Menu

П.Дэлгэржаргал: Ил хаант улс, Цагадайн улсын агуу түүхийг судлахгүй бол өвөг дээдсийн сүнс гомдох байлгүй дээ

П.Дэлгэржаргал: Ил хаант улс, Цагадайн улсын агуу түүхийг судлахгүй бол өвөг дээдсийн сүнс гомдох байлгүй дээ

МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор П.Дэлгэржаргалтай “Монголын эртний түүх” таван боть номын тухай болон үндэстний адилсал, Монголын өнөөгийн нийгмийн хөгжлийн тухай сонирхолтой яриа өрнүүллээ. Таалан болгооно уу.

-Хүннүгийн үеэс эхлээд 1000 гаруй жилийн түүхийг өгүүлсэн таван боть номын нээлт өнгөрсөн хоёрдугаар сард болсон. Монголчуудын хувьд ч, дэлхийн түүх судлалын хувьд ч чухал үүрэгтэй бүтээл болсон байх. “Монголын эртний түүх” таван боть номыг хүмүүс хэрхэн хүлээн авч байна вэ?  

-Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгтэйгээр энэхүү таван ботийг гаргасан. МУИС-ийн Түүхийн тэнхим, антропологи-археологийн тэнхим, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид гээд олон хүний хөдөлмөрийн шимээр бүтсэн ном. Түүх судлаачид, мэргэжлийн хүмүүс болон уншигчдын хувьд өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан. Төслийн удирдагч, номын ерөнхий редактораар ажилласны хувьд, Монголын эртний түүхийн судалгааг урагшлуулсан бүтээл болсон гэж үзэж байгаа. 

-Ийм том хэмжээний бүтээл гаргахад нэлээд олон жилийн хөдөлмөр зарцуулсан болов уу. Хэдий хугацаанд бичсэн бэ? 

-Үндсэндээ энэ ном бидний хориод жилийн судалгааны үр дүн. Нэлээд хэдэн жилийн өмнөөс монголын эртний түүхээр мэргэшсэн судлаачид болох доктор Батсүрэн, Өлзийбаяр бид нар Монголын эртний улсуудын түүхийг цогц байдлаар бичихээр санал нэгдэж ажиллахаар болсон. Юуны өмнө судалгаа дутуу дулимаг, тодруулах шаардлагатай асуудлуудыг судалж, бэлтгэл ажлуудаа хийсээр ирсэн. Яагаад гэхээр улс улсаар нь тус тусдаа бичихээр үзэл баримтлалын хувьд ялгаатай болдог.Тиймээс монголын эртний улсуудын түүхийг нэгдмэл нэг концепцоор бичиж, нэгтгэн дүгнэх шаардлагатай байсан. Тэгээд ямар ч байсан дутуу судалгаануудаа хийж, олон жил ажилласны үр дүнд төслөө хоёр жилийн өмнө Монгол судлалын үндэсний зөвлөлд өгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн нь энэ. Уг нь төсөл 2016 ондоо багтаж дууссан ч редакторлож, хэвлэнэ гэдэг амаргүй ажил юм. Тэгээд энэ жил цагаан сарын өмнө хэвлэж, нийтийн хүртээл болголоо.   

-Түүхийн номыг хүмүүс тус тусдаа бичвэл үзэл баримтлалын хувьд ялгаатай болдог гэлээ. Энэ цогц бүтээлийг ямар концепци, арга зүйд тулгуурлаж бүтээсэн бэ?

-Ер нь бол Хүннү, Сяньби, Жужан, Түрэг Уйгур, VI-XII зууны монголчууд болон Киданы түүхийг багтаасан 1000 гаруй жилийн түүх бичнэ гэдэг нэлээд том ажил. Бичиж эхлэхээс өмнө бэлтгэл томоохон ажлууд хийгддэг. Тэр нь юу гэхээр багаараа ном бичих үзэл баримтлал буюу концепцио, арга зүйгээ боловсруулах ёстой. Дараа нь ботио хувааж, бүлэг, зүйлүүдээр нь нарийвчилсан төлөвлөгөө гаргана. Улмаар бүлэг зүйлүүдээ бичих судлаачдаа хуваана. Энэ бүх ажлыг ерөнхий редактор хариуцаж ажилладаг. Мөн олон хүний бичсэн бүтээлийг нэг концепцид байгаа эсэхийг нягталж, янзална. Тэгэхээр редактор бол маш чухал үүрэгтэй. Үзэл баримтлал, арга зүйгээ ярихын тул жаахан дэлгэрэнгүй ярих хэрэгтэй болов уу.

-Тэгэлгүй яах вэ. Хүмүүст сонирхолтой байх нь мэдээж.

