Menu

Цэг, тэмдгийн дүрэм

Цэг /./

- Хүүрнэсэн, ерийн хүссэн, захирсан өгүүлбэрийн төгсгөлд цэг тавина. Жишээ нь: Өглөө боллоо. Хичээлээ сайн хийгээрэй. Та сууна уу.

- Хүний эцэг, эхийн нэрийн эхний үсэг болон үеэр товчилсон бол тухайн үсэг, үеийн ард цэг тавина. Жишээ нь: Ц.Дамдинсүрэн,  Б.Явуухулан, Лу.Дандар, Чой.Лувсанжав

- Дэс дугаарын тоо, үсгийн ард цэг тавьж дугаар гэсэн утга илэрхийлнэ. Жишээ нь:

      1. А.Анар           (нэгдүгээрт А.Анар)                           
      2. Г.Амараа      (хоёрдугаарт Г.Амараа
      3. Т.Болор         (гуравдугаарт Т.Болор)

           а.

           б.

           в.

- Огноо бичихэд он, сар, өдрийг цэг тавьж зааглана. Жишээ нь: 2016.01.01

Давхар цэг /:/

- Ямар нэг зүйлийг тоочин өгүүлэхийн өмнө хэрэглэнэ. Жишээ нь: хичээлийн хэрэгсэл: үзгэн бал, харандаа, үзүүрлэгч, дэвтэр, шугам,     балын харандаа

- Хэн нэгний хэлсэн үг, бодол, санааг илтгэсэн үгийн өмнө бодогч, өгүүлэгч эзний дараа давхар цэг тавиад уг хөндлөнгийн үгийг хашилтад     бичнэ. Жишээ нь:

Зохиолч С.Эрдэнэ өгүүлрүүн: “.........................”

Чингис хаан сургасан нь: “..............................”

- Давхар цэгийг тавиад хашилтын оронд урт зураас хэрэглэвэл гол төлөв догол мөрөөс эхэлж бичнэ. Жишээлбэл: Багш:

- Хичээлээ эхэлье гэж сурагчдад хэлэв.

- Ямар нэг зүйлийг эш татах, жишээ татах, тодотгож хэлэхийн өмнө хамтатгасан буюу угтсан утгатай үгийн ард хэрэглэнэ. Жишээ нь:

тодруулбал:, тухайлбал:

- Тооны харьцааг илэрхийлэх, цаг хугацааг тэмдэглэхэд хэрэглэнэ. Жишээ нь:

  Онооны харьцаа 3:2.

  Тоглолт 14:00 цагт эхэлнэ.

Цуваа цэг /.../

- Өгүүлбэр төгсөөгүй буюу өгүүлбэрийн дунд орхисон үгийн оронд хэрэглэнэ. Жишээ нь:

Тэгснээ бүсгүй: “Баатар бэйлийн унага

                                 Бардам халиун морь…” гээд л ая хадаав.

- Өгүүлэгчийн ээрч түгдэрсэн үед хэрэглэнэ. Жишээ нь: Тэр... тэр... тэр ирэхгүй.

- Эшлэл авсан үед орхин хураангуйлсан гэсэн санааг илтгэхийн тулд хэрэглэнэ. Жишээ нь: ...хэдий ч бичигч, өгүүлэгч хэлэх гэсэн санаагаа бүрэн гүйцэд гаргаагүй.

- Орхигдуулсан зүйлийг нөхөж бичүүлэх хэсэгт үргэлжилсэн цуваа цэг хэрэглэнэ. Жишээ нь: Саяхан л .......... унаад, гүрвэл хөөж явсан балчир ........... хөгшин хар хүн болжээ.

- Өгүүлбэр төгссөн хэдий ч санаагаа бүрэн гүйцэд илэрхийлж чадалгүй орхисныг илтгэхэд хэрэглэнэ. Жишээ нь: Аавдаа адуу манахыг заана гэгчээр...

Таслал /,/

- Өгүүлбэрийн доторх үгийн утгын ялгааг гарган зааглахад хэрэглэнэ. Жишээ нь:                        

Бид хоёр, сонин ном уншлаа.

Бид, хоёр сонин ном уншлаа.

