Menu

Үг бүтэхүйн найруулга

                                               Авлигал уу, Авлига уу?
   Шунан ховдоглох сэтгэлийн эрхээр бусдаас ёс бусаар авсан эд зүйлийг заан нэрлэсэн “авлигал” гэдэг үг нэгэн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэн бүхний хэл ярианд уяатай байв. Чухамдаа ийм нэр үг монгол хэлний үгийн санд байхгүй, бүтцийн хувьд буруу бөгөөд зөв хэлбэр нь “авлига” юм. Монгол хэлэнд нэр үгээс үйл үүсгэх -л дагавар байхаас бус нэрээс нэр үүсгэдэг -л дагавар байдаггүй.
   1983 онд хэвлэгдсэн “Монгол үсгийн дүрмийн толь”-д үйл үндсийн хойно зурдас тавиагүй байдаг бөгөөд уг толийн 14-р талд “авлигал (хээл хахууль авах)” хэмээн бичсэнийг “авлигал” гэсэн нэр үг байгаагаар ухааран хэрэглэж, улмаар эдүгээ нийтээр монгол хэлний авлигал(ах) гэдэг үйл үгийн үндсийг нэр үг мэтээр эндүүрэх болжээ. Хэрэв тэр толь бичигт “авлигал-” хэмээн үйл үгийн үндэс болохыг заасан зурдастай бичсэн бол энэ эндүүрэл гарахгүй байсан буй заа.
   “Авлига” гэдэг үгийн утгын түүхэн хувьслыг нэхэн үзэхэд бас сонирхолтой. 13-р зууны үеийн монгол хэлнээ хаан эзний өмнөөс дайн тулаанд орж, амь эрсэдсэн эрэлхэг баатрын үр хойчис, өнчин хоцрогсдод олгох түгээл хишгийг “өнчдийн авлига” гэдэг байжээ. Тухайлбал: “Монголын Нууц Товчоон”-ы 218-р зүйлд “...Бас Чингис хаан Цагаангоогийн хөвүүн Нарийнтоорилд өгүүлрүүн: Эцэг чинь Цагаангоо миний өмнө хичээж хатгалдах болон Далан балжуудад хатгалдахуйд Жамухад алагдлаа. Өдгөө Тоорил эцгийнхээ тус өнчдийн авлига автугай...” хэмээсэн буй. Энэ талаар “Монголын Нууц Товчоон”-ы 185, 217, 218-р зүйлээс лавлан үзнэ үү.
   Аливаа хэлний түүхэн хөгжлийн явцад үгийн утга хувьсан өөрчлөгддөг зүй тогтлоор угтаа буяны өглөгийг авах утгатай байсан “авлига” хэмээх үг нь хээл хахууль авах гэсэн утгыг илтгэх болжээ. Энэ мэт монгол бичгийн хэлнийхээ уугуул үгийг сэргээн хэрэглэж байгаа нь сайшаалтай бөгөөд гагцхүү зөв хэлбэрээр нь хэвшүүлбэл зохино. Уг нэр үндсээс авлигад шунан дурлагч этгээдийг заасан авлигач, авлига авах үйлийг заасан авлигал- зэрэг үндэс үүссэн байна.
   Мөн авлага гэсэн нэр үг буй. Авлига, авлага нь хоёулаа ав- гэсэн үйл язгуурт нэр бүтээх дагавар залгаж бүтсэн нэрлэлт. Утгын хувьд бусдаас авах ёсгүй зүйл буюу угтаа хээл хахууль авахыг заасан нэрлэлт нь авлига, авах ёстой эд зүйлийг заасан нь авлага болох мэт. (Д.Заяабаатар)

                               Буруу хэлбэржсэн зарим үгийг залруулах нь
   Монгол хэл нь Алтай язгуурын бүлэгт багтдаг, залгамал хэв шинжтэй хэл учраас үгийн бүтэц хэлбэржилтийн хувьд язгуур, үг бүтээх дагавар, хувилгах нөхцөл гэсэн дараалалтай байдаг. Үг бүтээх дагавар бүр нь өөр өөрийн байр, утгатай.
