Menu

Зарим дагавар, нөхцөл, залгаврыг зөв бичих дүрэм

Үйл үг бүтээх “-л” дагаврыг зөв залгаж бичих:

- Эгшгээр төгссөн үгэнд шууд залгана. Жишээ нь: тоо + л=тоол, ганзага + л=ганзагал, аяга + л=аягал, унага + л=унагал /Э+л=шууд/

- Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад ард нь эгшиг бичнэ. Жишээ нь: хайр + л=хайрла, үзүүр + л=үзүүрлэ, хоол + л=хоолло, тов + л=товло, үзэг + л=үзэглэ, учир + л=учирла, зүйр + л=зүйрлэ, хунгар + л=хунгарла /7+л=лЭ/

- Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад өмнө нь эгшиг бичнэ. Жишээ нь: хурд + л=хурдал, онц + л=онцол, тус + л=тусал, эх + л=эхэл, дээд + л=дээдэл, хайч + л=хайчил, мөрөвч + л= мөрөвчил, өргөмж + л=өргөмжил, ач + л=ачил, онош + л=оношил  /9+л=Эл/

- Өмнөө заримдаг гийгүүлэгчтэй “с” юм уу “ш”-ээр төгссөн цөөн үгэнд залгахад үгийн үндэс эвдрэхээр байвал ард нь эгшиг бичнэ. Жишээ нь: хавтас + л=хавтасла, холтос + л=холтосло, хувцас + л=хувцасла, идэш + л=идэшлэ, гэдэс + л=гэдэслэ /9Эс, ш+л=лЭ/

- Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд залгахад зөөлний тэмдгийг “и” болгож солино. Жишээ нь: хань + л=ханил, шавь + л=шавил, боть + л=ботил, сургууль + л=сургуулил /Ь+л=и/

“л” дагаврын араас нөхцөл орсон тохиолдолд нэгэнт үүссэн үгийн үндсийг эвдэхгүй бичнэ. Жишээ нь: Эх + л = эхэл + нэ= эхэлнэ, дээш+ л= дээшил + нэ= дээшилнэ, үзүүр + л= үзүүрлэ + жээ= үзүүрлэжээ гэх мэт.

Үйлээс нэр үг үүсгэх “-лага, -лого, -лэг, -лөг”, “-лга, -лгэ, -лго, -лгө” хэмээх хувилбартай дагаврыг зөв залгаж бичих:

- Гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд -лага, -лого дагаврыг залгана. Жишээ нь: бод-лого, завсар-лага, ач-лага, зар-лага, хард-лага

- Гийгүүлэгчээр төгссөн эм үгэнд -лэг2 дагаврыг залгана. Жишээ нь: үз-лэг, мөрд-лөг, сэрд-лэг

- Эгшиг юм уу, зөөлний тэмдгээр төгссөн үгэнд -лга4 дагаврыг залгана. Зөөлний тэмдэг “и” болно. Жишээ нь: уна + лга=уналга, буу + лга=буулга, боо + лго=боолго, сахь + лга=сахилга, зорь + лго=зорилго

Жич: “л” гийгүүлэгчээр төгссөн үйл үндсэнд нэр үг үүсгэх -га4/-гаа4 дагаврыг дээрх дүрэмтэй хольж хутган буруу бичих тохиолдол гардгийг анхаарах хэрэгтэй юм. Жишээ нь: санаа-чил-га гэж бичих ёстойг санаачлага, сурвалж-ил-га гэхийг сурвалжлага, онош-ил-гоо гэхийг оношлогоо гэж тус тус буруу бичсэн нь тааралддаг. Мөн -лаг4 дагаврыг -лиг гэж будилах тохиолдол гардгийг санууштай.

 Үйлийн зэрэгцүүлэн холбох -ж, -ч, үйл үгийн цагаар төгсгөх -жээ, -чээ нөхцөлийг зөв залгаж бичих:

  -     -ж, -жээ нөхцөлийг ижил дүрмээр бичнэ.

