Menu

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН ТӨВ ХОРООНЫ УЛС ТӨРИЙН ТОВЧООНЫ ХУРЛЫН ТОГТООЛ 

1963 оны 6 дугаар сарын 21-ний өдөр        176           Улаанбаатар хот 

Шинжлэх ухааны академийн хэл, утга зохиолын хүрээлэнгийн ажлын тухай 

Хэл, утга зохиолын судлал бол тус оронд хөгжсөн шинжлэх ухааны чухал салбарын хувьд манай ард түмний соёлын хэмжээг дээшлүүлэх, шинэ нийгэм байгуулах, шинэ хүнийг хүмүүжүүлэх хэрэгт намын чухал зэвсэг мөн.

Иймд сүүлийн жилүүдэд намын их, бүгд хурлууд болон Намын Төв Хорооноос хэл, утга зохиолын судлалыг социализм байгуулах зорилттой нягт холбон хөгжүүлэхэд анхаарал тавьж, удаа дараа тодорхой заалт чиглэл өгч ирсэн юм.

Гэтэл тус улсын хэл, утга зохиолын судлалын ажлыг эрхлэн хийх, удирдан зохион байгуулах үүрэг хүлээсэн Шинжлэх Ухааны Академийн Хэл, утга зохиолын хүрээлэн намаас тавьсан үүрэг зорилтыг маш хангалтгүй биелүүлж эрдэм шинжилгээний ажлыг онол практикийн чухал асуудлуудад чиглүүлж чадаагүй байна.

Хэл, утга зохиолын хүрээлэнгийн ажил орчин үеийн зорилтоос хөндийрөн холдсонд түүний гол дутагдал оршино.

Орчин цагийн монгол хэлний бүрэн зүй, орос-монгол толь, монгол хэлний тайлбар толь зэрэг хойшлуулшгүй чухал томоохон бүтээлүүдийг туурвин гаргах талаар зохих анхаарал, хүчин чармайлт тавиагүйгээс эдгээр ажил хугацаандаа биелэгдэхгүй, нэг төлөвлөгөөнөөс нөгөөд шилжин олон жилээр сунжирч иржээ.

Түүнчлэн хувьсгалын өмнөх ба дараах үеийн утга зохиолын түүх бичих ажил тасарч, сургуулиудад үзэх монголын утга зохиолын сурах бичиг зохиох ажил хөндөгдөөгүй байна.

Хэл, утга зохиолын шинжлэл судалгааны өмнө амьдралаар тавигдсан гол чухал асуудал шийдвэрлэгдэхгүй байгаа нь сүүлийн жилүүдэд тус хүрээлэн ганц талыг барьж, хуучин үеийн бичгийн ба утга зохиолын дурсгалт зүйлийг судлах, хэвлэн нийтлэхэд эрдэм шинжилгээний ажилтны гол хүчийг хандуулсантай холбоотой юм.

Үүний хамт зөвхөн эрдэм шинжилгээний холбогдол бүхий зохиолыг нийтэд зориулан олон хувиар хэвлэж, ихээхэн хүч хөрөнгийг зарцуулжээ.

Хэл, утга зохиолын хүрээлэнгийн ажлын бас нэг ноцтой дутагдал бол бичгийн ба утга зохиолын өв уламжлалд марксист байр сууринаас намч ёсоор хандах зарчмыг сулруулснаас зарим нийтлүүлгийн дотор хувьсгалын өмнөх монголын ноёрхогч ангийн эрх ашгийг илэрхийлсэн шашны суртал нэвт шингэсэн зохиол ч цөөнгүй орсон байна. Эдгээр зүйл нь намаас хөдөлмөрчдийг хүмүүжүүлэх талаар хийж байгаа ажилд тус хүргэхгүй, харин хор хүргэж болох нь илэрхий юм.

Хэл, утга зохиолын хүрээлэн нэр томьёоны талаар сүүлийн үед нэлээд зүйлийг хийж байгаа боловч төрөл бүрийн шинжлэх ухааны нэр томьёо, ялангуяа физик, хими, анагаах ухааны зэрэг тодорхой шинжлэх ухааны нэр томьёо бүрийг заавал орчуулахыг оролдох, нэгэнт ойлгогдохгүй болж хуучирсан үг, унжирсан томьёог албаар хэрэглэхийг хичээх зэргээр нэр томьёо тогтоох шинжлэх ухааны зарчимд үл нийцэх өрөөсгөл талыг баримтлах хандлага зонхилж иржээ.

