Menu

Ш.Шиотани: Би монгол зүйр цэцэн үгээр хичээлээ эхэлж, бас өндөрлөдөг

Ш.Шиотани: Би монгол зүйр цэцэн үгээр хичээлээ эхэлж, бас өндөрлөдөг

1980 оны намар Монгол, Япон улсын соёлын солилцоогоор МУИС-д суралцахаар нэгэн япон оюутан манай улсад анх хөл тавьжээ. Тухайн үед хоёр улс хонь, чоно шиг харилцаатай байсан учир 20 настай гадаад оюутныг тагнуулч хэмээн хардаж сэрдэх хүн бишгүй л байж.

 

Гэвч тэрбээр монгол хэлийг шантралгүй сурч, шимтэн судалсаар өнөөдөртэй золгосон байна. Тэр бол Японы Осакагийн их сургуулийн хэл, соёл судлалын салбарын профессор, монголч эрдэмтэн Шиотани Шигэки. Тэрбээр одоо сургуулийнхаа оюутнуудад монгол хэл зааж буй. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Яагаад монгол хэл, соёлыг судлах болсноор тань ярилцлагаа эхлэх үү?

-Япон хүүхдүүд бага сургуулиа төгсөөд гадаад хэл үздэг. Дунд, ахлах сургуульдаа англи хэл сураад их сургуульд орвол Дорно дахины хэл заавал үзнэ гэж би боддог байв. Дорно дахины хэл, соёл гэхээр миний толгойд буусан нь XIII зууны Чингис хаан. Тэгээд Чингис хааны нутгийн хэл, соёлыг судалж үзэх юмсан гэж бодсон. Тэр үед Монгол Улсын талаар ямар ч мэдээлэлгүй байсан ч 1978 онд Осакагийн Гадаад хэлний сургуулийн монгол хэлний ангид орсон.

Тухайн үед зочин багшаар Сүрэнгийн Мөөмөө гэж профессор Монголоос ирсэн байж таарсан нь аз тохиол гэж боддог. Намайг тус сургуульд сурахаас өмнө монгол хэлний ангид ямар ч багш байгаагүй. Дайны үед бол өвөрмонгол багш нар хичээл зааж байсан юм гэнэ лээ. Монголд Ардын хувьсгал ялсан үе буюу 1921 онд Осакагийн их сургуульд монгол хэлний анги нээгдсэн нь сайхан санагддаг.

1980 онд буюу гуравдугаар ангийн оюутан байхдаа Монгол, Японы соёлын солилцоогоор МУИС-ийн монгол хэлний ангид суралцсан. Тухайн үед Япон капиталист, Монгол социалист орон байсан учраас хонь, чоно шиг харилцаатай байв. Тиймээс монголчууд намайг тагнуулч гэж харддаг байлаа.

Сургууль дээр хичээлийн тухай ярихаас биш, найзалж нөхөрлөж болохгүй, гудамжинд ангийнхантайгаа тааралдаад мэндлэхээс цаашгүй, дотно харилцаа үүсгэж чаддаггүй байв. Намайг гадаад хүн гээд ганцааранг маань байлгадаггүй, нэг хүн үргэлж дагадаг байсан. ЭСЯ-ны дипломат хүнтэй уулзахаар миний араас заавал хүн дагаж ирнэ. Гэсэн ч тэр үед монгол хэл сурах зорилгоо биелүүлж, монгол хэлний багшаар ажиллаад 21 жил болж байна.

-Хэн нэгэн байнга дагаж, тагнаж чагнах нь амаргүй байх. Таны биед халдаж байв уу?

-Би 20 настайдаа Монголд ирсэн учраас их гэнэн байжээ. Тиймээс дарамт гэж боддоггүй байлаа. Хэн нэгэнтэй найзалж нөхөрлөхийг зөвшөөрдөггүй байсан ч бие минь халдаж байгаагүй. Монгол хүнтэй хамт кино үзэх, ресторанд хоол идэхээр маргааш нь Дотоод яамнаас нөгөө хүнийг маань дуудан, шалгаж байцаадаг байсан гэнэ лээ.

-Монгол хэл сурахад шантрах үе байсан уу?

