийн үр дүнг илтгэсэн” нэр үг бүтээнэ.

гар- (гадагшаа гарах) — гарз (гарсан юм: ~ хохирол)

ол- (эрж олох) — олз (олсон юм)

4. -л(ь) дагавар: сааль, цацал зэргээр цөөн үйл үндсэнд залгаж “үйлийн үр дүн заах” утга илтгэнэ.

саа- (үнээ саах) — сааль (~ сүү)

цац- (сүү цац-: тараах, асгах) — цацал (~ өргөх)

5. -мсар4 дагавар: санамсар, тоомсор, ухамсар зэргээр “үйлийн утга дагуух байдал” заасан нэр үг үүсгэнэ.

сана- (сэтгэх бодох) — санамсар (санаж сэрэх анзаарал)

тоо- (тоох ойшоох) — тоомсор (тоох анхаарах байдал)

ух- (юмны учир утгыг ойлгох) — ухамсар (учир зүйг ялган таних байдал)

6. -мт дагавар: баримт, боомт, дарамт зэрэг цөөн үйл үндсэнд залгаж “үйлийн үр дүнг заасан” нэрийг бүтээнэ.

барь- (барих атгах) — баримт (гэрч нотолгоо болох юм: ~ нотолгоо)

дар- (дээрээс доош хүчлэх) — дарамт (дарж байгаа нь, тээр дараа болох юм)

боо- (хориг саад хийх) — боомт (замд тохиох саад тотгор)

7. -мшиг дагавар: аймшиг, гайхамшиг, гутамшиг, залхамшиг зэрэг цөөн үйл үндсэнд залгаж “үйлийн бололцоо заасан байдлыг илтгэх утга нэр үг бүтээнэ.

ай- (айх цочих) — аймшиг (айвал зохих зүйл)

гайх- (сонирхон хачирхах) — гайхамшиг (гайхам сайхан явдал)

гут- (ичиж зовох) — гутамшиг (нэр хүндээ барсан ичгүүр, шившиг)

8. дагавар: баас, дарс, хөөс, шүүс, шээс зэрэг цөөн үндсэнд залгаж “үйлийн үр дүнд бий болсон зүйл (шингэн)-ийг заасан”нэр үг бүтээнэ.

дар- (дарах нөөцлөх) — дарс (жимсний архи)

хөө- (сэгсийх, томрох) — хөөс (шингэний дотор хий орж цэврүүтсэн нь)

шүү- (шүүх тунгаах) — шүүс (жимс, ногоо, ургамлаас гарах шингэн)

   Үйлээс нэр үг бүтээх дагаврын найруулга. Харилцаа холбоо өргөжин хөгжиж дэлхийн өнцөг булан бүрд өрнөж буй аливаа үйл явдлыг монголчууд бид цаг тухайд нь хүлээн авч байна. Манай хэвлэлүүд гол төлөв англи, орос хэлээрх сурвалжаас мэдээгээ орчуулан бэлтгэдэг. Тухайн хэлний өгүүлбэрт орсон бүх нэр үгийг монгол хэлний нэр үгээр орчуулах гэсэн эрмэлзлээс үүдэж, сүүлийн жилүүдэд үйлийн явц байдлыг заасан нэр үг голчлон бүтээх -лт дагаврыг үг бүтээх чадамжаас нь хэтрүүлэн хэрэглэх болжээ. 

Огцом зогсолт хийх нь осол гарахад нөлөөлдөг.

 (Зүй нь: Огцом зогсох нь осол гарахад нөлөөлдөг)

 Багш нар тохиролцоонд хүрээгүй тохиолдолд маргаашаас ажил хаялт хийнэ.

 (Зүй нь: Тохиролцохгүй бол багш нар маргааш ажил хаяна)

 Японд газар хөдлөлт боллоо.

 (Зүй нь: Японд газар хөдөллөө)

Хэрэв дүрэм зөрчвөл жолооч нар 10 онооноосоо хасалт хийлгэх юм.

(Зүй нь: жолооч нар 10 онооноосоо хасуулна)

гэх мэтээр орос, англи хэлний махчилсан орчуулгын нөлөөгөөр -лт дагаврын зохисгүй хэрэглээ өсөн нэмэгдсээр байна.

   Ихэнх толь бичигт үйл үгийг ирэх, очих, уулзах, учрах гэх мэтээр хэлбэртэй бичсэн байдаг. Түүнийг олон хүн цэвэр үйл үг гэж бодох болжээ. Угтаа хэлбэрт үгс нь өгүүлбэрт нэр, үйлийн аль алины нь үүргээр ордог тул “үйлт нэр” хэмээн нэрлэдэг. Монгол хэлний зүй тогтлоор үйл үг юм уу, үйлт нэр байх газарт -лт дагавар бүхий нэр үг орсноор ард нь өөр нэг үйл үгийн зохих хэлбэр эрхгүй шаардагдаж өгүүлбэр нуршуу болдог байна. Ийм жишээ “өвдөлт өгөх, нийлүүлэлт хийх, доргилт авах, тууралт гарах, бүрдүүлэлт хийх, хяналт тавих, хайлт хийх, дамжуулалт гүйцэтгэх” гэх мэт нэн олныг жагсааж болно. Бүр сүүлдээ ингэж найруулах нь бичиг зохиолыг “албаны байдалтай болгодог” гэсэн ташаа ойлголтыг ч хүмүүст төрүүлээд эхэлжээ. Эдгээрийг “өвдөх, доргих, туурах, нийлүүлэх, бүрдүүлэх, хянах, хайх, газар хөдлөх” гэж найруулбал монгол хүнд ойр тусаж, илүү нэг үг хэмнэнэ.

