Menu

Хэл зүйн найруулга

                                           Албархаг үг хэллэгийн “аадар”
   Аливаа үндэстэн, хамт олон, нийгмийн бүлгийн нийт олонх нь бусдыгаа манлайлагч тодорхой хэсгийг үлгэрлэн дуурайдаг. Тэрхүү үлгэр дуурайл нь зуун хувь сайн сайхан байдаггүй, саар муу ч бас дагалдана. Ялангуяа үзэл бодол, үг яриа, үйл хэргээрээ нийгмийг дагуулдаг төрийн түшээд, урлаг соёл, спортын алдартнуудын ярьсан хэлсэн зүйл олон нийтэд чухал нөлөөтэй. Радио телевиз, сонин хэвлэлээр хамгийн их ярьж бичдэг учраас олон нийт тэдний хэл яриаг даган дуурайж, улмаар хэвших хандлагатай болдог ажээ. Мэдээжийн хэрэг, санаа сэдэл авч үлгэр дуурайл болгомоор зүйл мундашгүй их. Сайны хажуугаар саарын үлгэрээр олон нийтийн хэл ярианы соёлд сөргөөр нөлөөлөхүйц зүйл ч цөөнгүй байдгийн нэг нь албархаг үг хэллэгийн “аадар” юм. Албархаг үг хэллэг бол албан бичиг, тушаал тогтоол, эрхтэн дархтны ярианд улиг болтлоо хэвшсэн утга зохиолын хэлэнд нийцгүй модон үг хэллэг билээ. Уран зохиолын найруулгад албархаг зан авиртай хүний дүрийг товойлгон гаргахад тийм үг хэллэгийг ашигладаг бөгөөд ихэвчлэн шог хошин зохиолд тохиолдоно.
   Ярианы найруулгад тархсан албархаг хэллэгээс жишээ болгож цөөн хэдийг дурдвал ...гэж ойлгож байна, ...гэж үзэж байна, ...гэж бодож байна, энэ утгаараа, тэр утгаараа, ач холбогдол өгөх, ач холбогдлоо алдах, анхаарлаа чиглүүлэх, анхаарлаа хандуулах, ...хэлмээр байна, ...хэлэхийг хүсэж байна, ...албан ёсоор мэдэгдэж байна гэх мэт. Эдгээрээс ...гэж ойлгож байна, ...гэж үзэж байна, ...гэж бодож байна зэргийн илүү хэрэглээг хязгаарлаж, анхаарлаа чиглүүлэх, анхаарлаа хандуулах зэргийг анхаарах гэвэл зөв найруулга болно. Хуулбар орчуулгаас үүдэлтэй ач холбогдол өгөх, ач холбогдлоо алдах гэсэн хэллэгийн оронд тустай хэрэгтэй чухал хэрэггүй зэрэг үгийг, энэ утгаараа, тэр утгаараа гэсэн хэллэгийн оронд иймээс тиймээс ингээд тэгээд болохоор гэх зэрэг холбоосын аль тохирохыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Нийтийн хэл ярианд ихэд тархсан хэлмээр байна, хэлэхийг хүсэж байна гэсэн учирзүйн алдаатай хэлзүйн хэлбэрийг хэлье гэж найруулбал ойлгомжтой юм.
   Жишээ нь: “Ханьдаа хайртай шүү гэж хэлмээр байна (хэлэхийг хүсэж байна)” гэсэн өгүүлбэрийг “Ханьдаа хайртай шүү гэж хэлье” эсвэл “Ханьдаа хайртай шүү” гээд төгсгөхөд л утга тодорхой болно. (Д.Заяабаатар)

                                   “Давтан зээл” гэж юуг хэлээд байна вэ?

