Menu

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1995 оны 12 сарын 06-ны өдөр                 Дугаар 223              Улаанбаатар  хот

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын 1995 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн Газраас ТОГТООХ НЬ:

1.Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах комиссыг хавсралтад дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

2.Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах комисс, сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга нарт даалгах нь:

а. Яам, тусгай газар, аймаг, нийслэл, сум, дүүрэг, байгууллага, аж ахуй нэгж бүрд Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг 1995 оноос эхлэн төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авсугай.

б. Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийнхээ төсөвт тусгаж байсугай.

в. Оршин суугаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон ажил хөдөлмөр эрхэлдэг байгууллагынх нь шугамаар иргэдийг монгол бичигт сургах ажлыг 1996 оноос эхлэн тэдний монгол бичгийн мэдлэгийн түвшинтэй уялдуулан зохион байгуулсугай.

г. Төрийн байгууллагаас гаргасан шийдвэр, бусад баримт бичиг, зар сурталчилгаа, реклам чимэглэл зэргийг монгол бичгээр хэвлэн нийтлэх, хийх замаар монгол бичигт иргэдийг сургах орчныг бүрдүүлэх арга хэмжээг авч байсугай.

д. 16-45 насны иргэдийн монгол бичгийн мэдлэгийн түвшнийг тогтоох үзлэгийг үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, байдлыг шалгаж танилцах ажилтай хамт яам, тусгай газар, нийслэл, аймгуудад 1996 онд багтаан явуулсугай.

3.Дайчид цэргийн алба хаах хугацаанд нь монгол бичигт сургах ажлыг 1996 оноос эхлэн зохион байгуулахыг Батлан хамгаалах яам /Ш.Жадамбаа/, Хилийн цэргийг удирдах газар /П.Сүндэв/, Цагдаагийн Ерөнхий газар  /Б.Пүрэв/-т даалгасугай.

4.Монгол бичгээр хэвлэдэг сонин, хэвлэлийн тоог нэмэгдүүлэх, хэвлэлтийн чанарыг сайжруулах, бусад сонин, хэвлэлд монгол бичгийн нүүр, булан хавсралт гаргах, монгол бичгээр ном хэвлэх ажлыг өргөтгөх арга хэмжээ авахыг Соёлын яам /Н. Энхбаяр/-т даалгасугай.

5.Монгол бичгээр ном, сонин, сэтгүүл, сурах бичиг, гарын авлага хэлэхэд шаардагдах техник, технологийн нөхцөлийг бүрдүүлэх саналыг хөрөнгийн тооцооны хамт боловсруулж 1996 оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн Газарт оруулахыг Үндэсний хөгжлийн газар /Ч.Улаан/, Соёлын яам /Н.Энхбаяр/, Сангийн яам /Э.Бямбажав/-т даалгасугай.

6.Төв, орон нутгийн хэвлэх үйлдвэрүүдийг монгол бичгээр ном, сурах бичиг, сонин хэвлэх чиглэлээр шинэчлэн тоноглох, тэдгээрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хэвлэлийн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах арга хэмжээг 1996 оноос дэс дараатайгаар авч хэрэгжүүлэхийг Соёлын яам /С. Төмөр-Очир/-т даалгасугай.

7.Иргэдийг монгол бичигт үе шаттайгаар сургах хөтөлбөр, тэдэнд зориулсан ном, сурах бичиг, гарын авлага боловсруулан гаргах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр монгол бичгийн сургалтыг байнга явуулах, монгол бичгийн талаар сурталчлах арга хэмжээ авахыг Шинжлэх Ухаан Боловсролын яам /С. Төмөр-Очир/, Радио телевизийн хэрэг эрхлэх газар /Ө. Энхтүвшин/-т даалгасугай.

8.Шинжлэх Ухаан Боловсролын Яам /С. Төмөр-Очир/-нд даалгах нь;

а. Бүх шатны сургуулийн монгол бичгийн хичээлийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэн баталж, 1995-1996 оны хичээлийн жилээс мөрдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах арга хэмжээ авсугай.

б. Бүх шатны сургуулийн багш нарыг монгол бичигт үе шаттайгаар сургах ажлыг 1996 оноос эхлэн зохион байгуулсугай.

в. Оюутан, сурагчдад зориулсан уран зохиолын болон шинжлэх ухааны ном, монгол бичгээр нийтлэх ажлыг өргөтгөх, ерөнхий боловсролын сургуулийн монгол бичгээр сургавал зохих хичээлийн сурах бичиг, гарын авлагыг тогтоосон хэмжээнд нь хэвлүүлэх арга хэмжээ авч байсугай.

г. Монгол бичиг заадаг багш нарыг зохих журмын дагуу урамшуулж байхын зэрэгцээ тэднийг иргэдийг монгол бичигт сургах ажилд зохион байгуулалттайгаар татан оролцуулж байсугай.

9.монгол бичгийг стандартчилж тогтсон хэв, загвартай болгох асуудлыг шинжлэх ухаан, технологийн болон олон талын хамтын ажиллагааны төслийн хэлбэрээр 1997 онд багтаан боловсруулж шийдвэрлэхийг Үндэсний хөгжлийн газар /Ч. Улаан/ Шинжлэх Ухаан Боловсролын Яам /С. Төмөр-Очир/-нд даалгасугай.

10.Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиож байгаа ажлын явц, байдлыг улсын хэмжээнд нэгтгэн дүгнэж Засгийн Газарт хагас жил тутам танилцуулж байхыг Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах комисст даалгасугай.

11.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Бүх нийтээр монгол бичигт суралцах ажлыг зохион байгуулах тухай” БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 06 сарын 21-ний өдрийн 186 дугаар тогтоол, “Албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах ажлыг эрчимжүүлэх тухай” 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаар тогтоол, “Албан хэргийг монгол бичгээр хөтлөх бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн Газрын 1994 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 64  дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.

                Монгол Улсын ерөнхий сайд                                                   П. Жасрай

              Шинжлэх ухааны боловсролын сайд                                        С. Төмөр-Очир

 

Засгийн Газрын 1995 оны 223 дугаар тогтоолын хавсралт 

Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн

Комиссын дарга:   Шинжлэх Ухаан, Боловсролын Сайд

Гишүүд:                        - Соёлын сайд

                 - Гадаад харилцааны сайд

               - Хууль зүйн сайд

             - Батлан хамгаалахын сайд

           - Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга

         - Монголын Радио телевизийн хэрэг эрхлэх газрын дарга

       - Сангийн сайд

     - Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дэд захирал

    - “Засгийн  газрын мэдээ” сонины эрхлэгч

  - Улсын архивын хэрэг эрхлэх газрын дарга

- Шинжлэх Ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал

                     - “Монгол бичгийн төлөө” нийгэмлэгийн тэргүүн

                       - “Боловсролыг дэмжих сан” – гийн ерөнхийлөгч

                         - Монголын соёлын сангийн захирал

                           - Үндэсний монгол бичгийг сэргээх олон улсын сангийн даамал

Комиссын нарийн бичгийн дарга:

                                  -Засгийн Газрын референт

 

Татах