Бид хоёр, сонин, ном уншлаа гэх мэт.

- Өгүүлбэрийн хэд хэдэн зэрэгцсэн гишүүний сүүлчийнхээс бусдын ард таслал тавина. Жишээ нь: Ногооны талбайд төмс, манжин, сонгино, лууван тарив.Эх орноо хэн боловч чин сэтгэлээс эрхэмлэн хайрлаж, өмгөөлөн хамгаалж, хөгжүүлэн цэцэглүүлж, магтан дуулж, бахдан баясаж байх учиртай гэх мэт.

- Хандсан үг, оруулсан үг, аялга үгийг өгүүлбэрийн эхэнд бичвэл ард нь, дунд бичвэл хоёр талд нь, эцэст бичвэл өмнө нь таслал тавина. Жишээ: Хөгшин эжий нь, бусдаас сонсоход, охиноо мөрөөдсөөр өвчин олох шахаж гэнэ. Миний бодлоор, энэ тийм хялбар бүтэх хэрэг биш. Хоолоо халуун дээр нь ид, хүү минь. Аяа, сайхан нутаг минь гэх мэт.

- Нийлмэл өгүүлбэрийн доторх энгийн өгүүлбэрийг таслалаар зааглана. Жишээ нь: Гүн шөнө болж, нөхөд нь унтаж, чимээ шуугиан намдлаа гэх мэт.

- Зарим дэд гишүүн нь дараагийн үгэнд шууд холбогдохгүй нэг буюу хэдэн үгийг алгасаж өөр үгэнд холбогдох бол таслал тавина. Жишээлбэл: Өчигдөр, таны авчирсан номыг уншив. Өчигдөр таны авчирсан номыг уншив. Модчин-Хэнтийн салбар уулнаас мод огтлох, цахилгаан хөрөөгөөр банз зүсэх, сүүний заводод хэрэглэх торх хийх зэрэг ажлыг хийж байна гэх мэт. Үүнд огтлох, зүсэх, хийх зэрэг үг нь ажлыг гэдэг үгийн тодотгол бөгөөд таслалгүй бол огтлох цахилгаан хөрөө буюу хөрөөний тодотгол, зүсэх сүү буюу зүсэх нь сүүний тодотгол шиг болно.

- Нийлмэл өгүүлбэрийн өгүүлэхүүн нь үйлт нэр буюу нэр үгийн аймгийн үг байвал дараах үгийн тодотгол мэт болох учир таслал тавина. Жишээ: Нэгдлийн хонийг би өчигдөр хариулсан, аав өнөөдөр хариулаад сая ирсэн, ижий маргааш хариулна гэх мэт.

- Өгүүлбэрийн төгс өгүүлэхүүний дараа дэд гишүүн орвол хооронд нь таслал тавина. Жишээ: Би авлаа шүү, энэ номыг чинь гэх мэт.

Цэгтэй таслал /;/

- Өгүүлбэрийн доторх хоорондоо таслалтай зэрэгцсэн олон гишүүнийг утгаар нь зааглаж зүйлчлэн ялгахын тулд хэрэглэнэ. Жишээ нь: Монгол хэлний үндсэн эгшиг: а, о, у, э, ө, ү, и; туслах эгшиг: я, ё, е, ю; тэмдэг үсэг: ь, ъ болно. Хонь, ямааг бог мал; үхэр, адуу, тэмээг бод мал гэнэ.

- Тус тусдаа бие даасан өгүүлбэр боловч ерөнхий нэг агуулгатай, тоочсон шинжтэй өгүүлбэр бүрийн ард хэрэглэнэ. Жишээ: Бид хичээлийн агуулгыг боловсронгуй болгох; сургалтад шинэ арга барил нэвтрүүлэх, гарын авлагаар хангах; хэл ярианы соёлыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Алдаагүй илтгэх санамж

1. Илтгэх сэдвээ сайтар боловсруулах;

2. Илтгэлээ цаг гарган бэлдэх;

3. Байнга дадлага хийх;

4. Өөртөө итгэлтэй байх;

5. Ярих нөхцөл байдлаа тогтоох;

