Menu

Эгшиг үсгийн дүрэм

Эгшиг үсэг 13 байна.

Үндсэн эгшиг 7: а, э, и, о, у, ө, ү

Туслах эгшиг 6: я, е, ё, ю, й, ы болно.

     Богино эгшиг: Ерийн, богино хугацаанд дуудах эгшгийг богино эгшиг гэх ба нэг үсгээр тэмдэглэнэ. Үүнд: а, э, и, о, у, ө, ү, я, е, ё, ю. Богино эгшгийг хэлэгдэх, сонсогдох байдлаас хамаарч өргөлтөт ба балархай гэж ангилна.

   -   Өргөлтөт эгшиг: Монгол үгийн эхний үеийн эгшиг ямагт тодорхой хэлэгддэг. Тиймээс үгийн нэгдүгээр үеийн богино эгшгийг өргөлтөт эгшиг гэнэ.

   -   Балархай эгшиг: Үгийн нэгдүгээр үеэс хойш орсон бүх богино эгшиг тод биш балархай хэлэгддэг. Тиймээс үгийн нэгдүгээр үеэс хойш орсон богино эгшгийг балархай эгшиг гэнэ.

      Урт эгшиг: Сунгаж удаанаар хэлэх эгшгийг урт эгшиг гэнэ. Урт эгшгийг дөрвөн аргаар тэмдэглэнэ. Үүнд:

-  Үндсэн эгшгийг давхарлаж аа, ээ, оо, уу, өө, үү гэж тэмдэглэнэ.

-  я, е, ё, ю эгшгийн дараа үндсэн эгшгийн нэгийг давхарлаж яа, яу, еэ, еү, еө, ёо, ёу, юу, юү гэж тэмдэглэнэ.

-  Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшгийг бичихдээ зөөлний тэмдгийг и болгож үндсэн эгшиг нэгийг нэмж иа, ио, иу гэж тэмдэглэнэ. Үндсэн эгшгийг гурав давхарлаж бичихгүй.

- Эр үгэнд бичих урт “и” эгшгийг “ы” үсгээр тэмдэглэнэ. Эм үгэнд бичих урт “и” эгшгийг “ий” гэж тэмдэглэнэ. Жишээлбэл: ардын, ордны, өвлийн, дэрсний гэх мэт.

     Хос эгшиг: Нэг үе болж хавсран орсон хоёр өөр эгшгийг хос эгшиг гэнэ. Жишээлбэл: аймаг, ойр, үнэтэй, үйлдвэр, туйл, яйрах, ёйлгор, гуанз, аугаа гэх мэт.

Монгол хэлний хос эгшгийг ай, эй, ой, уй, үй, яй, ёй, юй хааяа уа, ау гэж тэмдэглэнэ.

Жич: Монгол хэлэнд “өй” гэсэн хос эгшиг хэрэглэхгүй. 

Эр, эм, саармаг эгшиг: а, о, у, я, ё, ю/у/, ы, аа, оо, уу, яа, яу, ёо, юу, иа, ио, иу, ай, ой, уй, яй, ёй эдгээрийг эр эгшиг, э, ө, ү, е, ю/ү /, ээ, үү, еэ,

еү, еө, юү, эй, үй, юй эм эгшиг, и эгшгийг саармаг эгшиг гэнэ. Эр эгшиг орж бүтсэн үгийг эр үг гэнэ. Эм эгшиг орж бүтсэн үгийг эм үг гэнэ. Дан саармаг эгшиг орж бүтсэн үгийг эм үг гэж үзнэ. Жишээ нь: ишиг + ийг=ишгийг, ижил + ээр=ижлээр, бичиг + ээ=бичгээ, жил + ийн=жилийн, чийг + тэй=чийгтэй, шийр + ээр=шийрээр

