Menu

Ш.Чоймаа: Монгол хэл нь эртний, дэлхийн том хэлний нэг

Ш.Чоймаа: Монгол хэл нь эртний, дэлхийн том хэлний нэг

Монголын үндэсний телевизээр монгол бичгээ эх орон даяар зааж, түм буман шавьтай болсон Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Чоймаа гуайтай уулзаж ярилцлаа. Тэрбээр оюуны их өргөөнд 30 гаруй жил багшилж яваа номч мэргэн хүн билээ.

 

-Төв Азийн цээжинд орших, төрт ёсны 2500 гаруй жилийн түүхтэй Монгол Улсын иргэн болж төрнө гэдэг хэн хүнд заяахгүй ховор тохиол санагддаг. Таныхаар монгол хүн байхын утга учир юунд орших вэ?
-Би монгол хүн гэж цээжээ дэлдээд, хоосон хөөрөөд байхын нэр биш ээ. Цаад зах нь сая жилийн тэртээ өвөг дээдэс маань нутаглаж, хүн төрөлхтний өлгий хөрст газарт аж төрж ирсэн Монгол хэмээх агуу үндэстний үр сад, хожим хойчис гэдгээ бие, хэл, сэтгэлээрээ мэдэрч, буурал түүхийн мананд төөрч мөхөөгүй босоо заяат хувь тавилангаа зөвөөр ухаарах хэрэгтэй. Мөн даяаршил хэмээх өнөө цагийн давалгаанд хөл алдалгүй, Монголоороо бахархаж явахын учир юм. Юун түрүүнд өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван цагийн орчилд Монголынхоо түүх, соёл, шашин шүтлэг, ёс заншил, хэл аялгуу,үсэг бичиг, судар шастираа эзэн шиг эзэмшиж, ирээдүй хойчоо бэлтгэж явах нь монгол хүн байхын эрхэм учир. Ер нь хүн байх, монгол хүн байх, хүн төрөлхтний нэг нь байх гэдэг бүхэлдээ үүрэг хариуцлага юм шүү дээ. Монгол хүн байхын үүрэг хариуцлагыг ухаарч сэхээрсэн хүнд “Монголоо алдмар” гэдэг хараал хүрэхгүй. Монгол хүн байхын утга учрыг мэддэг хүн өнөө маргаашийн ашиг хонжоог харж эх орноо худалдахгүй. Бүр наад захын ганц жишээ хэлэхэд, Монголоо гэсэн бага ч атугай сэтгэлтэй хүн хортой спиртээр архи нэрж, цөөхөн хэдэн монголоо хордуулан байж, баяжих гэж явахгүй. Тэгэхээр монгол хүн байна гэдэг Монгол хэмээх агуу үндэстний нэрийг, Эзэн богд Чингис хааны алдрыг худалдаж идэхийн нэр биш. Харин өргөж өндийлгөж, дуурсгаж алдаршуулж явахын л нэр. Энэ бүхний үндэс нь монгол хүн бүрийн сэтгэлд шингэсэн үндэсний үзэл, үндэсний мэдрэмж юм.
-Манай ард түмэн оюун ухааныг эрхэмлэн дээдэлдэг. Ухаантай, сайн хүн болохыг үр хойчдоо захиж сургадаг. Өвөг дээдсийн маань өвлүүлсэн тэр их ухаан өнөөгийн бидэнд үгүйлэгдээд байх шиг?
-Ухаанаар доторлосон, тэнэгээр гадарласан өвөг дээдсийн маань холч хараа, гүн ухааны талаар яаж ярьж барах билээ. Ганцхан жишээ хэлэхэд:
“Ажлын сайнаар амьдрал дээшилнэ.
Бэлчээрийн сайнаар мал таргална.”
