Menu

Үгийн сангийн найруулга

                                               Авхай биш авгай
   Одоогийн бидний ярианы хэлэнд авхай, авгай хэмээх үгс нь хоёулаа эмэгтэй хүнийг дуудах үгс л дээ. Авхай гэж дээхэн үед язгууртан хүний охиныг, харин орчин үед залуу хүүхнийг егөөдөх маягаар хэлдэг бол авгай гэж хүний гэргий болсон хүнийг, эсвэл өөрөөсөө эгч эмэгтэй хүнийг хүндэтгэх нэр юм. Гэтэл авгай гэж ах настныг хүндэтгэх өөр нэгэн утга бий. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүнийг ялгаагүйгээр нэрийнх нь ард залгаснаар хүндэтгэх утгыг илтгэнэ. Өөрөөр хэлбэл гуай гэсэн үг. Жишээлбэл, Монгол улсын одоогийн ерөнхийлөгчийг Элбэгдорж гуай ч гэж хэлж болно, Элбэгдорж авгай ч гэж хэлж болно. Мөн түүний гэргийг Болормаа авгай ч гэнэ, Болормаа гуай ч гэнэ. Аль аль нь л хүндэтгэж буй хэлбэр болно. Харин Элбэгдорж авхай гэвэл түүнийг эмэгтэй хүн гэж хэлсэн хэрэг болох байлгүй дээ.
   Харин сүүлийн үед сонины хуудаснаа, ихэвчлэн шинээр хэвлэгдэн гарч буй номууд дээр “Уншигч авхай танаа”, “Уншигч авхай” хэмээн их тааралдах боллоо. Уг нь “Уншигч авгай” буюу “Уншигч гуай” гэсэн хүндэтгэл байгаа болов уу. “Уншигч авхай” гэхээр ганцхан эмэгтэй хүнд л зориулсан буруу утга агуулаад эрэгтэй хүнд бол хамаагүй ээ л гэсэн санаа болно. (Д.Боролзой)

                                             Амьтны үр төлийн нэр
    Монгол хэлнийхээ үгийн баялгаас сурч эзэмшиж байх нь жирийн иргэн хэн бүхэнд хамааралтай. Манайхны үг мэдэхгүйгээс бараг нийтээрээ тайлбар хэлж ойлголцдог болсон үгсийн нэгэн зүйл нь амьтны үр төлийн нэр юм. Тухайлбал, тураг гөрөөсний төрлийн амьтан бол төлийг нь бүгдийг янзага юм уу тугал, шувуу бол цөм ангаахай, дэгдээхий, бусад олонх амьтны төлийг зулзага гэсэн үгээр аргацаан тайлбарлаж хэлсээр байна. Иймд түгээмэл тохиолдох амьтны үр төлийн нэрээс уншигч танаа толилуулъя.
   Алагдаахайн ялман, алтан гургалдайн алтан цуравдай, араат гөрөөсний /зүртэй төстэй нэг зүйл гөрөөс/ зангуудай, аргалийн хурга, арслангийн гүег, баавгайн бамбарууш /бамбарш гэх нь ч бий/, барын бамбар, бозлогийн мөндөл, бор гөрөөсний янгуудай, бөднө шувууны дэгдүнэ, бугын илий, булганы хойв, галууны цурав /нугас, гургуул, тахианых мөн цурав гэнэ/, гахайн торой, гүрвэлийн үрвэл, доргоны ханьс /ганьс ч гэдэг/, зааны тумбага, зарааны бөөдий, зурмын цорд, зэвэг загасны хой, зэрлэг гахайн хөх, зээрийн янзага, илжигний дудран, имжний сэмжин /бас цовхрой гэнэ/, мазаалайн алманцаг, могойн хувилгана /бас зогой гэнэ/, мөрөг загасны мөгц, нохой зээхийн бөртөн, өмхий хүрний сөдий, сармагчны монио /бас монш, монди гэх нь ч бий/, тахианы цурвага /цурваас иххэн хөрвөжсөнийг нь ийн хэлнэ/, тарваганы мөндөл, тулын тулбага, туулайн бүжин, улаан далба загасны цураа, үнэгний гавар /бас шахар гэнэ/, үхэр оготны бөлбөөхий, халиуны бор, хандгайн хотол, хулганын гөлчгий, хүдрийн шовшоор /шовшоорой ч гэдэг/, хэрэмний хувдай, хярсны зөнжиг, цааны хугаш, чонын бэлтрэг, шилүүс, ирвэс, цогондой зэрэг амьтны зулзагыг ногуул /шилүүсний шарах гэж бас хэлдэг/, янгирын үнүх гэдэг байна. Мөн үлгэр домогт гарах чөтгөрийн багыг нь бонго гэдэг ажээ.
   Эдгээр нэрийг ялангуяа хүүхдийн уран зохиол, хүүхэлдэйн киноны орчуулга зэргээс аваад аливаа бичиг зохиолд аль шаардлагатай газар нь хэрэглэж заншмаар байна. (М.Баярсайхан)

                                     Бичиг хар, данс хараа хэмээх үгсийн учир

   Монгол хэлэнд үзэх харах гэдгийн “хар-”, юмны өнгөн хэсгийг хусах ховхлохын утгат “хар-” гэсэн үйл үгсээс гадна, өнгө зүс заасан “хар”, хардах санааг заасан “хар” гэдэг нэр үгс, дуу чимээ заасан хар хур хийх гэдгийн “хар” зэрэг ижил дуудлагат үгс байдаг. Мөн бичиг хар, данс хар буюу данс хараа хэмээн ямагт хоршин хэлж, дангаар нь үл хэрэглэх “хар” хэмээх үг бий. Монгол бичгээр “хар-а” He*T гэж бичнэ. Энэ удаа хоршоо үгэнд ордог тэрхүү “хар” гэдэг үгийн талаар өөрийн мэдэх зүйлийг та бүхнээ товч өгүүлсү.
   Хамт хоршиж буй үгс болон хоршоо үгийн бүхэлдээ илэрхийлж буй утгыг нь үзвэл, цөм бичиг хэрэг, албан баримттай холбогдолтой байна. Эл “хар” гэдэг үг угтаа өнгийн “хар” гэдэг үг юмсанж. 13 дугаар зууны үест Монголд тухайн албан бичгийг хаанд холбогдох үгүйгээр нь “бичиг цагаан”, “бичиг хар” хэмээн ялган нэрлэж байжээ. Хааны хамаатай бичгийг “цагаан”, бусад бичгийг “хар” хэмээн тодотгож байв. Сонирхолтой нь манж хэлэнд бичиг хар, данс хар гэдгийн “хар” хэмээх үгийг “чаган” гэнэ. Энэ нь мөнөөх “бичиг цагаан” гэдгийн цагаан хэмээх үг дунд үеийн монгол хэлний дуудлага болон монгол бичгийн Cegea гэдэг бичлэгийн хэлбэрээрээ манж хэлэнд орсон үг болно. 

   Манж нарын хэл бичгийн анхны “багш нар” нь монголчууд байсныг түүх нотолдог. Ерөөс манжийн утга зохиол нь монгол хэл бичгээрх албан бичгийн зүйлээс эхэлсэн уламжлалтай. Манжийн төр улс байгуулагдсан эхэн үе төдийгүй, түүнээс өмнөх үеийн жүрчин нар ч монгол хүний нэр, монгол цол, тушаалыг өргөнөөр хэрэглэж байв. Манж хэлэн дэх “чаган” хэмээх үг нь монгол бичгийн соёлын нэр томьёо бусад үндэстэнд нэвтэрч байсныг гэрчлэх нэгэн баримт болон үлджээ. Бидний өвөг дээдэс бичгийн их соёлтой байсан юм шүү.