     Эгшиг зохицох ёс: Монгол хэлний нэг үгэнд эр эгшиг эр эгшигтэйгээ, эм эгшиг эм эгшигтэйгээ зохицож орно. Саармаг эгшиг эр, эм ямар ч эгшигтэй зохицон орно. Саармаг эгшиг, эр эгшиг хамтран бүтсэн үгийг эр үгэнд тооцно. Жишээ нь: ажил + аа= ажлаа, хужир + ыг=хужрыг, учир + аас=учраас, алим + ын=алимын, ашиг + аас=ашгаас, бохир + ыг=бохирыг гэх мэт. Харин хоёр үгээс бүтсэн нэг үг, үгүйсгэх утгатай “-гүй” нөхцөл, өнгөрсөн цагаар төгсгөх -жээ, -чээ нөхцөлийг эр, эм үгэнд ялгалгүй залгана. Жишээ нь: Батгэрэл + ийг=Батгэрэлийг, чадахгүй, горьгүй, болжээ, гарчээ гэх мэт.

Монгол хэлний нэгдүгээр үед орсон эгшигтэй хойшид дагах эгшгүүд зохицон орно. Үүнд:

- Үгийн эхний үед а, у байвал хойшид а дагана. Жишээлбэл: авдартай, уламжлахад, хамгаалахаараа, уулзвар гэх мэт.

а, у -> а

- Үгийн эхний үед э, ү, и байвал хойшид э дагана. Жишээлбэл: эрдэм, үзэгдэхэд, жинхэнэ гэх мэт.

э, ү, и -> э

- Үгийн эхний үед о байвал хойшид о дагана. Жишээлбэл: онгоцоор, оролцоход гэх мэт.

о -> о

- Үгийн эхний үед ө байвал хойшид ө дагана. Жишээлбэл: мөнгө, өргөдөл, өндөглөхөд гэх мэт.

ө -> ө

- Энэ зохицолд урт, хос, туслах эгшиг хамаарна. Жишээлбэл: Ёндон, олъё, уралдаантайгаар, үзье, үдэшлэгтэй, инээдэм, уяатай гэх мэт.

Гэвч:

уу, үү, юу, юү, яу, ёу, еү, иу эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох бөгөөд хойшид дагах эгшгийг өөрийн зохицолд авна. Жишээлбэл: орчуулагч, өрнүүлсэн, оёулахдаа, үеүдэд, хориулан гэх мэт.

и, ий, ы, эй эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох боловч хойшид дагах эгшиг нь өмнөх эгшгийн зохицолд хамаарна. Жишээлбэл: ажиллах, хөгжилдөнө, онийсон, нөхөдтэйгөө, өвстэйхөн, доёийсон гэх мэт.

ж, ч, ш, и, г, ь үсэг болон урт эгшгээр төгссөн эр үгэнд урт “и” эгшгээр эхэлсэн залгавар залгавал “ий”-ээр бичнэ. Жишээ нь:

♦ туужийг, жолоочийн, аашийг, сурагчийн, ачийг

♦  дуурь - дуурийн, хувь - хувийн, говь - говийн, толь - толийг, морь - морийг

♦ занги - зангийн, горхи - горхийг, тархи - тархийг, салхи - салхийг

♦ айраг - айргийн, тог - тогийг, цаг - цагийн, нутаг - нутгийн

♦ Дулмаа + ийн=Дулмаагийн, Баяраа + ийн=Баяраагийн

     Балархай эгшиг: Үгийн нэгдүгээр үеэс хойш орсон богино эгшиг балархайшна. Үгийг хэлэхэд балархай эгшиг угаас бүдэг, сул, тод биш дуудагддаг. Балархайшсан богино эгшигтэй үгэнд залгавар залгахад уг балархай эгшгийг гээж болон гээхгүй бичих тохиолдол байна. Энэ нь балархай эгшгийн үүрэгтэй шууд холбоотой юм. Балархай эгшиг гурван үүрэгтэй.

