Menu

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН ТӨВ ХОРОО, БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ 

Улсын нэр томьёоны комиссын ажлын талаар авах зарим аргахэмжээний тухай

МАХНамын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс ТОГТООХ НЬ:

1.Улсын нэр томьёоны комиссын дүрмийг баталсугай. /Дүрмийг хавсаргав/.

2.Бүх яам, тусгай газар ба олон нийтийн байгууллагын сайд, дарга нарт даалгах нь:

а/ улсын нэр томьёоны комиссоор батлагдсан нэр томьёог нэг мөр болгон дагаж мөрдөж байсугай;

б/ өөрийн системийн хэмжээгээр тогтоолгох буюу өөрчлөх нэр томьёог тусгай комисс байгуулан боловсруулж, коллеги, зөвлөлийнхөө хурлаар хэлэлцүүлэн, улмаар Улсын нэр томьёоны комисст оруулан шийдвэрлүүлж байсугай;

в/ улсын нэр томьёоны комисст шаардагдах мэргэжлийн хүмүүсийг уг комиссын хүсэлтийн дагуу түр хугацаагаар саадгүй гарган өгч байсугай.

3.Улсын нэр томьёоны комиссын ажлын шаардлагыг харгалзан, энэ оны 5-р сарын 1-нээс эхлэн, гадаад хэлний бичээчийн орон тоо нэгийг бий болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан, Сайд нарын Зөвлөлийн 1958 оны 181 дүгээр тогтоолын 1, 2-р зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

МАХНамын Төв Хороо, БНМАУ-ын Сайд

нарын Зөвлөлийн 1964 оны 125/221 дүгээр

тогтоолоор батлав.

 

УЛСЫН НЭР ТОМЬЁОНЫ КОМИССЫН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл 

1. Улсын нэр томьёоны комисс нь тус улсын дотор дагаж мөрдөх бүх нэр томьёог эрдэм шинжилгээний үндэстэйгээр боловсруулан баталж, түүнийг нийтээр журамлуулах ажлыг эрхлэх улсын байгууллага мөн.

2. Улсын нэр томьёоны комисс нь БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийн дэргэд байгуулагдана.

3. Улсын нэр томьёоны комисс нь дарга, нарийн бичгийн дарга болон 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэднийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс батална.

4. Улсын нэр томьёоны комиссын бүх ажлыг тус комиссын дарга удирдаж, түүний өдөр тутмын ажлыг комиссын нарийн бичгийн дарга эрхэлнэ.

5. Тус комисс нь тогтоогдсон журмын дагуу хийгдсэн тэмдэг, бичгийн нүүр хэрэглэнэ.

Хоёр. Улсын нэр томьёоны комиссын үүрэг 

6. Улсын нэр томьёоны комисс нь дор дурдсан үүргийг улсын өмнө хариуцаж биелүүлнэ:

а/ нэр томьёо тогтоохдоо манай ажилчин, нэгдэлчин, сэхээтнүүдэд орчин цагийн шинжлэх ухаан, соёл, техникийн ололт амжилтыг эзэмшихэд хялбар дөхөм болгох, дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг нэр томьёогоор эх хэлээ баяжуулах зарчмыг хатуу баримтлан, судлал шинжилгээний тодорхой үндэслэлтэйгээр нарийвчлан боловсруулна;

б/ тус комиссоос тогтоосон нэр томьёо улс нийгмийн хөгжлийн шаардлага, хэрэгцээтэй хэрхэн зохицож байгааг байнга судалж, зайлшгүй шаардагдах өөрчлөлтийг цаг тухайд нь хийж байна;

в/ нэр томьёо тогтоож байгаа ажлынхаа туршлагыг тогтмол судлан дүгнэж, нэр томьёо тогтоох тухайн онолыг цаашид боловсруулна;

г/ нэр томьёо тогтоох ажил мэргэжлийн хүмүүсийн санал авах ба нэр томьёоны асуудлыг нарийвчлан боловсруулах, нэгэнт тогтоосон нэр томьёог цаашид хэрэгжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний олон нийтийн зөвлөгөөнийг хийлгэж байна;

Гурав. Улсын нэр томьёоны комиссын эрх 

7. Улсын нэр томьёоны комисс нь энэ дүрмийн хоёрдугаар бүлэгт дурдсан үүргээ биелүүлэхийн тулд дор дурдсан эрхийг эдэлнэ:

а/ тус улсын доторх бүх албан байгууллагатай өөрийн үүрэгт ажлын талаар шууд харилцан ажиллана;

б/ өөрсдийн ажилд мэргэжлийн хувиар шаардагдах хүмүүсийг холбогдох албан газар, байгууллагатай нь харилцан тохиролцсоны үндсэн дээр түр татан авч ажиллуулна;

в/ БНМАУ-ын дотор дагаж мөрдөж байгаа хууль, дүрэмд тохируулан, нэр томьёо тогтоох аргачилсан заавар, зөвлөгөөг холбогдох газар, хүмүүст өгч гүйцэтгүүлнэ;

г/ улсын нэр томьёоны комиссоос батлагдсан нэр томьёог хэрхэн дагаж мөрдөж байгааг улс, олон нийтийн байгууллага дээр шалган зааварлаж байхаас гадна, тус комиссоос батлагдсан нэр томьёог буруугаар хэрэглэж, зөрчсөн байвал түүнийг хүчингүй болгож байна;

д/ улсын нэр томьёоны комисс нь хэлэлцсэн асуудлынхаа талаар комиссын гишүүдийн ердийн олонхын саналыг үндэслэн тогтоол гаргаж байна;

е/ шинээр тогтоосон нэр томьёог улс даяар дагаж мөрдүүлж байх зорилгоор улирал тутам нэр томьёоны мэдээлэл хэвлүүлэн гаргаж байна.

Татах