Menu

АРДЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛ, МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН ТӨВ ХОРООНЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХАМТРАН ХУРАЛДСАН 1942 ОНЫ 9 САРЫН 3-НЫ ӨДРИЙН 40/63 ДУГААР ХУРЛЫН ТОГТООЛ 

1942-09-03

КАЗАХ АЙМАГТ ШИНЭ ҮСГИЙГ ТОГТООН ЯВУУЛАХ ТУХАЙ 

Монгол улсад Шинэ үсгийг нэвтрүүлэн хэрэглэж буй ба тус улсын дотор оршин суугаа бүх ард түмнүүд цаашдын соёл боловсролын хөгжил нь СССР-ийн ард түмнүүдийн нийгэм журмын баялаг соёл боловсролыг эзэмших замаар хөгжих бөгөөд энэ явдалд СССР-ийн үсэг бичгийг монголын ард түмнүүдээс мэдэх явдал ихээхэн ач холбогдолтой байна. Мөн нөгөөтээгүүр монгол улсын казах ардууд нь СССР-ийн казах улс лугаа нэгэн хэл бүхий бөгөөд хэрэв орос үсгийг хэрэглэвээс СССР-ийн Казах улсад орос үсгээр нийтэлж буй бэлхэн бичиг зохиолуудыг ашиглах явдал нь чухал ач холбогдолтой болох ба мөн энэ тухай Баян-Өлгий аймгийн ард түмний хүсэлтийг харгалзан Ардын Сайд нарын Зөвлөл ба Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

Нэг.Казах аймагт хэрэглэн буй латин үсгийн оронд шинэ орос үсгийг тогтоон явуулсугай.

Хоёр.СССР-ийн Казах улсад хэрэглэж буй орос үсгийг бүрэн хэрэглэж явуулсугай.

Гурав.Эдүүгээ хэрэглэн явуулж буй латин үсгийг судлах явдлыг зогсоож тус тогтоолын ёсоор шинэ үсгийг судлах явдлыг эхлэхийг Баян-Өлгий аймгийн казах түмэнд дурьдсугай.

Дөрөв.Тус улсын казах ард түмнийг шинэ орос үсгээр хэвлэсэн ном бичгүүдээр хангах арга хэмжээг нэн даруйхнаа авахыг Гэгээрүүлэх Яам ба Улсын хэвлэлд үүрэг болгосугай.

Тав.Сургуулиуд ба бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах бүлгмүүдэд заах казах багш нар ба хэвлэлийн ажилчид хийгээд аймгийн идэвхтэн нарт зориулсан түр күрсүүдийг 1942 оны 10 сарын 01-ний янар байгуулж шинэ үсгийг судлуулах ажлыг зохиохыг Ардыг Гэгээрүүлэх Яаманд үүрэг болгосугай.

Зургаа.Энэ тогтоолыг Баян-Өлгий аймгийн ард түмэнд тайлбарлан таниулахыг мөн аймгийн намын хороо, аймгийн яам, сумын захиргаа, намын үүрүүдэд үүрэг болгосугай.    

Ерөнхий сайд, улсын шалгарсан баатар маршал  Х.ЧОЙБАЛСАН 

Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга  Ю.ЦЭДЭНБАЛ

Татах