Эгшигжүүлэх үүрэг:

♦Эгшигт гийгүүлэгчийг эгшигжүүлнэ. Гийгүүлэгчийн дараа орсон эгшигт гийгүүлэгчийг эгшигжүүлнэ. Жишээ нь: бамбар, бодол, хийсвэр, саармаг

♦ Заримдаг гийгүүлэгчийг эгшигжүүлнэ. Заримдаг гийгүүлэгчийн дараа орсон заримдаг гийгүүлэгчийг эгшигжүүлнэ. Жишээ нь: бодож, эрсдэл, өргөлтөт, мөнхөжнө

Зөөлрүүлэх үүрэг:

♦Дан гийгүүлэгчийг зөөлрүүлнэ. Ж, ч, ш-ээс бусад гийгүүлэгчийн дараа эр үгэнд орсон “и” богино эгшиг өмнөх гийгүүлэгчээ зөөлрүүлэх үүрэгтэй байна. Жишээ нь: охин, золиг, ангир, зарлиг, барил, сахил, анир

♦ Давхар гийгүүлэгчийг зөөлрүүлнэ. Дараалан орсон хоёр гийгүүлэгч зөөлөрсөн байвал ард нь “и” богино эгшиг бичдэг. Жишээ нь: анги, горхи, мушги, салхи, сонгино, тархи, хонгил, туурви

Ялгах үүрэг: Эгшигт гийгүүлэгч “Н” нь хэлний үзүүрийн “н”, хэлний угийн “н”, эгшигт гийгүүлэгч “Г” нь хоолойн “г”, хэлний “г” гэсэн хоёр өөр авиаг тус тус тэмдэглэнэ. Хэлний үзүүрийн “н”-ийг хэлний угийн “н”-ээс, хоолойн “г”-г хэлний “г”-ээс ялгахын тулд ард нь а, э, о, ө балархай эгшиг бичдэг. Үүнийг ялгах эгшиг гэнэ.

♦Хоолойн “г”-г хэлний “г”-ээс ялгах. Жишээ нь: авга-аваг, отго - отог, хувьсга-хувьсаг, тулга-тулаг, шуурга-шуураг, ялга-ялаг, чанга-чанаг

♦ Хэлний үзүүрийн “н”-ийг хэлний угийн “н”-ээс ялгах. Жишээ нь: анна, тун-туна, эннэ, санан-санана, бөхөн-бөхнө, зөн-зөнө, онно, сөн-сөнө

    Эгшиг гээгдэхгүй дүрэм: Монгол хэлний үгийн нэгдүгээр үеэс хойш орсон балархай эгшиг дээр дурдсан гурван үүргийн аль нэгийг гүйцэтгэж          байгаа тохиолдолд гээгдэхгүй. Балархай эгшиг гээгдэхгүй тохиолдлууд:

- Эгшигт болон заримдаг гийгүүлэгчийг эгшигжүүлэх үүрэгтэй балархай эгшгийг гээхгүй.

♦ Эгшигт гийгүүлэгчийг эгшигжүүлсэн нь: засмал-засмалаар, үйлдвэр-үйлдвэрийн, судлал-судлалыг, урлаг-урлагаас, онцлог-онцлогоор, тэмдэглэл-тэмдэглэлийн, түшмэд-түшмэдээс

♦Заримдаг гийгүүлэгчийг эгшигжүүлсэн нь: нөхцөл-нөхцөлийн, угжсан-угжсанаа, зассан-зассанаар, бэлчсэн-бэлчсэнээр, асдаг-асдагийг, гялалзсан-гялалзсанаа, мэддэг-мэддэгээс, өөрчлөгдсөн-өөрчлөгдсөнийг

“ж, ч, ш”-ээс бусад гийгүүлэгчийн дараа орсон зөөлрүүлэх үүрэгтэй “и” балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: охин-охины, оргил-оргилоос, зориг-зоригоор, тамир-тамирын, холих-холиход, суурин-суурины, танил - танилын

- Оноосон нэрийг ерийн нэрээс ялгах үүрэгтэй балархай эгшгийг гээхгүй.