-Ойлгоход тун хэцүү, хэл зүй нь амаргүй санагдсан. Монголчуудыг уянгалуулан ярихад нь одоо ч бүрэн дүүрэн ойлгоход бэрх. Тиймээс монгол хэлний дуудлага их чухал санагдсан. Гээгдэх эгшгийн дүрэм бас амаргүй шүү.

-Тэгвэл монгол хүн япон хэл сурахад юуг анхаарах хэрэгтэй бол?

-Япон хэл хирагана, катакана, ханз гэсэн гурван төрлийн үсэгтэй. Японоос гаралтайг нь үгээ хирагана, гадаадаас гаралтайг нь катакана үсгээр тэмдэглэдэг бол ханзыг ихэвчлэн үг бичихэд хэрэглэдэг. Эдгээр гурван үсгийг нэг дор хэрэглэнэ гэдэг монгол хүнд хэцүү санагдах байх. Бичгийн болон ярианы хэлний ялгаа тун амаргүй болов уу.

Монгол хүүхэд танай “Өнөөдөр” сонины эдийн засаг, улс төрийн тухай нийтлэлийг уншаад хэр ойлгох бол. Япон хүүхэд ч мөн ялгаагүй. Бичгийн хэлэнд тусгай нэр томъёо гэж бий. Үүнийг ойлгохгүйгээр сонин уншина гэж байхгүй. Ханз мэдэхгүй тохиолдолд япон сонин уншиж чадахгүй гэсэн үг. Хирагана, катакана нийлсэн 100 үсэг, 1945 ханз цээжлэхгүй бол өдөр тутмын амьдралдаа хэрэглэж чадахгүй. Цаашлаад мэргэжлийн хэллэгт үүнээс олон ханз мэдэх шаардлагатай болдог. Япон хүн хүртэл ямар ханзаар бичих билээ гэж бодох тохиолдол гардаг шүү.

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм амаргүй гэж та хэллээ. Хамгийн их гаргадаг алдаа юу байв?

-Өөрөө сурах, өрөөлд заах гэдэг хоёр өөр зүйл юм. Жишээлбэл, монгол хэлэнд тогтворгүй “н” гэж бий. Орчин цагийн монгол хэл найман тийн ялгалтай. Тогтворгүй “н” нь харьяалах, өгөх орших, гарах гэсэн гурван тийн ялгалд гарахаас биш, бусдад нь гардаггүй гэсэн дүрэмтэй. Жишээ нь, шүдний, шүдэнд, шүднээс гэхэд тогтворгүй “н” гарч байна.

Гэтэл бас энэ дүрмийг дагахгүй тохиолдол олон. Уул гэхэд ууланд гарсан, уулнаас буусан гэж таарч буй ч уулын хормой гэхэд “уулны” гэхгүй “уулын” гэж бичдэг. Үүнийг тайлбарлахад тун хэцүү. Сум гэдэг үгийг нум сум гэдэг утгаар бичих бол сумны, сумнаас, суманд гэж хувиргаж байхад, аймаг сумын сум гэхэд сумын төв, сумаас ирсэн гэхэд “н” гарч ирэхгүй гэж үздэг. Харь үг бол бүр будлиантай. Жишээ нь, реклам гэдэг орос үг байна.

“Энэ таны рекламны орон зай” гэсэн самбар байхад, зарим нь “Рекламын ертөнц” гэж бичдэг. Үнэндээ учрыг нь олохгүй байна.

-Таны хэлсэнчлэн аль нь зөв бэ гэдэгт эргэлзэх тохиолдол цөөнгүй гардаг. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Буруу ярьж, зөв ойлгодог гэдэг. Гэхдээ бичихдээ цэгцтэй, зөв бичгийн нэг л дүрэм баримталсан нь дээр. Нэг үгийг олон янзаар бичээд байвал гадаад хүн сурахад хэцүү шүү дээ. Монгол хэлний эрдэмтэд зөв бичгийн дүрмийг нэг тийш болгох хэрэгтэй.