   Монгол хэлний үг бүтэх зүй тогтлоос гажууд бүтээсэн хожуу үед хамаарах нэрлэлт цөөнгүй байгааг эх хэлнийхээ бүтэц тогтолцооны үүднээс засан залруулж, зөв хэлбэрийг хэвшүүлж байх нь зүйтэй юм.
1. Эрмэлзлэл бус эрмэлзэл. Орчин цагийн монгол хэлэнд үйлээс нэр үндэс үүсгэх -л дагавар байдаг. Тухайлбал: бод-бодол, үз-үзэл, сана-санал, хэвлэ-хэвлэл, гар-гарал, бүтээ-бүтээл гэх мэт. Гэтэл шинэ үсгийн дүрмээр эрмэлзлэл гэж бичээд буй үгийг өмнөх жишгээр задлан үзвэл эрмэлзэл- >эрмэлзлэл гэж үүсэх ёстой болно. Монгол хэлний түүхэн баримт дурсгалд эрмэлзэл- гэсэн үйл үндэс ер байхгүй. Тэгэхээр “эрмэлзлэл” нь эрмэлзэ- гэсэн үйл үндсэнд нэр үүсгэх -л дагавар залгаж бүтсэн “эрмэлзэл” гэх нэр үгийн ташаа бичлэг болно.
2. Дурдатгал бус дуртгал (дурадхал). Дурдатгал хэмээн бичиж буй нэр үндсийг бүтцээр нь задалбал дурдатга- + -л болно. Гэтэл монгол хэлэнд дурдатга- гэсэн үйл үндэс байхгүй бөгөөд “эрмэлзэл-”-ийн нэгэн адил ташаарсан хэрэг юм. Энэ нь дурад- (үйл үндэс) +ха (үйлдүүлэх хэвийн бүтээвэр) +-л (үйлээс нэр үг бүтээх дагавар) гэж үүссэн бөгөөд дуртгал хэмээн бичих ёстой.
Дурдах нэгэн зүйл, дурд-, дурс- гэсэн үйл үндсүүд -д, -с гийгүүлэгчийн сэлгэцээр үүсжээ. Монгол хэлний д, с гийгүүлэгч дадах дасах, багадах багасах, уртдах уртсах, богинодох богиносох зэргээр сэлгэх тохиолдол цөөнгүй. Тэгэхээр дурсгал, дуртгал хоёр нь бүтцийн хувьд яг адил юм.
Дашрамд дурдахад, эдүгээ ихэд түгсэн “санал болгох” гэдэг хэллэгийг монгол бичгийн хэлэнд “дуртгах” гэж хэлдэг байсныг тэмдэглэе.
3. Гарваль бус гарал. Орчин цагийн монгол хэлний үг бүтэх ёсонд буруу хэвшсэн нэг хэлбэр бол гарвал(ь) юм. Монгол хэлэнд үйлээс нэр үг бүтээх -вал(ь) дагавар байхгүй бөгөөд гар- гэсэн үйл язгуураас гарал, гарам, гарц, гараа, гарлага, гарам зэрэг нэр үндэс үүсдэг. Тэгэхээр уг гарал, угсаа гарал, гарал үндэс гэж хоршин хэрэглэх нь зүйтэй байна. (Д.Заяабаатар)

                                                  Зоорь бус зөөр
   “Монгол хэлний товч тайлбар толь”-д “зоорь” гэдэг үгийг “байшин гэрийн дор буюу энгийн газар алин боловч газрыг ухаж юм хум хадгалахаар бэлтгэсэн сав буюу нүхэн сав” (280-р тал) хэмээн тайлбарлажээ. Эл үгийн гарал бүтцийг хөөн үзвэл, бай+р=байр, хэвт+р=хэвтэр , буу+рь=буурь, суу+рь=суурь гэх мэт үгстэй адилтгахад хүрнэ.