♦ Улаанбаатараас ирэх - баатрын хуяг, дуулга

♦ Гэрэлийн дүү - гэрлийн шон

♦ Төмөрийн ах - төмрийн дархан

♦ Идэрийн гол - идрийн жавхаа

♦ Хойлогийн нэр - хойлгийн мах

-  Үгийн дунд орсон ялгах үүрэгтэй балархай эгшгийг гээхгүй.

♦ Хоолойн “г” гийгүүлэгчийн ард байх ялгах балархай эгшгийг гээхгүй. Жишээ нь: нугасаар, хагараад, тугалаа, шугамаа

♦ Хэлний үзүүрийн “н”-ийн ард байх ялгах балархай эгшгийг гээхгүй. Жишээ нь: хоногийн, үнэрийг, санадаг, анарын, энэрээд

- Үйлт нэрийн “-х” буюу үйл үгийн “-х” нөхцөлийн өмнөх балархай эгшгийг гээхгүй.

♦ хавх тавих - дээл хавах               /хавахыг, хавахад, хавахаас/

♦ хулсан савх - ноос савах             /савахаар, савахын/

♦ бүлх залгих - айраг бүлэх            /бүлэхээр, бүлэхээс, бүлэхийг/

♦ хонх дуугарах - хээр хонох          /хонохоос, хонохын, хоноход/

♦ энх тунх - ус тунах                   /тунахаар, тунахыг, тунахаас/

♦ эрх гүнж - айл эрэх                    /эрэхээр, эрэхээс, эрэхэд, эрэхийн/

- Түүхэн уламжлалын зарчим баримталж бичсэн үгийн үндсийг эвдэхгүйн тулд тухайн үгийн балархай эгшгийг гээхгүй. Жишээ нь: Галав-галавын, төлөв-төлөвийн, эрих-эрихээр, тэнхим-тэнхимийн гэх мэт.

    Эгшиг гээгдэх дүрэм: Монгол хэлний үгийн нэгдүгээр үеэс хойш орсон балархай эгшиг үүрэггүй бол гээгдэнэ. Балархай эгшиг гээгдэх                   дараах тохиолдлууд байна.

- Өмнөө балархай эгшигтэй гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг үүрэггүй бол гээгдэнэ.

♦ Үзүүлсэн+ий=үзүүлсний, хардаг+ийг=хардгийг, эгшиг+ийн=эгшгийн, дүрэм + ээ=дүрмээ, зураг + ийн=зургийн /эГ + ЭЭ = эГЭЭ/

“И”-ээс бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн богино эгшгийг гээнэ. /Э+ЭЭ=эЭЭ/

♦ унага + ыг=унагыг, хорго + ын=хоргын, арга + ыг=аргыг, сана + уул=сануул, олго + оод=олгоод, бодлого + ыг=бодлогыг

- Өмнөө балархай эгшигтэй гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээж, хоёр гийгүүлэгчийн хооронд эгшиг жийрэглэнэ. /эГ+Г=эГ ЭГ/

♦ боловсор +л=боловсрол, сурагчид + д=сурагчдад, дөрөв + н=дөрвөн, учир + л=учрал, бусад + д=бусдад, нөхөд + д=нөхдөд

- Үгийн дунд орсон “ж”, “ч”, “ш”-ийн дараах богино “и” эгшгийг урт эгшгээр эхэлсэн залгавар залгахдаа ямагт гээж бичнэ. (Ж,Ч,Ш)и+ЭЭ=(Ж,Ч,Ш)иЭЭ

♦ анжис + ийг=анжсыг, жүжиг + ээс=жүжгээс, хөгжим + өөр=хөгжмөөр, хужир + ыг=хужрыг, малчин + аар=малчнаар, шижим + ээр=шижмээр, аянчин + ы=аянчны, гайхамшиг + аар=гайхамшгаар, хачин + ыг=хачныг

- Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнт гээж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй. Жишээлбэл: бутар - бутрал, бутралаар, нөхөд - нөхдөд, нөхдөдөө, бэх - бэхэж - бэхэжтүгэй - бэхжих - бэхжихэд

Сүүлд засварласанДаваа, 23 1-р сар 2017 03:22
Дээш