Хожим Монголд бичиг хар, бичиг цагаан хэмээн ялган нэрлэхээ байж, зөвхөн “бичиг хар”, “данс хар” гэсэн хоршоо үг уламжлагджээ. Гэтэл жүрчин, манж нарын хэлэнд “бичиг цагаан” гэдэг нь нэвтрэн тэр “чаган” гэдэг үг эргээд монгол хэлний “хар” гэдэг үгээр орчуулагдах болов. Энэ бол нэг хэлний эсрэг утгат хоёр үг түүхийн явцад харин ч хоёр хэлний харилцан дүйх нэг утгат үг болон хувирсан сонирхолтой баримт ажгуу. (М.Баярсайхан)

                                               Бодь мөрийн зэрэг

    Богд Зонховын зохиосон “Бодь мөрийн зэрэг” хэмээх алдарт зохиолыг хэдэн зүйл орчуулгаар нь манай уншигчид сайн мэдэх болжээ. Гэвч уг зохиолын нэрийг хэрхэн ухаж ухаарсан бол хэмээн санахдаа энэ товч тайлбарыг толилуулав. Монголчууд “үгэнд нэг учир буй, үхэрт нэг гиваан буй” хэмээн өгүүлдэг нь үг бүрийн утга учрыг эргэцүүлэн бодохын чухлыг сануулсан хэрэг. Судар шастирын нэр нь зохиолынхоо агуулгыг товчлон хураасан байдаг тул “Бодь мөрийн зэрэг” хэмээх товч нэрийг үг бүрээр нь тайлбарлая.
   Бодь хэмээх нь эртний Энэтхэгийн санскрит хэлний үг бөгөөд “төгс гэгээрэхүй” хэмээсэн утгатай. Судар номд тайлснаар, “тэвчигдэхүүн болсон бие, хэл, сэтгэлийн гэм бүгдээ арилгаад, оногдохуун эрдэм бүхнийг дотроо багтаасан хутагтны (бодисадвагийн) эш онолын эрдэм”-ийг өгүүлэх ажээ. Өөрийн сэтгэлийн гэмээ огоот (бүр мөсөн) арилгаж, аливаа юм үзэгдлийн мөн чанарыг чинад хязгаарт нь хүртэл танин мэдэж гэгээрснээр бусдыг аврах нигүүлсэнгүй сэтгэл төгс болохыг бодь хэмээн ухаж болно.
   Мөр хэмээх үгийн утгыг өнөөгийн хүмүүс “ул мөр, мал амьтны мөр, хүний мөр, догол мөр, улаан мөр, мөрөөр нь мөшгөх” гэх мэт холбоо үгээс тайлбарлаж хэлэх буй за. Энэ үгийн эртний болон сонгодог бичгийн хэлний үндсэн утга нь одоогийн зам болно. Тэгвэл зам хэмээх үг эртний монгол хэлэнд байсан уу? хэмээвээс байсан бөгөөд харин утга нь өртөөюм. Их Монгол улсын хоёр дахь хаан Өгэдэй бээр өртөөгөөр зорчих зам харилцааны тогтолцоог анхлан буй болгосныг манай уншигчид “Монголын Нууц Товчоон”-оос бэлээхэн мэдэх билээ. XIII, XIV зууны үед монголчууд дэлхий дахинд хүчтэй нөлөөлж байсан цагт зам (өртөө) хэмээх үг хөрш орнуудын хэл, тухайлбал, орос, хятад хэлэнд орж, одоо ч гэсэн өртөө гэдэг утгаа хадгалж буй. Хятад хэлэнд жан, орос хэлэнд ям (ямщик - улаач) болж хувирсан байдаг. Өмнө өгүүлснийг товчилбол, мөр хэмээх нь зам, арга хэмээсэн утгаар сонгодог бичгийн хэлэнд тохиолддог. Тийн үзвэл, “Бодь мөрийн зэрэг” хэмээх үгэнд орсон утга нь арга зам болно.
   Зэрэг нь үе гишүүн, дэс дараа, үе шат хэмээсэн утгатай.
   “Бодь мөрийн зэрэг” хэмээх нь төгс гэгээрэлд хүрэхүйд энгийнээс гүн нарийнд суралцах, бясалгах арга замын (мөрийн) дэс дараалал, үе шат хэмээсэн гол утгатай болно. (Ш.Чоймаа)

                                   Газар усны монгол нэрийг мартаж болохгүй

   Монголчуудын амьдран сууж асан газар нутаг, эсвээс хөрш орнуудын зах залгаа болон алс харийн газар нутгийн монгол нэр цөөнгүй. Өвөг дээдсийнхээ нэрийдсээр ирснийг мартаж, гадаад хэлтний бичлэгийг дагасан газар усны нэрийн зүйл цөөн бус байгааг залруулахын санаа сэдэл болгон зарим жишээг дурдъя.
   Хятадаар Хуанхэ, үгчлэн орчуулж Шар мөрөн гэж бичээд буй мөрнийг монголчууд эртнээс Хар мөрөн гэдэг байснаа хожим Хатан гол гэж нэрийдэх болсныг монголын түүхийн сурвалжуудад холбогдох домогтой нь тодорхой өгүүлсэн байдаг.
    Хавт Хасарынхны харьяат нутаг, орчмоос нь Чингисийн чулууны бичиг олдсон, хожим 1689 онд Манж-Оросын хил хязгаарыг анх тогтоож, гэрээ байгуулсан Нерчинск хэмээх хотын нэрийг мөн гэрээний тэр цагийн монгол орчуулгад Нибчүү хэмээн бичсэн байдаг нь эдүгээ Түүхийн төв архивд хадгалагдаж байна.
    Монголчууд Афганистаны Кабул хотын хойт талд залгаа бүхий тал хээрийг Араан хээр, Кабул голд цутгадаг горхинуудыг Эх горхи, Гүүн горхи, Афганистаны Херат хотыг Ирү, Аму-Дарьяа мөрнийг Амуй мөрөн, Кавказ дахь Осетийг Асуд, Черкесийг Сэркэс, Урал мөрнийг Жаяг, Башкирыг Бажигид гэж байсныг Монголын Нууц Товчоонд тэмдэглэжээ.
Енисей- Горлог, Лена мөрнийг- Зүлх, Амур- Хар мөрөн, Иртыш - Эрчис, Шилка голыг - Ингэдэй, Волга- Ижил, Тяньшань - Тэнгэр уул, Наушки - Уушиг толгой гэж монгол нэрээр нь бичье.
Хатан голд цутгадаг Удинхэ голын дээд урсгалыг Сухайн гол, Хятадын Нинся мужийн Иньцюань хотыг Яргай, Шаньси муж дахь Яньсуй хотыг Ендэгэ, мөн мужийн Юй-линь хотыг Тэмэгэтү хот, Фэншэнчжоу- Бор хот, Цзюй-Юнгуань - Цавчаал, Сюаньдэфу - Баянсүм хот гэдэг байсан зэрэг түүхэн сурвалжид гардаг монгол нэр цөөнгүй буюу.
   Академич Б.Ринчен “…Эджипт, Эжипт гэж англи францын нэрлэдэг бөгөөд орос хэлнээ Египет гэж уншин дуудсан нэртэй агаад монгол хэлтнээ тэр газар орны нэрийг арабаас Мисир гэж мянгаад жил авч нэрлэсээр Ойрх Дорно дахины олон улс, Кавказын Гүрж, Азарбайжаны зэрэг улсын адил нэрлэж байсан ардынхаа хэлбичгийн болон утга соёлын уламжлалт нэрээр нэрлэвэл Мисир гэвэл зохих…” хэмээн дуртгасан байдаг. Эртнээс Дорно, Өрнө дахинтай соёлын харьцаатай монголчууд Цейлоныг Арслан тив, Кашмирыг Хачи, Бирма /Мьянмар/-ыг Мянь улс гэсэн байдаг.
   Баргужин хэмээх /Монголын Нууц Товчоонд Баргужин төхөм нэрээр буй/ монгол нэрээ орос хэлтнийг даган Баргузин, Халимагийн нийслэлийг орос бичлэгээр нь Элиста /зүй нь Элстэй/ гэж бичих тохиолдол байна. Үүнчлэн Хос-Агч /Кош-Агач/, Эргүнэ /Аргунь/, Хиргис /Киргиз/, Галигадаа /Калькутта/, Бархөл /Баркуль/, Харкалпак /Каракалпак/, Харгомын цөл /Каракумын цөл/ зэрэг нэрийг монголоор нь буюу Гүрж /Грузия/, Эрхүү /Иркутск/ гэдгийн адил хэвшсэн монголжуу дуудлагаар нь бичвэл зохих юм. (М.Баярсайхан)