   Монгол хэлний үг зүйн тогтолцоонд үйл үгийг бусад үгтэй холбодог бүлэг нөхцөл байх бөгөөд тэдгээр нь үйлийг үйлтэй, үйлийг нэртэй холбох үндсэн үүрэгтэй. Үйлийг нэр үгтэй холбодог -х, -гч, -даг4, -аа(гүй)4, -сан4, -маар4 зэрэг нөхцөл буй. “Уух цай, уншигч хүн, хэлдэг үг, хийгээгүй ажил, сурсан ном, дуулмаар дуу” гэхчлэн эдгээр нөхцөлөөр хэлбэржсэн үйл үг нь нэрийг тодотгодог ажээ.
   Гэтэл үйлийг үйлтэй холбох үүрэг бүхий хамын -н нөхцөлөөр хэлбэржсэн үйл үндсийг нэр үгтэй холбож, тодорхой нэрлэлт үүсгэх зүй бус үзэгдэл нэлээд гарч байна. Тухайлбал, дахин шалгалт, нөхөн сонгууль, бүтээн босголт, зохион байгуулалт, хянан шалгалт, хүлээн авалт гэх мэт. Хэл зүйн зүй тогтлоор эдгээр үг нь дахин шалгах, нөхөн сонгох, бүтээн босгох, зохион байгуулах, хянан шалгах зэрэг үйлийн холбоо үг байх ёстой.
   Сүүлийн үед радио телевиз, сонин сэтгүүлээр “давтан зээл” гэж сурталчлах болсон нь уг ташаарал улам газар авсны тод илрэл юм.
Төрийн шагналт, профессор Ц.Шагдарсүрэнгийн дурдсанчлан, “Монгол хэлэнд “...сүүмийн сүүмийн харагдах нь...”,“...тахин шүтэх...”,“...албан үүргээ урвуулан ашигласан байна...” гэх мэтээр “-н”-ээр төгсөж, хам утга илэрхийлдэг нөхцөл үйлийн дараа үйл үг, үйлт нэр л орохоос биш, нэр үг ордоггүй. Монгол хүн идэн хоол, суун жаргал гэдэггүй атлаа яагаад нөхөн сонгууль, дахин хуралдаан... гэх болов?” (Ц.Шагдарсүрэн, Эх хэлээ эвдэхгүй юмсан, Улаанбаатар, 2007, 165-р тал). Үүний чухам учир нь, нэг талаас үйлийг үйлтэй холбодог “-н” нөхцөлийн үүргийг сайтар ухаагүй, нөгөө талаас үг ба холбоо үг бүтэх ёсонд бий болсон буруу хэлбэржилтийг мухраар даган дуурайсанд оршино.
   Нөгөөтээгүүр “-н” нөхцөл үйлийг зэрэгцүүлэн холбохоос гадна нэг үйлийг нөгөө үйл үгэнд угсруулан холбох үүрэг гүйцэтгэдэг өвөрмөц онцлогтой холбон тайлбарласан байдгийг дурдах нь зүйтэй.
   Ер нь хэл зүйн зүй тогтлоос гажууд хэлбэржилтийг цаг тухайд нь засан залруулахгүй бол түүнтэй адилссан буруу хэлбэр үүсэж, газар авсаар хэвших хандлагатай болдог байна. (Д.Заяабаатар)

                                         “Дээр”-ийн хэрэглээ дэндлээ

    Манайхан соёл, шинжлэх ухааны олон салбарын утга зохиол, тал бүрийн мэдлэг, мэдээллийг орос хэлээр уншиж ашигласаар ирсэн боловч, орос хэлний “на” угтварын илэрхийлэх олон утгыг тэр бүр ялган салгахгүй, их төлөв “дээр” гэсэн үгээр махчилж орчуулсаар иржээ. Үүнд нь нийтээр дасан дассаар “дээр”-ийн хэрэглээ дэндээд байгааг олж ухаарахгүйд хүрлээ. Хэрвээ үе үеийнхний бичиг зохиол дахь “дээр” гэсэн үг бүхий холбоо үгийг бүртгэж харьцуулан үзвэл, эрхбиш их зөрүү гарах нь дамжиггүй байна.
   Байцаан үзвэл, “энэ хэлэлцээн дээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчид байх ёстой”, “шалгаруулалтын үндсэн дээр гэрчилгээ олгоно”, “уулзалтан дээр үг хэллээ”, “үе шат болгон дээрээ”, “УИХ дээр хуулийн төсөл явж байхад”, “тэмцээн дээр бэртэл авсан”, “англи хэлэн дээр орчуулах” гэх мэтээр “дээр”-ийг зүй бус хэрэглэсэн жишээ хаа сайгүй таарч байна.
   Эдгээр жишээн дэх онцолсон холбоо үгсийг “хэлэлцээний үед”,”үндсэнд”, “уулзалтад”, “болгонд”/бичгийн найруулгад бол “бүрдээ” гэх/, “УИХ-д”, “тэмцээний үеэр”, “хэлээр” гэж залруулбал зүйтэй болох юм.
   Судар Бичгийн Хүрээлэнгийн гишүүн асан, эрдэмтэн Ж.Цэвээн гуай зэрэг манай хуучны сайхан монгол бичгийн хэлтэн өтгөсийн бичсэн зүйлд “Галд тос нэмэх” гэж бичсэн байх аж. Одоо “Гал дээр тос нэмэх” гэдэг болжээ. Бүр хэтрээд, бараг “усан дээр чулуу хаях”, “хоолон дээр давс хийх”, “Далай дээр дусал нэмэр”, “Үнсэн дээр хаясан шалз шиг” хэмээн хэлж бичих нь ердийн үзэгдэл болоод байгаа юм биш үү.
   Монгол хэлнээ “дээр” гэдэг үгийг: 1.“доор”-ын эсрэг утгаар (цаасан дээр нэргүй, цасан дээр мөргүй; орой дээр гарах г.м.); 2. харьцангуй илүү, давууг илтгэх утгаар (хэвтэж суусан мэргэнээс хэсэж явсан тэнэг дээр; олонтоо сонссоноос олж нэг үзсэн нь дээр г.м.); 3. аливаа зүйлд нэрмээс, нэмэр болохыг илтгэхэд (хазайсан дээр нь түлхэх, хахсан дээр нь нудрах; нэг дээр нэгийг нэмэх г.м.); 4. тодорхой аль нэг газрыг заахад (хил дээр саатуулах; сургууль дээр уулзацгаах г.м.); 5. тухайн үедээ хэмээхийг онцлох (хэлэх үгийг нүүр дээр нь, сонин дээрээ соохолзох, сониноо буурахаар гоохолзох г.м.) зэрэг утга үүргээр хэрэглэдэг ажээ. Харин энэ үгийг буруу хэрэглэсэн жишээ их төлөв өгөх

