Menu

Найруулгын сэтгэлгээний дүрэм

1. Найруулан өгүүлж буй юм орон зайн хувьд зөв байх ёстой. Жишээлбэл: Барилга байгууламжийн ажил үндсэндээ дууссан үед пирамидын дээд талбай дээр өнгөлсөн хавтан дэвсэж, дараа нь налуу даланг нураажээ гэсэн өгүүлбэрт “дээд талбай дээр... дэвсэж” гэдэг хэллэг орон зайн дарааллыг зөрчиж буй бөгөөд “...пирамидын дээд талбайг хавтангаар өнгөлж..” гэвэл зөв болно. Бас зам барилаа, гүүр барилаа гэхгүй, зам тавилаа, гүүр тавилаа гэнэ. Учир нь, дээр дэвсдэггүй, доор дэвсдэг, зам, гүүр зэрэг доор байдаг гэсэн орон зайн төсөөлөл, тогтсон ухагдахууныг зөрчиж болохгүй.

2. Найруулан өгүүлж буй юм цаг хугацааны зөв дараалалтай байх ёстой. Жишээлбэл: Цас орж хүйтэн боллоо гэх буюу Нар гарч, тэнгэр цэлмэв гэхэд цаг хугацааны дараалал алдагдах тул Хүйтэн болж, цас орлоо, Тэнгэр цэлмэж, нар гарлаа гэж соливол зөв болно.

3. Найруулан өгүүлж буй юм үйлдлийн зөв дараалалтай байх ёстой. Жишээлбэл, “Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ нарын өрсөлдөгч хэзээ тодрох вэ?”гэсэн өгүүлбэрт байгаа онцолсон үг тухайн үйлийг байнга гүйцэтгэх утга илтгэдэг учраас өрсөлдөгч тодрох биш, аль эрт тодорхой болсон байх ёстой. Энэ нэр үгийг ӨРСӨЛДӨХ гэж үйлшүүлээд, “Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ нартай өрсөлдөх хүн хэзээ тодрох вэ?”гэвэл дүрэмд ойр болно.

4. Найруулан өгүүлж буй юм шалтгаацах холбоо хамаарлын хувьд зөв байх ёстой. Жишээлбэл, Танилцуулга, гэрэл зураг зэргийг бусдад үзүүлэн баясгахыг мэлмий мялаах гэж болно. Харин сонорыг мялаахад яруу тунгалаг дуу аялгуу, тааламжит үг өгүүлэл, шүлэг найраг мэтэс хэрэгтэй. Тийм учраас “Манай сонин дээрх киноны дараа долоо хоногт гарах ангиуд болон жүжигчдийн танилцуулга, өнгөт гэрэл

зургуудыг уншигч та бүхний сонорыг мялааж байх болно” гэхгүй, “Манай сонин дээрх киноны дараа дараачийн ангийн тайлбар, жүжигчний танилцуулга, өнгөт зургаар уншигч таны мэлмийг баясгана” гэвэл дүрэмд дөхүү болно.

5. Найруулан өгүүлж буй юм зөрчилгүй, тодорхой байх ёстой. Тийм учраас, “Даамын анхны дэлхийн аваргын тэмцээнийг 1948 онд явуулсан юм. Тэгэхээр даам шатраас бараг хоёр дахин бага дэлхийн аваргаа шалгаруулсан гэсэн үг. Гэвч, хамгийн сонин нь өнөөг хүртэл даамын дэлхийн аваргын тэмцээн яг шатрынх шиг 40 удаа явагдсан бөгөөд дэлхийн аваргаар бас л шатрынх шиг 13 гроссмейстер шалгарч байжээ” гэсэн өгүүлбэрээр илэрхийлсэн санаа зөрчилтэй, тодорхой бус болж, энэхүү дүрэмд харшилж байна. Зүй нь, “Даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх 1948 онд болсон бөгөөд түүгээр бодоход, энэ тэмцээн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс бараг хоёр дахин цөөн удаа болсон байлтай. Гэтэл тиймгүй аж. Энэ хугацаанд, даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн яг шатрын аваргынхтай адил 40 удаа болж, бас шатрынхтай адил 13 их мастер шалгарчээ” гэвэл зөрчилгүй болно.

6. Найруулан өгүүлж буй юм баталгаатай, үнэн зөв байх ёстой. Тухайлбал, нэрт зохиолч Хемингүэйн тухай өгүүлэхийн тулд түүний түүх намтар, зохиол бүтээлийг мэдэж байх шаардлагатай. Эс тэгвэл,“Энэтхэгийн нэрт зохиолч Эрнест Хемингүэй өглөө босоод шууд бичгийн машинаараа тогтмол яг 1000 үг бичдэг байжээ” гэх мэтээр бичих өгүүлэхэд хүрнэ. Хемингүэй Энэтхэгийн зохиолч биш, Америкийнх болой.

   Эдгээр дүрмийг уран зохиолын найруулгад зориуд зөрчин, өвөрмөц зохиол бүтээл туурвиж болдог боловч, тийм тохиолдол төдийлөн элбэг бус. Түүнчлэн, зохиолч, уран бүтээлчийн авьяас билгийн хүчээр баяжиж хувирч байдаг тусгай дүрэм уран зохиолын найруулгад байдаг боловч, түүнийг уран бүтээлч бус, судлаач шүүмжлэгч, хэл шинжлэлч хүн нэрлэн тогтоож, ихээр хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, уран найруулгын дүрмийг уран бүтээлч, зохиолч нар авьяас билгээрээ бүтээдэг учраас журамлан тогтоох боломжгүй юм. Жишээлбэл, Ядарсан ой унтана, яг энэ эгшинд ганц мөчир хугарна, дутуу сэрсэн хүүхэд шиг ой, хатуу зүүдээ нэхэн сэрвэлзэнэ /Адилтгал/ гэх буюу Тэдний идэх уух, инээлдэх баясалдах нь гэр хагармаар /Хэтрүүлэл/, Уургын уртыг барина хэмээн, уужим сайхан суга тавилаа, уулын жавар унана хэмээнэ, унаган туурай нударга тавилаа /Эгшгээр толгой холбох/ гэх мэт.

Сүүлд засварласанБаасан, 20 1-р сар 2017 04:16
Дээш