                                               Монголоороо хэлж бичье

   Шинжлэх ухаан, техникийн хөгжил, байгаль нийгмийн аливаа хувьсал өөрчлөгдлийг дагалдан шинэ шинэ ухагдахуун, тэдгээрийг тэмдэглэх үг хэллэг, нэр томьёо бий болж байдаг нь соёл иргэншлийн жам билээ. Бид эх хэлнийхээ нөөц чадамжийг бололцооны хэрээр уудлан тэдгээр үг хэллэг, нэр томьёонд дүйх монгол үг олж хэвшүүлэхийг хичээлтэй. Энэ нь тун хариуцлагатай, амаргүй хэрэг боловч, сэтгэл гарган хичээгээд байвал харь үг цөөрөх нь дамжиггүй.
   Гэтэл өнөө цагт тийнхүү эх хэлнийхээ үгийг хэвшүүлэхийг хичээх байтугай, нэгэнтээ тогтсон хэн бүхэн сайн мэдэх монгол үгээ байсаар атал харь үгийг хэрэглэсээр буй нь харамсалтай. Хамгийн олон тохиолддог ийм үгсээс тоочвол: гадил /банана/, жигнэмэг /печенье/, чанамал /варенье/, нөөш /консерв/, жимүүс /сок/, гахиур /цемент/, улаан лооль /томат, помидор/, амтат жүрж /мандарин/, бэрсүүт жүрж /апельсин/, хэм /градус/, бадай /комбинезон/, туншил /ампул/, цац /пирамид/, хэвлүүр /принтер/, явц /процесс/, чадамж /потенциал/, халаагуур /пар/, шүүгээ /шкаф/, нимбэг /лимон/, уралдаант шалгалт, элсэлтийн шалгалт /конкурс/, товхимол /брошюр/, цомог /альбом/, төхөөн /чердак/, зуслан /зуны лагерь/, анкет /байцаалга/, төмөрлөг /металл/, тавирь /гараж/, бүртгэл /регистр/, бие хамгаалагч, амь сахигч /бодигаад/, агаарын компани /авиа компани/, тогтолцоо /система/, загвар /мода/, дугаар /номер/, нэгдсэн эмнэлэг /клиник/, үнэмлэх /пропуск/, сонсголуур /сонсголын аппарат/, хөхөвч /лифчик/, иллэг /массаж/, сорилго /тест/, цочрол /шок/, төмөр шүүгээ /сейф/, мөрдөс /погоон/, өргүүр шат /лифт/, чансаа /рейтинг/, осол /аваар/, цахилгаан зуух /плитка/, дуулга /каска/, нарны халх /зонтик/, тэтгэвэр /пенсия/, гоо засал /косметика/, хөгжим /мюзик/, догол мөр /абзац/, зулбуулах /аборт/, аварга загас /акула/, эмийн сан /аптека/, ачаа, тээш /багаж/, ян /бактери/, нян, хоруус /вирус/, гулдан /балка/, тагт /балкон/, дайллага /банкет/, өрмөнцөр /вафли/…
   Эдгээр үгсийг нэг хоёрхон өдрийн хэвлэл нийтлэл, зар сурталчилгааны зүйлээс түүж бичлээ. Энэ мэтээр харь үгэнд шахагдсаар буй монгол үгийн жагсаалтыг үргэлжлүүлбэл, цөөнгүй хуудастай толь бичгийн дайтай болох биз ээ. Өнөө цагт сэтгүүлчид, их дээд сургуулийн багш нар, хөдөөгийн малчин өвгөн, лам хуврагаас аваад хаа сайгүй л “өшөө” /орос хэлний еще гэдэг үг/ гэж хэлж байна. Өөр, ондоо, өмнөө, бас, дахиад гэх мэтээр бэлхэн монгол үгсээс аль тохирохыг нь хэрэглэчихэд юу нь болохгүй байх билээ.
          Хүн хэлэхээс нааш санахгүй
          Цаас чичихээс нааш цоорохгүй гэдэг.
       Хүн бүхнээ мэдээжийн ийм үгсийг нуршин бичсэний учир нь эх хэлээ хиргүй цэвэр байлгах талаар бидэнд сэтгэл дутаад байна, энэ хэнэггүй байдлын хор уршиг нь их юм шүү гэдгийг сануулах гэсэн хэрэг билээ. Нийтээр үзэж сонсмогц даруй таньж мэдэх болсон монгол үгийнхээ орон зайг харь үгээр дүүргээд байвал хойч үе маань тэр гэж хэлэхийн тэмдэггүй хутгалдсан хэлтэн болж, улмаар эх хэлээ мөхөөхөд хүрүүзэй. Ядахдаа мэддэг үгсээ монголоор нь хэлж бичье! Хүүхэд дүү нараа ч сургая! (М.Баярсайхан)

                                                     Надад таалагдаж байна

    Хэлэх зорилго, үгийн өнгө аясыг үл авцалдуулан үгийн байвал зохих орныг эс олбол, адилтгаваас хувцсаа тохируулж өмсөөгүй мэт болох буюу. Аливаа хэлэнд хүндэтгэсэн буюу дээд, ерийн буюу дунд, доршоосон буюу доод түвшний найруулга гэж байдаг. Өнөө бидний өдөр тутмын хэл ярианд буруу хэлж бичиж буйгаа үл ухаарах болсон нийтлэг зуршил бишгүй байдгийн нэг нь “өөртөө үгийн томдсон малгай өмсгөсөн” “таалагдах” гэдэг үгийн хэрэглээ юм. Эх хэлний боловсрол, мэдрэмж дутуугийн харгаагаар эл хүндэтгэсэн үгийг ерийн үгийн адил хэрэглэсээр нэгэнтээ уджээ. Нягтлаад байтал, үндэсний бичиг, бичгийн хэлний уламжлалаасаа хөндийрөх болсон цаг үеэс энэ гажуудал нийтэд тархсан байна. Бодвол, оросжуу монгол найруулгатнаас “нравиться” гэдэг үгийн олон олон хэрэглээг цөм монголоор “таалагдах” болгон тагласаар ирснээс болсон мэт.
   Энэ үгийн үндэс нь дур хүсэл гэсэн утгат “таа” хэмээх үг бөгөөд энэ үгээс таатай, таагүй, тааваар, таашаах, таалал, таалах, тааламж, таарах гэх мэт олон үг үүсжээ. Эдгээрийн дотроос таалах, таалал, таалагдах гэсэн үгсийг монгол бичгийн хэлнээ тэнгэр бурхан хийгээд ихэс дээдсийн тухайд зөвхөн хүндэтгэлийн үгийн үүргээр хэрэглэж ирсэн уламжлалтай. Энэчлэн “таалал гажих” (дээдсийн дургүйлэх, үл болгоох), “таалалд нийлүүлэх” (дээдийн аяыг дагах), “таалал төгсөх” (хутагт хувилгаадын үхэх), “тогтоосон таалал” (дээрээс болгоон тогтоосон зүйл ) гэх мэт хэллэг буй. Иймд, “Надад таалагдаж байна” гэсэн өгүүлбэр нь “Би айлдъя”, “Би зооглоё”, “Миний мэлмий”, “Миний нас сүүдэр төдий зэрэгцлээ”, “Миний алдар тэр”, “Эрхэм хүндэт миний лагшин” гэх мэтээр өөрөө өөртөө хүндэтгэлийн үг хэрэглэсэнтэй чанар адил юм. Энэ бүхнийг өгүүлэхийн учир нь, найруулгынх нь үүргийг нягтлалгүй үгийг зохисгүй хэрэглэх өөр олон хандлага газар авч буйг сэрж анхаараасай гэсэн хэрэг билээ. Тухайлбал, хэлний мэргэжилтэн хүртэл өөрийнхөө намтарт “Миний бие тэр онд тэнд мэндэлсэн” гээд биччихсэн байсныг үүнийг бичигч мэдэх билээ.
   Академич Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын “Орос монгол толь”-д “нравиться” гэдгийг сэтгэлд зохих; сэтгэлд таарах; сэтгэлд таатай байх; аятайхан санагдах гэсэн олон хэлбэрээр монголчилсноос бус таалагдах гэж орчуулаагүй аж. Бид, хэн хүнгүй дор бүрнээ монгол хэлний аливаа санааг зөв нийцтэй илтгэх олон арга хэлбэр буйг таньж мэдэж, тэдгээрээс тухайн орчин нөхцөлд аль илүү оновчтойг тарыг нь тааруулан хэрэглэхийн тулд ямагт хянамгайлан хичээнгүйлэхгүй бол мэдэвч, эс мэдэвч эх хэлээ улам бүр эвдэх нь байна шүү. (М.Баярсайхан)