оршихын тийн ялгалын “-д, -т”, үйлдэхийн тийн ялгалын “-аар, -ээр, -оор, -өөр” нөхцөлийн байранд тохиолдож байна. (М.Баярсайхан)

                           Идэвхгүй хэвийн нөхцөлийг хавтгайруулалгүй хэрэглэе

   Монгол хэлэнд үйл, үйлийн эзний харилцан холбогдлыг илэрхийлэх онцлог нь англи, орос зэрэг Европын олон хэлнээс нэн ялгаатай. Жишээлбэл, орос хэлэнд “Би энэ номыг уншсан” /Я прочитал эту книгу/, “Энэ ном надад уншигдсан” /Это книга прочитана мною/ гэсэн өгүүлбэрийн аль алиныг нь хэрэглэдэг. Тэр нь мэдээлэх зорилгоос хамаарах бөгөөд аль өнцгөөс нь авч үзэхийн ялгал буй. Эхний өгүүлбэрт “би уншсан” гэдгийг чухалчилж байхад, удаах өгүүлбэрт “Уншсан ном уу, уншаагүй ном уу?” гэдгийг тодруулах нь чухал ажээ. Монгол хэлнээ чухалчилсан гол мэдээллийг ялган илтгэх олон арга бий. Тухайлбал, хоёр дахь өгүүлбэрийн санааг “Энэ миний уншсан ном” хэмээн өгүүлбэрийн гишүүдийн байраар илэрхийлж болохоос гадна, аялгаар ялгаж болох юм. Харин монгол хүн “надад уншигдсан” гэж огт хэлдэггүй.
   Монголчууд аливаа юм үзэгдэл, хэрэг явдлыг өгүүлэхдээ үйлийн эзнийг, харин Европ зүгийн хэлтнүүд үйлэнд өртөх эд юмыг тус тус тэргүүнд тавьж, тэр өнцгөөсөө сэтгэн хэлэлцдэг байна. Энэ онцлогоос шалтгаалаад монголчууд харь хэлний адил “хоол идэгдэв, цай уугдав, хувцас өмсөгдөв” гэж хэлэх байтугай, ер идэвхгүй хэвийн “-гд” нөхцөлийг тун тоотой хэрэглэдэг билээ. Үүнд, “үзэгдэх, харагдах, сонстох, үнэртэх, харагдах, сонстох, гэх мэтийн тухайн хүний хэрэг зоригоос үл шалтгаалах мэдрэхүй үйл, “тэнгэр бурханд ивээгдэх, хувь заяандаа хөтлөгдөх, цол өргөмжлөгдөх, алдар хүртэх” мэтийн дээдийн таалал, бус хүн юм, өргөн олны эрхээр болох үйлийг заахад идэвхгүй хэвийн нөхцөлийг хэрэглэнэ.
   Эдүгээ засаж залруулахуйяа бэрх болсон эх хэл эвдрэлийн нэг нь идэвхгүй хэвийн хэрэгцээгүй хэрэглээ юм. Үүнийг билгүүн номч Б.Ринчин абугай элэглэж хэдэнтээ өгүүлэл бичиж, монгол хэлний мэргэжилтнүүд цөөнгүй сануулан дурдаж байсан билээ. Гэвч одоогийн энэ янзаараа байвал, мөдхөн их эрдэмтний элэглэж байсанчлан “Надад хоол идэгдэв, Хувцас өмсөгдөв” гэж ярьж бичдэг болох нь ээ. Зарим түгээмэл тохиолдлыг залруулах үлгэртэй нь жишээлбээс, сонины захиалга явагдаж байна – сонины захиалга авч байна, үдэшлэг зохиогдов - үдэшлэг хийв /зохиов/, төсөвт тусгагдаагүй – төсөвт тусгаагүй, шалгалт явагдаж байна – шалгалт авч байна, тавигдсан шаардлага дагуу – тавьсан шаардлагын дагуу, албан газраас зөвшөөрөгдсөнөөр – албан газрын зөвшөөрснөөр, олонхын саналаар дэмжигдэв – олонхын саналаар дэмжив, залруулга сонинд нийтлэгджээ – залруулгыг сонинд нийтэлжээ гэх мэт.
   Авах гээхийн ухаанаар эх хэлний боловсролоо дээшлүүлэх нь өөрийгөө монгол гэж тооцдог хүн бүхний үүрэг юм шүү. (М.Баярсайхан)