   Орчин цагийн монгол хэлний үйлээс нэр үүсгэх -р, -рь дагавар ихэвчлэн орших орныг заасан утгатай жинхэнэ нэр бүтээдэг. Тэгвэл, “зоорь” гэдэг нь “зоо-” язгуурт үйл үгэнд -рь дагавар залгаж бүтсэн хэл зүйн хэлбэр үү, “зоо-” нь бэхлэх, хатгах, оноох гэсэн утгатай үйл язгуур мөн үү

гэсэн хоёр асуулт урган гарна. Өнгөцхөн хараад тэгж ойлгож болох ч угтаа тийм биш юм.
   “Зоорь” бол “зөөр” гэдэг үгийн ташаа хэлбэр. Монгол хэлний түүхэн хөгжлийн явцад “хураах, хадгалах” гэсэн утгатай зөө- язгуурт үйл үгийн уугал утга бүдгэрч, “нэг байрнаас нөгөөд шилжүүлэх” гэсэн утгыг илтгэх байдал илүү давамгай болжээ. Үүнээс үүдэж, “хураах, хадгалах” гэсэн утгатай үйл язгуурт орших орныг заасан -ри дагавар залгаж бүтсэн “зөөр” хэмээх нэр үндсийг ухаж ойлголгүй, “зоорь” гэдэг ташаа хэлбэрээр толь бичигт оруулсан байна. “Зоорь”, “зөөр” гэсэн хоёр хэлбэрийн ойролцоо дуудлага ингэж ташаарахын бас нэгэн үндэс болсон биз ээ.
   Гэхдээ “зөөр” гэдэг зөв хэлбэр нь орчин цагийн монгол хэлний хэрэглээнд огт байхгүй хэрэг биш бөгөөд хөрөнгө зөөр гэсэн хоршоо үг буй. Уншигч та бүхний давын өмнө олоод үзэж чадах “Монгол хэлний товч тайлбар толь”-д “зөөр” гэдэг үгийг “хурааж хуримтлуулсан хөрөнгө хогшил” хэмээн тайлбарласан байна.
   “Зөө-” язгуурт үйл үгийн хэрэглээ хэлний түүхэн баримт дурсгалд хэрхэн тусч үлдсэнийг жишээлэн үзье. Тэмүжин агт морьдоо дээрэмд алдсан, Боорчитой таарч анд барилдсан тухай “Монголын Нууц Товчоон”-д өгүүлсэн хэсэгт “Эцэг минь Наху баян нэрт буюу. Наху баяны ганц хөвүүн нь би буюу. Эцгийн минь зөөсөн над түгтэл буюу. Би үл авах, тус болсон минь юун тус болох, үл авах хэмээв” гэсэн байна. Энэ өгүүлэмжийг Жамбын “Асрагч нэртийн түүх” хэмээх 17-р зууны түүхэн сурвалжид “Наху баяны гэрийн ойр хүрч ирэхүйд Чингис өгүүлрүүн: -Нөхөр би чамаас өөр эд морьдыг яахин авах бүлгээ. Адилхан хувааж [08.б] авъя гэв. Боорчи өгүүлрүүн: -Сайн нөхөр мунданиж ирэв хэмээн тусалсу (=тусалъя) хэмээлээ яахин авах. Эцгийн минь Наху баяны зөөсөн ганц хөвүүн надад мундашгүй буй. Авахул тус болсон минь юун болох хэмээж эс авав” хэмээжээ. Саган сэцэний “Эрдэнийн товч”-д “Олноо зөөсөн хайран их улс чинь тархам за, Охь болсон Боорчи Мухулай хоёр чинь гашуудам за”, “Хаадын үндсэн хураангуй алтан товч”-д “Сур дөрөө сунатал, төмөр дөрөө дөлөртөл жийж, их улсаа зовон зөөж, зонхилон хураах цагтаа, энэ мэт зовлонг эс үзлээ, би”, “Хан эзний зөөсөн хасбуу алтан тамгыг ханцуйлж гарвай” хэмээсэн буй. Өмнө эш татсан хэсгүүд дэх “зөө-” язгуурт үйл үг нь “хураах, хадгалах” гэсэн утгатай байх бөгөөд ийм баримт олныг дурдаж болох билээ.
