Menu

Том үсгээр бичих дүрэм

- Өгүүлбэрийн эхний үгийг том үсгээр эхлэн бичнэ.

- Хүний нэр, амьтан, хот суурин, уул ус зэрэг оноосон нэрийн эхний үсгийг томоор бичнэ. Жишээ нь: Улаанбаатар хот, Завхан аймаг, Д.Нацагдорж, Богд уул

- Дэлхий дахины албан байгууллага ба олон нийтийн байгууллагын нэрийн үг бүрийн эхний үсгийг томоор бичнэ. Жишээ нь: Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллага

- Улс гүрний хэмжээний байгууллага, албан газрын /яам, зөвлөл, холбоо/ нэрийн үг бүрийн эхний үсгийг томоор бичнэ. Жишээ нь: Монгол Улсын Их Сургууль, Монголын Ногоон Нам, Монголын Ахмадын Холбоо, Гадаад Хэргийн Яам

- Аймаг, сум, дүүрэг, төв байгууллагын харьяа байгууллага, албан газрын нэрийн зөвхөн эхний үгийг томоор эхлэн бичнэ. Жишээ нь: Хэл зохиолын хүрээлэн, Баянзүрх дүүрэг, Татварын хэлтэс, Аман зохиолын салбар

- Хоёр үгээс бүтсэн оноосон нэрийн хоёр дахь үг нь эгшгээр эхэлсэн бол хооронд нь холбоос тавьж хоёр дахь үгийг том үсгээр эхэлж

бичнэ. Жишээ нь: Бат-Орших, Баян-Өндөр

- Өгүүлбэрийн дунд эрхэмлэн хүндэтгэсэн утгаар онцолсон үгийг томоор эхлэн бичнэ. Жишээ нь: Эрхэм хүндэт ............ Танд түүхт их ойн баярын мэндийг дэвшүүлье! Г.Жаргалмаа багш Тандаа үе үеийн шавь нар чинь эрүүл энхийг хүсэн ерөөе!

- Оноосон нэрийг үсгээр хураавал бүх үсгийг томоор, үеэр хураавал эхний үсгийг юм уу бүх үсгийг томоор бичнэ. Жишээ нь: МАН, МОНЦАМЭ, ШУА

- Улс орны нэрийг “монгол хүн, хятад цай, орос даалимба, швейцарь цаг” гэх мэтээр тодотгол болж байгаа үед томоор бичихгүй.

- Ном, зохиол, сонин, сэтгүүл зэргийн нэрийг хашилт дотор том үсгээр эхлэн бичнэ. Жишээ нь: “Монголын нууц товчоо”, “Өдрийн сонин”, “Соронз”, “Хүмүүн бичиг”

- Онцгой дурсгалт үйл явдал, тэмдэглэлт баярын өдөр зэрэг нэрийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээ нь: Шинэ жилийн баяр, Эх үрсийн баяр, Гэр бүлийн өдөр

Эх нь ТОГООГОО үүрээд БАЯРТАЙ явлаа

“Эх нь Тогоогоо үүрээд Баяртай явлаа” гэхэд Тогоо гэдэг хүүгээ үүрээд, Баяр гэж нэртэй нэг хүнтэй явлаа гэж ухаарна. “Эх нь тогоогоо үүрээд, баяртай явлаа” гэвэл тогоо шанаганы тогоо үүрээд, баярлаж явлаа гэж ухаарна” (Тогоо - тогоо, Баяр - баяр) хэмээн кирил бичигт том ба жижиг үсэг гэгч нь хэрхэн утга ялгадаг чухал зүйл болох тухайд академич Б.Ринчен “Монгол бичгийн хэлний зүй” бүтээлдээ өгүүлжээ. Монгол бичигт том, жижиг үсэг гэж байдаггүй бол латин, кирил бичигт үүнийг хэрэглэдэг ба үгийн утгыг хүртэл үүгээр ялгадаг. Тухайлбал, герман хэлэнд газар болон хүний нэрийг том үсгээр бичихийн хамтаар нэр үгийг ч бас том үсгээр бичдэг билээ. Энэ чухал дүрмийг бид заримдаа анзаарахгүй байх нь бий. Жишээ нь, өгүүлбэрийн дунд “Монгол” гэж улсын нэрийг томоор бичдэг бол мөн хааяа “Монгол хэл” хэмээн бас томоор бичсэн нь тааралддаг. Өгүүлбэрийн дунд “монгол хэл” гэхэд том үсгээр бичихгүй ба энэ тохиолдолд “монгол” гэдэг үг улс биш харин тодотгох үүрэгтэй байна. (Д.Боролзой)

 

 



 

Сүүлд засварласанБаасан, 20 1-р сар 2017 03:47
Дээш