                                          “-гд”-ийн илүүдлийг арилгая

   Монгол хэлний найруулгыг харьжуулсан “-гд”-ийн илүүдэл хэт газар авч буйг хэвийн үзэгдэл болгон зөнд нь орхимгүй байна. Их зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх нараас аваад бичгийн хэлний боловсролтон нарын зохиол бүтээлээс зөвхөн идэвхгүй хэвийн энэ нөхцөлийг ямар тохиолдолд хэрхэн хэрэглэж байсныг хэрэг болгон үзээд, өнөөгийн элдэв нийтлэлтэй харьцуулбал, олонхоороо эх хэлдээ элэггүй хандаж байгаад даанч харуусмаар...
   Санаа тавивал, “-гд”-ийг илүүдүүлэлгүй бичихэд бэрх бус хэмээн сонины мөрөөс авсан хэдэн жишээг залруулан үлгэр болгоё.
   Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр зохиогдож буй ажил – ажлын байрыг нэмэх зорилгоор зохиож буй ажил; ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг – ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг; засвар хийгдсэн байр – засвар хийсэн /засварласан/ байр; хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууц – хөтөлбөрийн хүрээнд барих орон сууц; зальт этгээдэд хууртагдах – зальт этгээдэд хууртах; үзэсгэлэн нээгдлээ – үзэсгэлэн нээлээ; тавигдах шаардлага – тавих шаардлага; батлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль – батлан итгэмжилсэн их дээд сургууль, цалингаа нэмэгдүүлэх – цалингаа нэмүүлэх; гээгдүүлсэн тул хүчингүйд тооцно уу – гээсэн тул хүчингүйд тооцно уу; тусгай зөвшөөрлүүд цуцлагдах үндэслэл – тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл; ажил олгогчдодоо сонгогдсон хүмүүсийг явуулна – ажил олгогчдын сонгосон хүмүүсийг явуулна; хэрэг бүртгэгдэн шалгагдсан – хэргийг бүртгэн шалгасан; татвараас чөлөөлөгдөх өдөр – татвараас чөлөөлөх өдөр; интернетийнхээ хурдыг нэмэгдүүлж болно – интернетийнхээ хурдыг нэмж болно; захиалга явагдаж байна – захиалга авч байна, тулгар төр байгуулагдсаны ой – тулгар төр байгуулсны ой гэх мэт.
  Үүнчлэн уншигч та бүхэн -гд илүүдэж буй эсэхийг нягталж, эх хэлнийхээ зүй тогтолд нийцүүлэн бичиж найруулахыг хичээгээрэй.(М.Баярсайхан)

                                                 “Явагдаад” л байх уу?