-Концепцио боловсруулах, ямар үзэл баримтлалаар бичих вэ гэдгээ тодорхойлох нь маш чухал. Яагаад гэхээр 1990 он хүртэл манайхан 70-аад жил Зөвлөлтийг дагаад марксист үзэл баримтлалаар бичиж байсан. 1990 оноос монголын нийгмийн ухаан марксист үзлээс татгалзахад оронд нь өрнөдийн онол орж ирсэн. Өрнөдийн онол бас л учир дутагдалтай. Одоо энэ онолыг нийгмийн хувьслын онол гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл, биологийн хувьслын онолын үндсэн зарчмыг нийгэм дээр авч хэрэгжүүлсэн онол юм. Марксизм ч нийгмийн хувьслын онолын нэг хэсэг.  

Өрнөдөд нийгмийн хувьслын онол үүсч хөгжсөн XVIII-XIX зууны үе нь өрнөдийнхөн дорно дахиныг колончилсон үетэй давхцсан. Иймээс өрнөдийн нийгмийн хувьслын онол үүсч хөгжихөд улс төрийн нөлөө орж, өрнөд бол иргэншлийн төв, дорно дахины нийгэм бол хоцорогдсон, хөгжлийн хувьд доогуур нийгэм гэсэн үзэл баримтлал тогтсон. Түүний дотор нүүдэлчдийн нийгмийг бүдүүлэг буюу “варвар” нийгэм хэмээн үздэг. Ингээд нүүдэлчид бол бүдүүлэг хүмүүс гэсэн онолын концепци төлөвшчихсөн юм. XX зууны 80-иад оны үеэс өрнөд нийгмийн хувьслын онолыг хүчтэй шүүмжлэх болсон. Энэ онолын үүднээс нүүдэлчдийн нийгэм дотоод хөгжлөөрөө төр байгуулах чадваргүй, хэрэв төртэй болсон бол аль нэгэн суурин иргэншлээс хуулбарласан гэж үздэг. Тухайлбал, Хүннүчүүд төр байгуулахдаа хятадаас хуулбарласан гэж үзэх жишээтэй. Ер нь Хүннүг төр гэж үздэггүй, энэ бол аймгийн холбоо л байсан хэмээн үздэг судлаачид байдаг. Нийгмийн хувьслын онолыг шүүмжлээд байгаа бидний хувьслын дараах үеийн онол гэж нэрлээд байгаа онол, арга зүйн хандлагын давуу талыг авч, "Монгол төвтэй" түүх бичлэгийн хандлагын үүднээс асуудалд хандахыг хичээсэн. Ялангуяа, 2000 оноос хойш онолын маргаан, хэлэлцүүлэг эрчимтэй явагдаж байгаа. Энэ онолын шинэ урсгал, хандлагыг монголын түүх бичлэгт нэвтрүүлэх оролдлого гэж ойлгож болно. Тэгэхээр хувьслын дараах онол гэж бидний нэрлээд байгаа энэхүү онолын чиг хандлага нь нүүдэлчдийн төр, нийгмийн байгуулал, ер нь нүүдэлчдийн түүхийг эргэн харах онолын цоо шинэ концепци бий болгох боломжийг олгож байгаа юм. 

Марксист онолоор бичсэнээр социализм, XX зууны түүх их гуйвсан

-Түүхийн ном бичихэд онолын мэдлэг, арга зүйн хандлага нь ямар ач холбогдолтой байдаг вэ?

-Ер нь онолын үүднээс бид хэдэн зүйлийг харах ёстой. Нэгдүгээрт, түүх нь шинжлэх ухаан учраас шинжлэх ухаанчаар хандах ёстой. Шинжлэх ухаанч байхын тулд өрнөдийн онол байна уу, Зөвлөлтийн марксизм байна уу яг тэр түвшинд нь шинжлэх ухааны хэлэлцүүлэг хийх онолын мэдлэг чадвартай байх хэрэгтэй. Ийм хэмжээний мэдлэгтэй байж л хийнэ үү гэхээс Монгол төвтэй түүх бичнэ гээд л шинжлэх ухаанч биш хандвал онигоотой юм болно шүү дээ. Тиймээс аль болох тэр түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц онолын чиг хандлагыг ойлгож мэддэг, одоо өрнөж байгаа хэлэлцүүлэгт ч оролцох шаардлагатай байдаг. Тиймээс би нэлээд хэдэн жил Индиана их сургуульд очиж судалгаа хийлээ, Крис Этвуд гэж монгол судлаачтай хамтарч ажиллалаа. Иймэрхүү байдлаар онолын хандлагыг судлах ажлыг гадаад болон дотооддоо хийсэн. Онолыг мэдэх нэг хэрэг, түүнийг судалгаанд ашиглана гэдэг бас өөр хэрэг. Өөрөөр хэлбэл, онолын язгуур мөн чанарыг нь ойлгохыг шаарддаг. Бид шинэлэг арга зүйгээр асуудалд хандахыг оролдсон. Хэрхэн хэрэглэснийг уншигчид, мэргэжлийн хүмүүс шүүх байх.  