♦ Эгшгээр төгссөн үгэнд шууд залгана. Жишээ нь: санаж, санажээ, тарааж, тараажээ, инээж, инээжээ, золгож, золгожээ, хурааж, харайж, орхиж, гүйцээж

♦ Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд -жээ бол шууд, залгах бол заримдаг гийгүүлэгчийн дүрэм ёсоор эгшиг бичнэ. Жишээ нь: хүсэж, хүсжээ, түлхэж, түлхжээ, засаж, засжээ, буцаж, буцжээ, оршиж, оршжээ, үүсэж, үүсжээ, багасаж, багасжээ

♦ Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд шууд залгана. Жишээ нь: хавж, хавжээ, олж, олжээ, нэмж, нэмжээ, харж, харжээ

   -      -ч, -чээ нөхцөлийг ижил дүрмээр бичнэ.

ав, өг, гар, сур, хүр гэдэг хэдэн үйл үгэнд шууд залгана. Жишээ нь: авч, авчээ, өгч, өгчээ, хүрч, хүрчээ, гарч, гарчээ, сурч, сурчээ

♦ Урт хос эгшигтэй нэг үетэй “-р”-ээр төгссөн үйл үгэнд шууд залгана. Жишээ нь: бээрч, бээрчээ, саарч, саарчээ, дайрч, дайрчээ, хайрч, хайрчээ, таарч, таарчээ, хөөрч, хөөрчээ, тойрч, тойрчээ,

♦ Хоёроос дээш үетэй “-р”-ээр төгссөн үйл үгэнд шууд залгана. Жишээ нь: сан-дарч, сан-дарчээ, бэ-дэрч, бэ-дэрчээ, то-хирч, то-хирчээ, а-сарч, а-сарчээ, ха-гарч, ха-гарчээ, ду-лаарч, ду-лаарчээ

Үйл үгээс нэр үг бүтээх -хуун2, -хуй2 дагаврыг зөв залгаж бичих:

- Үйл үгээс нэр үг бүтээх -хуун2, -хуй2 дагаврын бүтэц дэх “-х” нь үйлийн цагаар тодотгон холбох/үйлт нэрийн/ “-х” нөхцөлийн шинжтэй гэж үздэг учраас ямагт өмнө нь эгшиг бичнэ. Жишээ нь: сурт-а-хуун, танин мэд-э-хүй, өгөгд-ө-хүүн, шат-а-хуун, өгүүл-э-хүүн

Нэршүүлэх дагаврыг зөв залгаж бичих:

- Орон цагийн нэр, төлөөний үгийн үндсэнд залгаж нэршүүлэх утгатай дагаврыг эгшиг ба эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд шууд залгана. Жишээ нь: дараах, доорх, манайх, дээрх, өмнөх, доторх, гаднах

- Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчийн дүрэм ёсоор өмнө нь эгшиг бичнэ. Жишээ нь: хойдох, урагших, дэргэдэх, хоорондох, эндэх, ардах, тэндэх, урдах

Түр үйлдэх байдлын -зна4 дагаврыг зөв залгаж бичих:

- Эгшгээр төгссөн үгэнд шууд залгана. Жишээ нь: хийзнэ, байзна, суузна, оёзно

- Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд өмнө нь эгшиг бичихгүй, эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч ороход эгшиггүй бичдэг дүрмээр шууд залгаж бичнэ. Жишээ нь: гарзна, барьзна, тарзна, тулзна, хөрзнө

- Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчийн дүрэм ёсоор эгшигтэй бичнэ. Жишээ нь: бод-о-зно, унш-и-зна, зас-а-зна, бич-и-знэ

- Зөөлөрсөн заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад зөөлний тэмдэг “и” болно. Жишээ нь: захь - захизна, сахь - сахизна, тахь - тахизна

Жич: Дагаврын бүтэц нь “-зна, -знэ, -зно, -знө” учраас үгэнд залгахдаа энэхүү бүтцийг алдагдуулж “-зана, -зэнэ, -зоно, -зөнө”гэж буруу бичиж болохгүй.

Олноор үйлдэх байдлын -цгаа4 дагаврыг зөв залгаж бичих:

- Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд өмнө нь эгшиг жийрэглэхгүй, эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч ороход эгшиггүй бичдэг дүрмээр шууд залгаж бичнэ. Жишээ нь: явцгаа, олцгоо, авцгаа

- Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчийн дүрэм ёсоор өмнө нь эгшиг бичнэ. Жишээ нь: бос-о-цгоо, унш-и-цгаа, бод-о-цгоо, хүлх-э-цгээ

Жич: Дагаврын хэлбэрийг алдагдуулж -цагаа гэж бичихгүйг анхаарах нь чухал.