    Манайхны эх хэлээ эвдэн хаа сайгүй хавтгайруулан хэрэглэж буй эрлийз үгийн нэг нь “явагдах” гэдэг үг. Ийм үг В.Инжаннаши, Д.Равжаагаас аваад Монголын бүх бичгийн мэргэдийн байтугай, ерөөс 20 дугаар зууны 40-өөд оноос өмнөх ямар ч ном судар, бичиг хард байхгүй. Хар ярианд ч байгаагүй нь тодорхой. Хэл үргэлж шинэ үг хэллэг, нэр томьёогоор баяжиж байдаг. “Явагдах” гэдэг үгийн хэлбэрийг хэрэглэж эхэлснээр монгол хэлийг хөгжүүлэх биш харин тун ноцтой хогжуулж байна. Энэ нь зөвхөн байх ёсгүй үгийн хэлбэрийг бий болгосон төдий бус юм. Үүнийг дагалдан монгол хэл, сэтгэхүйн эвдрэл улам гаарч байна.
   Зөв цэгцтэй монгол найруулгад тэр бүр хэрэглээд байдаггүй “-гд” хэмээх идэвхгүй хэвийн нөхцөлийг зөвхөн тусах үйл үгийн үндсэнд залгадаг. “Харагдах”, “сонсогдох”, “мэхлэгдэх”, “уригдах”, “мартагдах” гэх мэтчилэн аливаа “-гд” нөхцөлтэй үгийн үндсийг тухайн үйлэнд өртөж буй юмын нэртэй нь холбон “бараа/г/ харах, сураг/ийг/ сонсох, бусдыг мэхлэх, зочин/ыг/ урих, нэрийг нь мартах” гэх зэргээр хэлэхэд, асуух өгүүлбэр нь хэнийг? юуг? гэсэн үгээр илэрнэ. Ийм үйл үгийг тусах үйл үг гэдэг. Гэтэл “явах” гэдэг үг эс тусах үйл үг шүү дээ. Тиймээс “Хэнийг явах вэ?”, “Юуг явах вэ?”, “Түүнийг /үүнийг/ явна” гэсэн өгүүлбэр байдаггүй.
   Хэвлэл мэдээллээр “Сонины захиалга явагдаж байна.”, “сургалт явагдаж байна”, “шалгаруулалт явагдаж байна” гэх зэргээр бичээд зуршчихжээ. Хэрвээ үүнийг энгийн үйлдэх хэвд болгон хувиргавал, “захиалгыг явж байна”, “сургалтыг явж байна”, “шалгаруулалтыг явж байна” гэсэн утгагүй өгүүлбэр болно. Монгол бичгийн хэлнээ үйл ажил гүйцэтгэхийг “явуулах” гэдэг болсон нь хожуу цагийн хэрэг. Тодруулбал, орос хэлний “идёт” гэдэг үгийн “махчилсан” орчуулгаар орж ирсэн хэрэглээ юм. Жишээ нь, “сонгууль хийх, ухуулга хийх” гэхийг “сонгууль явуулах, ухуулга явуулах” гэх болов. Угтаа “захиалга явуулах”, “сургалт явуулах” гэсэн өгүүлбэрээ орос, англи зэрэг европын хэлний загвараар идэвхгүй хэвд оруулан хэлэх гэтэл, тэр нь “захиалга явуулагдах”, “сургалт явуулагдах” хэмээн хэт сунжруу хэлэхэд хүрсэн тул, өөрийн эрхгүй хурааж “явагдах” гэсэн огт байж болшгүй, учир шалтгааны алдаатай үгийн хэлбэрийг бий болгожээ. “явагдаж байна” гэхийн оронд “болж байна, хийж байна, авч байна” гэж хэлж бичүүштэй. Тухайлбал, ажил явагдаж байна - ажил хийж байна, шалгалт явагдаж байна - шалгалт болж байна, шалгалт авч байна гэх мэт.  (М.Баярсайхан)

                                             Мөнх тэнгэрийн хүчинд...

   Аливаа зарлиг, гэрэгэ, пайз тэргүүтний эхэнд мөр тэтгэн бичсэн “Мөнх тэнгэрийн хүчинд” хэмээх хэвшмэл хэллэгийг “Мөнх тэнгэрийн хүчин дор” хэмээн эндүү буулгасаар байна.
   Монгол бичгийн эртний дурсгал дахь өгөх оршихын тийн ялгалын нөхцөл нь -дур/-дүр, -тур/-түр, -да/-дэ, -та/-тэ зэрэг хэдэн хувилбартай байсан бөгөөд тэр бүгдийг орчин цагийн монгол хэлэнд -д/-т гэж хөрвүүлнэ.
   Эдүгээ “Мөнх тэнгэрийн хүчин дор...” гэж буулгасан эхийг хэлбэрийн хувьд “мөнх тэнгэрийн хүчин доор” гэсэн орон зайн утгаар, агуулгын хувьд “мөнх тэнгэрийн эрхшээлд” гэж ухахад хүрнэ. Гэтэл энэ хэллэг нь “мөнх тэнгэрийн ивээлд шүтэж, хүчинд дулдуйдаж” гэсэн гүн агуулгатай юм.
   “Мөнх тэнгэрийн хүчинд” хэмээх хэллэг 1246 оны Гүюг хааны тамгын бичиг, 1261, 1268 оны Хубилай хааны зарлиг, 1277 оны Зэвтөмөрийн зарлиг болон Тогтога, Өзбег, Абдулла, Келдибег-ийн пайзын бичээсийн эхэнд тохиолдоно. Мөн дөрвөлжин үсгээр уламжилсан зарлиг, гэрэгэ бүрийн эхэнд бичсэн буй. Тэгэхээр, энэ үгийг албан бичиг болгонд бичээд байдаггүй төрийн тамга, зарлиг, гэрэгэ-ний зүйлд оруулдаг уламжлалтай байжээ. Дашрамд дурдахад, энэхүү хэллэгийг эрдэмтэн Го.Мижиддорж “титим үг”, Д.Бадамдорж “тахил үг” гэж нэрлэсэн байна.
   Харин 1289 онд Аргун хаанаас Францын IV Гоо Филипп ванд илгээсэн захидалд “Мөнх тэнгэрийн хүчинд Хааны сууд” хэмээх “титим үг”-ийг мөр тэтгэн бичсэн байдаг бөгөөд үүнийучир нь уг захидлын агуулгад оршино. Уг захидал нь “Мөнх тэнгэрийн хүчинд Хааны сууд Аргун үг маань Ирэд Баранс-а (=Францын ванд) Ноднин чи мар (=шашны цол) Бар -савм-а (=несториан шашны элч, сири хүн) сагур-а (=сири хэлний айлчлан сурвалжлагч гэсэн үг) тэргүүтэн элчнээр очиж илээрүүн (=илгээрүүн) Ил хааны цэргүүд Мисирийн (=Египет) зүг морилбоос бид бээр эндээс морилж хамсъя хэмээн өчиж илээснийг (=илгээснийг) чинь зөвшөөж (=зөвшөөрч) тэнгэрийг залбирч барс жил өвлийн эцэс сард морилж, хаврын тэргүүн сарын арван тавнаа Дамаскийг (=Сирийн Дамаск хот) бууя хэмээвэй. Эдүгээ үнэн үгтээ хүрэн цэргүүдээ болзолд илээн (=илгээн) тэнгэрт мөр өгтөж (=ивээгдэж) тэд иргэ (=иргэнийг) авбаас Иерусалимийг танаа өгье. Гэм болзол хождож цэргүүдийг нэмүүлбээс юу зохих. Хойно бээр гэнэвээс (=гэмшвээс) юун тус...” гэсэн цэрэг дайны агуулгатай, сүр хүчийг үзүүлсэн өнгө аястай билээ.
   Үүнтэй адил “багш дор мөргөмү, ном дор мөргөмү, хувраг дор мөргөмү” бус “багшид мөргөмү, номд мөргөмү, хуврагт мөргөмү” гэвэл зөв болно. (Д.Заяабаатар)

