Menu

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН АЛБАН ДААЛГАВАР

1996 оны 02 сарын 07         Дугаар 01                       Улаанбаатар хот

Яам, тусгай газрын сайд, дарга, аймаг нийслэлийн засаг дарга нарт

Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай

Монгол Улсын Их Хурлын 1995 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр” “Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн Газрын шаардлагыг харгалзан Яам, тусгай газрын сайд, дарга нар, аймаг нийслэлийн Засаг дарга  нарт дараах даалгаврыг өгч байна.

1. Яам, тусгай газрын сайд, дарга нар, аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

а. Монгол бичгийн үндэсний хөтөлбөр, Засгийн Газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг төв, орон нутагт шуурхай зохион байгуулж, сурталчилгааг эрчимжүүлэхийн зэрэгцээгээр  үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрхлэн зохион байгуулах салбар комиссыг Яам, тусгай газар, аймаг, нийслэл, сум дүүрэгт 1996 оны 2 дугаар сарын 15-ны дотор багтаан байгуулж ажилд нь оруулах

б. Салбар комиссын ажлыг хөтөлбөрийн хэрэгжилт, сум, дүүрэг, аж ахуй нэгж, байгууллага дахь монгол бичгийн сургалтын ажлын зохион байгуулалт , чанарт хяналт тавихад чиглүүлэх

в. Төрийн захиргааны байгууллагын ажилтнуудыг эрчимжүүлсэн сургалтаар монгол бичигт сургах ажлыг 1996 оны 2 дугаар улирлаас эхлэн зохион байгуулж, тэдний мэдлэгийн түвшнийг дээшлүүлэх талаар системтэй арга хэмжээг байнга авч байх, ажилтнуудаа монгол бичгийн мэдлэгээ дээшлүүлэх, суралцах бололцоогоор хангаж байх

г. Төр, захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, түүнчлэн ажилтнуудын өрөө, тасалгааны хаяг, нэр, албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдэг, зар сурталчилгаа, ханын сонин, реклам чимэглэл, урилга, хурал, семинар, телевизийн хөтөлбөр, танилцуулга, авто болон төмөр замын тээврээр зорчих тасалбар, гаалийн мэдүүлэг, үйлчилгээний цагийн хуваарь зэргийг 1996 оноом монгол бичгээр хэвлэж иргэд монгол бичигт суралцах орчныг бүрдүүлэх

д. Япон улсаас буцалтгүй тусламжаар ирүүлсэн монгол бичгийн цахим бичвэрийг Засгийн Газраас баталсан хуваарийн дагуу яаралтай татан авч, эхний ээлжид бичиг хэргийн ажилтнуудад уг бичвэрийг ашиглаж сурах, монгол бичигт сургах ажлыг зохион байгуулах

е. Үндэсний хөтөлбөрт тус тусын чиглэлээр тусгасан заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, зохиосон ажил, түүний үр дүнг тогтоосон хугацаанд нь тайлагнаж байх

 

2.Шинжлэх ухаан боловсролын Яам  /С. Төмөр-Очир/-нд даалгах нь:

а. Бүх шатны сургуулийн монгол бичгийн сургалтын хөтөлбөр, агуулга хэлбэрийг 1996 онд багтаан оновчтой болгон шинэчлэн зохион байгуулах

б. Монгол хэл, уран зохиол, түүх, нийгмийн ухааны мэргэжлээр болон бага ангийн багш бэлтгэдэг сургуулийн монгол бичгийн сургалтад 1996 оны эхний хагаст багтаан үзлэг хийж, сургалтын чанарыг сайжруулах арга хэмжээ авах

в. Монгол бичгийн бүх шатны сургалтад зориулсан гарын авлага, сурах бичгийн хүрэлцээг сайжруулах, уран зохиолын ном, хууль эрхийн актыг монгол бичгээр хэвлэн нийтлэх арга хэмжээг Соёлын Яам, хууль зүйн яамтай хамтран системтэйгээр авч хэрэгжүүлэх

