Menu

Зөв бичих зүй

                                                       Аварга уу, аврага уу?
    Нийгмийн хэрэгцээг тэгш хангасан нарийн боловсорсон хэм хэмжээтэй бичгийн хэлний нэг чухал зарчим бол зөв бичих зүй бөгөөд өгүүлэхийн явцад яаж дуудаж байсан ч тогтсон дүрэм журмыг даган бичнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүн бүр өөр өөрийн дур зоргоор бичдэг зүй бус зуршлыг бичгийн хэлний тогтолцоот зарчим хязгаарлаж байдаг. Ялангуяа хэвлэл мэдээлэл, сонин нийтлэлийн найруулгад зөв бичих зарчмыг чанд баримтлах ёстой.
   Ер нь ярианы хэлэнд гарсан аливаа хувьсал өөрчлөлтийг бичгийн хэл дагаж тусгаад байдаггүй бөгөөд хэлдгээрээ бичдэг ёс аль ч хэлэнд үгүй. Тийм учраас, англи хэлний толь бичигт орсон үг бүрийн ард дуудлагын галиг (transcription)-ийг хаддаг байна. Сүүлийн үед, ярианы дуудлагыг яв цав барьж бичих гажууд үзэгдэл газар авч байгаа нь нэг талаас хэвлэл мэдээллийн хэрэгслийн хяналтгүй байдал, сэтгүүлч сурвалжлагч нарын хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой. Нөгөөтээгүүр, зөв бичих ёсыг сайтар эзэмшээгүйн гэм, толь бичгийн зүйлээс лавлаагүйн залхуу хоёроос үүдэж цөөнгүй үгийг буруу бичиж, тэрхүү ташаа хэлбэр нь хэвшихэд хүрээд байна.
   Тийм үгсийн нэг хэсэг нь аварга аврага, суварга суврага, шударга шудрага, нударга нудрага, гадарга гадрага, давхарга давхрага, ундарга ундрага, шувтарга шувтрага, хавсарга хавсрага зэрэг хоёрдмол бичлэгтэй үг юм. Эдгээр үгийг хэрхэн бичвэл зүйтэй болохыг монгол бичгийн зөв бичих зүйгээс улбаалан тодруулж болно. Монгол бичигт абургу, субург-а, шидургу, нидург-а, гадаргу, дабхург-а, ундург-а, шибтург-а, хабсарг-а гэх зэргээр эдгээр үгэнд орсон -р гийгүүлэгч үе төгсгөдөг учраас аварга, суварга, шударга, нударга, гадарга, давхарга, ундарга, шувтарга, хавсарга гэж бичвэл зөв болно. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь” (Улаанбаатар, 1983)-д аварга, суварга, шударга, нударга, гадарга, давхарга, ундарга хэмээн бичжээ.
   “Хэвлэлийн эрх чөлөө” гээд хэн хүн дур зоргоор хандалгүй ядахдаа тогтсон зөв бичих зүйг даган мөрдөж, найруулгын дүрэм журамд нийцүүлж бичих нь бичигч эрхмийн бичгийн боловсрол, уншигчаа хүндлэх соёлын царааг илтгэх нэгэн хэмжүүр билээ.  (Д.Заяабаатар)
                                                               Бошог

   “Бошог” хэмээх үг ивээл хишиг, зарлиг зөвшөөрөл, эш үндэс хэмээсэн гурван гол утгатай билээ. Энэхүү гурван зүйл утгаас үүдэж гарсан тогтвортой холбоо үгийн зүйл нэлээд буй. Тухайлбал: “бошог үзүүлэх” – ирээдүйг зөгнөн айлдах, “бошог халагдах” – хаан төр солигдох, “бошог гуйх” – зарлиг зөвшөөрлийг хүсэх, “бошог соёрхох” – зарлиг буулгах, зөвшөөрөл өгөх, ирээдүйд мөрдөх зохист айлдвар айлдах гэх мэт ажээ. Монгол хэлний хуучин тайлбар тольд “Аливаа хаан хүнийг, тэнгэрээс заяасны тулд тэнгэрийн бошгоор цагийг эзэлсэн хэмээхүй” хэмээн тайлжээ. “Тэнгэрийн бошгоор цагийг эзэлсэн” хэмээх тогтсон үг Манж Чингийн үеийн бичиг зохиолд тун элбэг тохиолддог. Үүнтэй холбогдон өгүүлэхэд, Ардын хувьсгалын үед “бошгийг халах” хэмээх үг гарсан бөгөөд тэнгэрийн бошог зарлигийг өөрчилж, хаант төр засгийг солих хэмээсэн утгаар хэрэглэсэн ажгуу.
   Монголын түүхэн сурвалж бичиг тэргүүтэнд “бошогт” хэмээх цол тохиолддог. Хэн бүхний мэдэхээр Ойрадын Галдан бошогт хан хэмээхэд тохиолдож буй. “бошогт” болбоос V Далай ламаас соёрхсон цол билээ. Төвөдөд олон жил сууж, ном эрдэмд бузгайрч, V Далай лам тэргүүтний гүн тааллыг олсон Галданыг шараа шувталж (сахилаа өргөж), Ойрадын төр улсыг төвхнүүлэх эрх олгосон тул эш зарлиг, соёрхлыг олсны бат гэрч болгож, “Бошогт” хэмээх цол хайрласан ажээ.  (Ш.Чоймаа)
                                              Бэлэг бол эрхтэн, бэлгэ бол тэмдэг

   Бидний ярианы хэлэнд адил төстэй дуудагддаг үгс зөндөө бий. Тэдгээр үгсийг бид бичих үедээ бичлэгийн хэлбэрээр нь, харин ярих үедээ ярианы ерөнхий өнгө аясаар нь ялгаж ойлгодог билээ. Төстэй дуудагддаг, тэр хэрээрээ бид заримдаа алдаж бичдэг үгс бол бэлгэ, бэлэг, билиг гэсэн 3 үг юм. Эдгээр үгийг ном, сонин зэрэг бичгээр үйлдэх зүйлсэд алдалгүйгээр зөв бичих учиртай.
   Хүний оюун ухааны талд хамаатай зүйлийг билиг оюун, сарны тооллын зурхайн билгийн улирал гэх мэт бүгдийг билиг хэмээн бичих нь зөв юм. Заримдаа билэг гэж бичсэн тааралддаг, энэ бол зөв бичих дүрмээс гажсан буруу бичлэг билээ. Бэлгэ гэсэн бичлэгээр дараах утгуудыг илтгэнэ. Энэ нь, шинж тэмдэг, совин ёр, амны бэлгэ, бэлгэ эрхтэн, бэлгэ тэмдэг болно. Бэлгэ эрхтэнг мөн бэлэг эрхтэн гэж бичиж болохыг 2008 онд хэвлэгдсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д зөвшөөрчээ. Үүний шалтгаан нь 1966 онд хэвлэгдсэн Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д бэлэг гэсэн хэлбэрээр эрхтэн болон хүнд өгдөг зүйлийг ялгалгүй бичээд ирсэн уламжлалтай холбоотой бололтой. Тэгэхээр одоогийн байдлаар аль аль хэлбэрээр нь бичихэд буруудахгүй гэж хэлэхэд болохоор байна. Кирил бичгээр бэлэг эрхтний “бэлэг”-тэй

Дэлгэрэнгүй...