Menu

Гийгүүлэгч үсгийн дүрэм

     Монгол хэлэнд авиа тэмдэглэдэг 20 гийгүүлэгч үсэг бий. Зөв бичих зүйн үүднээс эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгч, онцгой дөрвөн гийгүүлэгч гэж ангилна.

    Эгшигт долоон гийгүүлэгч: МоНГоЛБааВаР- Эдгээр 7 гийгүүлэгч өмнөө буюу хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Иймд эгшигт гийгүүлэгч гэнэ. “7”-ийн тоогоор тэмдэглэнэ. Жишээ нь: газар, тохом, хөдөлмөр, үзэл, тасархай, цацрал

Гэвч эгшигт гийгүүлэгчийг эгшиггүй бичдэг хоёр тохиолдол бий.

- Хэлний хойгуурх /ардаа эгшиггүй/ “н” гийгүүлэгчээр төгссөн үгэнд заахын тийн ялгалын нөхцөл залгахад эгшиггүй бичнэ. Жишээ: дүн-дүнг, сан-санг,байшин-байшинг, Галсан- Галсанг, хөвөн- хөвөнг

- Тусдаа бичиж, өгүүлбэрт нэмэлт утга оруулдаг “л”, гуравдугаар биед хамаатуулах утгыг илэрхийлдэг “нь” нөхцөлийг эгшиггүй бичнэ. Жишээ нь: Ах нь ирлээ. Би л явна.

    Заримдаг есөн гийгүүлэгч: ЦооЖоо ЗаСааД ТуШааЧиХ - Эдгээр 9 гийгүүлэгч нь заримдаа хойноо буюу урдаа эгшигтэй, заримдаа аль ч талдаа эгшиггүй бичигддэг учраас заримдаг гийгүүлэгч гэнэ. “9”-ийн тоогоор тэмдэглэнэ.

-  Заримдаа эгшигтэй: Заримдгийн дараа заримдаг орвол аль тод сонсогдох газар нь үгийн үндэс эвдэхгүйгээр эгшиг бичнэ. /9+9+э/ Жишээ нь: мэдсэний, хатаж, модот, модтод, хожид, бусад, бусдад, эзэд, батад, ахад, лацад, мөчид, хойшид, буцаж, эцэс, ачит, анжис гэх мэт.

Харин заримдаг гийгүүлэгч “с”, “х”-ийн дараа заримдаг гийгүүлэгч “т”, “ч” орвол өмнө, хойно нь эгшиг бичихгүй, шууд залгана. Жишээ нь:

усч, түүхт, эрхтний, цаст

Заримдаа эгшиггүй: Эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг орвол эгшиггүй бичнэ. /7+9-э/ Жишээ нь: хэлсний, өгснөө, зугт, бялхдавт, тэнц, хагд, амт, тэнд, ард, тэвш, багш, булш, зунш, дарш гэх мэт.

     Жич: Үйлт нэрийн ирээдүй цагийн “-х” нөхцөлийн өмнө заавал эгшиг бичдэг учир энэ дүрэмд хамаарахгүй. Жишээлбэл: өгөх, явах, олох,       хамах, харах гэх мэт.

    Онцгой дөрвөн гийгүүлэгч: К, Ф, Щ, П дөрвөн үсгийг онцгой гийгүүлэгч гэж нэрлэнэ. К, Ф, Щ гурван үсгийг монгол үгэнд бичихгүй, зөвхөн гадаад үгэнд бичнэ. Жишээлбэл: компьютер, капитал, футболка, программ, Щорс, борщ гэх мэт.

П үсэг монгол үгийн дунд ба адагт орохгүй, харин монгол үгийн эхэнд хааяа бичигдэнэ. Жишээлбэл: пагдгар, пүл пал, пээ юү вэ гэх мэт.

     Ж, ч, ш-ийн дүрэм:

- Үгийн эхэнд орсон ж, ч, ш-ийн дараа эр үгэнд а, о, у, эм үгэнд и, ү, э гурвын аль сонстохыг нь бичнэ. Жишээ нь: жавар, журам, жимс, жүжиг, чулуу, чавх, чоно, чихэр, чичрэх, шовгор, шулам, шинэ, шөнө, шүрэн

- Үгийн дунд орсон ж, ч, ш-ийн дараа богино эгшиг шаардагдвал эр, эм аль ч үгэнд зөвхөн “и” бичнэ. Жишээ нь: ажил, хажиг, ашиг, түшиг, манжин, анжис, хөгшин, хөнжил, бүжиг, догшин, хуучин, тугчин, мэргэжил, хөшиг

      Б, В үсгийг ялгаж бичих дүрэм:

-  “Б” үсгийг ихэвчлэн үгийн эхэнд бичнэ. Жишээ: бамбар, Баатар,бумба, бурхан, булан, бээлий гэх мэт. Үгийн дунд орвол л, м, н, в үсгийн дараа бичнэ. Жишээ нь: хэлбэл, нэмбэл, авбал, хэний ном бэ, ямар хүн бэ, хэн бэ, үнэлбэл, хамбал, ямар хэв бэ... гэх мэт. Монгол үгийн эцэст “б” үсэг ордоггүй.

“В” үсгийг ихэвчлэн үгийн дунд, адагт бичнэ. Харь үгийн эхэнд бичнэ. Жишээ: ваадан, вандан, ваар, хавав, харав, хөвөвч гэх мэт.