г. Багш нар, албан бус сургалтын үед багшлах иргэдийг аймаг, нийслэлийн боловсролын төв, багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн түр сургалтад хамруулж монгол бичгийн хичээл заах ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг 1996 оноос эхлэн авч хэрэгжүүлэх

д. Монгол бичгийн сургалтыг үлгэр жишээгээр зохион байгуулж, үр дүнд хүрсэн аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуй нэгж, байгууллага, багш, иргэнийг шалгаруулах, урамшуулах журмыг 1996 онд багтаан Сангийн Яамтай хамтран баталж ирэх оноос мөрдөж ажиллах

е. Монгол бичгээр хэвлэн нийтлэх албан бичиг, ном хэвлэлийн эхийг үндэсний стандартын дагуу бэлтгэх ажлыг хариуцах аж ахуйн нэгж, байгууллагыг тогтоож, тэдний үйл ажиллагааг уялдуулан зохицуулж байх

ж. Хэвлэлийн газар, холбогдох бусад байгууллагад ашиглаж байгаа компьютерийг монгол бичгийн программтай болгох асуудлыг төслийн журмаар 1996-1997 онд багтаан шийдвэрлэх

з. Монгол бичгийн сайхан бичих, хурдан болон таталган бичих зэрэг чиглэлээр оюутан, сурагчид, иргэдийн дунд олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах журмыг энэ оны гуравдугаар улиралд багтаан баталж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах

  1. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

а. 16-45 насны иргэдийн монгол бичгийн мэдлэгийн түвшин тогтоох ажлыг сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагад энэ оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулж, тэдний мэдлэгийн түвшнийг үндэслэн монгол бичгийн сургалтыг гуравдугаар сараас эхлүүлэх

б. Иргэдийг монгол бичигт сургах ажлыг албан бус сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж, энэ ажилд бүх шатны сургуулийн багш нар, монгол бичигтэн иргэд, оюутан сурагчдыг татан оролцуулж байх

в. Иргэдийг монгол бичигт сургаж байгаа байдал, суралцагчдын мэдлэгийн түвшнийг тогтоох үзлэгийг мал тооллогын ажилтай хамтруулан жил бүр зохион байгуулан зохих журмын дагуу тайлагнаж байх

г. Иргэдийг монгол бичигт сургах ажилд дайчлан ажиллуулсан багш, бичигтэн иргэдэд олгох цалин хөлсийг тухайн сум, дүүргийн төсөвт тусган, тэдэнд багшилсан цалин хөлсийг зохих хууль тогтоомж, журмын дагуу олгож байх

  1. Монгол бичгийн Үндэсний стандартыг 1996 онд багтаан батлан төрдүүлэх, арга хэмжээ авахыг Шинжлэх Ухаан Боловсролын Яам /С. Төмөр-Очир/, Улсын Стандартчилал, хэмжил зүйн төв /Ж. Бавуусүрэн/-д даалгаж байна.
  2. Хугацаат цэргийн албан хаагчдыг монгол бичигт сургаж унших, бичих чадвартай болгох, тэднийг цэргийн алба дуусах шалгалтад хамруулж, монгол бичигтэн болсон гэрчилгээ олгох арга хэмжээг 1996 оноос эхлэн Шинжлэх Ухаан Боловсролын Яамтай хамтран авч хэрэгжүүлэхийг Батлан хамгаалах яам /Ш. Жадамбаа/-нд үүрэг болгож байна.
  3. Иргэдийн монгол бичгийн мэдлэгийн түвшинтэй уялдсан сургалтын хөтөлбөрийг телевизийн байнгын нэвтрүүлэгт оруулах, хэвлэлд монгол бичгийн булан буй болгох арга хэмжээг 1996 оноос эхлэн авч хэрэгжүүлэхийг Радио телевизийн хэрэг эрхлэх газар /Ө. Энхтүвшин/, төр засгийн төв хэвлэлийн эрхлэгч нарт үүрэг болгож байна.

Монгол Улсын шадар сайд              Л. Энэбиш

Татах