Menu

Хүндэтгэл илэрхийлэх дүрэм

1. Уламжлалт монгол найруулгын дүрмээр, уншигч, сонсогчийг ямагт дээш өргөж, өөрийгөө доор байлган харилцана. Ингэхдээ хүндэтгэж буй талыг эрхэм, хүндэт, мэргэн, гэгээн, асралт, элбэрэлт, ачлалт, өршөөлт гэх мэт зохистой үгээр нэрлэн хандахын зэрэгцээ өгүүлэгч өөртөө бол өчүүхэн, доорд, мөхөс, эгэл, молхи, болхи, мулгуу гэх мэт үг хэрэглэнэ. Бас, хүндэтгэж буй нэрд -тан, -тэн, -тон,-төн дагавар залгаж, -багштан, даргатан, Баяртан, Баяр гуайтан гэх мэтээр хэлбэржүүлэн дуудаж болдог.

2. Хүн бусыг заадаг, доромж утгатай эцэг, эх хэмээх үгийг цээрлэж, аав,ээж гэнэ. Жишээлбэл, Аав, ээжийн алдар, аав, ээжийн хурал гэх мэт.

3. Хүнийг хүндэтгэн дуудаж нэрлэхэд “гуай”хэмээх үгийг тухайн хүний оноосон нэрийн араас дагуулан хэрэглэдэг. Жишээлбэл, Баатар гуай, Дулмаа гуай гэх мэт. Хүнийг хүндэтгэн дуудаж нэрлэх ийм үг бусад хэлэнд ч байдаг бөгөөд мистер, мистрез, господин, госпожа, мадам, мөсьеө, хёр, хёрин,дон, донья, сан, күни, сёнсёним, ши зэрэг гадаад үгийг монгол хэлний “гуай” гэдэг үгээр орчуулан хэрэглэнэ. Ингэхдээ эрэгтэй хүнийг ямагт гуай гэх ба эмэгтэй хүнийг гуай гэхээс гадна хааяа хатагтай гэж болно. Жишээлбэл, Блек гуай, Смит гуай, Иванов гуай, Холл хатагтай, Иванова хатагтай, Иванова гуай гэх мэт.

4. Эмэгтэй хүнийг гуай, хатагтай хоёроос гадна авхай, ахайтан, эзэгтэй зэрэг үгээр хүндэтгэн дуудаж болох бөгөөд залуу эмэгтэйг голдуу авхай, эзэгтэй нас тогтсон бол ахайтан гэж дуудна. Аль үгээр оноон дуудаж хүндэтгэхийг харилцааны тухайн орчинд тааруулна.

5. Хурал, цуглаан, баяр ёслол дээр болон радио, телевиз, сонин хэвлэлээр олон нийтэд хандаж хүндэтгэлийн үг хэлэх шаардлагатай бол “Хатагтай нар болон Ноёд” гэж хандана. Ингэхдээ тухайн хэллэгийн өмнө эрхэм хүндэт, гүн хүндэтгэлт гэх мэт хүндэтгэлийн үг

хэрэглэх ба хойно нь -оо нөхцөл юм уу өөр зохистой үг, нөхцөл хэрэглэнэ.

6. Нэг гэрийн хоёр юм уу хэдэн хүн, ижил овогтой хэсэг хүнийг нэгээр төлөөлүүлэн нэрлэх тохиолдолд гуайнхан гэж дуудан хүндэтгэнэ. Жишээлбэл, Холл гуайнхан, Дорж гуайнхан, Иванов гуайнхан гэх мэт. Хандлагын үед бол Эрхэм хүндэт Дорж гуайнхан Та бүхэнд, Эрхэм хүндэт Смит гуайнхан аа!гэх мэтээр зохистой хэлбэрийг оновчтой хэрэглэнэ.

7. Гэрлэгсдийг хүндэтгэн нэрлэхэд эхнэр, нөхөр хэмээх үгийг хэрэглэхээс зайлсхийж, эзэгтэйг гэргий, өрхийн тэргүүлэгчийг хар хүн гэнэ.

8. Бусдыг хүндэтгэн дуудахад хоёрдугаар биеийн төлөөний үг “та”-г хэрэглэнэ. Жишээлбэл, Бат гуай Та, Эрхэм хүндэт дарга Та, Эх орон Та, төрсөн нутаг Та, Нийслэл хот минь Та гэх мэт.