-Социализмын үед гарч байсан түүхийн ном, сурах бичгүүд марксист арга зүйгээр бичигдсэн учраас үзэл суртлын хувьд, түүхийн хувьд гуйвуулсан зүйл байсан л байх даа?

-Тийм зүйл бий. Ямар ч байсан марксизм бол шинжлэх ухааны арга зүй. Шинжлэх ухааны арга зүй учраас монголын түүх бичлэгийг хамаагүй өндөр түвшинд хүргэсэн. Дэлхийтэй ойлголцохуйц арга зүйгээр бичсэн учраас гадаадын мэргэжлийн хүмүүс уншаад ойлгоно. Тиймээс марксист түүх бичлэг нь монгол түүх бичлэгийг өндөр түвшинд хүргэсэн. Гэхдээ марксизмд алдаа дутагдал ч бий, давуу тал ч бий. Тухайлбал, нэг дутагдалтай тал нь ангийн тэмцлийн онол. Нийгэм бол заавал эвлэршгүй хоёр ангид хуваагдах ёстой хэмээн үзээд нийгмийг заавал дарлагч ба дарлагдагч гэж хоёр ангид хуваадаг. Ингэснээрээ дундаж ангийн үүргийг үгүйсгэчихдэг. Боол юм уу, боолын эзэн, феодал юм уу, хамжлага гэж хуваана гэсэн үг. Нөгөө талаар тухайн үеийн монголын нийгэм нь асар их үзэл сурталжсан нийгэм байсан. Тиймээс марксист онолоор бичсэнээр социализм, XX зууны түүх бол их гуйвсан. Харин эртний түүх харьцангуй гайгүй. Яагаад гэхээр үзэл сурталжих боломж бага учраас. Тэр агуулгаараа энэ үеийн манай эртний түүхийн судлаачид их юм хийсэн. 

-Сүүлийн үед хүн бүхэн л түүх ярьдаг, бичдэг болсон. Бичлэгийн агуулга, хэлбэр, үзэл суртал нь ч өөр. Харин түүхийн таван боть гарснаар хүмүүсийг нэг түүхийн итгэл үнэмшилтэй болгох боломж бүрдлээ гэж ойлгож болох уу?

-Ямартай ч өнөөг хүртэлх Монголын эртний түүхээр гарсан судалгааны бүтээлүүдийг нэгтгэн дүгнэсэн. Мэдээж өмнө нь хийгдсэн олон ололттой талыг хүлээн зөвшөөрч, санал нийлнэ. Мөн бидний олон жил хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан шинээр олон санаа дэвшүүлсэн гэж үзэж болно. Энэ агуулгаараа Монголын эртний түүхийг урагш ахиулсан бүтээл гэж үзэж байгаа. Энгийнээр хэлбэл, эртний түүхийн гол судлаачид оролцсон том баг олон үзэл баримтлалыг харьцуулж, дүгнэлт гаргахын зэрэгцээ өөрсдийн шинэ санаа дүгнэлтээ дэвшүүлсэн. 

-Тэр олон жилийн өмнө болсон үйл явдал, түүхийг яаж баталгаажуулдаг юм бэ? Жирийн хүмүүс сайн мэдэхгүй болохоор уншсан бүхэндээ итгэх хандлагатай байдаг шүү дээ.

-Миний ойлголтоор түүх бол эх сурвалж, түүх бичлэг гэсэн хоёр баганатай. Эх сурвалж нь тухайн үед болсон үйл явдлаас үлдсэн ул мөр. Энгийнээр харьцуулах юм бол гэмт хэргийн ул мөртэй төсөөтэй гэх үү дээ. Гэмт хэрэгтэн ул мөр үлдээсэн учраас баригддаг бол, ямар нэгэн эх сурвалж үлдсэн учраас бид тухайн түүхийг ярьдаг, судалдаг. Эх сурвалжтай зүйлийг л түүх гэнэ. Бичгийн, археологийн, антропологийн, аман гээд л олон төрлийн эх сурвалж бий. Хамгийн сүүлд XX зуунд кино, гэрэл зураг, дуу ба дүрс бичлэгийн бие даасан архивууд бий болсон. Тиймээс эртний түүхийг судлахдаа эртний хятад сурвалж, археологи, антропологийн зэрэг сурвалжид тулгуурлан судалгаа хийдэг. 

