Menu

Үйл үг бүтэхүй

   Юмс үзэгдлийн үйл хөдлөл, явц байдлыг нэрлэн заасан үгсийг үйл үг гэнэ. Жишээ нь: үз-, ир-, нүү-, яв- гэх мэт. Үйл үгс нь хэв, байдал, цаг, төлөв, биеийн айтай, өгүүлбэрт ихэвчлэн өгүүлэхүүний үүрэг гүйцэтгэдэг.

    Нэр язгуур, үндсээс үйл үг бүтэхүй

   Нэр язгуур, үндсийн араас үйл үг бүтээх дагавар орж тухайн нэрийг үйл үг болгодог. Ингэхдээ нэрийн үндсэнд залгавал үйл үг бүтээх дагавруудын утгаас хамаарч эд зүйлийг эзэмших, эдэлж хэрэглэх, түүнчлэн юм, үзэгдэл өсөж төлжих, хэвшиж дадах зэрэг утга илтгэдэг аж. Харин тэмдэг нэрийн үндсэнд залгавал үйл үг бүтээх дагавруудын утгаас хамаарч үүсгэгч үндсийн утга дагуу шинж тэмдэгтэй болох, болгох, шинж тэмдэг нь ихсэх, багасах, хэтийдэх, хэвшин тогтох зэрэг утга илтгэдэг болно.

   Үйл үг бүтээх дагавруудын нэг хэсэг нь тусах үйл үг, нөгөө хэсэг нь эс тусах үйл үг бүтээдэг. Тусах, эс тусах шинж нь үйл үгийг ангилах үндсэн шалгуур бөгөөд өмнөх үгээ заахын тийн ялгалаар захирч байвал тусах, үл захирч байвал эс тусах үйл үг болно.

    Нэр язгуур үндсээс тусах үйл үг бүтээх дагавар:

   -д дагавар: багаж хэрэгсэл заасан язгуур, үндсэнд залгаж “багаж хэрэгслээр үйлдэх” (бууд-, бүслүүрд-, жолоод-, саваад-, сүлбээрд-, сэлүүрд-, ташуурд-, хөгжимд-, хөшүүрэгд-), мөн үйлэнд өртөн баригдах юм үзэгдэл заасан нэр язгуур, үндсэнд залгаж “тухай зүйлийг барих атгах, эзлэх эрхшээх” (сугад-, хүзүүд- г.м голдуу хүн, амьтны эрхтэн) утга бүхий тусах үйл үг бүтээнэ.

   -л (-на4) дагавар: хүн амьтан, юмс үзэгдэл, шинж чанар, тоо хэмжээ, орон байр, цаг хугацаа, зүг чиг заасан нэр язгуур, үндсэнд залгаж “үйлдэх” утгатай тусах үйл үг бүтээх ба үүсгэгч үндсийн утгаас хамаарч:

   - багаж хэрэгсэл заасан нэр, язгуур үндсэнд залгавал тухайн зүйлийг хэрэглэж үйлдэх (самна-, тамгал-, хазаарла-, хайчил-, хомно-, хутгал-, эмээллэ-),

   - үйлийн үр дүн, үйлэнд өртөх юм заасан нэр язгуур, үндсэнд залгавал тухай зүйлийг эдлэх, эрхлэн үйлдэх, хийж гүйцэтгэх утга (авла-, агна-, дэллэ-, жийрэглэ-, зарцал-, малла-, мэдээл-, нөөцөл-, өмчил- гэх мэт),

  - шинж чанар, тоо хэмжээ заасан нэр язгуур, үндсэнд залгавал тухайн шинж тэмдэг бүхий болгох утга (бөөрөнхийл-, гонзгойл-, дөрвөлжил-, дулаал-, жижиглэ-, илэрхийл-, тодорхойл-, хатуул-, хуурайл-, цэвэрлэ-тус тус илтгэдэг аж.

   Тус дагавар -л, -на4 гэсэн хоёр хувилбартай бөгөөд гам-на-, дом-но-, дэм-нэ-, сам-на-, хэм-нэ- гэх мэт “м”, ан-на-, ган-на-, дайсан-на-, дүн-нэ-, зөн-нө-, орон-но-, сүржин-нэ-, тайлан-на-, хонзон-но-, хошин-но-, шан-на гэх мэт “н(г)” гийгүүлэгчээр төгссөн язгуур, үндсэнд -на4

Дэлгэрэнгүй...