Үйлийн тодотгон холбох -даг4, -сан4 нөхцөлийг зөв бичих:

- Үйл үгийн тодотгон холбох -даг4, -сан4 нөхцөл нь “-сан даг”4 юм уу,“-даг сан”4гэж нэг үгэнд дараалан орвол хоёрдугаарт орсон нөхцөлийн хэлбэрийг өмнөх үгээс нь салангид бичнэ. Жишээ нь: авсан даг, ирсэн дэг, авдаг сан, боддог сон, хэлдэг сэн

“-ч(и)лан, -ч(и)лэн, -ч(и)лон, -ч(и)лөн” залгаврыг зөв залгаж бичих:

-  “-чилан”, “-чилэн” зэрэг залгаврыг гийгүүлэгчтэй холбогдох зөв бичих дүрэм, эгшиг зохицох ёсыг баримтлан өмнөх үгтэй нь хамт бичнэ.

   ♦ Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд шууд залгана. Жишээ нь: урьдчилан, мэтчилэн

   ♦ Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад “ч”-ийн дараах “и” эгшгийг гээж бичнэ. Жишээ нь: ярьдагчлан, ихэвчлэн, зөвлөсөнчлөн,      үзүүлсэнчлэн

Дэс тооны дугаар, дүгээр залгаврыг зөв бичих:

- Дэс тооны дугаар, дүгээр залгаврыг өмнөх үгтэй нь нийлүүлж, үндсэн тооны нэрийг бүтэн үндсээр бичнэ. Жишээ нь: зургаадугаар, долоодугаар, нэгдүгээр, есдүгээр

дахь, дэх залгаврыг зөв бичих:

- Тооны нэр ба газар орны байршил заасан нэр үгийн ард залгах дахь, дэх залгаврыг өмнөх үгээс тусад нь салгаж бичнэ. Жишээ нь: арав дахь хавар, нэг дэх жил, Орхон голын нутаг дахь хөшөө дурсгал

-бэ?, вэ?, -бал4, -вал4 нөхцөлийг зөв бичих:

- Үйл үгийн нөхцөлдүүлэн холбох -бал4, -вал4 нөхцөл болон бэ? вэ?асуух сул үгийг хэрхэн зөв бичихийг энэ дүрэмд хамруулан ойлгоно. -бэ?, -бал4 нөхцөлийг “л, м, н, в” гийгүүлэгчээр төгссөн үгэнд, хэлбэл, нэмбэл, авбал, хэний ном бэ?, ямар хүн бэ?, хэн бэ?, үнэлбэл, хамбал, ямар хэв бэ? гэх мэт. -вэ?, -вал4 нөхцөлийг “л, м, н, в”-ээс бусад гийгүүлэгч болон эгшгийн дараа бичнэ. Жишээ нь: хийсвэл, зоривол, тавивал, соливол, тайлбарлавал, тэр юу вэ?, өгвөл, дурсвал, зоригловол, ямар гоё вэ?

Үйл үгийн -я, -е, -ё нөхцөлийг зөв залгаж бичих:

- Гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд үйл үгийн -я, -ё нөхцөлийг залгаж өмнө нь хатуугийн тэмдэг (ъ) бичнэ. Жишээ нь: явуул-ъ-я, оч-ъ-ё, ярилц-ъ-я, сонирх-ъ, бодуул-ъ

- Гийгүүлэгчээр төгссөн эм үгэнд үйл үгийн нөхцөлийг залгаж өмнө нь зөөлний тэмдэг бичнэ. Жишээ нь: өгүүл-ь-е, түлх-ь-е, хэлх-ь-е, үйлд-ь

- Богино, урт, хос эгшиг болон зөөлний тэмдэг (ь)-ээр төгссөн үгийн дараа -я, -е, -ё нөхцөлийг шууд залгана. Жишээ нь: тайлбарла-я, дуулга-я, нуу-я, хай-я, босго-ё, тогтоо-ё, сой-ё, дэлгэ-е, сэргээ-е, гүй-е, барь-я, тань-я, сорь-ё, боль

Үйл үг бүтээх -д, -т дагаврыг зөв залгаж бичих:

- “с” үсгээр төгссөн нэр үгэнд үйл үгийн үндэс үүсгэх дагаврыг залгахгүй, дагаврыг залгана. Жишээлбэл: мөс - мөст-мөстөх, мөхөс -мөхөст, сэвс – сэвст - сэвстэх, тос - тост - тостох, утас - утаст - утастуулах, хилс - хилст - хилстүүлэх, хомс - хомст - хомстол, хөөс - хөөст, цус - цуст - цустах гэх мэт.