Хоёрдугаарт, түүхийн бичлэг гэж байна. 800, 1000 жилийн өмнө болсон үйл явдлыг 800, 1000 жилийн турш хүмүүс бичсээр ирсэн. Энэ бичсэнийг нь түүх бичлэг гэдэг. Эдгээр бүх түүх бичлэгийг уншихаар хүн төрөлхтөн юм уу, монголчуудын түүхээ харж, үнэлж байсан сэтгэлгээ нь харагддаг. Нэг үйл явдлын динамик нь эдийн засгийн өсөлт бууралт шиг харагддаг. Жишээлбэл, Чингис хааныг нэгэн үе асар их магтаж байж, дараа нь сөрөг талаас үнэлэх хандлагатай болсон, эдүгээ эерэг талаас үнэлэх үнэлгээ давамгайлж байна. Үүний шалтгаан нь онол, суртлын нөлөөтэй холбоотой. Түүхийг судлахдаа түүх бичлэг ямар хэлээр бичигдсэнээс үл хамаарч бүгдийг нь ашиглахыг шаарддаг. Эцсийн эцэст, түүхийн судалгаа эх сурвалж дээр хийгддэг гэж болох юм. Түүх бичлэгийн үнэнийг эх сурвалж нотолдог.

-Сүүлийн үед түүхэн романууд нэлээд бичиж байна. Та түүх судлаач, эрдэмтний хувьд эдгээрийн ач холбогдлыг хэрхэн авч үздэг вэ?

-Ер нь уран зохиолд түүхэн романы бичлэгийн хэлбэр байдаг. Түүхч хүний хувьд зохиолчид түүхээ сайн судалж, түүхийг нэг их гуйвуулахгүй,  аль болох үндсэн чиг шугамыг алдагдуулахгүй бичээсэй гэж хүсдэг. Түүхэн кино ч бий. Түүхийг яг тэр чигээр нь  харуулах албагүй л дээ, урлаг юм чинь. Гэхдээ үндсэн чигээ алдахгүй л байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ард түмнийг төөрөгдүүлнэ. Түүхийг уран зохиол, кино хэлбэрээр гаргах нь хүмүүст илүү хүрдэг, илүү сонирхолтой байдаг. Би түүхэн зохиол, роман нэг их уншъя гэж боддоггүй. Зарим түүхийг нь гуйвуулчихсан байвал худлаа бичлээ гээд, уур хүрээд шидчих байх. 

-С.Молор-Эрдэнэ докторын ярилцлагын хэсэг сүүлийн үед олон нийтийн сүлжээнд нэлээд тархаад байна. “Чингис хааны үед төр, хууль байгаагүй. Их сургууль төгсөөгүй хүний үед юу байх билээ” гэх зэргээр үгүйсгэсэн хариултууд байсан. Энэ тухайд таны үзэл бодол ямар байгаа вэ?

-Би бичлэгийг нь, ярилцлагыг нь бүрэн үзээгүй. Нийгмийн сүлжээнд тараасан хэсгийг нь харсан. Ер нь ингэж ярьдаг хүн дэлхийд зөндөө л байсан. Барууныхан тэр чигээрээ л тэгж ярьдаг байлаа шүү дээ. Түрүүний миний ярьсан нийгмийн хувьслын онолын үүднээс тиймэрхүү тайлбар хийх нь байдаг. Тэгэхээр онолд шүүмжлэлтэй хандаж, харьцуулан үзэж, тохирох зөв онолыг баримтлахгүй бол алдаа гарах боломжтой. Онол яагаад хэрэгтэй байдаг вэ. Онол бол хараа муутай хүнд нүдний шил шиг, эсвэл дуран шиг зүйл. Нийгэм маш нарийн нийлмэл бүтэцтэй, аль нь гол, аль гол бишийг ялгахад асар хэцүү. Гэтэл шинжлэх ухааны нэг гол үүрэг бол гол ба гол бишийг ялгаж, гол асуудалд анхаарал хандуулахыг шаарддаг. Онолын аппаратыг ашиглаж л нийгмийг задлан шинжлэх боломжтой. Тиймээс онол хэрэглэх нь зайлшгүй боловч, ямар судалгаанд, ямар онол, арга зүйг хэрэглэхээ зөв сонгохгүй, сохроор энэ сайн онол гэсэн гээд дагавал "тархиа угаалгасан" хэрэг болно. Онолгүй судлаач бол баримтаа хөөж явсаар баримтынхаа боол болдог. Үнэн мөнийг нь гаргаж чадахгүй байна л гэсэн үг. 

Хүмүүс үзэл бодлоо сошиал ертөнцөөр янз бүрийн зорилготой илэрхийлдэг. Энэ нь улс төрийн зорилготой, нөгөө талаар олны анхаарлыг татах эсвэл бусад зорилгоор ч үзэл бодлоо илэрхийлж болно. Нийгэмд болж байгаа үйл явдал маш олон талтай байдаг. Түүнийг зөвхөн нэг өнцгөөс нь тайлбарлаж ярьж байгаа хүмүүс байдаг. Санаатай, санаандгүй тэгдэг биз. Тухайлбал, үйл явдлыг зөвхөн нэг өнцгөөс нь, өөрт ашигтай талаас нь тайлбараад байх жишээтэй. Үүнийг манай нийгэмд "улс төржих" гэж хэлдэг болсон шиг байгаам. Улс төржилт бол мэдсээр байж санаатайгаар, зорилготойгоор өөрт ашигтай өнцгөөс ярихыг хэлээд байгаа юм болов уу. Харин нийгмийн ухаан, түүний тодор түүхийн ухаан үүнийг зөвшөөрдөггүй. Судлаач хүн нийгмийн үйл явдлыг олон талаас нь харж, бодит үнэнийг олохын төлөө эрэл хайгуул хийх ёстой.  