                                                          ...мөртлөө, ...
   Толь бичгүүдээс үзвэл “мөртөө” /Moi* Dekea/ хэмээх үг нь 1. чигээрээ, мөрөөрөө, зөнгөөрөө, мөрөө хөөсөн; 2. зам гудас, далимдаа, 3. өсөд ондоо, өөр гэсэн хэд хэдэн утгатай ажээ.
   Монгол хэлэнд нэг юм, үзэгдэлд хамаатай хоёр ба түүнээс дээш үйл хөдлөл, шинж чанарыг эсрэгцүүлэн онцолж дурдахад “байтал, байтлаа, атал, атлаа, хирнээ” гэх мэтийн үгийг холбоосын үүргээр хэрэглэдэг. Жишээлбэл, “Ургасан байтлаа тарьсан юм шиг”, “Төрсөн байтлаа зурсан юм шиг” гэх мэт. Тэгвэл, “мөртөө” гэдэг үгэнд мөн ийм утга үүрэг бий. Жишээнд буй “байтлаа” гэдэг үгийг “атлаа”, “мөртөө” зэрэг үгээр солин найруулахад утга нь төдийлөн гажихгүй байна.
   Гэвч, хэвлэл нийтлэлд “мөртөө” гэхийг “мөртлөө” хэмээн буруу бичих болоод уджээ. Үүнд, “мөртлөө” гэж бичээд ирсэн хүмүүсийг буруутгах хэрэггүй. Харин залруулан зөв бичлэгийг нь таниулалгүй явж ирсэн хэлний мэргэжилтнүүд буруутай юм. Тэр ч байтугай, зарим толь бичигт хүртэл “мөртлөө” гэсэн бичлэгийг оруулж “баталгаажуулсан” байх юм. Чухамдаа монгол хэлэнд “мөртлөө” гэсэн үг ерөөс байгаагүй, байж ч таарахгүй. Үүнийг зөвхөн “л” үсэг илүүдсэн төдий жижиг асуудал юм байна хэмээн хайхрамжгүй хандаж болохгүй.
   Ингэж ташаа бичих болсны учир нь энгийн ярианд “мөртөө” гэдэг үгийг ойролцоо утга үүрэг бүхий “байтлаа, атлаа” гэдэг үгсийнх нь адил “-тлөө” гэсэн ижил төгсгөлтэй байх ёстой мэт санаандгүй адилсуулан хэлчихдэгээс болжээ. Эхний үгсийг утгат хэсгээр нь задалбал, бай-тал-аа, а-тал-аа болно. Хоёр дахь үгийн “а-” гэсэн үндэс нь эхний бай- гэдэгтэйгээ адил утгатай үйл үг. Араас нь залгасан “-тал, -тэл, -тол, -төл” нөхцөлийг үзтэл, хартал, өгтөл, бодтол гэх мэтээр зөвхөн үйл үгэнд залгадаг. Гэтэл “мөр” гэдэг нэр үгэнд “-төл-өө” гэж залгасан юм шиг бичих нь илэрхий гажуудал юм. Жаахан цаашлуулбал, мөр гэдэг нэр үгэнд -жээ, -в, -мөгц, -хлөөр, -нгүүт зэрэг үйл үгийн нөхцөлийг залгаж мөржээ, мөрөв, мөрмөгц, мөрөхлөөр, мөрөнгүүт хэмээсэн мэт доог болохуйц хэрэг буюу.
   Аль ч хэлний нэр ба үйл үгэнд залгах нөхцөл бүр нь байр, утга, үүргийн хувьд харилцан ялгавартай бөгөөд хэзээ ч хутгалддаггүй. Нэр үгийг үйл үгтэй хольж хутгадаг бүдүүлэг алдаа манайхаас өөр газар лав байхгүй биз ээ. Иймд, хар ярианы элдэв тохиол дахь адилтгалаар бий болсон хэлний тогтолцоот бус үзэгдэл, цэгц журамгүй зүйлийг бичиг зохиолын хэлэнд нэвтрүүлэх учиргүйг санууштай. Та “...мөртлөө,...” хэмээн бүү бичээрэй. (М.Баярсайхан)
                                                Охидууд, олон охид
   Орчин цагийн монгол хэлний яриа, бичгийн найруулгад бид нар, охидууд, нөхдүүд, түшмэдүүд, үрсүүд, дээдсүүд гэхчлэн олон тооны бүтээврийг давхцуулан хэрэглэх тохиолдол цөөнгүй бөгөөд ихэвчлэн -д, -с бүтээврийн араас -ууд/-үүд хэлбэрийг залгаж байна. Эдгээр үгийг утга зохиолын хэлний хэм хэмжээний үүднээс бид, охид, нөхөд, түшмэд, үрс, дээдэс зэргээр бичих нь зүйтэй. Харин тийнхүү буруу хэвшиж буйн учир шалтгааныг тодруулан тайлбарлая.
    Хэлний тогтолцоонд адил утгатай хэл зүйн хэлбэр олшрох тусам харьцангуй хожуу үүссэн бүтээвэр нь үүргээрээ илүү давамгайлж, эрт үед хэрэглэгдэж байсан бүтээврийн хэрэглээг шахдаг байна. Монгол хэлний түүхэн хөгжлийн баримт дурсгалд олон тооны бүтээврийг хэрэглэж ирсэн байдлыг ажвал -д, -с бүтээвэр илүү бүтээлч, -ууд/-үүд, -нууд/-нүүд, -нар/-нэр бүтээвэр харьцангуй цөөн тохиолдоно. Харин орчин цагийн монгол хэлэнд -ууд/-үүд, -нууд/-нүүд бүтээвэр илүү бүтээлч шинжтэй болжээ. Үүний тодорхой нуталгаа нь орчин цагийн монгол хэлний нэр үгийн үг зүйн тогтолцоонд олон тооны -д, -с бүтээврийн араас -ууд/-үүд бүтээврийг залган хэлбэржүүлж буй өвөрмөц зүй тогтол юм.
   Дүгнэн хэлбэл -д, -с бүтээвэр нь орчин цагийн монгол хэлэнд аран - ард - ардууд, сайн - сайд - сайдууд зэргээр олон тоог илрүүлэх шинжээ бүрмөсөн алдаж, охин - охид - охидууд, нөхөр - нөхөд - нөхдүүд, дээд - дээдэс -дээдсүүд мэтээр алдах хандлагатай байна.
Бас нэгэн зүйл, тодотгогч нь олны утгатай атал тодотгуулагчийг мөн олон тооны бүтээврээр хэлбэржүүлсэн олон гишүүд, хэсэг оюутнууд, зарим хүмүүс зэрэг жишээ яриа, бичгийн найруулгад цөөн бус гарч буйг орчин цагийн монгол хэлний хэл зүйн тогтолцооны үүднээс зөвшөөж боломгүй юм. Зүй нь олон гишүүн, хэсэг оюутан, зарим хүн гэж найруулбал зохино. (Д.Заяабаатар)