   Ер нь хэлний тогтолцооны хамгийн хувьсамтгай хэсэг нь үгийн сан байдаг. Өөрөөр хэлбэл, үгийн сангийн утга өөрчлөгдөх, шилжих нь аливаа хэлний нийтлэг үзэгдэл юм.
   “Зөөр” “зоорь” болсны учир ийм буюу. (Д.Заяабаатар)

                                               Сорил уу? Сорилго уу?
    Аливаа хэлний үг бүтэх ёс гэдэг нь хэн ч зоригоор өөрчилж үл болох зүй тогтол байдаг билээ. Үг бүтэх ёс нь тухайн үндэстэн угсаатны хэл сэтгэхүйн өвөрмөц шинж төрхийг хадгалсан тун нарийн бүтэц бүрэлдэхүүнтэй үгийн сан утга зүй, найруулга зүйн өнгө ялгамжтай байдаг.
   Монгол хэлний тухайд үг бүтэх ёс нь ихэд цэгцэрсэн зүй тогтолтой юм. Сүүлийн үед янз бүрийн мэдлэг ухааны өдий төдий ухагдахуун ойлголтыг заасан харь хэлний үгийг зөв оноон орчуулах үйл тулгам шаардлага болжээ. Монгол хэлний тухайд, шинэ үг бүтээх боломж нь нэн арвин бөгөөд гагцхүү эх хэлнийхээ үг бүтэх ёсыг сайтар ухаарч, нэр томьёог орчуулж ирсэн уламжлал шинэчлэлийг зөв хослуулах нь чухал байна.
   “Тест” хэмээх үгийг сорил, сорилго хэмээсэн хоёр зүйлээр орчуулан хэрэглэж байна. Энэ хоёрын аль нь оновчтой вэ, аль нь монгол хэлний үг бүтэх ёсонд нийцэх вэ гэдэг талаар саналаа нэмэрлэе.
   Сорил, сорилго гэдэг хоёр үгийн бүтэц нь “сорь-” хэмээсэн үйл үгийн үндсэнд үйлээс нэр үг бүтээдэг -л болон -лга4 гэсэн дагаврыг залгаж бүтжээ. Монгол хэлний үг бүтэх ёсны загварын тухайд өмнөх үгст алдсан зүйл үгүй. Учир нь “бод+л=бодол”, “сана+л=санал” гэх буюу “бод+лго=бодлого”, “турш+лга=туршлага” гэх мэтээр эдгээр үг бүтэх загварын аль аль нь идэвхтэй хэрэглэгдэж байна. Тийн аваас, гол ялгаа нь тухайн хоёр дагавраар бүтсэн үгийн утгын ялгаварт л байх учиртай. Энэхүү хоёр дагавраар бүтсэн үгсийг жагсаан үзье. Монгол хэлний үг бүтээх загвар, зүй тогтлыг сайн мэдье хэмээвээс, монгол бичгийн зөв бичих дүрмээр бичиж харах хэрэгтэй тул хаалтад монгол бичгээр хэрхэн бичихийг галиглан хавсаргав.