Энэ нь орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололтыг манай хүмүүст эзэмшүүлэх, олон шатны сургуулиудад хичээл заахад тус дөхөм болж чадахгүй, харин зарим талаар нэмэгдэл бэрхшээл учруулж байна.

Хэл, утга зохиолын хүрээлэнгийн ажилд оршиж байгаа энэ дутагдлууд нь юуны урьд түүний захирал н. Дамдинсүрэн, тус хүрээлэнгийн ажлыг буруу удирдаж ирсэнтэй холбоотой юм.

н. Дамдинсүрэн бичгийн ба утга зохиолын дурсгалт зүйлийг судлах, нийтлэх, нэр томьёо тогтоох зэрэг асуудал дээр намын шугамд үл нийцэх байр сууринаас хандсан байна.

Эрдэм шинжилгээ, уран бүтээлийн ажилтны зарим хурал зөвлөгөөн дээр н. Дамдинсүрэн марксизм-ленинизмд харш үндсэрхэх үзлийг хөхүүлэн дэмжсэн үг хэлж байсан нь үзэл суртлын талаарх түүний гуйвалтыг харуулсан юм.

н. Дамдинсүрэн хэл, утга зохиолын хүрээлэнгийн дотор эрдэм шинжилгээний ажлын намч зарчимч шүүмжлэл, өөрийн шүүмжлэлийг үнэн хэрэг дээр хаалттай байлгаснаас гадна, шинжилгээний ажлыг тус хүрээлэнгээр хязгаарлаж, дээд, дунд сургууль болон бусад газар ажиллаж байгаа хэл, утга зохиолын мэргэжилтнийг хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилд оролцуулах, тэдний санал зөвлөгөөнийг авах талаар маш хашин хойрго ажиллаж иржээ.

н. Дамдинсүрэн хэл, утга зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтны мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, тэдэнд тусалж, ажил дээр нь сургахыг үл ойшоосноор барахгүй, тус хүрээлэнгийн зарим ажилтан ба дээд сургуулийн зохих төгсөлтөөс шилжүүлэх гэсэн хүмүүсийг гадуурхан үзэх байдлыг ч гаргажээ.

Хэл, утга зохиолын хүрээлэнгийн ажлыг сайжруулах асуудлыг хэлэлцэхэд н. Дамдинсүрэн дутагдлаа намч ёсоор хүлээхийн оронд бүрхэгдүүлэхийг оролдож, эрдэм шинжилгээний ажлыг цаашид зөв удирдах чадваргүйгээ илт үзүүллээ.

Шинжлэх Ухааны Академийн удирдлага, түүний дэргэдэх намын байгууллага хэл, утга зохиолын хүрээлэнгийн ажилд оршиж байгаа дутагдлыг илчлэн арилгах шийдвэртэй арга хэмжээ аваагүй, эрдэм шинжилгээний ажил дээр зарчимт шаардлага тавиагүй, тус хүрээлэнгийн ажлыг орчин үеийн чухал сэдэвт чиглүүлэн тодорхой удирдаагүй байна.

 

МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооноос ТОГТООХ НЬ: 

1. Хэл, утга зохиолын хүрээлэнгийн ажилд оршиж байгаа ноцтой дутагдлуудыг арилгаж, тус хүрээлэнгийн нийт ажлыг дор дурдсан үндсэн дээр эрс өөрчлөн сайжруулахыг Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч н. Ширэндэвт даалгасугай. Үүнд:

а/ Хэл, утга зохиолын хүрээлэнгийн үндсэн зорилт нь социалист байгуулалтын үйл хэрэгт нэн тэргүүний ач холбогдолтой хэл, утга зохиолын гол гол асуудлыг судлан боловсруулахад оршино гэсэн МАХН-ын заалтыг хэрэгжүүлэн биелүүлэх явдал мөн.

Орчин цагийн монгол хэлний бүрэн зүй зохиох, шинэ үсгийн дүрмийг сайжруулах, монгол хэлний тайлбар толь, орос-монгол толь, орчин үеийн монголын утга зохиолын түүхийг зохиох зэрэг хойшлуулшгүй шийдвэрлэвэл зохих асуудлыг судлан боловсруулж, хэл, утга зохиолын талаар сургуулиудын үзэх сурах бичгүүд, нийтэд зориулсан шинжлэх ухааны хялбарчилсан ном, товхимол гаргахад хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтны гол хүч, хэвлэн нийтлэх зүйлийн зонхилох хэсгийг зориулж, энэ талаарх эрдэм шинжилгээний ажлын чанар, үр бүтээлийг дээшлүүлсүгэй.