                                               Тэрээр, тэрбээр гэж бичих буруу
   Сонгодог монгол бичгийн хэлнээ идэвхтэй хэрэглэж байсан сул үгийн нэг нь “бээр” юм. Орчин цагийн монгол бичгийн хэлнээ бараг төлөв гуравдугаар биеийн төлөөний үгийн ганц тоог илтгэдэг “тэр” хэмээх үгийг онцлоход хэрэглэх болжээ. Чингэхдээ, “тэр” хэмээх үг өгүүлбэрт өгүүлэгдэхүүн гишүүний үүргээр орсон тохиолдолд, тэрхүү үйлийн эзнийг нь чухалчлан онцлохын тулд “бээр”-ийг хэрэглэдэг байна.
   Ер нь “бээр” сул үгийг үйлийн эзэн болсон хүний нэр болон хүний тухайт үгийн хойно зохисыг нь олж хэрэглэвэл найруулгын өнгө аяс эвтэй болох тал ч байдаг.
   Ажиглавал, хэвлэл нийтлэлийн зүйлд “тэрээр, тэрбээр” гэх мэтээр буруу бичиж хэвших хандлага байна. Үүнд, “тэрээр” гэсэн бичлэг нь “бээр” сул үгийн дүрсийг эвджээ. Монгол бичигт галиглавал “ber” гэж тусад нь бичдэг хоёр махбод /элемент/ бий. Нэг нь “бээр” гэсэн дуудлагатай, бидний өгүүлж буй сул үг. Нөгөө нь хоёр эгшгийн хооронд орж хэлэгдсээр “б” гийгүүлэгч нь сулран сугарч “-ээр” дуудлагатай болсон үйлдэхийн тийн ялгалын нөхцөл юм. Сул үгийг тийн ялгалын
нөхцөлтэй хольж хутган ухаарснаас “тэрээр” гэсэн буруу бичлэг үүсжээ.
   “Тэрбээр” гэсэн бичлэг нь зөв бичих зүйг зөрчсөн байна. Одоо даган барьж буй “Үсгийн дүрэм”-д “бэ, вэ, юу, юү, уу, үү” зэрэг асуух сул үг, “за” хэмээх зөвшөөрөх сул үг, “ч, л, шүү, даа, дээ, доо, дөө” зэрэг онцлох болон батлах сул үг, “уруу” дагавар үг, “аа, ээ, оо, өө” дуудах аялга үг зэргийг цөм саланги бичихээр заажээ. Басхүү, тэрхүү, мөнхүү, энэхүү гэх мэтээр “хүү”-г монгол бичиг, кирил бичгийн аль алинд хамт бичдэг заншил буйг эс тооцвол, сул үгийг хамт бичих дүрэмгүй. “Тэрбээр” гэж бичих нь хэдийгээр дуудлагыг нь зөв тэмдэглэсэн боловч, нөхцөл дагаврын адил хамт бичсэн нь журамгүй болжээ. Иймд “тэр бээр” хэмээн салгаж бичих нь зүйтэй юм. (М.Баярсайхан)