                  үз + л (үзэ+л) үз + лэг (үзэ+лгэ)
                  бод + л (бодо+л) бод + лого (бодо+лго)
                  турш + л (турши+л) турш + лга (турши+лга)
                  өгүүл + л (өгүлэ+л) өгүүл + лэг (өгүлэ+лгэ)
                  мэд + л (мэдэ+л) мэд + лэг (мэдэ+лгэ)
                  сэтгэ + л (сэдхи+л) сэтгэ + лгэ (сэдхи+лгэ)
                  дад + л (дад+л) дад + лга (дад/у/+лга)
   Өмнөх жишээг ажиглавал, бод-, үз-, турш-, өгүүл-, мэд-, сэтгэ-, дад- хэмээсэн үйл үгийн араас нэр үг бүтээх -л дагавар залгавал бодол, үзэл, туршил, өгүүлэл, мэдэл, сэтгэл, дадал гэсэн хийсвэр, ерөнхий утгатай нэр үгс бүтдэг. Харин дээрх үйл үгийн араас мөн л нэр үг бүтээх үүрэгтэй -лга4 залгавал бодлого (монгол бичгийн зөв бичлэгийг үндэс болговол, зүй нь бодолго гэж бичих ёстой юм), үзлэг, туршлага, өгүүллэг, мэдлэг, сэтгэлгээ /ярианы хэлний нөлөөгөөр эцсийн эгшгийг уртаар дуудах болжээ/, дадлага гэх зэрэг бодит, тодорхой зүйлийг заасан утгатай үг бүтдэгээрээ ялгаатай.
   Иймээс “тест” гэдэг нь нэгэнтээ нүдээр үзэж, гараар барьж болох бодож боловсруулчихсан бодтой зүйл байдаг учир монголоор “сорилго” хэмээвэл зохино. (Ш.Чоймаа)

                                               Хойд уу, хойт уу?
   Зүг чиг, цаг хугацаа заасан энэ үгийг “-д” ба “-т”-ээр төгсгөн алийг нь ч алдаатай бус мэт санаж дуртайгаа бичсээр байна. Үүнчлэн нэг хэсэг “дорнод, дорнот” хэмээн зөрүүтэй бичиж байснаа эдүгээ эхнийхээр нь голдуу бичих болжээ. Эдгээр үгийн эцэст орж буй дагавар бол угтаа өгөх оршихын тийн ялгалын нөхцөл байгаад үүрэг нь улиран орон цагийн нэр үг бүтээх болсон “-д” дагавар юм. Монгол бичигт “-ду, -дү” үеэр бичнэ. Урд, өрнөд, өмнөд, наад, цаад, дээд, дундад, доод, гадаад, дотоод гэх мэт үгэнд энэ дагавар ордог. Зөв дуудах зүйн үүднээс “-д”, “-т”-ийн аль нь ч байж болно. Харин зөв бичих зүйн үүднээс үндсэн хэлбэрийг нь барин “хойд зүг”, “хойд тал”, “хойд эх” гэж бичих учиртай нь маргаангүй билээ. Ажиглавал, олонхдоо “хойд зүг” гэж бичээд, “хойд эх”, “хойд эцэг”, “хойд нас”, “хойд төрөл” хэмээн бичвэл зохихыг “хойт” гэж буруу бичиж байна. Зүй нь нэг мөр бичих ёстой.
   Үгийн утга өргөжих, явцуурах, шилжих зэргээр байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Угтаа монгол хэлний умард, өмнөд, өрнөд, дорнод гэдэг үгс ертөнцийн зүгийг заадаг бол хойд, урд, зүүн, баруун гэдэг нь аль нэгэн юмтай жишиж харьцуулсан зүгийг заадаг утгын ялгаатай юм. Жишээлбэл, баруун гар, зүүн гар гэх мэт. Монголчууд гэрийнхээ үүдийг өмнө зүг рүү харуулан барьдаг заншилтай тул гэрийн хойно, гэрийн урд гэх мэтээр аливаа орд гэр, оромж сууцтайгаа жишсээр тэдгээр жишмэл зүг заасан үгс нь ертөнцийн зүгтэй тохирч ойролцоо утгатай мэт болжээ.