-Та “Тал нутгийн үлгэрүүд”, “Эрхий мэргэн ба долоон нар” зэрэг хэд хэдэн үлгэрийн ном орчуулсан юм билээ. Харин одоо өвөрмөц хэлцийн толь бичиг туурвиж байна. Өвөрмөц хэлцийн утгыг ойлгож, түүнийг төрөлх хэлээрээ тайлбарлахад бэрхшээл гарч байна уу?

-ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн багштай хамтран, 10 гаруй жилийн өмнөөс өвөрмөц хэлцийн толь бичиг зохиож байгаа. Одоогоор 600 гаруй хуудас бичсэн ч дуусаагүй байна. Энэ толио монгол хэл сурах хүсэлтэй япон оюутнуудад зориулсан учраас эхлээд өвөрмөц хэлцээ монголоор бичээд түүнтэй ойролцоо, утга дүйх япон өвөрмөц хэлц, байхгүй тохиолдолд тайлбар жишээ бичиж байна.

Мөн англи хэлээр ижил утгатай өвөрмөц хэлц, түүнийг хэрэглэсэн монгол жишээ, япон орчуулгатай нь оруулж байгаа. Монгол, япон үгийн толь бичиг олон ч зүйр цэцэн үг, өвөрмөц хэлцийнх тун ховор. Өвөрмөц хэлцийн талаарх судалгаа хоцрогдсон байдаг юм билээ. Монгол өвөрмөц хэлцийг гадаад хүн орчуулахдаа үг бүрийг нь толь бичгээс хараад мэдэж болох ч утгыг нь бүрэн ойлгож чадахгүй. Заавал монгол хүнээс асууж байж бүрэн ойлгодог.

Зүйр цэцэн үг ч мөн ялгаагүй. Би 200 зүйр цэцэн үгтэй “Монгол хэлний зүйр цэцэн үгийн товч тайлбар толь”, 100 зүйр үг бүхий “Монгол, япон зүйр цэцэн үгийн харьцуулсан толь” гэсэн хоёр ном бичсэн. Осакагийн их сургуулийнхаа оюутнуудад хичээл орохдоо эхний 10-15 минутад монгол зүйр цэцэн үг заадаг. Мөн зүйр цэцэн үгээр хичээлээ төгсгөдөг. Хэл зүйн дүрмийг нь заахын зэрэгцээ Монголын соёлыг таниулахыг хичээдэг.

-Танд цээжлэх, ойлгоход хамгийн хэцүү болон хялбар нь ямар зүйр цэцэн үг байсан бэ?

-“Идээ эзнээ таньдаггүй, ирэг сүүлээ таньдаггүй” гэсэн зүйр цэцэн үг ойлгоход хамгийн хэцүү санагдсан. Эхний мөрний утга чухал гэдгийг дараа нь ойлгосон. “Идээ эзнээ таньдаггүй” гэдгийг япон болон англиар үгчлэн орчуулж болох ч ойлгуулахад хэцүү. Жишээ нь, “Танайд зочин айлчилж, танд бэлэг өглөө. Өгөнгүүт нь задлаад “Идээ эзнээ таньдаггүй шүү, та идээрэй” гэх тохиолдолд л энэ зүйр үгийг хэрэглэдэг. Харин япон хэлэнд ийм зүйр үг байхгүй.

Тийм заншил ч байхгүй. Японд бол зочин гаднаас бэлэг авчирч өгөхөд “юу юм бол” гэж бодсон ч тэр дор нь задалж болохгүй. “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим”, “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Санаж явбал бүтдэг, сажилж явбал хүрдэг” гэсэн гурван зүйр цэцэн үг надад хамгийн их таалагддаг. Тиймээс хичээлийнхээ төгсөлд эдгээрийг хэлэх дуртай.

-Монголчууд өдөр тутмын амьдралдаа байнга зүйр үг хэлдэг. Өвөрмөц хэлц, зүйр цэцэн үгээр үр хүүхдээ хүмүүжүүлж, өөрсдийн санаа бодлоо илэрхийлж ирсэн уламжлалтай ард түмэн. Харин япончууд үр хүүхдэдээ зүйр цэцэн үг, сургаал хэр айлддаг вэ?

