Menu

Ц. Өнөрбаян: Монгол хэл дархлаажсан учир мөхөх аюул хол

Ц. Өнөрбаян: Монгол хэл дархлаажсан учир мөхөх аюул хол

МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн захирал, доктор, профессор Ц.Өнөрбаянтай ярилцлаа.

 

-Монгол хэл мөхлөө, харийн хэл соёлын нөлөө хэт их болж байна гэсэн хандлага нийгэмд бий. Үүнийг мэргэжлийн хүний хувьд та юу гэж үзэж байна вэ?

-Хүн төрөлхтний нийгмийн харилцааны хамгийн чухал хэрэглүүр бол хэл. Эрдэмтдийн тооцоолсноор одоо дэлхий дээр 3000 орчим бие даасан хэл байна. Нийгмийн хөгжлийн явцад хэл мөхөх, хэрэглэгчгүй болох нь байнгын үзэгдэл. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, хэрэглэгчдийн тоо, бичиг үсгээр баталгаажсан эсэх, гадны хүчин зүйлийн нөлөө хэр туссан гэх мэт. Тодорхой ярьвал XX зууны эхэнд 6000 орчим хэл байсан гэж судлаачид үздэг. Гэтэл XXI зуун гарахад дээрх хэлний тал хувь нь мөхсөн байна. Монгол хэл нь дэлхийн олон хэлтэй харьцуулбал хэрэглэгч харьцангуй цөөнтэй хэлний нэг юм. Өнөөдөр дэлхий дээр арван сая орчим монгол угсаатан бий гэдэг.

Ц.Өнөрбаян: Зөв оновчтой харь үг, нэр томьёог авснаар хэл мөхөх гол шалтгаан болохгүй. Харин эх хэлээ тээгчийн тоог олон болгох л чухал.

Тэдний зургаан сая орчим нь монгол хэлээр ярьж байна гэсэн тооцоо байдаг. Уг нь 10 саяулаа монголоороо ярьж байвал сайнсан. Ер нь монгол хэл нь цөөн хэрэглэгчтэй ч дархлаа сайтай хэл юм. Үүссэнээсээ хойш гурван цагийн хэлхээнд хэрэглэгч нь тасраагүй, нэн эртнээс бичгийн хэлээр дархлаажсан хэлний нэг юм. Ийм хэл мөхөх аюулаас хол байдаг. Өөрөөр хэлбэл аман ба бичгийн хэлтэй, олон аялгуу, аман аялгууны өнгө төрхтэй, бүтэц байгуулал нь дэлхийн олон хэлний дундын шинжтэй учраас гадны нөлөөнд амархан өртөхгүй. Ийм ч учраас монгол хэл нь гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр амархан мөхөх хэл биш юм. Хамгийн гол нь монгол хэлийг тээгч буюу хэрэглэгчийн тоог олон болгох л чухал. Энэ бүхнээс үзвэл монгол хэл мөхлөө, харийн хэл, соёлын нөлөөнд автсан байна гэж хэт туйлширч дүгнэж болохгүй. Гэвч эх хэлээ хайрлах хамгаалах, ариун дагшин байлгах талаар цаг ямагт анхаарч байх хэрэгтэй.

-Гэхдээ харийн хэл, соёл нэвтэрч байгааг та үгүйсгэхгүй биз дээ?

-Хэл хөдлөнгө зүйл шүү дээ. Байнгын хөгжил, хөдөлгөөнд байдаг. Нийгмийн хөгжлийн явцад хэлний өөрийнх нь өнгө төрхөд нөлөөлдөг хүчин зүйлүүд бий. Зөвхөн монгол хэлэнд ч биш. 1990-ээд оноос хойш Монголын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын гадаад харилцаа өргөжсөнөөс харийн хэл, соёлын нөлөө ихэссэн. Ялангуяа Энэтхэг-европын хэлнүүд тухайлбал, англи хэлний үг хэллэг утга зохиолын хэлний найруулгад өргөнөөр нэвтрэх болсон байна. Ер нь харь хэлний нөлөө голдуу үгийн сангийн төвшинд тусдаг. Үүнээс шалтгаалж хэл мөхөх нь ховор. Харин бүтэц байгуулалд нь нөлөөлбөл тухайн хэлний дархлаа сулардаг аюултай. Өнөөдөр гадаад хэлний нөлөөнөөс монгол хэлийг мөхөх төвшинд хүрсэн байна гэж би үздэггүй. Харь хэлний үг хэллэг нь үгсийн санг баяжуулах нэг арга зам болдог. Гэхдээ сүүлийн үед харь хэлний үг хэллэг авах хэм хэмжээ зөрчигдөж байгаа тохиолдол яриа, бичгийн хэлэнд их түгээмэл болсон байна.

-Ийм тохиолдол олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд их байна гэх хүмүүс байдаг. Бид эх хэлээ зөв хэрэглэж сурахын тулд юуг анхаарах ёстой вэ?