   Сонирхуулахад, Хүннүчүүд болон түүнээс хожуугийн төр улсуудын үед эсгий туургатнууд гэрийнхээ үүдийг зүүнш хандуулан барьдаг байсан бөгөөд монгол хэлтэн одоогийн бидний зүүн гэж хэлдэг ертөнцийн зүгийг урд зүг гэж байжээ. “Зүгийн муу зүүн хойд” гэсэн хэллэг нь одоогийн зүүн хойд бус, харин тэр эрт цагийн зүүн хойд буюу одоогийнхоор баруун хойд зүгийг заасан бөөгийн шүтлэгтэй холбогдсон эртний үг бололтой байна. (М.Баярсайхан)

                                       Хөхний даруулга бус хөхөвч
    Хэлний дотоод зүй тогтлоор шинэ үг бүтэх боломж байсаар атал харь үгийг зээлдэн хэрэглэх нь аливаа хэлний дархлаанд сөрөг хандлагатай зүйл. Ер нь орчуулах боломжтой үгсийг эх хэлээрээ буулгах оролдлого соёлт үндэстэн бүрд байдаг. Ингэж харь үгийг аль болохоор хэрэглэхгүй байх зарчмыг хэл шинжлэлд пуризм гэж нэрлэдэг. Энэ нь латин хэлний “цэвэр” гэсэн үгээс үүсэлтэй ажээ. Харин дэлхий нийтээрээ орчуулахгүй тэр хэвээр нь авч хэрэглэдэг тусгай үгс (экзотик) энд хамаарахгүй.
   Орчин цагийн монгол хэлнээ орос хэлний лифчик гэдэг үгийг шууд болон “хөхний даруулга” гэж монголчлон хэрэглэж байна. “Хөхний даруулга” хэмээн эх хэлээрээ хэлж бичиж буй нь сайшаалтай боловч аливаа нэрлэлтийн товч бөгөөд оновчтой байх зарчимд харшилна. Өөрөөр хэлбэл, олон үгээр тайлбарлахын оронд оносон цөөн үгээр нэрлэх нь хэлэхэд товч бөгөөд амар.
   Тэгэхээр энэ үгийг эх хэлээрээ хэрхэн хэлж бичих вэ? Орчин цагийн монгол хэлэнд нэрээс нэр үндэс үүсгэх -вч дагавар гэж буй. Энэ дагавар нь тухайн юм үзэгдлийг халхалж хамгаалах, хааж бүрхэх утга бүхий жинхэнэ нэр үүсгэдэг. Жишээ нь: хаяавч, шагайвч, өвдгөвч, дөрөөвч, бэлгэвч, сүүдрэвч, чихэвч, салхивч, бугуйвч, хошуувч, мөрөвч, улавч гэх мэт.
   “Далай дусал нэмэр”-ийн үлгэрээр, хөхийг халхалж хамгаалах нэгэн зүйл хувцсыг хөхөвч гэж нэрлэж хэвшүүлбэл зохино. 1982 онд хэвлэгдсэн “Орос-Монгол толь”-ийн 248-р талд орос хэлний лифчик гэдэг үгийг хөхөвч гэж орчуулсан байна. Үүнтэй адил шалны дэвсгэрийг шалавч, амны хаалтыг амавч гэж нэрлэх нь эх хэлний зүй тогтол, нэрлэлтийн оновчтой байх зарчимд яв цав таарна.
   Нөгөө талаар, монгол хэлний үг бүтэх ёсны зарчмаас гажиж, нэрээс нэр үүсгэдэг -вч дагаврыг үйл үгийн үндсэнд залгаж үүсгэсэн сийлэвч, мөлхөвч зэрэг цөөн үгийн буруу хэлбэржилтийг залруулах хэрэгтэй. (Д.Заяабаатар)

  

Сүүлд засварласанДаваа, 06 3-р сар 2017 05:36
Дээш