Тэмдэг нэр бүтэхүй

   Сайн, муу, хатуу, зөөлөн, хар, цагаан, өндөр, нам, хурдан, түргэн гэх мэтээр юмс үзэгдлийн шинж чанар, бэлгэ тэмдэг, өнгө зүс, хэлбэр дүрс, үйл хөдлөлийн болц байдал зэргийг заах үгсийг тэмдэг нэр (үг) гэнэ. Тэмдэг нэр нь үндсэн хэлбэрээрээ (үүсмэл бус) байхаас гадна нэр, үйл, тэмдэг нэрийн үндсэнд үг бүтээх дагавар залгаж үүсмэл тэмдэг нэр бүтээх арга бий. Тухайн дагаврыг нэрийн үндсэнд залгаж байна уу, үйлийн үндсэнд залгаж байна уу, эсвэл дүрслэх язгуурт залгаж байна уу гэдгээр нь шалгуур хийж “нэрээс тэмдэг нэр бүтээх”, “үйлээс тэмдэг нэр бүтээх”, “дүрслэх язгуураас тэмдэг нэр бүтээх” гэж гурав ангилна.

Нэр язгуур, үндсээс тэмдэг нэр бүтээх дагавар:

1. -втар4 дагавар: аажуувтар, багавтар, богиновтор, жижгэвтэр, залуувтар, зөөлөвтөр, зузаавтар, нарийвтар, ногоовтор, сулавтар, сэрүүвтэр, харавтар, цөөвтөр, шаравтар, шингэвтэр гэх мэтээр “өнгө зүс, шинж тэмдэг заасан ихэнх тэмдэг нэрийн үндсэнд залгаж тухайн тэмдгийн шинжийг бууруулах” утга илтгэнэ. Энэ нь нэлээд бүтээлч дагавар юм.

бор (~ өнгө) боровтор (бага зэрэг бор, бор маягийн)

цөөн (олон биш) цөөвтөр (нэлээд цөөхөн)

шинэ (сая гарсан, хуучраагүй) шинэвтэр (бага зэрэг шинэ)

2. -дуу2 дагавар: алиадуу, бараандуу, богинодуу, болхидуу, бордуу, зожигдуу, зусардуу, нимгэндүү, ховордуу, хэврэгдүү, цоохордуу, шардуу, элбэгдүү, эмзэгдүү, эрдүү гэх мэтээр “өнгө зүс, шинж тэмдэг заасан тэмдэг нэрийн үндсэнд залгаж тухайн тэмдгийн шинжийг бууруулах” утга илтгэнэ. Тус дагавар нь тэмдэг нэр бүтээх дагаврын дотроос хамгийн бүтээлч нь болно.

ахимаг (нас ахисан, хижээл) ахимагдуу (ахимаг байрын)

хүрэн (~ өнгө) хүрэндүү (хүрэн байрын)

хээнцэр (ганган) хээнцэрдүү (хээнцэр байрын)

   Нэг үгийн бүтцэд тэмдгийн шинжийг бууруулах үүрэгтэй -втар4, -дуу2 дагавар давхарлан орох тохиолдолд зөвхөн “-втар4+-дуу2” (боровтордуу, шаравтардуу) дарааллаар байрладаг.

3. -хан4 дагавар: алсхан, багахан, дундхан, жижигхэн, залуухан, муухан,намхан, охорхон, сулхан, товчхон, томхон, хархан, холхон, цэвэрхэн, чангахан, эмзэгхэн гэх мэтээр “тэмдэг нэрийн үндсэнд залгаж шинж чанарыг бууруулах” утга илтгэнэ.

богино (урт ~) — богинохон (нэлээн богино)

шинэ (~ хуучин) — шинэхэн (нэлээн шинэ, шинэвтэр)

саруул (~ уудам) — саруулхан (нэлээн саруул)

   Энэхүү дагавар нь тэмдгийн утгыг бууруулахын зэрэгцээ, нэгхэн, хоёрхон, гучхан, дөчхөн гэх мэтээр өгүүлэгчийн сэтгэлийн аяс илэрхийлэх үүргээр хэрэглэгддэг байна.

4. -нгуй2 (-нхуй2) дагавар: боронгуй, харанхуй /харангуй/, шарангуй зэрэг өнгө заасан цөөн тэмдэг нэрийн үндсэнд залгаж “тухайн өнгийг бууруулах” утга илтгэнэ.

бор (~ өнгө) боронгуй (боровтор маягийн өнгө: ~ зүстэй)

хар (~ өнгө) харанхуй (гэрэлгүй, харавтар маягийн өнгө)

шар (~ өнгө) шарангуй (шаравтар маягийн өнгө)

5. -гч(ин) дагавар: бөртөгчин, тарлагчин, халзагчин, цагаагчин, эмэгчингэх мэтээр их төлөв өнгө зүс заасан утгатай тэмдэг нэрийн язгуур,

Дэлгэрэнгүй...

