Menu

Үг хувилгах, холбох дүрэм

1. Нэрлэхийн тийн ялгалд байгаа нэрд шаардлагагүй үед “нь” хамаатуулах нөхцөл дагуулж болохгүй. Жишээлбэл, “Баярын Бат нь тус сургуулийн оюутан мөн болохыг тодорхойлов”, “Д.Дулмаа нь уралдаанд түрүүлсэн тул баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав” гэхгүй, “нь” нөхцөлийг хасна.

2. Нэгдүгээр биеийн төлөөний үгийн өгөх оршихын тийн ялгалын хэлбэрийн үндэс “над”дээр заахын тийн ялгалын -ыг нөхцөл залган, “надыг” гэж болохгүй. Зөвхөн “намайг” гэнэ.

3. Нэгдүгээр биеийн төлөөний үг “би”-гийн оронд “мань” хэмээх хамаатуулах нөхцөл хэрэглэж болохгүй. Жишээлбэл, Мань үүнийг мэдсэн. Мань энэ номыг аваагүй гэхгүй, харин Би үүнийг мэдсэн. Би энэ номыг аваагүй гэнэ.

4. Хэсгийг заадаг -нар, -нэр, -нууд, -нүүд, -чууд, -чүүд, -чуул, -чүүл, -ууд, -үүд, -д, -с дагаврыг хэрэглэхэд доорх дүрмийг баримтална. Үүнд,

а. Хоршоо үг юм уу холбоо үг, бас дан үгээр хэсгийг заасан тохиолдолд эдгээрийг хэрэглэхгүй. Жишээлбэл, Газар газрын хүн, хүн зоны бодол, олон морь, гучин машин, таван мянган гишүүн, хоёр зуун тамирчин, хэд хэдэн эрдэмтэн гэх мэт.

б. Үйл үгээр хэсгийг заасан тохиолдолд эдгээрийг хэрэглэхгүй. Жишээлбэл, Бөх барилдах, морь уралдах, хонь бэлчих, хүн цугларах, од түгэх гэх мэт.

в. Бодол санаа, хүсэл мөрөөдөл, агаар, тэнгэр, салхи шуурга гэх мэт бод биегүй, хэсэглэж бүлэглэж болдоггүй юмын нэрд эдгээр дагаврыг хэрэглэхгүй.

г. Ихэнх тохиолдолд хэсгээрээ байдаг юмын нэр, тухайлбал, элс, шороо, ус, цас, гурил, хивэг гэх мэтэд эдгээр дагаврыг хэрэглэхгүй.

д. Нар, сар, дэлхий, нүд, чих, ам, хамар, тархи, толгой, хүзүү, хоолой, элэг, зүрх, бөөр, ходоод гэх мэт тоо хэмжээ нь ямагт тогтмол байдаг юмын нэрд эдгээр дагаврыг хэрэглэхгүй.

е. Оноосон нэр, тухайлбал, юмын нэр хаяг сэлтэд хэрэглэхгүй. Жишээлбэл, Алтайн бүргэдүүд, Бурхантын буганууд, Офицеруудын ордон гэх мэт нэрийг Алтайн бүргэд, Бурхантын буга, Офицерын ордон гэх ёстой.

5. Зөвхөн өгүүлэгчид хамаатай үед “манай”, өгүүлэгч сонсогч аль алинд хамаатай үед “бидний” гэдэг биеийн төлөөний үг хэрэглэнэ.

6. Үйлийн эзнийг заадаг -гч нөхцөлтэй үгээр хүн бусын нэрийг тодотгож болохгүй. Жишээлбэл, Өнгөрөгч он, анхдагч нөхцөл, хэрэгжүүлэгч

тал гэхгүй, харин өнгөрсөн он, анхны (анхдугаар) нөхцөл, хэрэгжүүлэх тал гэх мэтээр хэлбэржүүлэн тодотгоно.

7. Үйл үгийн хэвийн -лц нөхцөлийг харилцаа, хэлэлцээ, ярилцах, ярилцлага, суралцах гэх мэтээр ямагт төгс хэлбэржүүлэн хэрэглэнэ. Ингэхдээ холбоо хамаарлын утгатай харилцаа, харилцах, хэмжин жиших утгатай харьцаа, харьцах зэрэг үгийг харилцааны тухайн орчинд зөв сонгон хэрэглэвэл зохино.