Заавал бид нар хөгжүүлэх гээд байх шаардлагагүй, чадахгүй бол зүгээр байж байсан нь дээр

-Таныхаар Монголын хөгжил одоо ямар байна вэ?

-Түүхэн эгзэгтэй үе дээрээ байх шиг байна. Хөгжил гэж юу вэ гэдгийг эхлээд бодмоор юм шиг байгаа юм. Өөр дээрээ тулгуурлаж хөгжинө гэж байна. Бас бусдыг хуулж хөгжинө гэж байна. Үүний гол ялгаа нь уламжлал ба шинэчлэлийн харьцаа юм уу даа. Уламжлалаа хадгална гэдэг нь өөрөө өөрийгөө хадгалах гэсэн агуулгатай. Харин хөгжинө гэдэг бол шинэчлэгдэнэ гэсэн агуулгатай. Өөрийнхөө нөөц, уламжлал дээр тулгуурлан хөгжиж байхад ямар ч асуудал байхгүй. Бусдыг дууриаж, хуулж хөгжихөд уламжлал, шинэчлэлийн харилцааг зохистой баримталж, бодлогоор зохицуулахгүй бол аюул дагуулж болзошгүй. Уламжлалаа хэт баривал хөгжихгүй, "музейн үзмэр" болтлоо хоцрогдчих гээд байдаг. Шинэчлэл нь хэтэрвэл өөрөө биш болчих гээд, өөрөөр хэлбэл, монгол "монгол" биш болж уусчих гээд байдаг аюултай. Тэгэхээр хөгжил гэдгийг өөрийгөө хадгалж хөгжих гэж ойлгомоор ч юм уу даа. Түүхээс харахад, дэлхийн болон бүс нутгийн тэргүүлэх улс, иргэншлүүд өөрөө өөр дээрээ тулгуурлан хөгжөөд, тэр соёлын тойрогт орсон бусад нь түүнийг дагаж хөгждөг. XIII-XIV зуунд Монголчууд дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байлаа. Манжийн үед Монголчууд манж чин гүрний соёлын хүрээнд орсон, 70 жил ЗХУ, социалист системийн тойрогт багтаж байсан. Одоо бид хаана явна вэ гэдгээ сайн бодож, ямар бодлого явуулах вэ гэдгээ тодорхойлох цаг болсон болов уу. Одоогийн нөхцөлд гаднаас тусламж авах, бусдыг дууриаж хөгжих гээд өөрийгөө алдаж, очоод наалдчихаж бас болохгүй. Түүний оронд эндээ "музейн үзмэр" болж байсан нь дээр. Дараагийн хоёр, гурван үеийн хойно энэ улс орныг хөгжүүлээд явчих үе ирнэ. Заавал бид нар хөгжүүлэх гээд байх шаардлагагүй, чадахгүй бол зүгээр байж байсан нь дээр. Чадахаар бол бодлогоо хэрэгжүүлэх л хэрэгтэй.

Улсын хөгжил ямар байх нь төрийн бодлоготой л холбоотой. Төр хүсвэл юуг ч хийж чадах, хүчтэй хэрэгсэл. Чадахгүй байна гэсэн ойлголт байхгүй. Үнэхээр хүсч, өөрийн бүх нөөц, чадвар, хэрэгслээ ашиглаж, бодлогоо тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна уу, үгүй юу гэдэгт л асуудал байгаа юм. Бодлогоо зөв тодорхойлоод, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө нэгдмэл санаа зорилготой зүтгэвэл Монгол улс богино хугацаанд хөгжин дэвжих боломжтой гэдэгт итгэдэг.

-Монголчууд үндэстний нэг адилсалтай болохын тулд юу хийх хэрэгтэй вэ. Залуучууд нь барууны соёлыг шүтэн бишрээд л, ахимаг насныхан нь социализмын үеэ бахдах тохиолдол нэлээд байдаг.

