Menu

Хэл зүйн найруулга

                                           Албархаг үг хэллэгийн “аадар”
   Аливаа үндэстэн, хамт олон, нийгмийн бүлгийн нийт олонх нь бусдыгаа манлайлагч тодорхой хэсгийг үлгэрлэн дуурайдаг. Тэрхүү үлгэр дуурайл нь зуун хувь сайн сайхан байдаггүй, саар муу ч бас дагалдана. Ялангуяа үзэл бодол, үг яриа, үйл хэргээрээ нийгмийг дагуулдаг төрийн түшээд, урлаг соёл, спортын алдартнуудын ярьсан хэлсэн зүйл олон нийтэд чухал нөлөөтэй. Радио телевиз, сонин хэвлэлээр хамгийн их ярьж бичдэг учраас олон нийт тэдний хэл яриаг даган дуурайж, улмаар хэвших хандлагатай болдог ажээ. Мэдээжийн хэрэг, санаа сэдэл авч үлгэр дуурайл болгомоор зүйл мундашгүй их. Сайны хажуугаар саарын үлгэрээр олон нийтийн хэл ярианы соёлд сөргөөр нөлөөлөхүйц зүйл ч цөөнгүй байдгийн нэг нь албархаг үг хэллэгийн “аадар” юм. Албархаг үг хэллэг бол албан бичиг, тушаал тогтоол, эрхтэн дархтны ярианд улиг болтлоо хэвшсэн утга зохиолын хэлэнд нийцгүй модон үг хэллэг билээ. Уран зохиолын найруулгад албархаг зан авиртай хүний дүрийг товойлгон гаргахад тийм үг хэллэгийг ашигладаг бөгөөд ихэвчлэн шог хошин зохиолд тохиолдоно.
   Ярианы найруулгад тархсан албархаг хэллэгээс жишээ болгож цөөн хэдийг дурдвал ...гэж ойлгож байна, ...гэж үзэж байна, ...гэж бодож байна, энэ утгаараа, тэр утгаараа, ач холбогдол өгөх, ач холбогдлоо алдах, анхаарлаа чиглүүлэх, анхаарлаа хандуулах, ...хэлмээр байна, ...хэлэхийг хүсэж байна, ...албан ёсоор мэдэгдэж байна гэх мэт. Эдгээрээс ...гэж ойлгож байна, ...гэж үзэж байна, ...гэж бодож байна зэргийн илүү хэрэглээг хязгаарлаж, анхаарлаа чиглүүлэх, анхаарлаа хандуулах зэргийг анхаарах гэвэл зөв найруулга болно. Хуулбар орчуулгаас үүдэлтэй ач холбогдол өгөх, ач холбогдлоо алдах гэсэн хэллэгийн оронд тустай хэрэгтэй чухал хэрэггүй зэрэг үгийг, энэ утгаараа, тэр утгаараа гэсэн хэллэгийн оронд иймээс тиймээс ингээд тэгээд болохоор гэх зэрэг холбоосын аль тохирохыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Нийтийн хэл ярианд ихэд тархсан хэлмээр байна, хэлэхийг хүсэж байна гэсэн учирзүйн алдаатай хэлзүйн хэлбэрийг хэлье гэж найруулбал ойлгомжтой юм.
   Жишээ нь: “Ханьдаа хайртай шүү гэж хэлмээр байна (хэлэхийг хүсэж байна)” гэсэн өгүүлбэрийг “Ханьдаа хайртай шүү гэж хэлье” эсвэл “Ханьдаа хайртай шүү” гээд төгсгөхөд л утга тодорхой болно. (Д.Заяабаатар)

                                   “Давтан зээл” гэж юуг хэлээд байна вэ?

