Menu

БНМАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1994 оны 07-р сарын 08           Дугаар 66                      Улаанбаатар хот

Улсын Бага Хурлын 1991 оны 36-р тогтоолын биелэлтийг хэлэлцсэн тухай

        Улсын Бага Хурлын 1991 оны 36-р тогтоолын биелэлтийн талаар Засгийн Газрын сонсголыг хэлэлцээд уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн Газар хангалтгүй зохион байгуулж, албан хэргийг Монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэл хангагдаагүйг тэмдэглэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

  1. Монгол Улсад албан хэргийг кирил монгол бичгээр үргэлжлүүлэн хөтөлж явуулсугай.
  2. 1994-1995 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг албан хэрэг хөтөлж байгаа бичгээр явуулахыг зүйтэй гэж үзсүгэй.
  3. Монгол бичгийн талаар сүүлийн гурван жилд хийсэн ажлыг цаашид үргэлжлүүлж, “Уйгаржин монгол бичгийн сургалтыг суурь боловсролын агуулгад багтаан зохион байгуулж, бүх нийтийг сургах, түүнийг үндэснийхөтөлбөр” боловсруулан батлуулахыг Засгийн Газарт даалгасугай.
  4. Холбогдох эрх зүйн актуудыг энэхүү тогтоолд нийцүүлэх арга хэмжээ авахыг

Засгийн Газарт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын байнгын хороонд тус тус даалгасугай. 

Дарга                           Н.Багабанди 

Ерөнхийлөгч хориг тавив

“Улсын Бага Хурлын 1991 оны 36 дугаар тогтоолын биелэлтийг хэлэлцсэн тухай ” Улсын Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар тогтоолд Монгол бичгийн талаарх төрийн бодлого тодорхой тусгагдсангүй гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат уг тогтоолд бүхэлд нь хориг тавилаа гэж Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

“Хүмүүн бичиг” сонин, 1994 оны 7-сарын 22-ны өдөр, дугаар 27(107)

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД 

“Улсын Бага Хурлын 1991 оны 36 дугаар тогтоолын биелэлтийг хэлэлцсэн тухай” Монгол Улсын Их Хурлын 1994 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар тогтоол нь бодит агуулгаараа Монгол Улсад албан хэргийг Монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэлийг бүх талаар хангах ажлыг орон даяар өрнүүлж хэрэгжүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын чиг хандлагаас ухрах, хүчийг саармагжуулахад хүргэсэн шийдвэр болжээ гэж үзэж байна.

 Монгол бичиг нь манай ард түмний мянган жилийн оюуны соёлын их өвийг, түүгээр ч зогсохгүй Энэтхэг, Төвд зэрэг дорно дахины эртний түүхт улс түмний оюуны соёлоос ч агуулан хадгалж, хойч үедээ уламжлан өвлүүлсэн монгол түмний уламжлалт соёл иргэншлийн нэгэн гол тэнхлэг мөн билээ.

            Монгол бичиг бол бас латин, грек, кирил, араб бичгүүдийн хамтаар, хүн төрөлхтний зохион хэрэглэж ирсэн авианы бичгийн нэг, энэ утгаараа хүн төрөлхтний соёлын сан хөмрөгт бидний өвөг дээдсийн оруулсан гайхамшигт хувь нэмэр, монголчууд бидний түүх, соёлын уламжлалт зүйл, оюуны өв мөн.

            Монгол бичиг монгол хэлний нутгийн олон аялгуунд адилхан хэрэглэгдэж чадсанаараа түүхэн олон зууны туршид монгол туургатны оюуны нэгдлийг хангаж ирсэн нэгэн гол хүчин зүйл,монгол түмэн үндэстнийхээ хувьд үндэстнийхээ хувьд туурга тусгаар тогтнох нэгэн гол баталгаа болж ирсэн юм.