-Хэрвээ Монгол улс тусгаар тогтносон улс, Монголчууд бие даасан үндэстэн юм бол өөрийн гэсэн үндэсний үнэт зүйлтэй байх ёстой. Үнэт зүйлээ алдсан улс, үндэстэн байхгүй болдог. Монголчуудыг монгол болгож байгаа зүйл бол монгол хэл, түүх, соёл. Өөрөөр хэлбэл, Монгол хэл, түүх, соёл бол Монгол үндэстэн оршин тогтнох үндэс суурь нь. Түүх бол үндэсний ой санамж юм. Монголчуудын үнэт зүйлийн цөм өөрийн үндэсний үнэт зүйл байж, түүнийг тойроод дэлхий нийтийн үнэт зүйлс байх нь зохимжтой. Олон мянган жилийн төрийн уламжлалтай манай ард түмэнд өөрсдийн гэсэн үнэт зүйл бий. Түүнийгээ ардчилал, хүний эрх гэх мэт дэлхийн чиг хандлагатай хослуулах нь бидэнд садаа болоод байх зүйл биш. Глобалчлалын энэ үед үндэсний үнэт зүйлээ дээдэлж, үндэсний адилсалаа бэхжүүлж байхгүй бол глобалчлалын давалгаа арчаад аваад явчихна шүү дээ. “Бидний 3000 жилийн соёлыг өрнөдийн иргэншил гучхан жилийн дотор арчаад хаячихлаа” гэж том гүрний судлаачид ярьж байхыг сонсож байлаа. Тэгэхээр бид энэ тал дээр онцгой анхаарал хандуулах нь чухал болоод байгаа.

Би Америкт амьдарч байхдаа нэг зүйлийг маш сайн ойлгосон. Тэр нийгэм цагаачлалыг чөлөөтэй авчихдаг. Гэхдээ нэгдүгээр ээлжийн цагаачидтай харьцахгүй харин тэдний үр хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг. Тэгээд 12 жил сургаад шууд “америк” хүн болгодог. Тэр хүүхдүүд чинь аав ээжтэйгээ эх хэлээрээ ярихгүй гэж муудалцдаг болж байгаа юм. Тэнд хятадууд Хятад хороолол үүсгээд, бүх орчноо хятад хэв маягтай, сургуультай болгочихоод байхад л хүүхдүүд нь хятад хэлээрээ ярихгүй гэдэг болчихдог юм байна. 

-Та гэр бүлээрээ Америкт амьдарч байсан. Энэ байдлаас нь айгаад буцаад ирсэн үү, үгүй юу?

-Үгүй ээ, үгүй. Би судалгаа хийж байсан учраас хугацаа дуусаад л буцаад ирсэн. Богино хугацаагаар, жилд нэг семистер яваад л буцаж ирдэг байсан. Ер нь төрд соёлын бодлого байх ёстой. Соёлын бодлого гэхээр л бид том зүйл боддог. Гэтэл соёлын бодлого маш энгийн зүйлсээс эхэлдэг. Тухайлбал, миний санаа зовдог нэг зүйл солонгос кино их үзээд байхаар залуус дурлахдаа, түүнийгээ илчлэхдээ яг тэр кино шиг романтик байдлаар төсөөлдөг, ойлгодог болчихдог юм байна л даа. Энэ нь эргээд залуусыг эгэл жирийн монгол амьдралаас холдоход нөлөөлөөд эхэлчихжээ. Монгол хүн бол хамгийн сайхан хоол идье гэвэл монгол хоолоо л иддэг байх хэрэгтэй. Монгол охидуудад монгол залуус, монгол залууст монгол охидууд л сайхан харагддаг байх ёстой. Үүнд соёлын бодлого чиглэх хэрэгтэй байх. Одоо ингээд солонгос кино их гарахаар Солонгосын залуучууд, охидууд л сайхан харагддаг болж байна л даа. Солонгос киноны дүрд дурлачихсан охидууд зөндөө байна гэж байгаа. Энэ бол бид юм бодох цаг болсныг харуулж байгаа хэрэг.

-Одоогийн залуус Монголын түүхээ уншихаас илүүтэй Японы анимэ, Солонгосын олон ангит кино үзэх зэрэгт илүү дурлаад байх шиг ажиглагддаг. Тэгвэл залуу үеэ түүхээ сайн мэддэг байлгахын тулд төрийн зүгээс ямар бодлого баримтлах нь зөв бол?

-Мэдээж энд түүхчдийн үүрэг бий. Бид үүргээ бас л муу биелүүлсэн юм шиг байгаа юм. Мэргэжлийн түүхийн ном бичээд л гаргадаг, түүнийг нь мэргэжлийн хэдэн түүхчид, сонирхдог хэдэн хүн нь уншаад л болдог. Олонх бол уншихгүй байна шүү дээ. Тиймээс ард түмэндээ хандсан байдлаар түүхээ бичих ёстой юм байна. Түүх соёлоо суртачилсан баримтат киноноос эхлээд хийх зүйл их байна даа.