-Газар, тэнгэр шиг ялгаатай. Би япон оюутнуудад “Монголчууд өглөөг зүйр цэцэн үгээр эхэлж, оройг зүйр цэцэн үгээр төгсгөдөг. Энэ бол монголчуудын амьдрал” гэж хэлдэг юм. “Эрт босвол нэгийг сонсоно, орой унтвал нэгийг үзнэ” гэж та бүхэн хэлдэг шүү дээ. “Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч” гэх зэргээр хулгай хийж, худлаа ярьж, залхуурч болохгүй гэж сургадаг. Олон үг хэлэлгүй, нэг л зүйр үгээр санаагаа илэрхийлдэг гайхалтай ард түмэн. Бас нэг жишээ хэлье.

Монгол хүн “Чи яагаад инээгээд байна” гэж шууд асуудаггүй. “Инээснийг асуу, уйлсныг бүү асуу” гэж хэлдэг нь миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн. Ил, цагаан бус зүйр цэцэн үгээр тойруу маягаар асуудаг нь сайхан санагддаг. Япон ардын зүйр үгүүд байдаг ч амьдралд хэрэглэх нь тун ховор. Хурим, баяр ёслолын үеэр л өндөр албан тушаалтай хүн уран тодоор хэлэхээс биш, өдөр тутмын амьдралдаа хэрэглэхгүй.

Тиймээс заавал номноос уншиж, цээжлэх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, япон зүйр үг амаар бус бичгээр дамжиж ирсэн учраас түгээмэл хэрэглэдэггүй юм. Сүүлийн үед монгол хэлний зүйр цэцэн үгийн тайлбар толь нэлээд гарах болж. Одоогийн хүүхдүүд өдөр тутамдаа зүйр цэцэн үг хэрэглэх нь цөөрч байгаа юм болов уу гэж бодсон. Зүйр цэцэн үгс, өвөрмөц хэлцээ мартуулалгүй, өвлүүлж үлдээх нь их чухал.

-Танаас өмнө ийм толь бичиг зохиосон япон хүн байхгүй юм билээ. Таныг хэл шинжлэлээс илүү ардын аман зохиол судлаач гэж харахаар байна. Үүнтэй санал нийлэх үү?

-Тийм ээ. Би хэл шинжлэлийн чиглэлээр хэдэн жил ажилласан ч энэ нь жирийн иргэдийн амьдралаас хол санагдсан учраас өөрийгөө ардын аман зохиол судалдаг гэж хүмүүст хэлдэг. Гэхдээ өвөрмөц хэлц бол ардын аман зохиол ч биш. Хэл, уран зохиолын дундын чанартай гэж үзэж байгаа. Тухайн орны хэл, соёл, амьдрал ахуй зэргийг мэдэхгүйгээр өвөрмөц хэлцийн толь зохиох боломжгүй. Тиймээс би жирийн иргэдийн амьдрал дунд орж, олон гайхалтай зүйл сурсан.

-Чингис хааны хэл, соёлыг сурч мэдэхийг хүссэн гэж та ярилцлагын эхэнд хэлсэн. Монгол хэлийг хүссэн хэмжээндээ сурсан гэж боддог уу?

-Би хоёр жил хоёр сар гаруй хугацаанд монгол хүнтэй хамт амьдарч байсан учраас халхаар ярьж байна. Хэл шинжлэлийн талаас хоёр зүйлийг гол болгож судалсан. Үг зүй, үгсийн сан. Ингэж судлахад уйгаржин бичиг, Дундад зууны монгол хэлний мэдлэг хэрэгтэй болсон. Монгол төрөл хэлийг би 10 хэлнээс бүрэлдсэн гэж үздэг. Үүний нэг нь монгол хэл.

Ийм мэдлэг байхгүйгээр хэлний цуваа цаг буюу түүхийн талаасаа яаж хувирч ирснийг судалж чадахгүй. XIII зууны монгол хэл ямар байсныг “Монголын нууц товчоо”-ноос мэдэж болно. Эгшгийн хувьд ч гэсэн баруун монгол аялганд ойр байсан байх. Монгол төрөл хэлээр ярьдаг хүн дэлхий дээр 7.3 сая байгаагийн 5.9 сая нь орчин цагийн монгол хэлээр ярьдаг. Афганистанд могул хэл гэж бий. Монгол төрөл 10 хэлний зургаа нь ямар ч зурлагагүй, зөвхөн ярианд хэрэглэгддэг.