-Хэлний хэрэглээнд хэм хэмжээ гэж байдаг. Хэвлэл мэдээллийн хэл найруулга бол утга зохиолын хэлний найруулгын хэм хэмжээний толь байх ёстой. Тиймээс хэвлэл мэдээллийн хэл найруулгад хүмүүс ихээхэн анхаарал тавьдаг. Манай сэтгүүлчдийн хэлний боловсрол сайжирч байгаа. Хэл ярианы боловсрол муутай сэтгүүлч байгааг үгүйсгэж байгаа юм биш. Сонин хэвлэлд харь үг хэллэг хэрэглэхдээ тодорхой хэм хэмжээг баримтлах ёстой. Ер нь харь хэлний үггүй хэл гэж байхгүй. Монгол хэлэнд харь ойлголтыг илэрхийлэх үг хэллэг байхгүй бол авч болно. Олон улсын нэр томьёог аль ч хэлэнд авдаг жишиг байдаг. Харь хэлний үгийг монголжуулж авахаас гадна монгол үгээрээ илэрхийлж авдаг жишгийг голлон баримтлах ёстой. Зөв оновчтой харь үг, нэр томьёог авснаар хэл мөхөх гол шалтгаан болохгүй. Харин эх хэлээ тээгчийн тоог олон болгох л чухал. Бас хэлний дархлааг хадгалдаг хүчин зүйлүүдийг ариун дагшин байлгах хэрэгтэй.

-Танай сургуульд ирээдүйн монгол хэлтнүүдийг бэлтгэх залуус ирдэг. Тэдний монгол хэлний боловсролын төвшин ямар байна вэ?

-Манай сургууль монгол хэл, уран зохиолын багш бэлтгээд 60 гаруй жил болж байна. Эх хэлний боловсролын төвшин янз бүр. Арван жилийн сургууль төгсөөд ирж байгаа хүүхдүүдийн боловсролын төвшинг бүрэн дунд боловсролын стандартаар бид үнэлдэг. Тэдэнд дээд боловсролтой хүний эзэмших ёстой мэдлэг, чадвар дутмаг байдаг. Хүүхдүүд төвшин, төвшиндөө л тохирсон боловсролтой ирдэг. Тэдний дотор алдаатай бичдэг, ярьдаг стандартын төвшнээс доогуур мэдлэг чадвартай хүүхэд ч бий. Зөвхөн үүгээр эх хэлний сургалтын нэр хүндийг үнэлж болохгүй. Монголын өнцөг булан бүрт сэтгэл зүрхээрээ ажиллаж байгаа монгол хэлний багш нарын ачаар л бидний хойч үе эх хэлээ эзэмшиж байгаа. Алдаа дутагдал байгааг үгүйсгэхгүй. Эх хэлний сургалтыг сайжруулахын тулд бид байнга анхаарч байна. Эх хэлний боловсролыг насан туршдаа эзэмшдэг гэдгийг бид бодох ёстой. Тиймээс арван жил төгссөн сурагчдаас ярих, бичих, унших, сонсох өндөр төвшний мэдлэг, чадвар шаардаж болохгүй.

-Кирил монгол бичгээр алдаатай бичдэг тохиолдол олон байна. Үүний цаашид нэг мөр болгох арга зам бий юу?

-Бид кирил монгол бичгийг хэрэглээд 70 гаруй жил болж байна. 1990-ээд оноос өмнө зөв бичих чадварт их анхаардаг байсан бол сүүлийн 20 гаруй жилд үүнд тавих шаардлага, анхаарал суларсан. Үүнээс болоод зөв бичгийн дүрмийн алдаатай бичих тохиолдол сонин хэвлэл, ном зохиолд түгээмэл болсон байна. Энэ нь олон шалтгаантай. Кирил бичгийн зөв бичих дүрмийг улам боловсронгуй болгох шаардлага ч бий. Зөв бичих дүрмийг журамласан толь гаргаж эрхзүйн хувьд баталгаажуулаад бүх нийтээрээ мөрдвөл эх хэлний бичгийн боловсролд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ талаар төр засгаас анхаарч, тодорхой арга хэмжээ авч байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд сургалт, судалгааны байгууллага, мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.

-Та 40 гаруй жил монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэн бэлтгэсэн, эх хэлнийхээ төлөө хийсэн бүтээсэн үйлстэй хүн. Сүүлийн үед ямар бүтээлтэй байна вэ?

-Багш бэлтгэх гэдэг чинь том бүтээл шүү дээ. 42 жилийн турш монгол хэл, уран зохиолын багш бэлтгэлээ. Мөн бүх шатны сургуулийн монгол хэлний боловсролын агуулга, арга зүй боловсронгуй болгох, түүнийг хэрэгжүүлэх талаар биечлэн оролцож ирсэн. Ерөнхий боловсролын дунд сургуулийн монгол хэлний 20 шахам сурах бичиг, гарын авлага, зөвлөмж зохиож, сургалтад хэрэглэж байна. Ер нь монгол хэлний сургалтын чанар, үр өгөөжид нөлөөлсөн хүний нэг л гэж үздэг. Буруу зөрүү, дутуу дулимаг зүйл байвал хуваалцахад бэлэн байна.

Дээш