Дээрээс нь мэдээллийн хэрэгсэл гэж хүчтэй зүйл байна. Эдгээр мэдээллийн хэрэгслээр монгол контентоо сайн гаргах хэрэгтэй болов уу. Миний хамгийн их санаа зовж байгаа зүйл бол Монгол хүн Монголдоо байж нийт хүлээж авч байгаа мэдээллийн бараг 80-90 хувь нь гадаад контенттой мэдээлэл байна. Яагаад хятадууд улсдаа youtube, facebook-ийг хаагаад түүний оронд wechat, wiber ашиглаад байгаа нь хүмүүсээ л хамгаалж байгаагийн нэг хэлбэр. Хүн мэдээллийн хэрэгслээр юу үзэж, уншиж байна түүгээрээ л сэтгэдэг. Хүүхдүүд гэхэд л дөнгөж ой ухаан нь бүрдэж байхад л үзсэн хүүхэлдэйн кино нь далд ухамсарт нь сууж байдаг. Бидний үеийнхний хүүхдүүдийг бага байхад “Боролдойн цаг” гардаг байлаа. Яг л монгол ахуй, хурга ишиг, морь гараад л, баатрын хуяг дуулгатай хүүхэд гардаг монгол контент байсан. Оросууд гэхэд л “Tom Jerry”-гийн эсрэг “Ну погоди” хүүхэлдэйн киног хийж байсан гэдэг. Сүүлд “Маша баавгай хоёр” байна. Үзэхэд л байшин барилга, ерөнхий характер, идэж ууж, өмсөж байгаа зүйлс нь яг л орос харагддаг. Японы хүүхэлдэйн кино гэхэд л үг ярихгүй ч ерөнхий төрх нь япон харагддаг. Тиймээс бидэнд ч монгол ахуйг дүрсэлсэн, монгол хувцас, эдлэлтэй хүүхэлдэйн кино бүтээх шаардлага тулгарч л байна. Тэгж байж л бид нар залуу үедээ түүх, соёл, уламжлалдаа дуртай, сонирхолтой болгож чадна. 

Кино гэхэд л Чингис хааныхаа тухай ч олигтой кино хийж чадаагүй байхад Хятадад Чингис хаан, Хубилай хааны тухай олон ангит кино хийчихсэн л байна. Манай бүх  хаадаараа олон ангит кино хийх боломжтой, агуу түүх байна шүү дээ.

Манай тэнхим бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд судалгаа хийхийг зорьж байна

-МУИС-ийн Түүхийн тэнхим гадаадын олон оронд мэргэжил эзэмшсэн судлаач эрдэмтдээс бүрдсэн. Танай тэнхимийн цаашдын зорилго нь юу вэ?

-Манайх түүхийн тэнхимийн 70 жилийн ойгоо энэ намар тэмдэглэнэ. 1947 онд байгуулагдсан, нийгмийн ухааны ууган тэнхим. Анхны эрхлэгч нь МУИС-ийн анхны ректор Б.Ширэндэв гуай. 1949 онд академич Х.Пэрлээ тэргүүтэй 15 хүн анхны төгсөгч болсон түүхтэй. Ер нь 1950-иад онд бидний агуу хэмээдэг түүхчид манай түүхийн ангийг төгссөн. Ш.Нацагдорж, Д.Гонгор, Г.Сүхбаатар, Л.Жамсран, М.Санждорж гуай гээд л цаашаагаа явж өгнө. Эдгээр хүмүүс Монголын түүхийн үе үеэр суурь судалгаа хийж, одоогийн түвшинд хүрэх үндэс суурийг тавьсан. Тэдгээр эрдэмтдийн судалгаанд тулгуурлаж л бид нарын судалгаа явж байгаа юм. Байхгүй байсан бол юун таван боть бичих манатай. Бид нар тэр агуу уламжлалыг муутгах эрх байхгүй. Цаашаа илүү хөгжүүлэх ёстой. Манай тэнхим цаашид бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд судалгаа хийхийг зорьж байна. 

Манай тэнхимд дэлхийн өндөр түвшний сургуульд докторын зэрэг хамгаалсан судлаачид олон бий. Английн Оксфордод, Японы Тохокү, Туркийн Анкара, Итали, Оросын их сургуульд докторын зэрэг хамгаалсан багш нар байна. Энд төгссөн хүмүүс ч байгаа. Манай тэнхимд сурвалжийн хэл болох хятад, перс, араб, армян, латин, түрэг, судалгааны хэл болох англи, орос, хятад, япон, франц зэрэг хэд хэдэн гадаад хэлтэй судлаачид багшилж байна. Түүнчлэн монголд хөгжөөгүй түүхийн судалгааны чиглэл болох Ил хаант улс, ойрхи дорнод чиглэлд судалгааг эхлүүлээд байна. Цаашлаад үүн дээрээ нэмээд Цагадай улсын судалгаа руу орох санаатай залуу судлаачид ажиллаж байна. Монголын эзэнт гүрний чухал бүрэлдэхүүн хэсэг болох Ил хаант улс, Цагадайн улсыг бид судлах үүрэгтэй. Энэхүү агуу түүхийг судалж, дэлхийн түүхэнд байр суурийг нь эзлүүлэхгүй бол өвөг дээдсийн сүнс гэж байдаг бол гомдох байлгүй дээ. Бидний бас нэгэн зорилго бол түүхийн судалгааны шилдэг школыг оруулж ирэх шаардлага бий. Ингэхдээ давуу талуудыг нь ашиглах хэрэгтэй юм.

