Menu

Тэмдэг үсгийн дүрэм

Тэмдэг үсэг нь авиа тэмдэглэдэггүй зөвхөн тусгаарлах, зөөлөрснийг тэмдэглэх, ялгах үүрэгтэй байдаг.

Хатуугийн тэмдэг бол зөвхөн тусгаарлах үүрэгтэй.

- Эр үгэнд гийгүүлэгчийн дараа орсон “-я”, “-ё” эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдаж байвал түүнийг өмнөх гийгүүлэгчээс нь хатуугийн тэмдэг (ъ)-ээр тусгаарладаг. Жишээ нь: явуул + я=явуулъя, оч + ё=очъё, ярилц + я=ярилцъя, сонирх + ё=сонирхъё.

Жич: Монгол хэлний товъёг гэсэн үгээс өөр ямар ч үгийн язгуурт хатуугийн тэмдэг (ъ) орохгүй. Тодруулбал, авьяас, гавьяа, томьёо, Адьяа, Сумьяа, завьяа гэх мэтээр зөөлний тэмдэгтэй бичдэг.

Зөөлний тэмдэг тусгаарлах, зөөлөрснийг тэмдэглэх, ялгах хоёр үүрэгтэй.

- Эм үгэнд орсон “е” үсэг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдаж байвал “е”-ийн өмнө зөөлний тэмдэг бичиж тусгаарлана. Жишээ нь: өгүүлье, түлхье, хэлхье, үйлдье

- Эр үгэнд орсон зарим гийгүүлэгч зохих байраасаа урагшилж ххь), хойшилж (бол-боль) хэлэгдэхийг гийгүүлэгч зөөлрөх гэнэ. Зөөлөрсөн гийгүүлэгчийг ард нь зөөлний тэмдэг бичиж хатуу гийгүүлэгчээс ялгана. Жишээ нь: тан - тань, бар - барь, туул - тууль

- Зарим тохиолдолд хоёр гийгүүлэгч давхар зөөлрөх нь бий. Үүнийг давхар зөөлөрсөн гийгүүлэгч гэх ба ард нь “и” бичиж зөөлөрснийг нь тэмдэглэдэг. Жишээ нь: салхи, анги, цорги, урхи, солби, борви

 - Зөөлөрсөн гийгүүлэгчийг тэмдэглэж утга ялгана. Жишээ нь: аав минь - Мин улс, дүү чинь - чин зориг

       

Ь - “и” болох тохиолдол:

- Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараа эгшигт гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг “и” болно. Жишээ: барь + в=барив, зорь + лго=зорилго, тахь + л=тахил, цохь + лт=цохилт, хуваарь + л=хуваарил /Гь+7=Ги7/

- Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараа урт эгшиг орвол зөөлний тэмдэг “и” болно. Жишээ: барь + уу=бариу, харь + уу=хариу, дохь + оо=дохио, соль + оод=солиод, хахууль + аас=хахуулиас, зовуурь + аа=зовууриа /Гь+ээ=Гиэ/

- Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшигт гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг “и” болно. Жишээ: хорь + лоо=хорилоо, соль + в=солив, зорь + но=зорино, тарь + лаа=тарилаа, хумь + в=хумив /7ь + 7 = 7и7/        

- Зөөлөрсөн заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг “и” болно. Жишээ: сахь + жээ=сахижээ, тахь + даг=тахидаг, захь + дал=захидал, ахь + ц=ахиц, сахь + сугай=сахисугай /9ь + 9 = 9и9/

- Зөөлөрсөн заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшигт гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг “и” болно. Жишээ: тахь + л=тахил, сахь + лаа=сахилаа, захь + на=захина, ахь + лаа=ахилаа, сахь + в=сахив /9ь+7=9и7/

- Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйлт нэрийн нөхцөлийг залгахад зөөлний тэмдэг “и” болно. Жишээ: барь + х=барих, тань + х=таних, зорь + х=зорих, тарь + х=тарих, хумь + х=хумих /7ь+х=7их/

Ь - “и” болохгүй тохиолдол:

- Хоёр үгээс бүтсэн үгэнд зөөлний тэмдэг хэвээрээ байна. Жишээ: Дарьсүрэн, горьгүй, аальгүй, ханьгүй

- Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараа “я”, “ё” орвол зөөлний тэмдэг хэвээрээ байна. Жишээ: харья, сорьё, больё /Гь+я, ё=Гья,ё/

- Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг хэвээрээ байна. Жишээ: амь + д=амьд, холь + ц=хольц, зорь + ж=зорьж, тарь + сан=тарьсан, хумь + жээ=хумьжээ, харь + жээ=харьжээ, боль + дог=больдог, барь + сан=барьсан /7ь + 9 = 7ь9/ 

Сүүлд засварласанДаваа, 23 1-р сар 2017 03:25
Дээш