- Хэлбэрийн хувьд биеэ даасан өгүүлбэрүүд – утгын хувьд нягт холбоотой байвал хооронд нь цэгтэй таслал тавина. Жишээ: Манай аргал бороонд их норжээ; нар гараасай; аргал хатах сан;

Таслалтай зураас /, -/

- Ижил төстэй зүйлсийг бүлэглэн тоочоод, дараа нь нэгтгэн дүгнэж гаргасан дүгнэлт, тодорхойлолт зэрэгт хэрэглэнэ. Жишээ: Дөрвөлжин бичиг, тод бичиг, соёмбо бичиг, монгол бичиг, -цөм монгол бичиг мөн. Авиа, үг, өгүүлбэр, эх, -эдгээр нь хэлний үндсэн нэгжүүд мөн. Зараа сохор номин зэрэг шавж идэгчид; хэрэм минж туулай хулгана зэрэг мэрэгчид; чоно баавгай бар суусар зэрэг араатан; үхэр хонь ямаа буга гахай зэрэг ац туурайтан; морь илжиг зэрэг битүү туурайтан, -цөм сүүн тэжээлт амьтан болно гэх мэт.     

Хашилт <<… >>, “…”

- Өгүүлбэрт эсрэг утгаар буюу егөөдсөн, хошигносон, эсвэл өхөөрдсөн утгаар хэрэглэсэн үгийг хашилтад жижгээр бичнэ. Жишээ: Хоёр цагийн ажлыг хоногт багтаадаг мөн ч “гавшгай” хүн байна даа. Манай “их соён гийгүүлэгч” бичсэн зүйлдээ үг үсгийн алдаа чамгүй гаргажээ.

- Ном зохиолоос эшилж авсан хэсгийг тэмдэглэхэд хэрэглэнэ. Жишээ: “Өөрийн үндэсний хэл бичигт суралцах нь олон төрлийн мэдлэг мэргэжилтэй болохын анхны шат болно” гэж эрдэмтэн-зохиолч Ц.Дамдинсүрэн гуай бүтээлийнхээ оршилд дурджээ” гэх мэт.

- Шууд хэлсэн хөндлөнгийн үгийг тэмдэглэхэд хэрэглэнэ. Жишээ: Машины хүнгэнэх дууны дундуур, “Сайн яваарай” гэж аавын захин сургаж хэлэх сонстоно гэх мэт.

- Ном зохиол, сонин сэтгүүл, үйлдвэр, албан байгууллага зэрэгт оноож өгсөн нэрд хэрэглэнэ. Жишээ: “Хөдөлмөр” сонин, “Соронз” сэтгүүл, “Чингис” зочид буудал, С.Маам “Газар шороо” роман

Жич: Зохиолын зүүлт ба ном зүйд зохиолын нэрийг зохиогчийн нэрийн хойно хашилтгүй бичнэ. Олонд алдаршсан зарим ном, сонин зэргийн оноосон нэрийг заримдаа хашилтгүй бичнэ. Жишээ: Монголын нууц товчоо, Гэсэрийн тууж гэх мэт.

Хаалт […], (…), /.../

- Дүгрэг хаалт(…), дөрвөлжин хаалт[…] гэж хоёр зүйлийн хаалтаас гадна сүүлийн үед ташуу хаалт/.../-ыг хэрэглэж байна.

- Өгүүлбэрийн доторх тайлбар тодорхойлолт нэмэлт ажиглалт зэрэг үг өгүүлбэрийг хаалтад бичнэ. Жишээ: Олон төрлийн толь бичиг (хоёр хэлний, гурван хэлний орчуулгын толь, тайлбар толь, нэвтэрхий толь зэрэг) ашиглах нь бичгийн чадвар төдийгүй танин мэдэхүйн их ач холбогдолтой гэх мэт.

- Дөрвөлжин хаалтыг нэмэлт оруулга үгэнд хэрэглэнэ. Жишээ: Гадаад хэлийг гэнэт дайрч [хэдхэн хоногийн дотор] сурахад хэцүү, харин, тогтмол чармайвал сурахад хялбар гэх мэт.