-Сургалтынхаа системийг ямар чиг хандлагаар зааж байгаа вэ. Дээр хэлсэнчлэн олон улсын сургалтын системийн давуу талыг нэгтгэж, холимог системээр зааж байна уу?

-Хэдэн жилийн өмнө МУИС-д бүтцийн өөрчлөлт хийсэн. Ерөнхийдөө барууны сонгодог гэж нэрлэгддэг их сургуулиудын загварыг авсан. Тэр загварт байдаг нэг зүйл нь либериал арт гэсэн боловсрол байдаг. Энэ боловсрол нь дээд сургууль төгсөнө гэдгийг мэргэжил талаас гэхээсээ боловсрол талаас нь авч үздэг. Нийгэм маш хурдтай өөрчлөгдөж байгаа учраас үүнийг дагаад ажлын байранд тавигдах шаардлага, хэрэгцээ асар хурдацтай өөрчлөгдөж байна. Тэгэхээр оюутанд мэдлэг олгохоосоо илүү чадвар олгоход сургалтыг төвлөрүүлдэг болсон. Үүнийг л Монгол улс авах гэж оролдож байна. 

-Түүхийн шинжлэх ухааны залгамж халаагаа хэрхэн бэлдэж байгаа вэ. Түүхээ сонирхдог энэ чиглэлээр ажиллаж, амьдрах залуус хэр их байдаг вэ? 

-Бидний хувьд дараа үеэ байнга бэлдэж явах ёстой, дор хаяж 10 насаар дүү доод  үеэ бэлтгэж явахгүй бол шинжлэх ухааны залгамж халаагүй болчихно шүү дээ. Бид нар 90-ээд оны давалгаа гэж ярьдаг. Нийгэм задраад, шинжлэх ухаанаар хүн хоол олж идэх аргагүй болсон. Тиймээс л судлаачдын 10-15 жилийн тасралт үүссэн. Нөгөө талаар нэгэн үе боловсон хүчин бэлтгэх бодлого алдагдаж, урсгалаар явсан. Уул нь нэгдсэн бодлогоор бэлтгэгдэх шаардлагатай ч одоогоор тодорхой бодлого явуулах гэж оролдож л байна. Харьцангуй нэг үеэ бодвол, дэлхийн шилдэг их сургуулиудад боловсрол эзэмшсэн залуучууд МУИС-д нэлээд олон болж байгаа нь сайшаалтай. Бидний хувьд, дэлхийн монгол судлалын гол төвүүдэд, шилдэг профессоруудын шавь болгож, судалгааны зарим чиглэлээр судлаач бэлдэх шаардлага байдаг. Индианагийн их сургуульд одоо хүртэл багшилж байгаа домог болсон 81 настай Г.Кара буюу Хар Дорж гуайг байгаа дээр нь ганц хоёр хүнийг сургаад авчихмаар л байна. Бид нар Хар Дорж гээд нэрлэчихсэн юм. Унгар хүн шүү дээ. Ренчин гуайн хүргэн. Унгарт Ренчин гуай тэр хоёр нэг багшийн удирдлага дор сурч байсан юм билээ. Бас Крис Этвуд гээд дэлхийн топ 10 их сургуулийн нэгэнд ажиллаж байгаа мундаг эрдэмтэн бий. Энэ хоёрыг амьд байгаа дээр хэдэн залуучуудыг сургаад авбал их л хэрэгтэй байна даа. 

-Та Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын хүн бил үү. Энэ их ажлын хажуугаар нутагтаа очиж амжиж байна уу?

-Үгүй ээ, би Галуутынх. Эхнэр маань Гурванбулагийн хүн. Энэ жил цагаан сараар явж, аав, ээж, ахтайгаа золгоод ирсэн. Санаандгүй байж байгаад явахаар болчихсон л доо. Таван ботийн нээлт болоод зурагтаар гарсныг аав, ах хоёр үзжээ. Тэгээд ах залгаад баяр хүргэхээр нь тэр хоёрт мэнд хүргээд, номоо явуулна гэж хэлтэл ах “Аав их баяртай байна. Чи тэгээд зав зайтай бол өөрийн биеэр ирж, аавд номоо өгч болдоггүй юм уу” гэж асууж байна. Тэгээд гэнэт юу билээ гэж бодол төрөөд, нутагтаа битүүнд очсон доо. Нутагтаа цагаан сараар очилгүй маш олон жил болсон. Яах вэ, хоёр жилийн өмнө зун очсон. Ноднин таван ботио бичээд завгүй байлаа. Нутаг явахад зам ч сайхан болжээ.  

Сүүлд засварласанМягмар, 22 8-р сар 2017 09:39
Дээш