9. Тухайн үгийн араас хоёрдугаар биеийн хамаатуулах тань нөхцөлийг дагуулж, хүндэтгэл илэрхийлнэ.

10. Өгүүлбэрийн өгүүлэхүүнийг /төгсгөлийн үг/ -на4 уу2, -даг4 бол, -х бол, -хсан4 бол, -даг4 болов уу, -х болов уу, -х сан4 болов уу гэх мэт зохистой хэлбэрээр төгсгөж хүндэтгэл илэрхийлнэ. Жишээлбэл, Та тэр явдлыг ярьж өгнө үү. Үүнийг бидэнд үзүүлж болох сон болов уу. Түүнийг бид үзэж болох сон болов уу. Манай бүтээгдэхүүнийг худалдаж авна уу гэх мэт.

11. Бичихэд үг, хэллэг, нэр томьёо сэлтийг хураах товчлохоос зайлсхийх бөгөөд гарцаагүй шаардлагатай болбол нэмэлт тайлбар хийнэ. Тухайлбал, “гэх мэт гэдэг үгийг хойшид г.м. гэж товчилно” гэх жишээтэй.

12. Ерийн үед өгүүлбэрийн дунд том үсгээр эхэлж бичдэггүй үгийг том үсгээр эхлэн бичиж, хүндэтгэл илэрхийлнэ. Жишээлбэл, Хэлэлцэн буй эрхэм хүндэт Хоёр тал гэх буюу Айлчлан ирсэн хүндэт төлөөлөгч Та бүхэн гэх мэт.

13. Олон хүн, юмын нэрийг жагсаан бичихэд, хамгийн хүндтэй, эрхэм чухлаас эхлэн дараалуулж бичих ба үсэг бүрийг гаргацтай сайхан бичнэ.

14. Уншигч, сонсогчийг хүндэтгэх, сэтгэлийг нь чилээхгүй байхын үүднээс түүний гаргасан алдаа, үйлдсэн зохисгүй үйлдэл, тохиолдсон золгүй учрал тэргүүтнийг шууд бус, ямагт зайлуулж зөөлрүүлж хэлнэ. Жишээлбэл, Худал хэлж байна гэхгүй, ташаарч байх шиг байна, андуурч байх шиг байна гэх буюу уралдаан тэмцээнд ялагдаад гарч буй тамирчныг үзэгчийн суудалд шилжих боллоо гэж зөөллөн хэлнэ.

15. Бодвол, миний бодлоор, магадгүй, болзошгүй гэх мэт эргэлзсэн тээнэгэлзсэн утгатай үг хэрэглэн, өгүүлэгч өөрөө доор байж, уншигч, сонсогчийг дээш өргөн хүндэлнэ. Жишээлбэл, Миний бодлоор, энэ тийм сайн хэрэг биш болов уу. Та энэ саналыг дэмжсэнээрээ, магадгүй, олон хүнд тус хүргэж мэднэ гэх мэт.

16. Бүдүүлэг үйлдэл, зохисгүй явдал, эвгүй таагүй юм үзэгдлийн нэрийг эерүүлж цээрлэж хэрэглэн, хүндэтгэл илэрхийлнэ. Үүнд,

а. Хараал зүхлийн үг

б. Садар самуунтай холбоотой үг хэллэг

в. Танхай балмадтай холбоотой үг хэллэг

г. Өвчин эмгэгтэй холбоотой үг хэллэг

д. Бэлгэгүй, өнгө буруу үг

е. Үхэл хагацалтай холбоотой үг хэллэг

ё. Амь таслах, нядлахтай холбоотой үг хэллэг

ж. Хочлох шоолох үг хэллэг

з. Доромж болон дээрэнгүй үг хэллэг

и. Омог бардам үг хэллэг

к. Уулгамчлахтай холбоотой үг хэллэг

л. Тавласан тохуурхсан үг хэллэг

м. Этгээд болон ойлгомжгүй үг хэллэг

зэргийг хэрэглэхээс ямагт зайлсхийж, зөв боловсон харилцаанд тохирох үг сонгон, уншигч сонсогч талыг хүндэтгэнэ.

       Монгол хэлээр хүндэтгэл илэрхийлэн харилцахын тулд хүндэтгэлийн тусгай үг хэллэг бүрийг сайн мэдэх, зөв хэрэглэх шаардлагатай юм.

Сүүлд засварласанБаасан, 20 1-р сар 2017 04:40
Дээш