“Ажил хөдөлмөр нь аз жаргалын баруун гар
Арвич хямгач нь аз жаргалын зүүн гар”
“Амьдралыг ажлаар, амжилтыг чармайлтаар” гэхчилэн амьдрахын үндэс нь ажил хөдөлмөр болохыг өвөг дээдэс маань зааж сургаж ирсэн. “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг үзэл бодлыг үнэн зам мөрөө болгосон хүнд хоосон ярьж, хов хөөцөлдөх зав байдаггүй. Нэгэн нэрт бичгийн хүн “Ядуурал бол залхуурлын шан мөн” гэсэн нь бий. Өнөөдөр ард иргэдээс эхлээд төрийн түшээд хүртэл “ядуурлыг бууруулах” гэдэг амны уншлагатай болжээ. Миний бодлоор “ядуурлыг бууруулах” гэхийн оронд “залхуурлыг арилгах” талаар л бодож сэдмээр байна. Гурав хүрэхгүй сая хүнтэй, 30 гаруй сая малтай, ийм уудам нутагтай ард түмэн ядуу дорой байгаад олон зүйлийн шалтаг шалтгаан бий. Гэхдээ залхуугийн гай, амар хялбараар тарган тансаг амьдрахыг боддогийн уршиг их юм. Монгол хүн бүр ажил хөдөлмөрийг голж шилэхгүй, хуурмаггүй үнэнчээр хийж чадвал ядуугийн зовлон үгүй болно. Хуурмаггүй үнэнч гэж тодотгосныг минь онцлоорой. Бас нэг зүйлийг зайлшгүй хэлмээр санагдана. Сархадаас самуун, архинаас аюул гэдгийг эгэл жирийн иргэнээс эрхэм төрийн түшээд хүртэл үнэн мөнөөр нь ухаарах нь чухаг. Архи хэмээх аюулт хорыг идээний дээж хэмээн өргөмжилж, хүүхэд багачууд, охид эмэгтэйчүүд хүртэл ууж, олон гай зовлон тарьж байгааг цэглэх цаг болжээ. Энэ байдал хэвээр үргэлжилбэл монгол үндэстнийг мөхөлд хөтлөх нь байна шүү.
-Таны аавыг их номтой лам хүн байсан гэж сонссон?
-Би настай хүний хэнз хүү юм даа. Аав минь одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил сумун хүн. Усан зүйлийн хүрээнд найман настайдаа шавилан сууж, Эрдэнэ хамбаар арван жил ном заалгаад Да хүрээнд ирсэн юм гэнэ билээ. Гандантэгчинлэн хийдийн Дашчоймбол дацанд Чойрын ном үзэж байгаад Богдын хүрээнд гамингууд орж ирж, цаг үймэхэд нутагтаа очоод хагас жил болж. Дараа нь өвгөн лам Наваантай хамт холыг зорьсон гэдэг. Гүмбэм, Лавран, Лхасад ном үзсэнээр рамжамбын цол зэрэг хүртээд 1943 онд нутагтаа эргэн ирсэн юм. Номтой лам нарыг хэлмэгдүүлээд хэдэн жил өнгөрч байсан ч аавыг аймгийн төвд суулган байцааж, хэсэг саатуулсны дараа сулласан түүх бий. Аль ч утгаар хэлсэн аав минь буддын гүн ухаанд мэргэшсэн хүн байж дээ. Аав минь номыг туйлд нь хүртэл сур, хичээ, номыг сууж сурдаг гэж л захидаг байлаа.
-“Хүний мөсөөр хөлийн чигчий шиг” гэж үг бий. Нээрээ ч сүүлийн үед монгол хүний мөс чанар муудаад, энэ үгийг хэлмээр үетэй олон таарах болж?
-Сайн үйлийг бүтээж, хүмүүн заяа тэгш явах эсэхийг чиний сэтгэл мэднэ. Сэтгэл зөв байна гэдэг чиний сэтгэлээр жолоодуулсан бүх үйл үйлдэл арван цагааны мөрт багтана гэсэн үг. Бидний өвөг дээдэс сайн сайхан өгөөмөр сэтгэлийг магтан сайшаасан аман зохиолоор дамжуулж хүүхэд багачуудад балчир цагаас нь тийм сэтгэлийг төлөвшүүлж ирсэн. Залуус маань заяасан тавиландаа эзэн нь болж, зөв замаар амьдралаа залах хэрэгтэй. Монголчууд хүний мөс, жудгаар нөгөө дуурайгаад байдаг өндөр соёлт орныхноос хол илүү юм шүү дээ. Залуучууд маань өвөг дээдсийнхээ хүнлэг ариун зан чанар, энэрэн элбэрэх тахимдуу ёс, ах захаа чин сэтгэлээсээ хүндэлдэг бичигдээгүй хууль зэргийг нэгэн биедээ өвлөж, түүгээрээ бахархаж явах учиртай. Тийм ёсыг мэддэггүй хүнийг монголчууд маань “хүний үнэргүй амьтан” гэдэг. Хүний үнэргүй гэдэг маань хүн биш болно л гэсэн үг шүү дээ.