- Үйл үгийн бусдын эрхэнд үйлдэгдэх хэвийн -гд дагаврыг зарим тохиолдолд -д, -т хувилбараар бичдэг бөгөөд мөн энэ дүрмийг баримтална. Жишээлбэл: сонс – сонст - сонстох гэх мэт.

- “с” үсгээр төгссөн цөөхөн нэр үгэнд -д, -т дагаврын алиныг ч залгаж болох бөгөөд үүссэн үйл үг тус бүрдээ өөр утга илтгэдэг. Энэ тохиолдолд тухайн үгийн утгад нийцүүлэн аль тохирох дагаврыг залгана гэж ойлгоно. Жишээлбэл: үсдэх (үснээс шүүрч чангаах), үстэх (үс тогтох буюу үс мэт зүйл бүрхэх), тоосдох (тоос болгох), тоостох (тоостой болох) гэх мэт.

Асуух утгатай уу?, үү?, юу?, юү? үгийг зөв бичих:

- Урт ба хос эгшгээр төгссөн эр үгэнд юу?, эм үгэнд юү?-г өмнөх үгээс нь салангид бичнэ. Жишээ нь: Манай хот олон өндөр байшинтай болоо юу? Танайх айрагтай юу? Ээж аав нь ирээ юү? Энэ сэтгүүл чамд хэрэгтэй юү?

- Богино эгшиг ба гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд уу?, эм үгэнд үү?-г өмнөх үгээс нь салангид бичнэ. Жишээ нь: Тэр хүн чиний нагац уу, авга уу? Билгүүн номч Бямбын Ринчений зохиол мөн үү? Та аяллынхаа талаар товчхон ярьж өгнө үү.

Олон тооны бүтээврийг зөв бичих:

-  -чууд2, - чуул2 залгаврыг хүнд хамаатай нэрд үсгийн дүрэм, эгшиг зохицох ёсонд нийцүүлэн залгана. Жишээ: монгол - монголчууд, идэр - идэрчүүд, баян - баячууд, эх - эхчүүд гэх мэт.

-   -нууд2 залгаврыг эгшгээр төгссөн хүн бусын нэрд үсгийн дүрэм, эгшиг зохицох ёсонд нийцүүлэн залгана. Жишээ: далай - далайнууд, тэмээ - тэмээнүүд, уул - нууд, чарга - чарганууд гэх мэт.

-  -ууд2 залгаврыг зөөлөрсөн, эс зөөлөрсөн гийгүүлэгчээр төгссөн нэрд үсгийн дүрэм, эгшиг зохицох ёсонд нийцүүлэн залгана. Жишээ: айл - айлууд, цэрэг - цэргүүд, зураг - зургууд, гэр - гэрүүд гэх мэт.

-д, -с залгаврыг урт, хос эгшиг болон зөөлөрсөн, эс зөөлөрсөн гийгүүлэгчээр төгссөн нэрд эгшигт болон заримдаг гийгүүлэгчийн дүрэмд нийцүүлэн залгана. Жишээ: нөхөр - нөхөд, нохой - ноход, үр - үрс, морь - морьд, их - ихэс, дээд - дээдэс гэх мэт.

-хан4 залгаврыг харьяалахын тийн ялгалын нөхцөлийн дараа эгшиг зохицох ёсонд нийцүүлэн шууд залгаж, харьяа, хамаарал нэгт хэсэг хүн гэсэн утга илтгэх бөгөөд энэ залгаврын оронд -чууд2, -чуул2 хэрэглэж болохгүй. Жишээ: Архангай - Архангайн - Архангайнхан, Баянгол - Баянголын - Баянголынхон, нутаг - нутгийн - нутгийнхан, Хан-Уул - Хан-Уулын – Хан-Уулынхан, Хөвсгөл – Хөвсгөлийн - Хөвсгөлийнхөн гэх мэт.

Сүүлд засварласанБаасан, 20 1-р сар 2017 03:19
Дээш