Нэр үг бүтэхүй

    Юм, үзэгдлийг ерийн болон оноон нэрлэсэн үгийг нэр үг гэнэ. Жишээ нь: ширээ, сандал, зураг, Бат, Дорж, Орхон гэх мэт. Монгол хэлэнд дагаврын аргаар нэр үг бүтэхдээ нэрийн ба үйлийн язгуур, үндсэнд дагавар залгана. 

     Нэр язгуур, үндсээс нэр үг бүтээх дагавар. Нэр үг бүтээх дагаврын нэг хэсэг нь харьцангуй олон үг бүтээдэг байхад нөгөө хэсэг нь цөөн хэдхэн үг бүтээнэ. Тухайлбал, төрөл садны утгатай -ль дагавар үеэл, хаяал гэсэн ердөө хоёрхон үг бүтээдэг бол, ажил мэргэжлийн утгатай -чин дагавар нэлээд олон үг бүтээх чадвартай байна. Дагаврыг үг бүтээх чадвараар нь “бүтээлч”, “бүтээлч бус” гэж ангилдаг.

Нэрээс нэр үг бүтээх бүтээлч дагаврууд:

1. -чин (-ч) дагавар: анчин, бүжигчин, гөрөөчин, домч, жолооч, засварчин, зурагчин, малчин, нүүдэлчин, оёдолчин, саальчин, улаач, тээвэрчин, холбоочин, эмч гэх мэтээр түр болон байнга эрхлэх ажил, мэргэжил” заасан нэр үг бүтээнэ.

хонь (~ мал) хоньчин (хонь хариулагч)

барилга (~ байшин) барилгачин (барилга барих ажилчин)

зохиол (~ бүтээл) зохиолч (зохиолыг бичигч)

2. -тан4дагавар: ажилтан, амьтан, араатан, идэштэн, оюутан, сэлүүртэн, сэжигтэн, сэхээтэн, туурайтан, угсаатан, холбоотон, хөхтөн, хүйстэн, эрдэмтэн, ястан гэх мэтээр “үүсгэгч үндсийн утга бүхий юм үзэгдлийг агуулсан хүн, амьтны хам олныг заасан ерөнхий нэр” бүтээнэ.

жигүүр (далавч) жигүүртэн (жигүүр бүхий амьтад)

мэргэжил (мэдлэг ~) мэргэжилтэн (мэргэжлийг эзэмшсэн хүн)

тэжээл (өвс тэжээл) (өвсөн) тэжээлтэн (өвсөөр хооллогч амьтад)

    Хам олныг заах -тан4 дагавраас гадна, биеийн төлөөний үг “тан”-аас үүсэлтэй, хүндэтгэлийн утга илтгэх -тан4 хэмээх ижил дагавар (homo suffix) буй. Энэ дагавар ахайтан, багштан, гэгээнтэн, ламтан, ноёнтон, хаантан, эзэнтэн зэрэг цөөн үгийн бүтцэд тохиолдоно.

3. -вч дагавар: аравч, гэгээвч, дөрөөвч, зөөлөвч, мөрөвч, өвчүүвч, өндгөвч, сүүдрэвч, хаяавч, хошуувч, хөхөвч, хуруувч, хүзүүвч, элгэвч,

Дэлгэрэнгүй...

Үг бүтэхүйн найруулга

     Үг бүтэх ёс, хэлний дотоод зүй тогтлыг танин мэдэхгүйгээр үг бүтэхүйн найруулгыг талаар өгүүлэх бараг боломжгүй. Мөн хэлний зүй тогтлыг зөрчиж үүсээд нийтийн хэлэнд нэгэнт хэвшчихсэн үг, хэл зүйн хэлбэрийг хүмүүс тэр бүр анзаардаггүй байна. Тиймээс үг бүтэхүйн найруулга бол найруулгын төрөл дотроос хамгийн адармаатай нь болно.

      Аливаа хэлэнд байдагчлан монгол хэлэнд үг бүтэх, шинэ үг үүсгэх нарийн ёс бий. Энэ ёсыг зөвхөн хэлний мэргэжилтэн гэлтгүй бичиг соёлтой хүн бүр зохих хэмжээнд мэдэж байх шаардлагатай. Тиймээс энэхүү номд үг бүтээх дагавар тус бүрийг нэг бүрчлэн танилцуулж, үг бүтэхүйн найруулгад гардаг түгээмэл алдаа, түүнийг хэрхэн залруулах талаар өгүүлсэн болно.

Дэлгэрэнгүй...