-“Дэлхийн дулаарал ба цаг агаарын өөрчлөлтийн тулгамдсан асуудал” сэдвээр болсон теле хурал дээр Их гэгээрэгч Чин хай багшаас асуулт тавьж байсан. Дэлхий халж буйд хүн төрөлхтөний буруу их гэдэгтэй санал нийлдэг үү?
-Тийм ээ. Дэлхийн дулаарал байгаль ертөнцийн өөрийнх нь зүй тогтол, жам ёсоор болж байгаа үзэгдэл биш. Хүн төрөлхтний буруугаас үүссэн нь тодорхой. Тэрхүү буруу үйлдэл нь хүний сэтгэлийн гэмээс үүдэлтэй. Сэтгэл буруудваас үйл бурууддаг. Бүр тодотговол хүний сэтгэлд ассан шуналын гал дэлхийг дулааруулж байна даа. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд нүүрлээд буй санхүү, эдийн засгийн хямрал ч улам баяжихын төлөө хэт их ашиг олз хөөцөлдөж, хэт их үйлдвэрлэсний хар гай бус уу. Бас л шуналын галаас шалтгаалжээ. Иймээс хүн төрөлхтний дийлэнх хэсгийн сэтгэлийн шуналыг өнөөгийн нөхцөлд яаж хязгаарлаж номхотгох вэ гэж асуусан юм. Хариулт нь сайн сонсогдоогүй ээ /Инээв/.
-Аливаа улс үндэстний оршин тогтох тулгуур нь эх хэл байдаг. “Чихэнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл”-ний маань түүхэн хөгжил, өнөөгийн төвшин ямар байна вэ. Зарим эрдэмтэн судлаачид монгол хэл мөхөх нь гэсэн эмзэглэлтэй явдаг юм билээ?
-Монгол хэл маань гарал үүслээрээ Алтай овгийн хэлэнд багтах бөгөөд үүнд түрэг, манж түнгүс, солонгос, япон хэлийг хамааруулдаг. Хэв шинжийн хувьд залгамал хэлэнд багтана. Тийм учраас нугархай хэв шинжтэй орос, англи, франц зэрэг энэтхэг-европын, тусгайлиг хэв шинжтэй хятад, бирм зэрэг хэлнээс өвөрмөц ялгаатай юм.Монгол үгийн бүтцийг авч үзвэл, угийн язгуурын араас дагавар, нөхцөлүүд угсран ордог. Өөрөөр хэлбэл, тухайн үгийн үндсийн өмнө нь угтвар, дундуур нь ямар нэгэн оруулбар орохгүй гэсэн үг. Монгол хэл нь түүхэн хөгжлийн явцад өвөг, эртний, дундад, орчин үе гэсэн дөрвөн үе шатыг дамжин туулсан хэмээн эрдэмтэн судлаачид үздэг. Харьцангуй цөөн хүн одоо ярьж байгаагаар нь монгол хэлээ дорд үзэх санаа байж болохгүй. Монгол хэл нь эртний, дэлхийн том хэлний нэг. Цагтаа монгол хэл одоогийн англи хэл шиг нөлөөтэй байж олон орныхон сурч эзэмшиж, монгол бичгээр нь харилцаж байсан түүхтэй юм.
-Босоо бичгээ монголчууд мартаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Залуустаа монгол бичгийн түүхэн хөгжлийн талаар ярьж өгвөл сонин байх?
-Монгол туургатны маань бичиг соёлын ноён оргил, хэдэн зуун жилийн түүхийн улаач болсон оюуны гайхамшигт өв аваас монгол бичиг юм. Өдгөөгөөс 800 гаруй жилийн тэртээ алдар суут Чингис хаан бээр монгол бичгийг Их Монгол Улсын төрийн бичиг болгож, “Мөнх тэнгэрийн хүчинд, Их Монгол Улсын далай хааны зарлиг. Эл, булха иргэнд хүрвээс биширтүгэй, айтугай” хэмээсэн эзэнт гүрний, их хааны сүр хүчийг илтгэсэн хасбуу тамга барьж, Улсын заргач Шихихутагаар найруулан бичүүлсэн “Их засаг” хэмээх хууль цаазаа цагаан цааснаа буулгаж, хөх дэвтэрт дэвтэрлэж, “үеийн үед бүү егүүтгэтүгэй” хэмээн зарлигласан байдаг.
