Menu

  БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛ БА МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН ТӨВ ХОРООНЫ 1945 ОНЫ 5 САРЫН 18-НЫ ӨДРИЙН ХАМТРАН ХУРАЛДСАН 31/27 ДУГААР ХУРЛЫН ТОГТООЛ

1945-05-18

БҮХ ХЭВЛЭЛ БА УЛСЫН АЛБАН ХЭРГИЙГ ШИНЭ ҮСГЭЭР ЯВУУЛАХ ТУХАЙ

Монгол Ардын Хувьсгалт Намын 10 дугаар их хурал ба улсын 8 дугаар их хурлын тогтоолыг биелүүлэх ба хуучин монгол үсгийг шинэ үсгээр халах нь маш ихээхэн дэвшилт бүхий хэрэг болохыг харгалзаж 1941 онд Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлөөс тус улсад орос үсгийг үндэс болгосон шинэ үсгийг хэрэглэхээр тогтжээ.

Манай орны хөдөлмөрчин ард түмэн нам засгийн энэхүү чухал арга хэмжээг ихэд сайшааж Төв Хороо, Засгийн Газрын шийдвэрийг халуунаар угтан шинэ үсэгт суралцах явдалд идэвхийлэн орсон билээ.

Гэвч шинэ үсэгт сурах ажил маш хангалтгүй явж ирсэн ба энэ хир шинэ үсэгт суралцсан хүмүүст тус улсын хүн амын дөнгөж 20 хувьд хүрчээ.

Манай орныг цаашид хөгжүүлэх хойшлуулшгүй зорилтуудын шаардлагыг харгалзан шинэ үсэгт сургах ажлыг хүчтэй болгох зорилтын үүднээс Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл ба Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооноос ТОГТООХ НЬ:

Нэг.Бүх хэвлэл ба улсын албан хэргийг 1946 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн шинэ үсгээр явуулсугай.

Үүнд: Бэлтгэхийн тулд доор дурдсан ажлуудыг гүйцэтгэвээс зохимой.

а) Үнэн сонин, Залуучуудын үнэн, Улаан Од сонины нэжгээд нүүрийг одооноос шинэ үгсгээр гаргах болгосугай.

б) Улсын 24 жилийн ойгоор ба түүнээс хойш Үнэн сониныг бүхлээр шинэ үсгээр гаргасугай.

в) Бусад сонин сэтгүүлүүдийг 1945 оны 10-р сарын нэгнээс эхлэн шинэ үсгээр гаргасугай.

Хоёр. 1945 онд нам улсын бүх идэвхтэн ба ажилчин албан хаагчдыг шинэ үсэгт гүйцэд сургахыг нам улсын хийгээд олон нийтийн бүх байгууллагуудад үүрэг болгосугай.

Энэ зорилтын үүднээс ажилчин албан хаагчид ба мөн өргөн ард түмний дотор шинэ үсэгт сургах ажлын талаар ухуулан таниулах зохион байгуулах ажлыг өргөн ба хүчтэйгээр зохиовоос зохимой.

Гурав.Улсын хэвлэлд даалгах нь:

а) 1945 оны зургаадугаарсарын нэгнээс эхлэн шинэ үсгийн хянагч, өрөгчийн түр курсийг байгуулсугай.

б) Шинэ үсэгт шилжин ороход чухал хэрэглэгдэхүүн матрец үсэг зэрэг хэвлэлийн хэрэглэлийг даруйхнаа захиалсугай.

в) Улсын Хэвлэлд шинжлэх ухаан ба түүхийн зохиол хэвлэхэд зориулж чухал хэрэглэгдэх хэмжээний хуучин монгол үсгийг үлдээсүгэй.

Дөрөв. 1946 оны хичээлийн жилд дунд ба техникумын бүх хичээлийг шинэ үсгээр явуулахыг Ардыг Гэгээрүүлэх Яаманд даалгасугай.

Тав.Урт эгшгийг зураасаар тэмдэглэхэд техникийн бэрхшээл бүхий тул давхар үсгээр тэмдэглэх болгосугай.

Зургаа.Долоодугаар сарын нэгэнд шинэ үсгийн товч бөгөөд хөнгөн маягийн грамматикийгболовсруулж шинэ үсгийн комисст оруулан батлуулахыг “Үнэн” сонины утга зохиолын нарийн бичгийн дарга нөхөр Рэнцэнд даалгасугай.

Ерөнхий сайд, улсын шалгарсан баатар маршал   Х.ЧОЙБАЛСАН

Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга  Ю.ЦЭДЭНБАЛ

Татах