- Тухайн өгүүлсэн зүйлийн талаарх сонсогчийн сэтгэлийн хөдөлгөөн, байдал төлөв; зохиолын баатар, ялангуяа жүжгийн зохиолын баатрын үйл хөдлөл, байр байдлыг тодруулан гаргахад хэрэглэнэ. Жишээ:

Галт- /инээж/ Би нутагтаа очоод та нарт дандаа захидал бичнэ.

Дэлгэрмаа- Би бас захидал бичиж ямар янзтай ажиллаж байгаагаа цөмийг бичнэ.

Төмөр- /энэ үеэр нуугдан ирж/ Би бас бичиж байна. /Дэлгэрмаад/ та миний захидлыг хүлээж авах уу?

Дэлгэрмаа- /инээж/ Авалгүй яах вэ, авалгүй яах вэ, авалгүй яах вэ

гэх мэт.

- Эшилж авсан зүйлийн дараа хаанаас авсныг тэмдэглэхэд хэрэглэнэ. Жишээ: “Өсөхөөс сурсан үндсэн хэл мартаж болшгүй соёл” /Д.Нацагдорж. Түүвэр зохиол.78 дугаар тал/ гэх мэт. Зохиолчийн нэр, зохиолын нэрийг бичилгүй, эшилсэн зохиолын дугаар, хуудасны дугаарыг /24:154/ гэх мэтээр хаалтад тэмдэглэж болно.

- Ормол үг, нийтээр үл ойлгох үг хэллэг, нэр томьёо зэргийн тайлбар, тодруулгыг хаалтад бичнэ. Жишээлбэл: Бага насны хүүхдүүд стресст /сэтгэл гутрал/ орох нь их болжээ гэх мэт.

Анхаарлын тэмдэг

- Сэтгэлийн хөдөлгөөн илэрсэн /анхааруулан сэрэмжлүүлсэн, баярлаж бахадсан, гайхан алмайрсан, бишрэн шүтсэн г.м./хандсан үг, аялга үгэнд хэрэглэнэ. Жишээ: Хүүхдүүд ээ! Ногоон гэрлээр зам хөндлөн гарцгаая! Ура! Манай баг түрүүлсэн! гэх мэт.

- Сэтгэл ихэд хөдлөн /баярлаж бахадсан, гайхан алмайрсан, бишрэн шүтсэн, уурлаж бухимдсан г.м./ хэлсэн өгүүлбэрийн төгсгөлд хэрэглэнэ. Жишээ: Ямар аймшигтай явдал болоо вэ! Одоо эндээс зайл!

- Бусдад ямар нэг ерөөл, бэлгэ дэмбэрлийн үг хэлэхдээ өгүүлбэрийн төгсгөлд хэрэглэнэ. Жишээ:

  -Үйл бүт! гэж хар хүнийгээ ерөөхөд,

          -Үйлс дэлгэр! гэж Бадам ажиг ч үгүй хариулаад босож цай аягалав.

- Чухалчлан анхааруулах буюу ноцтой байдлыг сэрэмжлүүлэн урьдчилан сануулж анхааруулах өгүүлбэрийн эцэст хос юм уу гурван анхаарлын тэмдэг хэрэглэх нь бий. Жишээ: Бохир гарын өвчнөөс сэргийлцгээе!!! гэх мэт.

Асуултын тэмдэг

- Асуусан өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавина. Хэрэв асуусан утгатай хэд хэдэн үг, өгүүлбэр дараалан орвол тэрхүү үг өгүүлбэр тус бүрд асуултын тэмдэг тавьж болох ба эсвэл өгүүлбэрийн хооронд таслал тавьж өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавьж болно. Жишээлбэл: Энэ номыг та уншсан уу? Үгүй юү? Уншсан бол танд ямар санагдав? Энэ номыг та уншсан уу, үгүй юү, уншсан бол ямар санагдав? гэх мэт.

- Эш татсан зүйлд зарим нь эргэлзээтэй буюу бүрхэг санагдвал өгүүлбэр дотор асуултын тэмдгийг хаалтад тавьж болно. Жишээлбэл: Доржийн хэлсэн нь: “Бэлчээрийн өвсний сөлтэй эсэхийг мэдэхийн тулд хэдэн ширхэг өвсийг шатааж үзэх хэрэгтэй. Өвс шатаад хар өнгөтэй болбол сөлтэй байна. Хөх өнгөтэй өвс (?) бол сөлгүй байна” гэх мэт.

