Menu

Үгийн сан, орчуулгын дүрэм

1. Үгийн өнгө аясыг тухайн харилцааны орчинд зөв тохируулна. Жишээлбэл, Далайцэрэн чамд баяр хүргэж, редакцтай холбоо барин ирж шагналаа авахыг сануулж байна гэсэн өгүүлбэрт “Чамд”, “сануулж” хэмээх хоёр үг харилцааны орчинд тохирохгүй байгаагаас өгүүлбэрийн утга гажиж, доромж шинжтэй, уцаарлангуй аяс илэрхийлэхэд хүрчээ. Ийм учраас эдгээр үгийг солих юм уу хасах хэрэгтэй.

2. Харилцааны тухайн орчинд онцын шаардлагагүй үг хэрэглэхээс зайлсхийнэ. Жишээлбэл, Бяцхан зорчигчдыг машинаар авч явах бол түүнд зориулсан тусгай бэхэлгээ заавал хэрэгтэй гэхгүй, Бяцхан зорчигчийг машинаар авч явахад тусгай даруулга хэрэгтэй гэвэл цэгцтэй болно. Шагнал гардуулах ажиллагаа явагдаж байна гэхгүй, Шагнал гардуулж байна гэнэ.

3. Харилцааны тухайн орчинд чухал хэрэгтэй үг хэллэг дутахаас сэрэмжилнэ. Жишээлбэл, Ерөнхийлөгчид нэр дэвшиж хөдөө орон нутгаар аялж явахдаа уулзалтын индэр дээр суун, эрхий хуруун дээрээ гозойтол нь босгон, хамрын тамхиа татаж суухад...гэсэн өгүүлбэрт үг дутсанаас ойлгомжгүй, болхи найруулгатай болжээ. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх сунгаад оролцож, орон нутгаар аялж явахдаа, уулзалтын хурлын үеэр тэргүүлэгчийн байранд, эрхий долоовор хуруугаар хөөргөө хавчин, хамрын тамхи татаж суухад... гэвэл түрүүчийнхээс арай дээрдэнэ.

4. Нэг үг болон нэг язгуурт үгийг давтан нуршихаас зайлсхийнэ. Жишээлбэл, Гарын хуруунуудаа чөлөөтэй ээлжлэн хөдөлгөж сурахын тулд ширээн дээр хуруунуудаа пөмбөгөр хэлбэртэй байрлуулан, нэг хэмээр ширээгээ зөөлөн тогших хөдөлгөөн хийнэ гэхгүй, Гарынхаа хурууг саадгүй хөдөлгөж сурахын тулд дунд үеэр нь ялимгүй нугалан цомбойлгож, тэгш гадарга дээр жигд хэмнэлээр зөөлөн тогшин сургуулилна гэвэл зөв болно.

5. Нийтэд ойлгомжгүй үг хэллэгээс зайлсхийх бөгөөд хэрэглэхээс өөр аргагүй бол зүүлт, тайлбар дагуулна. Жишээлбэл, Өөрийн үйлчилгээний онлайн цэгийг байгуулан ажиллах боломжтой гэсэн өгүүлбэр дэх “онлайн” гэдгийг хүн бүр ойлгоно гэж үзэх боломжгүй тул

орчуулах, эсвэл зүүлт, тайлбар дагуулах шаардлагатай байна. Бас “цэгийг” гэхгүй, “цэг” гэвэл илүү нөхцөлгүй болно.

6. Юм, үзэгдэл, үйл хөдлөл, шинж чанар зэргийг саланги болон нийлмэл үгээр зөв нэрлэх ёстой. Жишээлбэл, Гахайн зулзагыг торой, модыг тоорой, түүхэнд гардаг хүний нэрийг торойх гэдэг үгийн язгуураар Торой банди гэх ба арилжаалах гэхгүй арилжих, худалдаалах гэхгүй худалдах, тариалах гэхгүй тарих, хурдац гэхгүй хурд, нэлээдгүй гэхгүй нэлээд, тослог ихтэй гэхгүй тос ихтэй гэх зэргээр нэрлэнэ.

7. Үгийн санд нэвтэрч хэвшсэн ормол үгийг ямагт шүүн нягталж, орчуулж, утгыг тайлбарлан, онцын шаардлагагүйг нь хэрэглээнээс гаргаж байх ёстой. Тухайлбал, Орос хэлнээс нэвтэрсэн өшөө /еще/ хэмээх үгийг харилцааны тухайн тохиолдолд монгол хэлний өөр, ондоо, бас, нөгөө, зарим, бусад, дээр нь, улам, бүр, ахиад, дахиад, илүү, тэгээд, мөн, ялгаатай, анги, түүнчлэн, ялангуяа, цаашилбал, цаашлаад гэх мэт олон үгээс аль оновчтой нэгнээр орчуулж болно. Үүнд, Өшөө сайн гэхгүй, бүр сайн, улам сайн, маш сайн, нэн сайн; өшөө хүн гэхгүй, өөр хүн, зарим хүн, бусад хүн; өшөө нэг машин хэрэгтэй гэхгүй бас нэг машин хэрэгтэй гэж болно.

8. Гадаад хэлний үгийг ямагт орчуулж хэрэглэхийг эрмэлзэх бөгөөд ингэхдээ,

а. Утгачлан орчуулах

б. Үгчлэн орчуулах хоёр боломжийн аль зохистойг сонгоно.

9. Гадаад хэлний үгийг орчуулахдаа монгол хэлний өгүүлэх боломж, үгийн олон утгаас хамгийн зохистойг онож сонгоно. Жишээлбэл, Англи хэлний “ноү” (No) гэдгийг дандаа үгүй гэж болохгүй. Яана аа, Болиоч ээ, Авраарай гэх мэт олон янзаар орчуулж болно.

10. Орчуулахад, гадаад хэлний загварт баригдахаас зайлсхийж, өөрийн хэл, сэтгэлгээний дүрмийг ямагт чухалчилна. Тухайлбал, Асуулт тавих гэсэн өөр хэлний загвараас зайлж, монгол хэл, сэтгэхүйн дүрмээр, асуух гэж орчуулна. Хөгжим тоглох гэхгүй, хөгжимдөх, шаардлага тавих гэхгүй, шаардах, өндөр цалин гэхгүй их цалин, өндөр шаардлага гэхгүй, чанд шаардлага, өндөр халууралт өгөх гэхгүй их халуурах гэх мэтээр орчуулна.

11. Төрийн өндөр албан тушаалтан, Төрийн гурван өндөрлөг, өндөр халууралт өгөх, өндөр үнэтэй, үйл ажиллагаа явуулах гэх мэтээр “Гадаад хэлнээс үгийг хэл зүйн хэлбэртэй нь ...(Ц.Шагдарсүрэн) хуулан орчуулж болохгүй.

12. “Монгол хэл үгийг холбохдоо нэрээр холбохоос үйлээр холбох нь илүү... Монгол хэлний үйлээр холбодог хандлагыг анхаарч...” (Ш.Лувсанвандан), jealousy-хардалт, investment of capital – капиталовложение - хөрөнгө оруулалт, earthquake - газар хөдлөлт, cold - хүйтрэлт, распределение - хуваарилалт, температура - халууралт гэх мэтээр нэрийг нэрээр биш, харин нэрийг нь үйл болгож орчуулах ёстой.

Сүүлд засварласанДаваа, 23 1-р сар 2017 04:32
Дээш