                                      Наранд дэрвэсэн туузтай зулзаган жаахан охин

   Сүүлийн үед монгол шүлгийн урлагт “дууны яруу найраг” хэмээх төрөл зүйл эрчимтэй хөгжиж, энэ чиглэлээр бүтээл туурвидаг уран бүтээлчдийн тоо эрс өсжээ. Мэдээжийн хэрэг, хэн бүхний бичих туурвих эрх нээлттэй боловч бичгийн хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, учирзүйн уялдаа холбоог нягтлах, дүрслэх яруу хэрэглүүрийг оновчтой хэрэглэх зэрэг хэдэн зүйлийг сайтар анхаарвал зохино. Залуусын сонсох дуртай хамтлагийн нэг дуунд
        Зуны өглөөний наранд улаан тууз нь дэрвэсэн
        Зулзаган жаахан охин сургуулийн босго алхсан...
гэж өгүүлдэг. Энэ дууг сонсоход хэмнэл аялгуу сайхан, хүний сонирхлыг татахуйц байж таарна. Харин дууны шүлгийг уншаад үзэхэд эргэлзэж гайхмаар, зохиогчоос нь тэрхүү сонин учралын талаар тодруулж асуумаар санагдана. Чухам учрыг товч тайлбарлая.
   Эхний мөрд “улаан тууз зуны өглөөний наранд дэрвэсэн” тухай өгүүлжээ. Хэн бүхний мэдээжээр тууз наранд бус салхинд дэрвэдэг баймаар юм. Аль эсвэл тэр өглөө маш онцгой нар мандсан бололтой. Хоёр дахь мөрд “охин” гэсэн үгийг “зулзаган жаахан” хэмээн тодотгосон байна. Монгол хэлний тайлбар толь бичигт зулзага гэдэг үгийг “1. зарим амьтны сая төрсөн төл; 2. сая ургасан жижигхэн бут мод” хэмээн тайлбарлажээ. Эцэг эх хүүхдээ “миний зулзага” хэмээн өхөөрддөг шүү дээ гэж уншигч та бодож магадгүй. Гэхдээ энэ дуунд эцэг эхийн үр хүүхдээ хайрлах хайрын тухай бус балчир ахуйдаа бие биетэйгээ учирсан залуусын хайрын тухай өгүүлж байгаа юм. Бас нэг сонирхолтой тохиолдол бол зуны өглөө балчир охин сургуулийн босгыг алхаж байх үед дурлагч этгээд олж хараад, чухам тэндээс нэгэн хайрын нандин түүх эхэлсэн бололтой. Зун цаг гэхээр сургууль соёлын газрын тухайд амралт л санаанд бууна. Тэгэхээр тэр охин зуны өглөө сургуулийн босгыг юуны учир алхав, залуу хүү түүнийг хэрхэн олж харав гээд ээдрээ эргэлзээтэй асуулт гарч ирнэ.
   Ийм ойлгомжгүй, учирзүйн уялдаа холбоогүй өгүүлэмж уг дууны шүлэгт гарсны учир юу вэ? Энэ бол зохиогчийн утга агуулгаа анхааралгүй, толгой сүүлээр холбох гэсэн хэлбэрийг хэт хөөснөөс гаргасан эндэл юм.
   Сүүлийн үед хүмүүсийн сэтгэлд хүрч байгаа нэгэн дуунд “гэргий зандан тэнгэрийн бүсгүй” хэмээн өгүүлж байх юм. “Тэнгэрийн бүсгүй” хэмээн бахдан шагширч болох ч “зандан бүсгүй”, “гэргий бүсгүй” гэдэг холбоо үг уншигч танд хэрхэн бууж байна вэ?
   Эцэст тэмдэглэхэд, аливаа уран яруу хэрэглүүр утга агуулгыг улам төгөлдөржүүлдэг боловч оноогүй тохиолдолд эсрэгээр эргүүлэх гэмтэйг эрхбиш анхаарууштай. Тухайн урлагийн урсгал чиглэлийн онцлогоос шалтгаалж үг хэллэг өвөрмөц, агуулга санаа хурц байж болох ч хэл найруулга, учирзүйн холбоо зөв байх ёстой. (Д.Заяабаатар)

                                  “Огоот” хэмээх үгийг хэрэглэж заншихад...

   Эх хэлний үгийн сан, ялангуяа бичгийн хэлээ цэвэр байлгах, бас баяжуулах хоёр эрхэм үүрэг монгол хүн бүрд байх ёстой. Харь хэлний элдэв үгийг яаран сандран авахын оронд олон зууны бичгийн шастирт байх үгийн уурхайгаа нээж, ганц нэгээр ч болов сэргээн хэрэглэх нь тал талын нь хэрэг тустай байна.
   Энэ удаа огоот хэмээх үгийн тухай өгүүлье. Уул нь монгол хэлний толь бичгүүдэд байж л байдаг. Одоогийн бүр, бүрмөсөн, нэгмөсөн, бүрэн, ерөөсөө гэх мэт үгийн оронд хэл найруулга, утгын уялдааг нь тааруулаад бичиж, хэрэглэж баймаар үг. Энэ үг аль XIII зуунаас саяхан хүртэл тогтвортой хэрэглэгдэж байсан унаган монгол үг бөгөөд эрт, эдүгээгийн бичиг шастирт баримт жишээ элбэг тохиолддог.
  “Монголын Нууц Товчоон”-ы 279-р зүйлд гарах Өгэдэй хааны зарлигт: “...Бас бид элчин уулгахад (довтолгож илгээхэд) улс бидүүлэн (хэсүүлэн) уулгамуй. Уулган элчийн бээр явдал удаан буй. Эдүгээ бид огоот оршуулан (бүрмөсөн бүрэн байгуулан) мянгат мянгатаас замчин (өртөөчин) улаачин гаргаж, суурин зам (өртөө) тавьж...” гэх мэтээр бичсэн буй. Мөн “Монголын Нууц Товчоон”-д огоо хэмээсэн хэлбэрээр ч буй. Уг үгийн язгуур нь эрс, тас, бүр хэмээсэн утгатай. “ог+т”-той холбогдоно. Огоо хэмээх дээр орон цагийн нэр үүсгэх -т(-д) дагавар залгаж бүтсэн хэлбэр нь огоот болно. Адилтгаваас, “ямаг+т”, “хэзээ+д”, “маш+д”, “үүр+д”, “нас+д” гэх мэт буй. Огоот хэмээх үгийн утгыг тодлохын үүднээс цөөн жишээ татъя.
   XIII, XIV зууны үеэс монгол бичгээр өнөө бидэнд уламжлан үлдсэн цөөн хэдэн дурсгалын дотор “Ил хаадын бичгүүд” хэмээн алдаршсан таван албан бичиг их алдартай. Тэдгээрийн нэг нь Ил хаан Хасанаас 1302 онд Ромын Пап лам VIII Бонифасад илгээсэн албан бичиг бөгөөд өдгөө Ватиканы архивд хадгалагдаж буй. Уг албан бичигт:
    “...Гасан үг ману
     Пап урьд бээр (ч) Бисхарунаар чиний илгээсэн дуртгал (санал) сайн үгс бичиг бидэнд хүрэв
   Хариуг нь бээр(ч) Хөхэдэй хүргэн, Бисхарун, Түмэн гурваар зарлиг илгээлээ. Эдүгээ бээр(ч) бөгөөс мөнхүү ёсоор туурвиж амуй. (Одоо ч гэсэн урьд хэлэлцсэн ёсоор шийдэж буй) Та (та нар) бээр(ч) цэргүүдээ засаж, иргэн иргэний (улс, улсын) Султадад (хаадад) илгээж болзол үл хождож, тэнгэрийг залбирч их үйлийг огоот нэг зүг болгоё хэмээж эд (эдгээр) Сададин, Шинадин, Самсадинийг илгээвэй...” гэх мэтээр бичсэн байдаг. Энд өгүүлсэн ... их үйлийг огоот нэг зүг болгоё... хэмээсэн нь Христосын шашинтан улсуудтай хүч хавсарч Египетийг байлдан дагуулах гэсэн урьдын хэлэлцээрийг даруй бүрэн шийдэж төгсгөе хэмээсэн үг болно.
   XVIII зууны алдартай түүхэн сурвалж Саган Сэцэний “Эрдэнийн товч”-д “...Тэр Мандуулун хааны...Их Хамарт жүнхэнээс (гол хатнаас) огоот үр үгүй...” хэмээсэн нь тэр хатнаас ерөөс үр хүүхэд гараагүй хэмээхийг өгүүлжээ. Мөн сурвалжид “...Чадагчийн (Бурхан багшийн) шашны тугийг огоот байгуулан, ялангуяа Зонхава Сумадигиртигийн (Лувсандагвын) шашнаар хотол зүгүүдийг өдөр болгогч (нарны ёгт нэр) мэт гийгүүлэв...” хэмээжээ. Энд ... шашны тугийг огоот байгуулан... хэмээснийг шашин номыг бүрэн төгс байгуулан хэмээн өдгөөчилж болно.
   Энэ мэт жишээ олон байх бөгөөд “Хорин наймт” тайлбар толийг нээж үзье. Түүнд, “огоо – маш хэмээх үгэнд адил, огоо сайн, огоо муу хэмээх зэргээр хэрэглэмүй. Огоот, огоот хэмээх цөм нэгэн адил утга, газар газрын заншлаар хэлмүй. Огоот – огоот төгссөн хэмээх буюу огоот бүрдсэн хэмээх мэт болой” хэмээн тайлбарлажээ. Энэхүү тайлбарыг өмнөх эш жишээтэй харгуулан үзэх буй за.
   Төгсгөлд, “Нэгэн үсгийн эрдэм хэмээх сургаал”-аас эшилье. “...Хоёр хүлээхийг тэвч хэмээсэн үг нь, эд юмс элбэг болохыг хүлээж өглөг буян үйлдмүй хэмээвээс, өглөг өгөх цаг огоот үгүй болой. Энэ бие чөлөөтэй болохыг хүлээж эрдэм чадал суръя хэмээвээс, эрдэм чадал сурах цаг огоот үгүй болой...” (Ш.Чоймаа)

                                  Ойд төөрсөн бич үү, ойд төрсөн бич үү?