- Бусдын шууд асуусан үгийг өгүүлбэрийн дотор оруулан бичихэд мөн асуултын тэмдэг тавина. Жишээлбэл: Багш сурагчдаас “Хичээлээ бэлтгэсэн үү?” гэж асуугаад сурагчдын бэлтгэсэн даалгаврыг шалгаж эхлэв.гэх мэт.

- Эргэлзсэн, үл итгэсэн болон ойлгомжгүй байгааг илтгэхэд хэрэглэнэ. Жишээ: “Нойтон аргал түлээд байгаа юм уу даа?” гэж бодов гэх мэт.

- Эргэлзсэн, гайхсан, үл итгэсэн, ойлгомжгүй байгаа санааг улам хүчтэй болгохын тулд хос асуултын тэмдэг хэрэглэх, эсвэл анхаарлын тэмдэгтэй хамт хэрэглэх зэрэг арга байдаг. Жишээлбэл: Нэгдэлд ордог юмаа гэхэд тариаг нь бараадвал дээр үү, малыг нь авбал дээр үү?! гэх мэт.

Зураас

Богино зураасыг хэрэглэх (-):

♦ Үеэр тасалж мөрт шилжүүлэхэд мөрийн эцэст үлдсэн үеэр тасалсан хэсгийн ард богино зураасыг тавина.

♦ Олон хэрэглэдэг зарим үгийг эх адгийн үсгээр хураахад богино зураас тавина. Жишээлбэл: Доктор д-р, нөхөр н-р, 10-р гэх мэт

♦ Товчилсон үг, тусгай тэмдгээр тэмдэглэсэн үг зэрэгт нөхцөл залгахад хэрэглэнэ. Жишээ: МУ-ын хүн амын 3-ны 2%-иас доошгүй нь   хүүхэд залуус юм гэх мэт.

♦ Хэн нэгний яриа, хөндлөнгийн үг зэргийг хашилтгүйгээр тэмдэглэхэд хэрэглэнэ. Жишээ: Тэр залуу, - Галдан гуай, танд их баярлалаа гэв гэх мэт.

♦ Тэнцүү эрхтэй хоёр гишүүн, хоёр хэллэг зэргийг зааглан тэмдэглэхэд хэрэглэнэ. Жишээ: Бидний зорилго-Ардчилсан нийгэм, Чөлөөт   цаг-нийгмийн баялаг гэх мэт.

♦ Тоочин хэлсэн зүйлийн дараа ерөнхийлөн товчоолсон утгатай үг орвол, тэдгээрийг зааглах зорилгоор хэрэглэнэ. Жишээ: Зориг, тэвчээр, идэвх, санаачилга, үнэн сэтгэл - энэ бүхэн хэзээд чухал гэх мэт.

♦ Харилцан ярианы өмнө тавина.

     Батаа: -Дулмаа бээлийгээ авсан уу?

     Дулмаа: -Авсан, авсан

♦ Үгийн бүтцэд ороогүй, дангаараа байгаа нөхцөл, бүтээврийн өмнө хэрэглэнэ. Жишээ нь: -аас4, -ийн, -магц4, -зна4

Урт зураасыг хэрэглэх (—)

    ♦ Өгүүлбэрт үйлийн эзнийг тодруулах зорилгоор хэрэглэнэ. Жишээ: Багш Дорж—Дулам Зоригт нарт шинэ дуу заав. Говийн тэмээ адуу хонь ямаа—сарлагийг хараад үргэдэг юм гэх мэт.

    ♦ Нийлмэл өгүүлбэрийн нэг нь нөгөөгийн шалтгаан үр дагавар нэмэлт дүгнэлт чанартай бол хооронд нь урт зураасыг тавьж болно. Жишээ:  Уулыг өндөр гэж бүү ай—давъя гэвэл давна. Усыг гүн гэж бүү ай—гаталъя гэвэл гатална гэх мэт.