-Монгол бичгийг соёлын гайхамшигт өв гэдэг?
-Тийм ээ. Хүн төрөлхтний бичгийн соёлыг гадаад далайд цутгадаг их мөрөн хэмээвээс түүний ширгэшгүй ундарга, тасаршгүй цутгалын нэг нь болох монгол бичгийг монголчуудын оюуны соёлын гайхамшигт өв гэдгийг дараахи хэдэн үндэслэлээр нотолж болно. Аливаа соёлт үндэстэн үсэг бичгийн шинэ тугдам тогтолцоог боловсруулан буй болгохдоо тухайн цаг үеийнхээ ярианы хэлэнд шүтэн дулдуйдаж, түүгээр тулгуур үндэс хийдэг жамтай. Үүний нэгэн адил, монгол бичиг анх үүссэн цаг үеийнхээ амьд хэл аялгууг шууд тусган тэмдэглэсэн нь тодорхой юм.
XIII зуунаас уламжлан ирсэн монгол бичгийн дурсгалын хэл нь нэгэн цаг үед хамаатах дөрвөлжин үсэг болон хятад, араб перс үсгээр тэмдэглэсэн дундад үеийн монгол хэлний баримт хэрэглэгдэхүүнээс ихээхэн зөрөөтэй. Түүнээс хол өмнөх онцлог шинжийг илтгэдэг. Хэлний хувьсал өөрчлөлт гэдэг тийм богинохон буюу хэдэн арван жилийн дотор явагддаггүй, харьцангуй урт удаан хугацаа шаарддаг түүхэн үзэгдэл билээ. Энэ бүгдийг харгалзан үзсэний үндсэнд гарсан “монгол бичгийн эх үүдэл нь даруй 1000 жилээс наашгүй” гэдэг дүгнэлт нь баталгаа нотолгоо, баримт хэрэглэгдэхүүнээр улам баяжиж, эдүгээ нэгэнт эргэлзээгүй болжээ.
Өнөөдөр манай улсад кирил үсгийг бүх нийтээр хэрэглэж байгаа ч төрийн тэргүүн, Ерөнхий сайдаас эхлээд бүх яамны сайд нарын батламж тамгыг монгол бичгээр үйлдсэн нь үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх үзэл төрт ёсны хүрээнд гүн бат хадгалагдаж буйн тод илрэл гэж болно. Түүнчлэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн анхны эхийн монгол бичгийн хөрвүүлэг, “Монголын Нууц Товчоон”-ы XIII зууны үеийн монгол бичгийн барын тиг хэлбэрээр буулгаж, есөн эрдэнээр бүтээсэн эхийг төрийн санд нандигнан хадгалж байгаа.
Сүүлийн үед, манай ард түмэн өргөмжлөл хүндэтгэл, бэлэг дурсгал, хувийн тамга дардсын зүйлээ монгол бичгээр үйлдэхийг илүү эрмэлзэх болсон нь уг чанартаа  их соёлоо дээдлэх үзлийн нэгэн илрэл юм. Монгол бичиг нь хамаг монгол туургатны хэл аялгууг хамтатган тэмдэглэж, хэдэн зуун жилийн түүхийн түүчээ, судар шастирын цоморлигийг улираан уламжлуулсан монголчууд бидний эх хэл, эв нэгдэл, эрдэм мэдлэг, тусгаар тогтнол, төрт ёсны эрхэм нандин гэрч, хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт өв мөн билээ.
-Их дээд, дунд сургуулиудын монгол бичгийн хичээлийн сургалт ямар төвшинд байна. Монгол бичгийн сургалт бүх нийтийн шинж чанартай болж чадаагүйг цаашид хэрхэн залруулах ёстой вэ?