   Монголчууд “ургаа мэдвэл хүн, усаа мэдвэл мал”, “биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” хэмээн сургадаг. Энэхүү сургаал үгийн утга санаатай шууд холбогдох, аливаа үндэстэн өөрийн уг язгуураа умартан гээхийн уршиг хорыг сэрэмжлэн сануулсан нэгэн хэллэгийг сүүлийн үеийн ном зохиолд эш татахдаа “ер хүн өөрийн уг язгуураа умартваас ойд төөрсөн бич адил (ойд дүүрсэн бич)” гэж ташаарсаар байна.
   17-р зууны монголын түүхийн сурвалж бичиг “Шар тууж”-д “Далай ламын номлосон Залуусын хурим хэмээх түүхэнд ер хүн өөрийн уг язгуураа эс мэдвээс ойд төрсөн сармагчинд адил. Өөрийн овгоо эс мэдвээс оюугаар гийсэн лууд адил. Эцэг өвгөсийн ийм тийм хэмээх бичгүүдийг эс үзвээс мон хүүхний завхаж гээсэнд адил хэмээсэн буюу”, “Асрагч нэртийн түүх”-д “Далай ламын зохиосон Зогдан дэвтэрт дам үлгэр татсан нь Лан сэрү ботиос “Ер төрсөн хүн өөрийн уг язгуурыг эс мэдвээс ой доторх бичинд адил. Хүн өөрийн овгоо эс мэдвээс засдаг (=хуурмаг) оюу лууд адил. Эцэг өвгөсийн ийм тийм хэмээх бичгийг үүр эс мэдвээс мон хүүхний завхаж гээсэнд адил хэмээсэн хийгээд төрсөн хүнд алдарших үг хэрэг, үйлдсэн номд бүтээсэн хязгаар хэрэг, их хүнд өндөр бэлгэ (=шинж тэмдэг) хэрэг хэмээсэн буюу” гэсэн буй.
   Өмнө эш татсан хэсэгт гарч буй “хүүхэн” нь “хүүхэд” хэмээсэн утгатай бүлгээ. Эртний монгол хэлэнд “хүүхэн” гэсэн хэлбэр ганц тоог, “хүүхэд” гэвэл олон тоог зааж байжээ. Түүхэн сурвалжид цөөнгүй таардаг “Мон хүүхний завхаж гээсэнд адил” хэмээх хэллэгийг судлаачид төдийлөн тодлолгүй өнгөрсөн байдаг. Мон гэдэг нь эртний Балба, Төвөдийн завсарт оршиж байсан нэгэн ястны нэр юм. Мон-гийн хүүхдүүд өвөг дээдсийнхээ газар орныг сүйтгэж, удам угсаагаа умартсанаас үүдэж, энэхүү зүйрлэсэн хэллэг гарчээ. “Үндэс угсаагаа мартан гээсэн Мон-гийн хүүхдүүд адил” хэмээсэн утга болно.
   Уг сургаалын эх сурвалж Лан Сэрү хэмээх төвөдийн түүх бичгийг үндэс болговол, “ойд төрсөн бич (сармагчин), ой доторх бич” гэж буулгах нь зөв юм. Учирзүйн үүднээс үзсэн ч “бич ойд төөрнө, дүүрнэ” гэдэг ойлгомжгүй зүйл билээ.
   “Ер хүн өөрийн уг язгуураа умартваас ойд төрсөн бич адил”. (Д.Заяабаатар)

                                             Орчлон хэмээх үгийн тухай
   Монголчуудын ертөнцийг үзэх уламжлалт үзэлд зүйл зүйлийн амьтныг агуулж буй газар дэлхий, тэнгэр огторгуй, түүний бүрдэл бүхнийг “савын ертөнц” хэмээх бөгөөд тэрхүү савын ертөнцөд шүтэн оршигч амьтны төрлийг “шимийн ертөнц” хэмээдэг.
   Энд өгүүлж буй “Орчлон” хэмээх үг нь “шимийн ертөнц” буюу “шимийн амьтан”-тай холбоотой үг ухагдахуун юм. Бурханы сургаал номлол ёсоор шимийн амьтан нь “тэнгэр, асури, хүн, адгуус, бирид, там” хэмээсэн зургаан зүйл буй. Үйлийн үрээр, энэ зургаан төрөлд дахин дахин төрж, зовлонгийн шалтгаанаас ангижирч чадалгүй, нисваанисын эрхэнд автаж, эцэс төгсгөлгүй эргэлдэх төрх байдлыг “орчлон” хэмээдэг. Судар номд “орчлонгоос гэтлэх” хэмээсэн тогтсон үг хэллэг буй. Энэ нь орчиж эргэлдэх зовлонт төрлийг хэзээ ч үл аван, төгс амгалангийн оронд ажрахыг өгүүлж байгаа юм. Монгол бичгийн эртний дурсгалын нэгэн “Махагалын магтаал”-д
         “... Хутагтай чиний эрдмийг
         Холбон магтсан буянаар
         Хотол амьтан тонилж
         Хоосон болтугай, энэ орчихуй” хэмээжээ.
        Хотол амьтан орчлонгоос гэтэлчихвэл, “орчихуй” хэмээх үгүй болох нь магад буй за. Гэвч орчлонгийн үйл, нисваанис барагдахгүй юм даа. Барагдахгүйн шалтгааныг Турфанаас олдсон нэгэн дурсгалд “... таалж (дурлаж) үйлдсэн нүгэл хилэнц, тасралгүй орчихын шалтгаан буй” хэмээжээ.
   “Орчлон” хэмээх үгийг санскрит хэлээр “самсара” (сансар), төвд хэлээр “хорвоо” хэмээдэг. Энэ хоёр үг санскрит, төвд хэлэндээ мөн л “эргэлдэх, орчих” хэмээсэн утгатай ажээ. Монгол хэлэнд орсон харь үгийг онож тохирсон монгол үгтэй нь хоршин хэлдэг зүй тогтлоор “орчлон хорвоо”, “сансар орчлон” гэх мэтээр хэлж бичдэг. Харин 1960-аад оны үес хүн анх огторгуйд нисэхэд, “космос” хэмээх үгийг “сансар” хэмээн оноочихсон нь өнөө буруу хэвшчихжээ.
   “Орчлон” хэмээх үгийн язгуур нь “орч-” (орчих) бөгөөд эртнээс эдүгээ хүртэл идэвхтэй хэрэглэгдэж байгаа монгол үг болно. “Монголын Нууц Товчоон” тэргүүтэй сонгодог монгол бичгийн өмнөх үе болоод сонгодог монгол бичгийн хэлний дурсгалд энэ үг түгээмэл тохиолддог бөгөөд утга нь “тойрох, эргэх”-тэй ойролцоо боловч нарийн ялгамж ажиглагддаг. “Тойрох” хэмээвээс “хүрээлэх”-тэй адил утгатай агаад үргэлжийн хөдөлгөөнд орших эсэх нь тод бус юм. Харин “орчих” хэмээвээс орон зай, цаг хугацааны дотор үл тасрах хөдөлгөөнд оршихыг тухайлан заадаг. Үүнийг лавшруулан ухахын тулд “Хорин наймт тайлбар толь”-д үзвээс, “Байгаль ертөнцийн орон цаг ба хамаг юм нь таван махбодын чанар хийгээд шүтэн барилдсан арван хоёр гишүүний эрхээр болж, агшин зуур урван хөрвөн хорогдон эвдэрсээр боловч орд (оронд) ор дараалан бүтэж ирэхүй нь эргэн тойрон улирч (хувьсаж), үүрд мохох зогсохын эцэсгүйн тулд тийнхүү орчлон хэмээмүй” хэмээн бичсэнийг эргэцүүлбээс тодорхой болох буй заа.
“Орчлон” хэмээх үгийн бүтцийг авч үзвэл, “орч+лон” болно. Монгол хэлэнд, үйл үгийн үндсэнд “-лан4” дагавар залгаж, тухайн үйлийн үр дүнд буй болсон юм, үйлийн явц, тухайн үйлийн болох орон зэргийг заасан нэр үг үүсдэг.
   Жишээ нь: жарга+лан, хүс+лэн, зов+лон, зус+лан гэх мэт. Ийн үзвэл, байнга орчиж эргэлдэх үйлийн үр дүн ч орчлон, орчихуй үйл үйлдэгдэх орон ч орчлон ажээ. Нэгэн зүйлийг тэмдэглэхэд, орчлон хэмээх үгийг дэлхий, ертөнц хэмээх үгтэй ойролцоо утгатай мэтээр ухаарах нь буруу болно. Төгсгөлд V Жавзандамба хутагтын зохиосон “Орчлонгийн сав шимийн дуулал”-аас эш татъя.
          Эвдэрч үл дуусах сав ертөнц
          Энэлж үл дуусах шимийн амьтан
          Эргэж үл дуусах гаслант орчлон
          Эндүүрч үл дуусах мунхаг сэтгэл ээ. (Ш.Чоймаа)