Гадаад хэлийг гүнзгий суръя гэвэл бэрхшээлтэй тулгарна. Түүнийг давж байж юм сурна. Би өөрийгөө монгол хэлийг төгс сурсан гэж хэлж чадахгүй. Өдөр бүр хичээж байна.

-Харь үгийг орчуулахгүйгээр шууд авч хэрэглэвэл үгийн санд сөргөөр нөлөөлнө гэх үзэл байхад орчуулах боломжгүй үгс бий. Эх хэлээ хайрлах, хамгаалах тал дээр монголч эрдэмтний хувьд бидэнд юу зөвлөх вэ?

-Социализмын үед Монголд Улсын нэр томъёоны комисс гэж байсан. Тэр нь үгсийн санд шинээр орж ирж буй харь үгийг монголоор орчуулдаг. Жишээлбэл, дээхнэ үед айл бүр радиотой, дараа нь зурагттай болсон. Ингээд телевизийг монголоор юу гэж нэрлэх вэ гэсэн инээдтэй гэмээр асуудал гарч ирж байгаа юм. Толь бичигт телевизийг зурагт радио гэж тайлбарлан бичсэн байдаг. Гэсэн ч 80-аад оны үед, одоо ч гэсэн телевизийг зурагт радио гэж хэлж байхыг ганц ч монгол хүний амнаас дуулаагүй.

Ардчиллаас хойш харин “Зурагтаар гарч байна, үзүүлж байна” гэж ярьдаг болсон. Улсын нэр томъёоны комиссоос зурагт радио гэж нэрлэхээр тогтсон ч ард түмэн амьдралд радио гэдэг үгийг нь хасчихаад хэрэглэж байна. Алийг нь сонгох нь ард түмний дур. Үгсийн санд харь үг их оруулбал хэл эвдэрнэ гэж ойлгож болохгүй.

Харин төрөлх хэлээ хайрлаж, зөв бичгийн дүрмийн алдаагүй бичихийг хичээх хэрэгтэй болов уу. Бас нэг жишээ хэлэхэд, иогурт гэсэн үгийг йогурт гэж бичсэн байгаа юм. “Хагас и”- гээр эхэлсэн үг монгол хэлэнд байхгүй. Эсвэл бүр дуудлагын дагуу “ю” үсгээр бичиж болох байх.

-Монголтой холбоотой сайхан дурсамжаар тань ярилцлагаа өндөрлөх үү?

-За тэгье. Миний баярлаж, хайрлаж хүндэлж явдаг багш минь профессор Ж.Лувсандорж. 1980 онд багш МУИС-ийн гадаад оюутан хариуцсан тэнхмийн эрхлэгч байлаа. Хүмүүс надтай харилцахаас жийрхэж байсан тэр үед багш минь сургуулийн шатны дор, хүний нүднээс далдуур уулзаад “За, чи одоо монгол хэл гадарлах боллоо. Би чамайг явахад гаргаж өгч чадахгүй нь. Монголчуудын хүндлэлийн илэрхийлэл юм шүү” гээд миний магнай дээр үнэрлэж билээ.

Тиймээс би “Гадаад хэл суръя гэвэл тус үндэстнийг хайрла” гэж оюутнууддаа захидаг юм. Олон хүн надаас “Яагаад ингэтлээ монгол хэлний хойноос хөөцөлддөг юм бэ” гэж асуудаг. Социализмын үед монгол хэл үзээгүй бол ингэж дурлахгүй байсан болов уу. Энэ цагт монголчуудын үзэл санаа жаахан өөрчлөгдсөн санагддаг. Социализмын үед оюун ухаан, сурлага хүмүүжлийг дээдэлдэг байсан бол одоо үед Япон шиг эд материал хөөцөлдөх хандлагатай болж. Монголоо алдсан монгол олширч байгаа санагддаг. Хэтрүүлсэн бол уучлаарай.

Сүүлд засварласанБаасан, 20 1-р сар 2017 07:52
Дээш