Menu

Монгол хэлний зөв бичих дүрмийн талаар ярилцав

Монгол хэлний зөв бичих дүрмийн талаар ярилцав

ШУА-иас зохион байгуулж буй “Эрдэмтдийн лекц”-ийн хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор С.Энхжаргал Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын монгол хэлний залуу багш нарт зориулан 3 дугаар сарын 12-ны өдөр лекц уншлаа.

Лекцээр монгол хэлний зөв бичих дүрмийн талаар олон нийт, иргэдийн дунд байдаг зарим буруу ташаа ойлголтыг судалгаа, сургалтын явцад залруулах шаардлагатай байгаа талаар ярилцаж, мэдээлэл өгсөн юм.

1941 оноос өнөөдрийг хүртэл албан ёсоор хэрэглэж буй кирил бичгийн түүх хийгээд бүх ард түмнийг нийтээр бичиг үсэгтэй болгохын төлөө шамдан судалж, эрдэм чадлаа дайчлан, боловсруулан хөгжүүлж ирсэн үе үеийн эрдэмтэн судлаачдын "Монгол хэлний зөв бичгийн дүрэм"-ийн талаарх судалгааны ажлуудын товч тоймыг багш нарт танилцуулсанаар лекц эхлэв.

Аливаа бичиг үсгийг хэрэглээнд хэвшүүлэхийн тулд нийтээр дагаж мөрдөх зөв бичих дүрмийг боловсруулдаг. Шинэ үсгийн зөв бичих дүрмийг 1941 оны арваннэгдүгээр сард нийтэд зарлан, 1942 онд “Шинэ үсгийн дүрэм”-ийг хэвлүүлж, 1946 онд дахин хянаж, 1949 онд “Монголын шинэ үсгийн товч дүрэм” хэмээн хэвлүүлсэн байна. Тухайн цаг үед хүн амаа нийтээр нь бичиг үсгийн мэдлэгтэй, хэрэглэх чадвартай болгох нь соён гэгээрүүлэх зорилго байсан агаад энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд эрдэмтэн судлаачид зөв бичгийн дүрмийн толь бичгийг удаа дараа хэвлүүлэн ард иргэдийн хүртээл болгосоор ирсэн. 1951 онд Ц.Дамдинсүрэн, Я.Цэвэл нар “Үсгийн дүрмийн зөв бичих толь” нэртэйгээр хамгийн анхны кирил үсгийн дүрмийн толийг гаргаж, 1962 онд С.Мөөмөө “Зөв бичих дүрмийн толь”, 1974 онд Х.Далхажав, Ц.Цэрэнчимэд нар “Зөв бичих зүйн толь бичиг”, 1983 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар “Монгол үсгийн дүрмийн толь”, 2003 онд Л.Болд "Зөв бичих зүйн толь" зэрэг бүтээл гаргажээ.

Өнөөдөр монгол хэлний зөв бичгийн дүрмийг бүрэн гүйцэд мэддэг, алдаагүй зөв бичдэг хүн цөөрч хэвлэл мэдээлэл, сонин сэтгүүл, зурагтын нэвтрүүлгээр хүртэл маш их алдаатай бичлэг гарч байгаагийн нэг шалтгаан нь нийт ард иргэдийн дунд монгол хэлний зөв бичгийн дүрмийн талаар нэгдсэн зөв ойлголт байхгүй байгаатай холбоотой болохыг хамтран ярилцах нь лекцийн гол зорилго байлаа. Монгол хэлний зөв бичгийн дүрэм олон янз байдаг, эрдэмтэд өөр өөр дүрэм гаргадаг гэх мэт буруу ташаа ойлголтыг залруулах үүднээс 1983 онд толь бичгээр журамлан гаргасан Ц.Дамдинсүрэн нарын зохиосон тэр л зөв бичгийн дүрмийг баримтлан бичиж байх ёстой болохыг багш нараар дамжуулан олон нийтэд хүргэсэн юм.

Лекцийн дараагийн хэсэгт эргэлзээтэй бичигддэг зарим үгийг журамлан тогтоосон тухай дэлгэрэнгүй танилцуулав. 2011 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөгөөн”-ийг хэл бичгийн эрдэмтдийн дунд зохион байгуулсан билээ. Тус зөвлөгөөнөөс олон хувилбараар бичдэг 400 гаруй уугуул үг болон 300-аад харь үгийг кирил бичгийн зөв бичих дүрмийг баримтлан нэг мөр болгон оноон тогтоох асуудлыг хэлэлцсэн бөгөөд зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн яамнаас эцэслэн шийдвэрлэсэн тогтоолыг цахим орчинд байрлуулах явцад алдаа гарч 2 өөр хувилбараар олон нийтэд хүрсэн ажээ.

Энэхүү эргэлзээтэй 700 гаруй үгийг хэрхэн хэрэглэх талаарх эцсийн шийдвэр нь тухайн үед БСШУ-ны сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаярын гарын үсэг бүхий тогтоолоор шийдвэрлэгдсэн байдаг тул цахим орчноос зөв хувилбарыг хэрхэн таньж олох түүнчлэн хувилбартай бичиж ирсэн үгсийг жигдлэн журамлахад зөв бичих дүрмийн ямар ямар зарчимд тулгуурласан талаар хэл шинжлэлийн онолын үүднээс тодорхой үгүүдээр жишээлэн тайлбарлаж ярилцсан юм.

Дээш