            Энэ бүхнийг үндэслэн олон намын бүрэлдэхүүн бүхий манай анхны парламент, хүн төрөлхтний соёлын сан хөмрөгт монголчуудын оруулсан үнэт хувь нэмэр монгол бичиг нь монгол туургатны оюуны соёлын их өвийг агуулан тэмдэглэж, манай оронд үндэсний соёл боловсрол сэргэн мандах сайн цагийн аяст монгол бичгээ сурч хэрэглэх өргөн олны санаачлаг хөдөлгөөн өрнөж байгааг хөхиүлэн дэмжиж Монгол улсад албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэлийг хангах тухай тогтоол гаргасан билээ.

            Улсын Бага Хурлын тогтоолоор баталгаажсан төрийн энэ бодлогын залгамж чанарыг ханган Улсын Их Хурлын 1992 оны 10 дугаар сарын 8-нд баталсан “Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-т Монгол Улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлийн зорилтыг хэрэгжүүлэх талаар зоримог алхам хийлээ> гэж дүгнээд, энэ зоримог алхмын нэг нь “оюун санааны хүрээнд өөрчлөлт гарч, үндэсний ухамсарсэргэн, уламжлалт ёс, зан үйл, бичиг соёлоо хүндлэн дээдлэх боллоо” гэж онцлон тэмдэглэсэн юм. Ийм ч учраас монгол бичгийн бүх нийтийн сургалт зохион байгууламжийгЗасгийн Газрын үйл ажиллагааны нэгэн чиглэл болгож заасан билээ. Энэ бүхнээс үндэслэн бид Монгол Улсад албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах төрийн бодлогын чиг шугамыг хэлбэрэлтгүй барьж хэрэгжүүлэх учиртай.

            Улсын Их хурлын 1994 оны 66 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд “Монгол Улсад албан хэргийг кирил монгол бичгээр үргэлжлүүлэн хөтөлж явуулсугай” гэж заагаад, 1 дүгээр зүйлд холбогдох эрх зүйн актуудыг энэ тогтоолд нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн Газарт даалгасан нь үнэн чанартаа Монгол Улсад албан хэргийг кирил монгол бичгээр явуулах, үүнд нийцүүлэн Улсын Бага Хурлын 36 дугаар тогтоолыг хянан үзэх гэсэн агуулгатай болсон байна.

            Улсын Их Хурлын 1994 оны 66 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд “994-1995 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын албан хэрэг хөтөлж байгаа бичгээр явуулах нь зүйтэй гэж үзсүгэй” гэж заасан нь бодит агуулгаараа Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөр дэх “Монгол бичгийн бүх нийтийн сургалт зохион байгуулалт” гэсэн заалт болон Улсын Их Хурлын энэ тогтоолын 3 дугаар зүйлтэйгээ зөрчилдөж байна.

            Монгол Улсад албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах тухай төрийн бодлогод ухралт байх ёсгүй, харин ч энэ чиглэлээрх бүх ажлыг эрчимжүүлэхийн сацуу монгол бичгээ кирил бичгийн соёлтойгоо хэрхэн зүй зохистой хослуулан авч явах арга замыг л сайтар бодож боловсруулах учиртай гэж үзэж байна. Энэ талаар ямар нэгэн эргэлзээ төрүүлэх ёсгүй байтал Улсын Их Хурлын дээрх тогтоолд энэ зарчмыг тодорхой тусгасангүй.

            Улсын Бага Хурлын 1991 оны 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд багагүй зүйл хийсэн. Өнгөрсөн дөрвөн жилд нийт 260 мянга гаруй хүүхдийг монгол бичгээр хичээллүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар 1-4 дүгээр ангийн бүх хичээлийг монгол бичгээр явуулах сургалтын тогтолцоо бүрдсэн гэж Засгийн Газар дүгнэж байгааг бид анхааралдаа авах ёстой. Монгол бичгээрсэргээн хэрэглэх, төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах тухай шийдвэрийг дэлхийн олон улс ч талархан хүлээн авч, манай эдийн засгийн хүндрэлтэй энэ үед монгол бичгийн ном,сурах бичиг, толь бичиг хэвлэ, сургалт явуулах, монгол бичгийн компьютерт оруулах, цахим бичвэр бүтээх зэргээр дэмжинтусалж байна. Нэгдсэн Үндэсний Боловсрол, Шинжлэх ухаан, соёлын байгууллагаас тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна.