8. Холбоо үгийг саланги үгээр тодотгохдоо тодотголыг холбоо үгийн дунд оруулж болохгүй. Жишээлбэл, хичээлийн жил гэдэг холбоо үгийг “шинэ” гэдэг үгээр тодотгоход Хичээлийн шинэ жил гэхгүй, шинэ хичээлийн жил гэнэ. Бас намын гишүүн гэдгээс намын ахмад гишүүн гэхгүй, ахмад намын гишүүн гэх жишээтэй.

9. Холбоо үгээр саланги үгийг тодотгохдоо уул холбоо үгийн гол үгийг орхиж, дагуул үгийг тэрхүү саланги үгтэй холбон хэрэглэдэг. Жишээлбэл, Улаан өнгө+будаг=Улаан будаг, Гурвалжин хэлбэр+цаас=Гурвалжин цаас гэх мэт.

Өөрөөр хэлбэл, улаан өнгийн будаг, ногоон өнгийн цамц, шар өнгийн платье, дугариг хэлбэрийн нүүр гэх мэтээр ярьж, бичихгүй, дээрх дүрмийн дагуу улаан будаг, ногоон цамц, шар платье, дугариг нүүр гэх ёстой.

10. Жинхэнэ нэрийг жинхэнэ нэртэй холбохдоо өгөх оршихын тийн ялгалаар хэлбэржүүлэн холбож болохгүй. Жишээлбэл, Элсэгчид тусламж, эцэг эхэд зөвлөмж, залуу гэр бүлд тусламж гэхгүй, элсэгчид туслах ном, эцэг эхэд зөвлөх дэвтэр, залуу гэр бүлд туслах ном гэх юм уу элсэгчийн лавлах, эцэг эхэд өгөх зөвлөгөө, залуу гэр бүлд зориулав гэх жишээтэй.

11. Үйл үгийг нэр үгэнд шууд захируулан холбоо үг үүсгэхгүй, заавал цагт нэр хэрэглэнэ. Жишээлбэл, Өөрчлөн байгуулалт, хүлээн авалт, зохион бичлэг, хуулан бичлэг гэх мэт холбоо үгэнд байгаа нэр үгийг цагт нэрээр сольж,өөрчлөн байгуулах, хүлээн авах, зохион бичих, хуулан бичих гэж товч холбоо үг үүсгэх ба гүйцэт болговол, өөрчлөн байгуулах ажил/үйл явц/, хүлээн авах ёслол, зохион бичих бичлэг, хуулан бичих даалгавар /дасгал, ажил, дэвтэр/ гэх мэтээр гурван гишүүнтэй холбоо үг үүснэ.

12. Идэвхгүй хэв буюу үйлдэгдэх хэвийн -гд, -д, -т нөхцөлийг,

а. Хүний мэдрэхүйд аяндаа өртөн тусч буй юм үзэгдлийг заан өгүүлэхэд хэрэглэнэ. Жишээлбэл, Санаанд эргэлдэх, сэтгэлд бодогдох, чихэнд сонстох, нүдэнд харагдах, хамарт үнэртэх, аманд амтагдах, гарт баригдах, биед мэдрэгдэх гэх мэт.

б. Тухайн үйлийг хийж гүйцэтгэх хүсэлгүй буюу гаднын нөлөө бусдын шахалтад хүч мөхөстсөн байдалтайг илтгэхэд хэрэглэнэ. Жишээлбэл, Усанд автах, салхинд туугдах, насанд дарагдах, зовлонд нэрвэгдэх, нохойд хөөгдөх гэх мэт.

в. Хуваагдагч, хасагдагч, өгүүлэгдэхүүн, мэдэгдэхүүн гэх мэтээр зарим нэр томьёо үүсгэхэд хэрэглэнэ.

13. Бичих өгүүлэх зэрэгт үг, хэллэг, дагавар, нөхцөл тэргүүтнийг хос хосоор юм уу хэд хэдээр зэрэгцүүлэн тэгшилж хэрэглэнэ. Жишээлбэл, “Тэдний идэх уух инээлдэх баясалдах нь гэр хагармаар” /Д.Нацагдорж. Цагаан сар ба хар нулимс/ гэх мэт.

14. Үг хэллэгийг өгүүлбэрийн дотор зөв байрлуулна. Жишээлбэл, АНУ-д зорчихоос гадна тойрогдсон сонгуульдаа очихоос өгсүүлээд ажил барагдахгүй байгаа гэнэ гэхгүй, АНУ-д зорчихоос гадна сонгуулийн тойрогтоо очих зэрэг ажил мундахгүй байгаа гэнэ гэвэл арай дээр болно.