    ♦ Цаг, зай, тооны хязгаарыг нэрлэсэн хоёр үгийн хооронд урт зураас тавина. Жишээ: XV—XX зууны үе, (15-аас 20-р зууны үе),                   Улаанбаатар—Москва хүрэх зам (Улаанбаатараас Москва хүрэх зам), 10—20 мянган төгрөг (арав хорин мянган төгрөг) гэх мэт. Өөрөөр    хэлбэл, цаг, зай, тооны хязгаарыг хэлэхдээ гарахын тийн ялгалын “-аас” нөхцөлийн оронд урт зураасыг (—) хэрэглэнэ.

Доогуур урт зураасыг хэрэглэх (_______)

- Онцлон үзсэн, чухалчлан тэмдэглэсэн зүйлийн доогуур урт зураас татаж тэмдэглэнэ. Жишээ: Монгол хэл бол алтай язгуурын залгамал хэл мөн гэх мэт.

Ташуу зураасыг хэрэглэх (/)

- Хэмжээ, тооны харьцааг тэмдэглэхэд хэрэглэнэ. Жишээ нь: 70км/ц, 10 хүн/өдөр

- Дараалсан он, сар, өдрийг ташуу зураасаар зааглаж болно. Жишээ нь: 2015/16 оны хичээлийн жил

- Баримт бичгийн дэс дугаарт хэрэглэнэ. Жишээ нь: №29/2015 (2015 оны дугаар 29 гэж уншина).

Дэс дугаарыг тэмдэглэх

- Аливаа тоочсон зүйлийн дарааллыг тоогоор буюу цагаан толгойн үсгээр дугаарлаж бичнэ. Хэд хэдэн давхар дарааллыг тэмдэглэхдээ эхлээд ром тоогоор, түүний доторх дугаарлалын тоог мөн цифрээр, цагаан толгойн үсгийн дарааллаар тус тус дугаарлана. Жишээ нь:

I бүлэг. Монгол хэлний утгазүй

1.1. Монгол хэлний бүтээврийн утга

а. Дагаврын утга

- Ром тоог зөвхөн дэс дараалал заахад хэрэглэх бөгөөд цэггүй бичнэ. Жишээ нь: XX зуун (хорьдугаар зуун), V бүлэг (тавдугаар бүлэг), III анги (гуравдугаар анги) гэх мэт.

- Дугаар гэсэн үгийн оронд номерын тэмдэг №-ыг хэрэглэж болно. Жишээ нь: Энэ хүний паспорт бол 1983 онд олгосон №272505 гэсэн номертой болно. Гэрийн даалгаварт дасгал №3-6 бодлогыг бодно.

Зүйлийн тэмдгийг хэрэглэх:

- Дүрэм, заавар, ном зохиолд “зүйл” гэдэг үгийн оронд § тэмдэг хэрэглэнэ. Жишээ нь: Байгууллагын “Дотоод журам”-ын §4-д заасны дагуу... гэснийг 4-р зүйлд гэж уншина.

Эшлэл, зүүлтийг тэмдэглэх:

- Эшлэл, зүүлтийн ард цифр, *(од) зэрэг тусгай тэмдэг хэрэглэдэг. Жишээ нь: Монгол Улс “1963 онд бүх хүн амын 90% бичиг үсэгтэн болж”1 чадсан юм. Хүйтэн ус уувал ангина2 хүндэрнэ. Хүйтэн ус уувал ангина* хүндэрнэ. П.Хорлоо. Эрдэм номын дээд эх хэл бичиг минь -IV, Уб., 2007, 19-р талд.          

2ангина - хоолой үрэвсэх өвчин

*ангина гэсэн үгийн тайлбарыг “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-оос үзнэ үү.

Хэсэглэн ангилсныг тэмдэглэх:

- Хэсэг хэсэг зүйлийг хооронд нь зааглан бичихэд “***” юм уу “ххх” зэрэг тусгай тэмдэг хэрэглэдэг. Жишээ нь:

  Ах нь сургадаг

  Дүү нь сонсдог

         *          *          *

         Хүн ахтай

        Дээл захтай

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд засварласанДаваа, 23 1-р сар 2017 04:02
Дээш