-Дунд сургуульд монгол бичгийг гуравдугаар ангиас зааж байгаа. Сургалтын чанар бүрэн сайн гэж үнэндээ хэлж чадахгүй. Энэ нь нэг талаас монгол бичгийн хичээлийн цаг хэтэрхий бага. Нөгөө талаас зааж буй багш нарын идэвх зүтгэл сул байгаатай холбоотой. Их дээд сургуульд монгол бичгийг зааж байгаа ч жигд биш. Ер нь төрийн бодлогоо хэрэгжүүлэх доод шатны хүмүүс үгүйсгээд байдаг нь манайхны нэг сул тал л даа.  2008 оны тавдугаар сарын 28-нд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр” -ийг Монгол Улсын Засгийн газраас баталсан. Энэ хөтөлбөр 2006-2015 онд хэрэгжих юм. Хөтөлбөрийн хүрээнд монгол бичгийн сургалтад ахиц гарна. Ер нь монгол хүн л юм бол үндэснийхээ бичгийг сур гэж шаардуулахгүйгээр эзэмших ёстой шүү дээ. Ялангуяа сэхээтэн хүний хувьд үндэснийхээ бичиг үсгийг мэдэхгүй, нэрээ ч тавьж чадахгүй явна гэдэг тун шившигтэй хэрэг дээ.
-Өнөө үед шинжлэх ухаан, техникийн хөгжлийг дагаад гадаад үг хэллэг нэлээд орж ирж байна. Тиймээс залуучууд монгол бичгийг бус латин үсгийг хэрэглэдэг болжээ. Энэ хэр зөв зам бэ?

-Яахав, хөгжлөө дагаад гадаад үг хэллэг орж ирэх нь зүйн хэрэг. Харин эх хэлний дотоод зүй тогтлоор шинэ үг бүтээх боломж байсаар атал харь үгийг зээлдэн хэрэглэх нь аливаа хэлний дархлаанд сөрөг хандлагатай зүйл. Ер нь орчуулах боломжтой үгсийг эх хэлээрээ буулгадаг ёс соёлт үндэстэн бүрт байдаг шүү дээ. Бас нэг зүйлийг анхааруулахад тухайн үгийг бүрэн орлож чадах монгол бичгийн хэлний өдий төдий үг байдаг боловч түүнийгээ мэдэхгүйн харгайгаас хэрэглэхгүй юм даа. Мэдэх ч ёстой хэрэглэх ч ёстой. Залуус латин үсгээр захиа бичиж харьцаж байгаа нь тохиолдлын зүйл. Түүнээс латин үсгийн хэрэгцээг заавал шаардаж буй хэрэг биш. Монгол бичгийн олон улсын код батлагдаж түүнд нийцсэн компьютерээр бичих хэд хэдэн программ бий. Бас хөрвүүлэх программ хийж байгаа. Ер нь энэ талын ажил эрчимтэй үргэлжилж байна.
-Даяаршлын зуунд аливаа улсын тусгаар тогтнолын баталгаа нь шашин соёл, хэл гэж эх орончид үздэг юм билээ. Цөөхөн монголчуудын хувьд хэл соёлоо хэрхэн хамгаалж үлдэх талаар эрдэмтэн хүний үгийг сонсмоор байна?
-Даяаршил гэдэг үгийг даган баясах зүйл биш. Харин болгоомжлох олон зүйл бий. Ер нь хүн төрөлхтөн бүхий л зүйлээрээ даяаршина гэвэл дэндүү өрөөсгөл болно биз дээ. Бид хэлээ мартаж, соёлоо үгүйсгэвэл хэн болох вэ. Хэл соёлоо хамгаална гэдэг хэдхэн мэргэжлийн хүмүүст хамаатай зүйл биш. Гадаад хэлийг сурч, гадаадын соёлоос суралцалгүй яахав. Гагцхүү эх хэл, түүх соёлоо үгүйсгэнэ гэдэг туурга тусгаар улсын иргэнд байж боломгүй. Эх хэлээ сайн эзэмшиж, их соёлоороо бахархан суралцана гэдэг эх орноо хайрлаж, тусгаар тогтнолоо хамгаалахад иргэн хүний оруулж буй хувь нэмэр юм шүү. Өнөө цагт эх орныхоо чулуу бүрийг, эх хэлнийхээ үг бүрийг “нүдлэн хамгаалах” цаг ирснийг монгол хүн бүр чин сэтгэлээсээ ухаараасай гэж хүсье.
Б.Анхцэцэг

Дээш