                                               Сонин хачин юу байна?
   Захидал бичиг, энгийн харилцаанд өргөн хэрэглэдэг энэ мэндийн үгийг мэдэхгүй хүн үгүй. Эл үг сониучирхсан санааг илтгэдэг бол “Сонин сайхан юу байна?” гэсэн мэндийн үг сайны бэлгэдлийг давхар агуулжээ. Харин хар ярианд товчлоод “Юу байна?” гэлцэх болсныг нийтийн хэлний боловсролын төлөө санаа тавигчид нэг бус удаа дуртган шүүмжилсэн билээ. Үнэхээр, товч хэлэх шаардлагатай байгаа бол үгүйдээ “Сонин сайхан?” гээд асуух аялгаар хэлчихвэл хавьгүй дээр биз ээ. Гэвч, энэ удаа шүүн хэлэлцүүлэх бус, харин уншигч нартаа “сонин хачин” хэмээх хоршоо үгийн түүхээс товч сонордуулахыг зорилоо.
   Эдүгээгээс хоёр гурван зуун жилийн тэртээ монгол хэлэнд ийм хоршоо үг байсан гэх баримт үгүй. Угтаа “хачин” хэмээх нь манж хэлний үг юм. 18-19 дүгээр зууны үеийн манж, монгол захидал бичгийн уламжлалд захидлын төгсгөл хэсэгт манжаар “гува сонин хачин аку”, монголчилбол “өөр сонин зүйлгүй” хэмээх тогтсон үгийг хэрэглэж байжээ. Одоо ч манайхан захидалдаа тэрчлэн бичсэн хэвээр. Манж хэлний “сонин хачин” буюу монголоор “сонин зүйл” гэсэн холбоо үгийг Өвөрлөгчдөөс эхлэн уг хэвээр нь хэрэглэх болж, улмаар монгол ярианы хэлэнд нэгэн шинэ ойролцоо хоршоо үг бий болоход хүргэжээ. Үүнд сонин, хачин хэмээх хоёр үгийн үеийн бүтэц, үгийн төгсгөлийн ижил нийтлэг байдал түлхэц болсон байна. Ерөөс догол мөр, өгүүлбэр, хоршоо, холбоо үгийг харилцан тэгш хэмнэлтэй, эн зэрэгцүүлж хэлдэг нь монгол хэлний найруулгын нэгэн онцлог юм. Монгол хэлэнд үгийг давтах юм уу, дуурайн хоршихоос гадна нэг бол эсрэг утгат, нэг бол ойролцоо утгат үгийг хоршин хэлдэг. “Сонин хачин” гэдэг холбоо үг нь үе, авианы бүтцийн ойр төсийн улмаас аажмаар монгол хоршоо үг мэт хэвшихдээ “хачин” хэмээх манж үгийг “ер бус, этгээд, өвөрмөц” гэдэг утгаар сэтгэх монгол үг болгон хувиргажээ. Түүгээр үл барам, шинэ монгол үг маань “сонин” хэмээх хэлбэр утга ойролцоо үгийнхээ адилтгалаар үг бүтээх ба үг хувилгах үндэс болон хэрэглэгдэх болов. Тухайлбал, сонирхолтой - хачирхалтай, сонирхох - хачирхах гэх мэт. Монгол хэлний “сонин” гэдэг үг нь сонь, содон, сонор, соохолзох, сортойх зэрэг үгтэй үндэс язгуур нэгтэй, гарцаагүй монгол үг болох нь тодорхой. Гэтэл “хачин” гэдэгтэй гарал нэгсэх оор монгол үг үл олдохоос гадна, “Монголын нууц товчоо”, “Хураангуй Алтан товч”, “Эрдэнийн товч”, “Чакраварти Алтан хааны тууж” болон бусад 18 дугаар зуунаас урагших монгол хэлний дурсгалуудад энэ үг тохиолдохгүй байна.
   Үзэх тусам үгийн түүх, утгад “сонин хачин” цөөнгүй ажгуу. (М.Баярсайхан)

                                            Тайлан хэмээх үгийн түүхээс
   Тайлан тооцоо, тайлан илтгэл, тайлан тоглолт, ажлын тайлан, санхүүгийн тайлан, тайлан бодох, тайлан хамгаалах, тайлан гаргах, тайлангаа тавих, тайлангийн хурал гэх мэтээр орчин цагийн идэвхтэй хэрэглэдэг нэр томьёоны нэг нь “тайлан” хэмээх үг билээ. Дурдан буй нэр томьёо чухам хэдий үеэс монгол хэлэнд бий болж, утга үүрэг нь хэрхэн өөрчлөгдөж ирснийг товч сонордуулъя.
   Энэ нь угтаа “тайлах” гэдэг үйл үгэнд нөхцөлдүүлэн холбох “-н” нөхцөл залгасан хэлбэр бөгөөд үзэн, харан, яван, ирэн, бодон, санан гэсэн шиг үйл үг атал нэр үгийн үүргээр хэрэглэгдэх болсон байна. Галиглавал, монгол бичгээр “тайилун”(tayilun) гэж бичнэ.
   Толь бичгээс шүүвэл, тайлах гэдэг үг 1. Задлах, алдруулах (учиг тайлах, өмсгөл тайлах гэх мэт); 2. Сэтгэл санааны хүлээсийг арилгах, амарлиулах (гомдол тайлах, уй гашуу тайлах гэх мэт); 3. Хор гэмийг арилгах (шар тайлах гэх мэт); 4. Тайлбарлах ( утга тайлах, нууц тайлах гэх мэт) гэсэн хэд хэдэн утгатай аж. Сурвалж бичгүүдэд бичвэрийн агуулгаас хамаараад сүүлийн буюу үг, утгыг тайлах гэсэн утгаар голдуу хэрэглэсэн байдаг.
   Манжийн үед Чин улсын засгаас албадан байгуулсан хааны төмөр сүрэг, албаны малыг хошуу сумын албат нарт, тамгатай хутагт нар сүргээ шавь нартаа хадгалуулан маллуулж, жилийн хугацаанд хэдий хэмжээгээр үржих болон хорогдохыг нь жишиг тоо тогтоон журамлаж байв. Тухайлбал, Тэнгэрийн Тэтгэсэн хааны үед эрхбиш байж болох малын алдагдал хорогдлыг нэг жилд 10 тэмээнээс 2, 10 адуунаас 3, 10 үхрээс 4, 10 хониноос 4 байхаар тогтоож байсан аж. Тогтмол хугацаанд тэдгээр мал сүргийг тоолон бүртгэж, тогтоосон тоо ёсоор малын хорогдлыг тайлж (өр ширгүй гэж үзэн), түүнээс илүү хорогдсоныг нь төлүүлдэг байжээ. Ийнхүү тогтоосон хэмжээнд мал хорогдсон эсэхийг бүртгэн тоолохыг “тайлан бодох” гэдэг байв.
   Анх “тайлан бодох” гэсэн үйлийн холбоо үг байснаа нэгд, тэрхүү тайлан бодож буй зүйлээ нэрлэх шаардлага; хоёрт, ярианы хэлэн дэх хурааж товчлон хэлдэг онцлог ( эдүгээ хар ярианд “нягтлан бодох”-ыг “нягтлан”, “үзүүлэн таниулах”-ыг “үзүүлэн” гэлцдэгийн адил) зэргээс шалтгаалан “тайлан” хэмээх үгийг нэршүүлэн хэрэглэж заншжээ. Хувьсгалын эхэн үеэс энэ үгийг англиар account, ledger, report, record, statement, оросоор отчёт гэдэгтэй дүйх өргөн хэрэглээний нэр томьёо болгожээ. Улмаар “шан - шагнах, эн - эгнэх, зан - загнах, хилэн - хилэгнэх” гэх мэтээр нэр үгээс үйл үг бүтээдэг загвараар “-на” дагавар залган “тайлан – тайлагнах” гэсэн шинэ үг бүтээсэн байна. Үг бүр өөрийн түүхтэй, өөрийн настай, түүгээрээ үе үеийн нийгмийн амьдралын тусгал болж байх ажгуу. (М.Баярсайхан)