б/ Хуучны үеийн бичгийн ба утга зохиолын дурсгалт зүйлийг цаашид судлах ажилд шинжлэх ухааны судалгааны марксист арга барилыг нэвтрүүлэн, зохиол бүрийн ангийн чанарыг намч зарчмын үүднээс сайтар нягтлан үзэх явдлыг хатуу журамласугай.

в/ Хэл, утга зохиолын судлалд марксист-ленинист байр сууринаас шүүмжлэл, маргааныг өрнүүлэхийн хамт эрдэм шинжилгээний бүтээл бүр дээр шүүмж бичүүлж, зарим шаардлагатайг нь сонин хэвлэлд нийтэлж байсугай.

г/ Хэл, утга зохиолын хүрээлэнгээс хийх эрдэм шинжилгээний ажилд дээд, дунд сургуулиуд болон бусад байгууллагад ажиллаж байгаа хэл бичиг, утга зохиолын мэргэжлийн хүмүүсийг өргөнөөр оролцуулж, тэдний санал, зөвлөгөөнийг байнга авч байсугай.

2. Шинжлэх Ухааны Академи ба дээд, дунд сургуулиудын хэл бичиг, утга зохиолын мэргэжлийн дадлага, туршлагатай багш, эрдэмтдийг оролцуулан орчин цагийн монгол хэлний бүрэн зүй зохиох хэсгийг байгуулж, уул хэлний зүйг 1965 оны дотор зохион гаргах арга хэмжээ авахыг Шинжлэх Ухааны Академи /н. Ширэндэв/, Дээд ба Тусгай мэргэжлийн Дунд Боловсролын Хороо /н. Пунцагноровт/ үүрэг болгосугай.

3. МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1962 оны 5 дугаар сарын 30-ны 205 дугаар тогтоолоор байгуулагдсан шинэ үсгийн дүрмийг сайжруулан боловсруулах комиссыг татан буулгаж, үсгийн дүрмийг сайжруулах ажлыг Шинжлэх Ухааны Академийн хэл, утга зохиолын хүрээлэнгээс шууд эрхлэн 1964 онд багтаан хийж дуусгахаар тогтоосугай.

4. Улсын нэр томьёоны комиссоос нэр томьёо тогтоохдоо дэлхийн тэргүүний шинжлэх ухаан, соёл техникийг манай хүмүүсийн эзэмшихэд хялбар болгох, сурагч, оюутнуудад гүн бат эрдэм мэдлэг олгоход дөхөм болгох, төрөлх хэлээ баяжуулан хөгжүүлэх зарчмыг баримтлахын хамт нэгэнт батлагдсан нэр томьёог хэрэглэж байгаа байдалд байнга судалгаа хийж, олон нийтийн саналыг үндэслэн засаж сайжруулж байвал зохино.

5. Энэ тогтоолын 4 дүгээр зүйлд заасныг үндэслэн Улсын Нэр Томьёоны Комиссын дүрэмд зохих өөрчлөлт, нэмэлт оруулж бүрэлдэхүүнийг нь хянаж үзэхийг Сайд нарын Зөвлөлд үүрэг болгосугай.

6. Хэл, утга зохиолын хүрээлэнгийн ажлыг намаас тавьж байгаа шаардлагын ёсоор удирдан зохион байгуулж чадаагүй учир н. Дамдинсүрэнг хэл, утга зохиолын хүрээлэнгийн захирлын үүрэгт ажлаас халсугай.

Тогтоолд заасан ноцтой алдаа, дутагдлаа ажил дээр засаж харуулахыг н. Дамдинсүрэнгээс шаардсугай.

7. Эрдэм шинжилгээний ажилтны улс төрийн мэдлэг хатуужил, мэргэжил дадлагыг өндөржүүлж, Академийн нийт эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны судалгааны марксист арга барилыг гүнзгий нэвтрүүлж, эрдэм шинжилгээний ажилтан ба тэдний бүтээлд тавих намч шаардлага, хяналтыг эрс дээшлүүлэхийг Шинжлэх Ухааны Академийн тэргүүлэгчдийн газар, Академийн дэргэдэх намын хороонд даалгасугай.                 

Татах