   -лт дагаварт нэр үгийн ард орж байгаа үйл үг нь үйлт нэрийн –х (нийлүүлэлт хийх) нөхцөлөөр төгсөж байвал хавсран орж буй үйл үгийг нь хурааж -лт дагаврын оронд –х(нийлүүлэх) нөхцөлийг, -сан, -на, -лаа, -в (нийлүүлэлт хийсэн, нийлүүлэлт хийнэ, ...хийлээ, ...хийв) зэрэг бусад нөхцөлөөр төгсөж байвал мөн үйл үгийг нь хурааж -лт дагаврын оронд тухайн нөхцөлийг шууд залгаж (нийлүүлсэн, нийлүүлнэ, нийлүүллээ, нийлүүлэв г.м) бичвэл найруулгыг товч тодорхой болгоно. 

   Мөн үг бүтээх дагаврын найруулгыг судалсан эрдэмтдийн анхаарлыг татдаг үг бол “ажилбар” юм. -вар4 дагавар үйлээс нэр үг бүтээдэг бол тус үгийн бүтцэд ажил гэсэн нэрийн ард оржээ. Энэ нь монгол хэлний үг зүйн хэм хэмжээг илт зөрчсөн хэрэг бөгөөд 

41 хүүхдэд үнэ төлбөргүй зүрхний мэс ажилбар  хийх аж.

 Нүдний даралтаас болж хараа муудахад мэс ажилбар хийдэггүй.

гэх мэтээр хэл найруулгад түгээмэл тохиолдоно. Уг нь эд-л-бэр, хайч-л-бар, хувь-л-бар, шат-л-бар зэрэгтэй ижил бүтэцтэй (ажил-л-бар) үг. Хэлэх явцад дараалан орсон “л” гийгүүлэгчийн нэг нь сугарч, тэрхүү сугарсан хэлбэрийг бичигт шууд тэмдэглэснээр ажилбар гэдэг буруу хэлбэр хэвшжээ. Зүй нь ажиллавар юм. 

   Үйлээс нэр үг бүтээх дагаврын найруулгад монгол хэлний үг бүтэх ёсыг харгалзалгүй буруу үүсгэсэн цөөн үг байна. Түүний нэг нь орос хэлний потенциал гэдэг үгийн орчуулга болох чадавх хэмээх үг юм. Энэ нь идэвх, усавхи, бүдэвх зэргийг төсөөгөөр үүссэн үг бөгөөд монгол хэлэнд үйлээс нэр үг бүтээх -вх дагавар байхгүй. Тиймээс боломж, бүтэмж, зохимж гэдгийн адил чадамж (чадах нөөц боломж) гэж хэрэглэвэл монгол хэлний дотоод зүй тогтолд нийцнэ. 

   Нэмэн тэмдэглэхэд, бидний өдөр тутмын хэрэглээнд хэдийн хэвшсэн “хөргөгч” хэмээх нэр бий. Энэ нь орос хэлний “холодильник” гэдэг үгийн орчуулга бөгөөд тухайн үгийн “-ник”-ийг -гч дагавраар буулгажээ. Орос хэлний -ник дагавар нь ученик (сурагч), десантник (шүхэрчин), паяльник (гагнуур) гэх мэтээр ажил мэргэжил, багаж хэрэгсэл зэргийг заах онцлогтой байна. Гэвч монгол хэлний -гч нь байцаагч, нисэгч, сурагч гэх мэтээр зөвхөн үйлдэгч хүнийг заадаг. Харин тухайн үйлийг гүйцэтгэгч нь амьгүй зүйл буюу багаж төхөөрөмж байвал малтуур, чихүүр, хөдөлгүүр гэх мэтээр -уур дагавраар буулгах ёстой. Тиймээс анх хөргүүр гэж нэрлэсэн бол багаж хэрэгслийн утга зааж, монгол хэлний зүй тогтолд нийцэх байлаа. 

   -гч дагавартай холбоотой өөр нэг зүйл нь -гч(ид) болон -гс(ад) гэсэн нийлмэл хэлбэрийг хутгах алдаа түгээмэл гарч байна. Үйлт нэрийн -сан4 нөхцөлийн ард олон тооны залгасан “-гсад4 хэмээх “өнгөрсөн цагт хам олны утга” бүхий нийлмэл хэлбэрийг одоо цагийн утгаар ойлгон буруу хэрэглэсэн нь цөөнгүй ажиглагддаг. 

Гадаадад суралцагсад төлбөрөөс чөлөөлөгдөхийг хүсжээ.

Оюутолгойн ажиллагсад “ухаалаг малгай”-тай боллоо.

гэх мэтээр -гсад дагавар бүхий үгсийн хэрэглээ ихсэж байна. “Ажиллагсад, суралцагсад” ажиллаж байсан, сурч байсан хүмүүс, “ажиллагчид, суралцагчид” одоо ажиллаж, сурч буй хүмүүсийн тухай болно. Өмнөх жишээнд бичигч одоо сурч, ажиллаж буй хүмүүсийн тухай өгүүлж буй учир

Гадаадад суралцагчид төлбөрөөс чөлөөлөгдөхийг хүсжээ.

Оюутолгойн ажиллагчид/ажилчид “ухаалаг малгай”-тай боллоо.

гэж засна. Тиймээс -гсад, -гчид хоёрын утгын ялгааг сайтар анхаарах хэрэгтэй.

 

Сүүлд засварласанБаасан, 20 1-р сар 2017 05:46
Дээш