   Монгол хэлний үг зүйн тогтолцоонд үйл үгийг бусад үгтэй холбодог бүлэг нөхцөл байх бөгөөд тэдгээр нь үйлийг үйлтэй, үйлийг нэртэй холбох үндсэн үүрэгтэй. Үйлийг нэр үгтэй холбодог -х, -гч, -даг4, -аа(гүй)4, -сан4, -маар4 зэрэг нөхцөл буй. “Уух цай, уншигч хүн, хэлдэг үг, хийгээгүй ажил, сурсан ном, дуулмаар дуу” гэхчлэн эдгээр нөхцөлөөр хэлбэржсэн үйл үг нь нэрийг тодотгодог ажээ.
   Гэтэл үйлийг үйлтэй холбох үүрэг бүхий хамын -н нөхцөлөөр хэлбэржсэн үйл үндсийг нэр үгтэй холбож, тодорхой нэрлэлт үүсгэх зүй бус үзэгдэл нэлээд гарч байна. Тухайлбал, дахин шалгалт, нөхөн сонгууль, бүтээн босголт, зохион байгуулалт, хянан шалгалт, хүлээн авалт гэх мэт. Хэл зүйн зүй тогтлоор эдгээр үг нь дахин шалгах, нөхөн сонгох, бүтээн босгох, зохион байгуулах, хянан шалгах зэрэг үйлийн холбоо үг байх ёстой.
   Сүүлийн үед радио телевиз, сонин сэтгүүлээр “давтан зээл” гэж сурталчлах болсон нь уг ташаарал улам газар авсны тод илрэл юм.
Төрийн шагналт, профессор Ц.Шагдарсүрэнгийн дурдсанчлан, “Монгол хэлэнд “...сүүмийн сүүмийн харагдах нь...”,“...тахин шүтэх...”,“...албан үүргээ урвуулан ашигласан байна...” гэх мэтээр “-н”-ээр төгсөж, хам утга илэрхийлдэг нөхцөл үйлийн дараа үйл үг, үйлт нэр л орохоос биш, нэр үг ордоггүй. Монгол хүн идэн хоол, суун жаргал гэдэггүй атлаа яагаад нөхөн сонгууль, дахин хуралдаан... гэх болов?” (Ц.Шагдарсүрэн, Эх хэлээ эвдэхгүй юмсан, Улаанбаатар, 2007, 165-р тал). Үүний чухам учир нь, нэг талаас үйлийг үйлтэй холбодог “-н” нөхцөлийн үүргийг сайтар ухаагүй, нөгөө талаас үг ба холбоо үг бүтэх ёсонд бий болсон буруу хэлбэржилтийг мухраар даган дуурайсанд оршино.
   Нөгөөтээгүүр “-н” нөхцөл үйлийг зэрэгцүүлэн холбохоос гадна нэг үйлийг нөгөө үйл үгэнд угсруулан холбох үүрэг гүйцэтгэдэг өвөрмөц онцлогтой холбон тайлбарласан байдгийг дурдах нь зүйтэй.
   Ер нь хэл зүйн зүй тогтлоос гажууд хэлбэржилтийг цаг тухайд нь засан залруулахгүй бол түүнтэй адилссан буруу хэлбэр үүсэж, газар авсаар хэвших хандлагатай болдог байна. (Д.Заяабаатар)

                                         “Дээр”-ийн хэрэглээ дэндлээ

    Манайхан соёл, шинжлэх ухааны олон салбарын утга зохиол, тал бүрийн мэдлэг, мэдээллийг орос хэлээр уншиж ашигласаар ирсэн боловч, орос хэлний “на” угтварын илэрхийлэх олон утгыг тэр бүр ялган салгахгүй, их төлөв “дээр” гэсэн үгээр махчилж орчуулсаар иржээ. Үүнд нь нийтээр дасан дассаар “дээр”-ийн хэрэглээ дэндээд байгааг олж ухаарахгүйд хүрлээ. Хэрвээ үе үеийнхний бичиг зохиол дахь “дээр” гэсэн үг бүхий холбоо үгийг бүртгэж харьцуулан үзвэл, эрхбиш их зөрүү гарах нь дамжиггүй байна.
   Байцаан үзвэл, “энэ хэлэлцээн дээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчид байх ёстой”, “шалгаруулалтын үндсэн дээр гэрчилгээ олгоно”, “уулзалтан дээр үг хэллээ”, “үе шат болгон дээрээ”, “УИХ дээр хуулийн төсөл явж байхад”, “тэмцээн дээр бэртэл авсан”, “англи хэлэн дээр орчуулах” гэх мэтээр “дээр”-ийг зүй бус хэрэглэсэн жишээ хаа сайгүй таарч байна.
   Эдгээр жишээн дэх онцолсон холбоо үгсийг “хэлэлцээний үед”,”үндсэнд”, “уулзалтад”, “болгонд”/бичгийн найруулгад бол “бүрдээ” гэх/, “УИХ-д”, “тэмцээний үеэр”, “хэлээр” гэж залруулбал зүйтэй болох юм.
   Судар Бичгийн Хүрээлэнгийн гишүүн асан, эрдэмтэн Ж.Цэвээн гуай зэрэг манай хуучны сайхан монгол бичгийн хэлтэн өтгөсийн бичсэн зүйлд “Галд тос нэмэх” гэж бичсэн байх аж. Одоо “Гал дээр тос нэмэх” гэдэг болжээ. Бүр хэтрээд, бараг “усан дээр чулуу хаях”, “хоолон дээр давс хийх”, “Далай дээр дусал нэмэр”, “Үнсэн дээр хаясан шалз шиг” хэмээн хэлж бичих нь ердийн үзэгдэл болоод байгаа юм биш үү.
   Монгол хэлнээ “дээр” гэдэг үгийг: 1.“доор”-ын эсрэг утгаар (цаасан дээр нэргүй, цасан дээр мөргүй; орой дээр гарах г.м.); 2. харьцангуй илүү, давууг илтгэх утгаар (хэвтэж суусан мэргэнээс хэсэж явсан тэнэг дээр; олонтоо сонссоноос олж нэг үзсэн нь дээр г.м.); 3. аливаа зүйлд нэрмээс, нэмэр болохыг илтгэхэд (хазайсан дээр нь түлхэх, хахсан дээр нь нудрах; нэг дээр нэгийг нэмэх г.м.); 4. тодорхой аль нэг газрыг заахад (хил дээр саатуулах; сургууль дээр уулзацгаах г.м.); 5. тухайн үедээ хэмээхийг онцлох (хэлэх үгийг нүүр дээр нь, сонин дээрээ соохолзох, сониноо буурахаар гоохолзох г.м.) зэрэг утга үүргээр хэрэглэдэг ажээ. Харин энэ үгийг буруу хэрэглэсэн жишээ их төлөв өгөх

Дэлгэрэнгүй...