                                              Тутарга үзээгүй хүн олон гэж үү?
   Ярианы хэлэнд тухайн харилцагч этгээд л ойлгож байвал сонсогч ба хэлэгчийн нас хүйс, мэдлэг соёл, харилцаж буй агшин, нөхцөл байдлаас хамаараад цэгцтэй ба цэгцгүй олон янзаар санаагаа илэрхийлэх явдал бишгүй гардаг. Ийнхүү бодож боловсруулалгүй хэлэлцэхийг хар ярианы хэл гэдэг. Гэхдээ л хэл яриа аль болох зөв цэгцтэй, үгийн баялагтай бөгөөд оновчтой, нуршуу бус байх шаардлагатай.
   Манайхны олонх нь үгийн баялаг муу, зарим эд өлөг, юм үзэгдлийг заасан монгол үгийг мэдэхгүйдээ тайлбар маягаар санаагаа илэрхийлэх нь улам бүр газар авсаар байна.
  Ярианы хэлэн дэх тийм тайлбар холбоо үгийг улмаар үгийн сангийн нэгж болгон бичгийн хэлэнд нэвтрүүлснээс чухам монгол үг нь хэрэглээнээс гарч мартагдах боллоо. Зарим нэгэн жишээг дурдъя. Бичиг номоос хөндий, гэрийн ажилтай авгайчуулаас аваад нэг хэсэг нь цаад үгийг нь мэдэхгүйдээ хэдэн зүйл будааг гадна өнгө дүрсээр нь ялган цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа хэмээн өөрсдийнхөөрөө хэлж түүнийг нь хүүхэд, ач гуч нар нь мөн тийм л нэртэй юм байна гэж ухаарсаар хэдэн үе болж, барааны нэр шошгоос аваад юм юман дээр өнөөх тайлбарлаж хэлдгийг нь тавих болов. Оюутнуудаас асуухад тутарга гээч юмыг идэж үзээгүй, хараагүй гэж хариулах нь цөөнгүй байна. Хэрвээ сонин хэвлэлд тутарга /цагаан будаа/, хоног амуу /шар будаа/, сагаг /гурвалжин будаа/ гэсэн нэрээр нь тогтмол бичиж байсан бол олонхоороо ингэж үл мэдэгчин болохгүй байсан биз ээ. Ярианы хэлний үгсийг тэр бүр бичгийн хэлэнд нэвтрүүлээд байдаггүй. Нэг дэх өдөр, хоёр дахь өдөр, хагас сайн /өдөр/, бүтэн сайн /өдөр/ гэх мэтчилэн тайлбар маягаар хэлдгийг сонин хэвлэлд бичдэггүй шүү дээ.
   Эдүгээ чухам үгийг нь үл хэрэглэн тайлбараар голдуу санаагаа илэрхийлж буй жишээг дурдвал, сондор гэхийг хүзүүний зүүлт, барагшин - замын хар, батарга- гахайн хоол, сараана - төмсний улаан, дагалай - эрээн тахь, нар тэмээ - нэг бөхтэй тэмээ, гулд - зам дагуу чигээрээ, аадар - дуу цахилгаантай ширүүн бороо, борог мах - өөхгүй мах, буйдуур - хогийн шүүр, аньсага - нүдний зовхи, бэлэнги - аяны хуурай хүнс, зуд - цаг агаарын түр зуурын бэрхшээл гэх мэт олон үгийн жагсаалт гарах буй.
   Ялангуяа хүний эшийн нэр /хүр дүү гэхийг эхнэрийн эрэгтэй дүү г.м./, тооны нэр /түм - арван мянга г.м./, амьтны үр төл, эрэгчин эмэгчин, нас зүсээр ялгасан нэрс болон амьтны дуу чимээ гаргахыг заасан /зогой, хувилгана - могойн зулзага, шийхнах - могойн исгэрэх, атуу - эм загас, атуух - эр загас г.м./ үгсийг бараг хэрэглэхээ байж, тайлбар холбоо үгээр хэлэлцэх болжээ. (М.Баярсайхан)

                                                           Тэргүүр
   Үндэсний соёлын монгол үг хэмээх их сангаас өдөр бүр өөрт хэрэгтэй нэгийг ч атугай олж авах сан гэсэн халуун сэтгэлтэнд тус нэмэр болуужин гэж санахын хамт, цаад нэрлэсэн юм нь байсаар атал, нийтээр төдий л хэрэглэхээ байгаад мартах шахаж буй, эдүгээ зөв сэргээн хэрэглэвэл зохих үгийн нэг нь хэмээн энэ удаа “тэргүүр” гэдэг үгийн тухай дурдъя.
   Монгол хэлнээ аливаа ирэх одох үйлийг хөтлөх зурвас газрыг нэрийдсэн “зам, жим, зөрөг, царга, мөр, харгуй” гэх мэт цөөнгүй үг буй. Гэвч, бид хэргийг нь гаргаж, тэр бүрийг ялган нэрлэхгүй, ихэвчлэн “зам” гэсэн ерөнхий үгийг хэлж бичсээр хүүхэд дүү нар маань заримынх нь учрыг мэдэх мэдэхгүйн хооронд болжээ. Амьтны явдаг нарийн цуваа замыг жим, балархай нарийн замыг зөрөг, цасанд гарсан жим ба мөрийг царга, цагаан өргөн дардан замыг харгуй гэнэ. Мөн “мөр” хэмээх үгийг “зам” гэсэн утгаар шилжүүлэн хэрэглэх нь бий.
   Тэгвэл харгуйгаас иххэн өргөн замыг тэргүүр (монгол бичгээр тэргэгүр) гэдэг. Дагуур зэрэг зарим монгол хэлтэн тэргүүл гэж дуудна. Тэргүүр хэмээх үг “Монголын Нууц Товчоон”-д хоёр удаа тохиолдож буйгаас үзвэл, энэ үгийг монголчууд наад зах нь 12-13 дугаар зууны үеэс хэрэглэж иржээ. Тухайлбал, тус сурвалжийн 124 дүгээр зүйлд Чингис хааны гэр тэргийг тэгшлэн засах хэргийг хамаарсан Бэсүдийн Хүчүгүр бээр
        “Цуургат тэрэгний
         Цүү инү бүү цүүдүүлсү
         Тэнхлэгт тэргийг
         Тэргүүр дээр бүү тээглүүлсү” хэмээн өгүүлсэн байдаг.
        Тэргүүр хэмээх үг “тэрэг” гэдэг үгээс үүсэлтэй. Тэрэг хөлж хөсөглөхийг тэргэрэх гэнэ. Анх шар үхэр хөлсөн /хөллөсөн гэх нь буруу/ их гэр тэрэг зэргийн зорчих замыг “тэргүүр” гэдэг байв. Улмаар тэрэг явах зам гэсэн утга нь бүдгэрч, ер иххэн дардан замыг хэлэх болжээ. “Хорин наймтын тайлбар толь”-д “зээл гудамжийг нэвтрэх их зам”, Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “олны зорчих их зам” гэх мэтээр монгол хэлний тайлбар толь бичгүүдэд тэрхүү хожмын утгаар нь тайлсан байна. Өнөө бид оросоор “магистраль”, англиар “highway” хэмээхийг “гол зам” хэмээн монголчилж байна. Үүний оронд утга нь яв цав дүйх “тэргүүр” гэдэг үгээ хэрэглэх юм биш үү. “Авто магистраль”-ийг автын гол зам юм уу, авто төв зам гэснээс авто тэргүүр гэвэл илүү нийцэж байна.
   Түүнчлэн сонгодог монгол бичгийн хэлнээ хүндэтгэлийн өнгө аяс оруулан их үйл хэргийн зам мөрийг “тэргүүр”, номын мөрд хөтлөн чиглүүлэгчийг “тэргүүртэн” хэмээн бичиж байв. Жишээлбэл, хуучны судрын хуудаснаа хутагт хувилгаан хүн Бурханы шашныг нэгэн үзүүрт сэтгэлээр дэлгэрүүлэн олны мунхгийн харанхуйг боловсруулж, зовлонгоос гэтлэх зам мөрийг нь зааж өгөхийг “төгс буяны тэргүүрт тэгшээр хүргэх” хэмээн товч оновчтой найруулан бичжээ. Мөн “Мэргэд гарахын орон” нэрт толь бичигт нэгэн аймаг дотоод тогтсон таалалтан /үзэлтэн/-ыг “сайн тэргүүртэн” хэмээн монголчилсон байдаг. Ийнхүү хүндэтгэлийн утгаар адилтгасан нь ч гэсэн мөнхүү хэзээд үл хоцрогдох тун зохистой хэрэглээ гэдгийг хэлэх юун. (М.Баярсайхан)