                                             Хол газар яваар одогсод?
   Үйл үгийг үйл үгтэй холбох “-аар, -ээр, -оор, -өөр” нөхцөл нь үйлийн зорилгыг заана. Жишээлбэл, “алс газар сураар одох” гэвэл алс нутагт сурахын тулд одох гэсэн санаа. Гэтэл “яваар одох” буюу “явахын тулд одох” гэдэг холбоо үгийг юу гэж ойлгох вэ? “явах” гэдэг үгэнд “зайлах, дутаах” ч юм уу, ямар нэг өөр далд утга шингээгээгүй л бол учир шалтгааны алдаатай үг болох нь илт. Телевизээр нэг хэсэг гарч байсан зар сурталчилгаанд “чанар гэж чансаа” хэмээн ойролцоо утгат хоёр үгийн нэгийг нь нөгөөгөөр нь тодорхойлдог байсан. Энэ мэтийн алдааг давталтын алдаа гэдэг.
   Манайхны өдөр тутмын зурхайд “хол газар яваар одогсод тийш мөрөө гарга” гэж бичсээр байна. “Одогсод” гэдэг үгийн хэлбэр бол өнгөрсөн цагийг заана. Одсон хүн гэвэл ганц тоо, одогсод буюу одсон хүмүүс гэвэл олон тоот хэлбэр. Тэгэхээр бид зурхай уншаад зүй нь, хэрвээ хол газар одох бол зорьсон газраа хүрснийхээ дараа тэндээ мөрөө гаргана гэж ойлгох ёстой ажээ. Гэвч өргөн олон маань наад захын зурхай мэддэг тулдаа явахаасаа өмнө мөрөө гарга гэх гээд байгааг нь эрхбиш мэдэж, залруулан ойлгодог ажээ.
   Түүнээс гадна дээрх өгүүлбэрт “газар” гэдэг үг ч илүүц юм. Иймд, “Хол газар яваар одогсод тийш мөрөө гарга” гэдэг өгүүлбэрт лавтай гурван зүйлийн алдаа буйг залруулан “Хол явах хүн тийш мөрөө гарга” гэж бичиж байх нь зүйтэй биш үү. (М.Баярсайхан)

  

Сүүлд засварласанДаваа, 06 3-р сар 2017 06:43
Дээш