      Г үсгээр хоёр авиаг тэмдэглэнэ: Эгшигт гийгүүлэгч “Г” нь хоолойн “г”, хэлний “г” гэсэн хоёр өөр авиаг тус тус тэмдэглэнэ.

а, о, у, ы эгшгийн өмнөх г үсгийг хоолойн “г” гэнэ. Жишээ: арга, аргын, бага, ботго, гудамж гэх мэт.

- Эм үгэнд орсон болон эр үгэнд ардаа эгшиггүй орсон “г”хэлний “г” гэнэ. Жишээ: аймаг, нутаг, хөрөнгө, цэнгэл, цэцэг, гүйцэтгэх гэх мэт. Харин хэлний “г” үсгийн ард залгавар залгахад а, о, у эгшиг орох боловч хэвээр дуудагдана. Жишээ: хамаг - хамгаас, тоорцог - тоорцгоор, туг - тугууд, аймаг - аймгарх-, омог - омгорхуу

      Н үсгээр хоёр авиаг тэмдэглэнэ: Эгшигт гийгүүлэгч “Н” нь хэлний үзүүрийн “н”, хэлний угийн “н” гэсэн хоёр авиаг тэмдэглэнэ.

- Ардаа эгшигтэй бичигдэж буй “н”-ийг хэлний урдуурх “н” гэнэ. Жишээ: чанар, үнэг, чоно, явна, сонор, тооно, ононо, ойлгоно, годгоно, төөнө, хөрнө, зөгнө,эхнэр, хэмнэл

- Ардаа эгшиггүй бичигдэж буй “н”-ийг хэлний угийн “н” гэнэ. Жишээ: ганган, онгоц, сандал, бурантаг, байшин, Лувсан, Сүрэн,

Жич: Хэлний урдуурх юм уу, угийн “н” алин болохыг -аас4, -аар4 гэх мэт урт эгшгээр эхэлсэн залгавар залгаж ялгана. Хэрэв “г” жийрэглэж байвал хэлний угийн “н”, жийрэглэхгүй бол хэлний урдуурх“н” болно. Жишээ: орчлон - орчлонгийн, баясгалан - баясгалангаар, жаргалан - жаргалангаас, үнэн - үнэний, мэргэн - мэргэнээр, сонин - сониноос. Хэрэв хувилгаж үзэхэд хоёул болж байвал хэлний урдуурх “н” гэж үзнэ.

Хоолойн “г”, хэлний үзүүрийн “н”-тэй үе, нөхцөл залгаврыг зөв бичих:

- Дараалан орсон хоёр гийгүүлэгчийн хоёрдугаар гийгүүлэгч нь “хоолойн г” байвал түүний өмнө балархай эгшиг бичихгүй. Жишээ нь: ботго, дарга, хутга, дасга, ганган, ялгал, хунгар, ургамал, цутгалан, хадгална, хоморго, гозгор, овгордуу, соргог, зомгол гэх мэт.

- Дараалан орсон гурван гийгүүлэгчийн гуравдугаарх нь “хоолойн г”, “хэлний үзүүрийн н” байвал түүний өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээ нь: хундага + аа=хундагаа, чагтага + ыг=чагтагыг, оньсого + оос=оньсогоос, жинхэнэ + ээр=жинхэнээр, эрдэнэ + ийн=эрдэнийн (бортого, ганзага, зулзага, хавтага, харцага, хоромсого, хундага, чандага, чогчиго) гэх мэт.

- Дан гийгүүлэгчээр төгссөн үгэнд хэлний үзүүрийн “н”-тэй одоо ба ирээдүй цагаар төгсгөх “-на4 нөхцөлийг залгахад эгшиг бичихгүй шууд залгана. Жишээ нь: гар-на, бод-но, сэв-нэ, бэхэж-нэ, хамтар-на, ерөнхийл-нө, тариал-на, хугар-на, сэмэр-нэ, унагал-на, халбагад-на

- Давхар гийгүүлэгчээр төгссөн үгэнд хэлний үзүүрийн “н”-тэй одоо ба ирээдүй цагаар төгсгөх “-на” нөхцөлийг залгахад өмнө нь эгшиг бичнэ. Жишээ нь: номчирх + но=номчирхоно, угж + на=угжина, талц + на=талцана, үйлд + нэ=үйлдэнэ, санагалз + на=санагалзана гэх мэт.

Гурав, дөрвөн гийгүүлэгч дараалан орох тухай

- Хэрэв балархай эгшгийн дүрмийг зөрчихгүй бол гурван гийгүүлэгч нэг үгэнд дараалан орж болно. Ийм үг цөөн тохиолддог. Жишээ нь: төрөлхтөн, идэвхтэн, номхчил, хонхтой, салстууд, цовхчоод

- Үгийн үндэс, утга эвдэхгүйн үүднээс үйл үгэнд үйл үг үүсгэх -га4дагаврыг шууд залгадаг. Энэ тохиолдолд гурван гийгүүлэгч дараалан орно. Жишээ нь: устга-, илтгэ-, урсга-

- Үйл үгэнд дараалан орсон дөрвөн гийгүүлэгчийн гуравдугаар гийгүүлэгчийн өмнө богино эгшиг бичнэ. Энэ нь заримдаг гийгүүлэгч “с, х”-ийн дараа “т, ч” эгшиггүй бичдэг дүрэмд хамаарахгүй, зөвхөн үйл үгэнд холбогдох дүрэм юм. Жишээ нь: эмхэтгэ, цомхотго, номхотго, намхатга

Сүүлд засварласанБаасан, 20 1-р сар 2017 03:15
Дээш