15. Үгийн дагавар, нөхцөл илүүдэхээс сэргийлнэ. Жишээлбэл, Мэдээллийн нууцлал алдагдах гэхгүй Мэдээний нууц задрах гэнэ. Бас, мэргэжлийн бус хүмүүсийн найруулсан гэхгүй мэргэжлийн бус хүний найруулсан гэнэ.

16. Зайлшгүй шаардлагатай дагавар нөхцөл дутахаас сэргийлнэ. Жишээлбэл, Устгах асуудал энэ удаа нэлээд ноцтой бодит яригдаж буй юм байна гэхгүй, Устгах асуудлыг нэлээд ноцтой бодитой ярьж буй юм байна гэнэ. Бас, Хавартай золгоод, зун намартаа л бие биенийхээр очицгоодог гэхгүй, Хавартай золгоод, зун намар л бие биенийхээрээ орж гардаг гэнэ.

17. Ижил хэлбэрийг шаардлагагүй үед давтан нуршихаас сэргийлнэ. Жишээлбэл, Зүүгээ сүвлээд, утасны нэг үзүүрийг зангидаад, тэмдэглэсэн газраар хатган гаргаж ирээд...гэхгүй, Зүү сүвлэн, учиг зангидаж, тэмдэгтэй газраар хатган гаргаж ирээд...гэнэ.

18. Албан ёсны харилцаанд үг, хэллэг, өгүүлбэр бүрийг төгс хэлбэржүүлэн хэрэглэнэ. Жишээлбэл, Яахав гэхгүй Яах вэ, эмлэг гэхгүй эмнэлэг, яадгийм гэхгүй яадаг юм бэ, явжайсан гэхгүй явж байсан, наашир гэхгүй нааш ир, авчрах гэхгүй авч ирэх, байдаг шдээ гэхгүй байдаг шүү дээ, хайчсан гэхгүй хаана очсон, яахым гэхгүй яах юм бэ, юу байхав гэхгүй, юу байх вэ, Би яагаад уучлал гуйх ёстой юм гэхгүй Би яагаад уучлал гуйх ёстой юм бэ? гэх мэтээр төгс хэлбэржүүлэн хэрэглэж харилцана. Ингэхдээ шаардлагатай цэг, тэмдгийг зохих газарт заавал тавина.

19. Албан ёсны хэл, албан ёсны харилцаанд түвшин, дос, дашрамд, зас, жихэр, гацар, инкэж, атрах, хийтэн, кийтэн, гачан гэх мэт нутгийн аялгууны болон хувь хүний дуудлагыг аль болохуйц хязгаарладаг.

Яриа бичиг хоёр ялгаатай

       Одоо цагт монголчууд бидний эрх чөлөөгөө эдэлдэг нэгэн индэр нь интернет болжээ. Зөв бичгийн дүрэм баримтлахгүй бичих нь энд л хамгийн түгээмэл. Энэхүү дүрмийг баримтлахгүй л бол Монгол улс мөхчих гээд байгаа зүйл үгүй л дээ. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг хүчтэй эд хойно олон нийтэд буруу үлгэр дуурайл үзүүлдэг аж. Ердөө л ярьж байгаа шигээ дур дураараа бичээд байвал зөв бичгийн дүрэм гэж байгаад ч яах билээ, бусдаас зөв бич хэмээн шаардах ч утгагүй болно.

     Ер нь аливаа хэлэнд бичгийн хэл, ярианы хэл гэсэн хоёр хэлбэр байдаг. Бичиг нь хэдий аман яриатайгаа ойр байлаа ч яг хэлдгээрээ бичдэггүй. Бүх хэлэнд ийм хууль бий. Хүн хүн, нутаг нутагт үгийг өөр өөрөөр дууддаг учраас зөв бичих дүрмийг мөрддөг. Мэдээж бичгээр бичсэн зүйлийг ч аман ярианд яг бичсэнээр нь дуудахгүй. Олон үг хэллэгийг бичсэнээс нь өөрөөр, хэвшиж заншсанаараа ярьж уншдаг боловч тэгж бичдэггүй. Тухайлбал, “яажийгаам” гэж дуудаад “яаж байгаа юм бэ”, “Хамтдаа туулъя гэсиймаа” гэж дуудаад “хамтдаа туулъя гэсэн юм аа”, “үзэдгийм” гэж дуудаад “үздэг юм” гэх мэтээр бичдэг билээ. Тэгэхээр ярианы хэлээрээ яриад, бичгийн хэлээрээ ч зөв бичицгээе! (Д.Боролзой)

 

 

 

Сүүлд засварласанДаваа, 23 1-р сар 2017 04:30
Дээш