                                              Үл, эс хэмээх үгсийн ялгаа
   Монгол хэлэнд үгүйсгэсэн утга бүхий үл, эс гэсэн хоёр сул үг байдаг. Эдгээр сул үг нь цагаар төгсгөх нөхцөл, зарим холбох нөхцөлтэй үйл үгийн өмнө орно. Монгол бичгийн хэлний бүхий л үеийн дурсгал, ардын аман зохиол зэргээс үзэхэд “үл” хэмээх сул үгийг одоо ба ирээдүй цагийн утгат нөхцөлтэй үгийн өмнө, “эс” хэмээх сул үгийг өнгөрсөн цагт буй үйл үгийн өмнө тус тус заагтай хэрэглэсээр иржээ.
   Сүүлийн үед тэрхүү утга үүргийн ялгааг нь мэдэхгүйгээс хольж хутган хэрэглэх нь улам нэмэгдэх төлөвтэй боллоо. Тухайлбал, “эс тусах үйл үг, үйл үгийн эс тухайлах хэлбэр” гэх мэтийн буруу нэр томьёоноос аваад нэр томьёо бус олон жишээг дурдаж болох юм. Иймд, эдгээр сул үгсийг чухам ямар ямар нөхцөлтэй үгийн өмнө хэрэглэж болдгийг сонгодог монгол бичгийн хэлний баримтуудаас нягтлан бүртгэсний дагуу “үзэх” гэдэг үгээр жишээлэн үзүүлье. Үүнд, үл үзэх, үл үзэхүй, үл үзэхүүн, үл үзэн, үл үзмүй, үл үзнэ, үл үзмүү, үл үзюү, үл үзэм, үл үзэгчин, эс үзлээ (асуух хэлбэр нь эс үзэл үү?), эс үзэв, эс үзвэй, эс үзсэн, эс үзвээс, эс үзэж, эс үзсээр, эс үзжээ (асуух хэлбэр нь эс үзэж үү?), эс үзээд, эс үзвээс, эс үзвэл, эс үзэхүл, эс үзэвч хэмээн бичдэг байна. Мөн “эс бөгөөс” хэмээх хэл зүйн хэллэгт орох нь бий. “Үл” хэмээх сул үгийн байх газар “эс”-ийг, “эс” хэмээх сул үгийн байх газар “үл”-ийг бичиж болохгүй.
   Дээр дурдсанаас бусад нөхцөлтэй үгийн өмнө “үл, эс”-ийн аль аль нь тохиолдохгүй, харин заримынх нь араас нь “-гүй” нөхцөл залган үгүйсгэх утгыг илтгэдэг. Тухайлбал, “үл үзэгддэг” юм уу, эсвэл “эс үзэгддэг” гэж бичдэггүй, харин “үзэгддэггүй” гэж хэлж бичих учиртай байнам. “Үл мэдэг” гэсэн тогтсон хэллэгийг эс тооцвол, захирах хүсэх төлөвт буй үгсийн өмнө “бүү, битгий” гэсэн хориглох сул үг орохоос бус, үгүйсгэх сул үг ордоггүй ажээ.
  “Үл, эс” сул үгийг их төлөв бичгийн хэлний найруулгад хэрэглэж байхад, ярианы хэлэнд “-гүй” хэлбэрийг илүүтэй хэрэглэдэг байна. Жишээлбэл, цахар гэвш Лувсанчүлтимийн “Субашид”-ын орчуулгад
    “Ер далайнууд усаар үл ханах…
Их ухаантан мэргэд эрдмээр үл ханах” гэж бичсэн байхад, энэ үг ардын цэцэн үгэнд
   “Далай усаар ханадаггүй
    Мэргэд номоор ханадаггүй” гэдэг хэлбэртэй болжээ.
   Гэхдээ энэ нь бичгийн найруулга бүхэнд “үл, эс”-ийг хэрэглээд бай гэсэн үг хараахан бус. “Үл, эс” хийгээд “-гүй” нөхцөлийн байвал зохих байрыг нь олж, зөв найруулах хэрэгтэй юм. (М.Баярсайхан)

                                                 Цагийг нөхцөөх бус нөгчөөдөг
    Хоёр өөр утга, хэлбэр бүхий “нөгчих”, “нөхцөх” гэсэн үгийг сольж будилан бичиж буйг хэлний мэргэжилтнүүд урьд хэдэнтээ сануулан дурдаж байсан билээ. Эл үгс хэлэх сонстохын хувьд ойр төстэй боловч, бүтэц агуулга нь өмнөө тул монгол ба оросжин бичгийн зөв бичих дүрмээр ялгаж ирсэн нь зүй. Гэвч тэр зүйг мэдэх мэдэхгүй будилсаар байх тул энд дахин өгүүлсү.
   Толь бичгүүд дэх тайлбарыг нягталбал, “нөхцөх” гэдэг нь 1. аливаа хүчин зүйл бүрэлдэж харилцан шүтэлцэх (энэ утгаар нөхцөл байдал, үгийн нөхцөл зэргийн нөхцөл хэмээх нэр үг үүсжээ); 2. анд нөхөр бололцох, дагаж хавсрах (энэ утгаарх хэрэглээ хуучирсан ); 3. төв бусаар янаг амраг бололцох (явалдах гэдэгтэй ойролцоо); 4. тохиох, зууралдах (дон нөхцөх гэх мэт); 5. хүний биед ад чөтгөр орших (чөтгөр нөхцөх) гэсэн хэдэн утгатай байна. Нөхөх, нөхцөл, нөхөр, нөхөөс, нөхвөр гэх мэтийн үгс энэхүү нөхцөх гэдэгтэй үндэс язгуур нэг юм.
   “Нөгчих” гэдэг нь 1. цагийн өнгөрөх, улирах; 2. хүний нас эцэслэх гэсэн утгатай. Эртдээ “газраас нөгчих”, “шөнө дүл нөгчөөх” гэх мэтээр орон зай, цаг хугацааны аль алины өнгөрөх тухайд “нөгчих” гэдэг байсан бол орчин цагийн монгол хэлэнд хэрэглээ нь явцуурч зөвхөн цаг хугацаанд хамаатай хэрэглэх болжээ. Мөн үүнтэй үндэс нэгтэй “нөгчрөх” гэсэн үг байдаг нь хуучирч цагаас хоцрохыг хэлдэг. Тухайлбал, орчин үед хэрэглэх шаардлагагүй болсон эд хэрэглэлийг цагаас нөгчирсөн гэж хэлж болно.
   Өнөө сонин хэвлэлд бичиж буйг үзвэл, “цаг нөхцөөх” гэж бичих нь түгээмэл болжээ. Цаг хугацааг дэмий талаар өнгөрөөхийг илэрхийлдэг энэ холбоо үгийг зүй нь “цаг нөгчөөх” гэж бичвэл зохилтой.
  Дашрамд дурдахад, монгол хэлнээ хүний үхэхийг эерүүлсэн болон цээрлэсэн үг хэллэг хоёр зуу гарам байдгийн нэг нь “нас нөгчих” бөгөөд нас гэдэг нэгэн цаг үеийн ойлголт тул, тийнхүү нөгчих гэдэг үгтэй харьцан холбоо үг бүтээдэг. Гэтэл бие, амь зэрэг үг цаг хугацаа заасан үг бус тул, бие нөгчих, амь нөгчих гэж холбодоггүй байна. (М.Баярсайхан)

 

Сүүлд засварласанДаваа, 06 3-р сар 2017 06:41
Дээш