            Монгол Улсад албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бүх талын бэлтгэлийг хангахад чиглэсэн хөтөлбөр байх ёстой гэдэг үүднээс Улсын Их Хурлын 66 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг хянан үзэх хэрэгтэй байна.

            Албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах хугацааг ихээхэн бодитой тооцон шинээр тогтоож өгөх хэрэгтэй гэж үзэж байна. Эсхүл тодорхой хугацааг одооноостовлолгүйгээр “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр ”-ийн хэрэгжилтийн явцыг Улсын Их Хурал жил бүр танилцсаар бэлтгэл хангагдлаа гэж үзсэн үедээ зохих шийдвэрийг гаргахаар тооцсон ч болох юм гэж үзэж байна.

            Энэ бүхнийг үндэс болгон “Улсын Бага Хурлын 1991 оны 36 дугаар тогтоолын биелэлтийг хэлэлцсэн тухай” Улсын Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 66 дугаар тогтоолд бүхэлд нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьж байна.

            Улсын Их Хурлын 1994 оны 66 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байгаа болон “Орос үсэг дээр үндэслэсэн Монголын шинэ үсгийг батлах тухай ”Засгийн Газар, МАХН-ын Төв Хорооны 1941 оны5 дугаар сарын 9-ний өдрийн 25/27 дугаар тогтоол “хэвлэл ба улсын албан хэргийг шинэ үсгээр явуулах тухай” Засгийн Газар, МАХН-ын Төв Хорооны 1945 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 31/27 дугаар тогтоол, БНМАУ-ын Засгийн Газар, МАХН-ын Төв Хорооны 1990 оны 12 сарын 21-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор хүчингүй болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын 1994 оны 66 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг “Монгол Улсад албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах хүртэл кирил бичгээр үргэлжлүүлэн хөтөлж байсугай”; 2,3 дугаар зүйлийг нэгтгэн 2 дугаар зүйл болгож Монгол Улсын Засгийн Газарт даалгах нь:

а.ерөнхий боловсролын сургуульд кирил бичгийн сургалтыг зүй зохистой хослуулан заах арга хэмжээ авах

б.Монгол Улсад албан хэргийг Монгол бичгээр хөтлөн явуулах бүх талын бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх 4 дүгээр зүйлийг 3 дугаар зүйл болсон нь “Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Боловсрол шинжлэх ухаан, соёлын байнгын хороонд даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулах саналтай байна.

Хоригийг анхааралтай хянан хэлэлцэж зохих шийдвэр гаргаж өгөхийг хүсье.

Монгол Улсын ерөнхийлөгч                 П.Очирбат 

Ерөнхийлөгч дахин хориг тавив

Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурлын 1994 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 70-р тогтоолд дахин бүхэлд нь хориг тавьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын 7 дугаар сарын 8-ны өдрийн 66 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг хуульд заасан 72 цагийн хугацаа нэгэнт өнгөрсөн тул хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын Байнгын Хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулган 10 дугаар сарын 3-ны өдөр хэлэлцэн, ёсоор болгон баталсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын 70 дугаар тогтоолд бүхэлд нь дахин хориг тавьсан үндэслэлд заахдаа, Улсын Их Хурлын 70 дугаар тогтоолд нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэн, бүхэлд нь хориг тавьжээ.

Ерөнхийлөгчийн дахин тавьсан хоригт Улсын Их Хурлын Байнгын хорооны санал дүгнэлтэд “хуульд заасан хугацааг яаж тоолох асуудал хэлэлцэх санал оруулж байна” гэж заасныг дурдаад, 72 цаг гэсэн маргааныг дахин нухацтай авч хэлэлцэхийг санал болгожээ...

“Хүмүүн бичиг” сонины 1994 оны 10 дугаар сарын 38 (118) дахь дугаараас 

Татах